Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан эдийн засагч А.Энхбаттай ярилцлаа. Засгийн газраас дээрх хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр хэлэлцүүлэг ид өрнөж байна.
-УИХ-аар өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэгдэж байна. Өмнөх жилүүдэд Засгийн газраас дараа жилийн төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлэх болгонд энэхүү хуулинд гар дүрж, өөрчлөх саналыг хамтад оруулдаг энэ байдал мөн давтагдаж байна. Таны хувьд энэ байдлыг юу гэж харж байна бэ?
-Монгол Улсын Их Хурал 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон 2011 онд Төсвийн тухай хуулийг тус тус баталсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 27 удаагийн нэмэлт, өөрчлөлтүүд хийгдэж байсан бөгөөд үүний гол өөрчлөлтүүд нь төсвийн тусгай шаардлага болон Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг өөрчлөх, хэрэгжих хугацааг хойшлуулах зэрэг асуудлууд багтаж байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлах бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Харин Төсвийн тухай хууль нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаадлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдагаар онцлогтой юм. Төсвийн удирдлага, төлөвлөлтөнд болон төсөв, санхүүгийн эрх зүйн харилцаанд дээрхи хоёр хууль голлох үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч өнгөрсөн 16 жилийн хугацаанд төсвийг төлөвлөх, хэлэлцүүлэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шатанд алдаа, оноо байсаар байна. Ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр зохицуулж байгаа төсвийн тусгай шаардлагууд болох төсвийн дүрмүүд болон 12 дугаар зүйлд заасан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үзүүлэлтүүдийг өөрчлөх, ингэснээр төсвийн тогтвортой байдлыг дунд болон урт хугацаанд сулруулах, олон улсын төсвийн удирдлагын хүрээнд баримталдаг төсвийн стандартуудаас гажих асуудал ихээр давтагдаж байна. Энэ бол макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байна.
–Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол амин сүнс нь төсвийн тусгай шаардлага буюу төсвийн дүрмүүдийг хуульчилан тогтоосон байдаг. Эдгээр дүрмүүд нь тогтвортой болон үр дүнтэй хэрэгжиж байж макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдал хангагдаж байх ёстой. Гэтэл энэ хууль батлагдсанаас хойш олон удаагийн өөрчлөлтүүд хийсэн нь УИХ-ын зарим гишүүдийн тодорхойлж байгаагаар бүр Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болж хувирч байна. Үүнийг Та юу гэж харж байна бэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулж байгаа Төсвийн тусгай шаардлагууд болох орлого, зарлага, тэнцэл болон өрийн байдал, мөн Төсвийн хүрээний мэдэгдлийн 9 үзүүлэлтүүд нь төсвийг төлөвлөхдөө 3 нь жилээр урьдчилсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй хамт таамаглан гаргаж, төсвийн нөхцөл байдлыг макро эдийн засгийн гадаад болон дотоод орчинтой уялдуулж, төсвийг дээрээс доош төлөвлөхөд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улс төсвийн удирдлага, төлөвлөлтөнд олон улсын дээрхи аргачлалуудыг ашиглаж, ялангуяа уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгийн засгийн бүтэцтэй манай улсад ямар нэгэн байдлаар эрх зүйн зохицуулалтын болон практикийн хувьд зохицуулж тодорхой туршлагатай болсон.
Гэсэн хэдий ч төсвийг дээрээс доош болон доороос дээш төлөвлөх аргачлалын хувьд төсвийн байгууллагууд уламжлалт эдийн засгийн зардлын зүйл ангиар төсвийн хязгаараас хэтрүүлэн төлөвлөх, зөвхөн зардлыг санхүүжүүлэхийн тулд хязгаарлагдмал нөөц хөрөнгийг хуваарилах, төсвийн сахилга бат болон үр ашиггүй байдлыг бий болгосоор байгаа.
Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яам дараа жилийн төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-аар тухайн оны хавар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн нийт орлого, зарлага, тэнцэл, өрийн хэмжээний хязгаарыг зөрчин төсвийн төслийг боловсруулах, ингэхдээ нэгэнт баталж хууль болсон Дунд хугацааны төсвийн хүрээний үзүүлэлт, төсвийн тусгай шаардлагыг өөрчлөн оруулж ирэх, төсвийн байгууллагууд нь нэг жилээр төсвийг төлөвлөхдөө өмнөх жилийн суурь зардлыг шууд хуулбарлан инфляцыг нэмж, механик нэмэлт төсвийг нэмэх зарчмаар хийгдэж байгаа нь үр ашиггүй хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, зардал болон хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд учир дутагдалтай байсаар байна.
Нөгөө талаар УИХ нь 2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг (шинэчилсэн найруулга) баталсан бөгөөд энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх харилцааг зохицуулж байна. Гэсэн хэдий ч Төсвийн тогтвортой байдлын тухай болон Төсвийн тухай хуулиуд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай уялдаа холбоо сул, хөгжлийн бодлого төлөвлөлт нь төсвийн дунд болон богино хугацааны төлөвлөлттэй нийцэл нь бүрэн хангагдахгүй явж ирсэн.
Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт нь төсвөөс ангид байж хэрэгжилт нь сул, уриа лоозонгийн шинж чанартай явж байгаа нь төсвийн бодлого, төлөвлөлт буюу Дунд хугацааны төсвийн хүрээ болон тухай жилийн төсөвтэй уялдаа сул байгаагийн илрэл гэж харж байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ ихсэхийн хирээр, эдийн засгийн суурь бааз суларч, гадаад зах зээлээс хэт хамааралтай эмзэг эдийн засаг болж хувиран, улсын төсвийн орлого, зарлага тогтвортой бус, хэлбэлзэл ихтэй, гадаад өрийн хэмжээ ихсэж, үе үеийн УИХ, Засгийн газрууд хуулиар баталсан төсвийн дүрмүүдээ удаа дараа зөрчих, дур мэдэн өөрчлөх зэрэг байдал гаргах болсон нь макро эдийн засгийн тогтворжилт болон төсвийн тогтвортой байдал алдагдах үндсэн асуудлууд болж хувирсан. Тухайлбал; 2012-2026 оны хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа, Төсвийн хүрээний мэдэгдэлд 27 удаа нэмэлт өөрчлөлтийг оруулж байсан.
-Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд заасан төсвийн дүрэм буюу тусгай шаардлагууд Монголд хэрхэн үйлчилж байна. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад ямар байна бэ? Цаашид төсвийн тусгай шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлүүдийг тогтвортой байлгахад хууль эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна бэ?
-Өнөөдөр дэлхийн 122 улс төсвийн 4 дүрэм болох орлого, зарлага, тэнцэл, өр гэсэн төрлийг хэсэгчилсэн болон бүтнээр хэрэглэж байна. Эдгээр 4 дүрмийн гол зарчим нь төсвийн алдагдал, орлого, зарлага, өрийн хэмжээнд хатуу тоон хязгаарлалт тогтоох замаар төсвийн сахилга батыг хангах, улстөрчдөөс төсөвт нөлөөлөх нөлөөллийг хязгаарлах, гэнэтийн хямралд оновчтой хариу арга хэмжээ авах зэрэг зорилгыг хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд 2024 онд шинэчлэгдсэн төсвийн дүрэм нь ДНБ-нд харьцуулсан урсгал зардлын 30 хувийн дээд хязгаар, тэнцвэржүүлсэн төсвийн тэнцлийн алдагдлын 2 хувийн дээд хязгаар, суурь тэнцлийн ашгийн 2 хувийн доод хязгаар, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгийн 60 хувийн дээд хязгаар зэрэг байдаг. Дээр дурдсан улс орнуудаас төсвийн дүрмийг хэрэгжүүлж буй 63 улс орныг сонгон авч 2006-2024 оны төсвийн тоон мэдээллийн авч харьцуулсан болон эмпирик судалгаа хийж үзэхэд төсвийн зардлын ДНБ харьцуулсан харьцаа 26.8 хувь, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 46.9 хувь, инфляцын түвшин 5.1 хувь, эдийн засгийн өсөлт 4 хувьтай байна.
Эдгээр 63 улс орнуудаас Төсвийн зөвлөлтэй 18 улс байгаа бөгөөд Монгол Улс үүнд багтаж байгаа. Төсвийн зөвлөлтэй болон зөвлөлгүй улсуудын төсвийн тэнцлийг харьцуулахад ойролцоо түвшинд алдагдалтай боловч зөвлөлгүй улс орнуудад төсвийн тэнцлийн савалгаа өндөр байна.
Төсвийн зөвлөлтэй улсуудын төсвийн тэнцлийн тархалт нь ойролцоогоор -10-иас +8 хувийн орчимд байна. Тархалт харьцангуй нягтаршиж, хэт сөрөг утга цөөн байгаа нь Төсвийн зөвлөл ажилласнаар Парламентаас төсвийн дүрэмд тавих хяналт сайжран, төсвийн сахилга батыг тогтворжуулж, эрсдэлийг бууруулах замаар төсвийн тэнцлийн савлагааг хумих эерэг ач холбогдолтойг харуулж байна. Манай улсын хувьд 2013 оноос үндэсний төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсвийн тэнцэл -2 хувийн орчимд түүврийн дундажтай ойролцоо байна. Эндээс тухайн улс орнууд Төсвийн зөвлөлтэй байх нь төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулж байна.
Дээр дурдсан шинэчлэгдсэн төсвийн тусгай шаардлагын нэг болох суурь тэнцэл, суурь зарлага гэсэн (энэ нэр томьёо олон улсад хэрэглэгддэггүй) дүрмийг өөрчлөн 2024 оноос өмнө хэрэгжиж байсан нийт зарлага болон хөрөнгийн зардлын ДНБ-д харьцуулсан харьцааг дахин мөрдөх талаар УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газраас холбогдох хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ бол зөв алхам буюу өмнөх алдаагаа зассан сайн талтай хэдий ч төсвийн дүрмийг богино хугацаанд байнга өөрчлөөд байх нь төсвийн тогтвортой байдлыг сулруулах эрсдлийг бий болгож байна. Иймд цаашид УИХ 2015 онд хүчингүй болгосон заалт болох “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэсэн заалтыг эргэн сэргээх, эсвэл Үндсэн хуулийн 25.7-д “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Төсвийн тусгай шаардлагад өөрчлөлт оруулж болно” гэсэн нэмэлт заалт оруулж өгөх шаардлагатай. Шаардлагатай бол Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг нь энд оруулж өгвөл илүү макро эдийн болон төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат хангагдах нөхцлийг бүрдүүлэх болно.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад УИХ-ын нэр бүхий гишүүдээс төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 3 хувьд хүргэх тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь хэсгийн заалтыг хүчингүй болгох тухай саналууд гаргаж байна. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд Та юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, өнөөдөр үйлчилж байгаа хуулиар төсвийн нийт алдагдал ДНБ-нд харьцуулсан тухай -2 хувь байсныг нэг нэгжээр нэмэгдүүлэн -3 болгох нь макро эдийн засагт болон төсөвт дараах эерэг болон сөрөг нөлөөллүүдийг бий болгоно. Эерэг тал нь хэрвээ Засгийн газар эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох, техник эдийн засгийн үндэслэлээр урт хугацаанд өгөөж авчрах, эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон хэмжээний бэлэн төслүүдтэй бол зөвхөн тэдгээрийг санхүүжүүлэх зорилготой зардлыг нэмж байгаа тохиолдолд. Энд эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөтэй байж болно. Гэхдээ энэ нь маш сайн гүйцэтгэлтэй, хяналттай байх шаардлагатай. Харин сөрөг тал нь төсвийн алдагдлын дээрх хуулийн хязгаарыг нэмснээр төсвийн бодлого болон мөнгөний бодлогын нийцэл улам ихээр алдагдана, төсвийн зардал байнга өснө.
Энэ хэмжээгээр Засгийн газрын эдийн засагт оролцоо нэмэгдэнэ, инфляцыг өдөөх үйл явц улам хурдсана, төсвийн нийт орлого, ялангуяа уул уурхайн салбараас хамааралтай манай улсын хувьд манай улсын дэлхийн зах зээлийн гол бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ ихээхэн хэлбэлзэх, одоогийн байгаа түвшинээс буурах тохиолдолд төсвийн орлого тасрах буюу төсвийн алдагдал нэмэгдэнэ, ингэснээр алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар дотоод, гадаад зээл бондыг их хэмжээгээр гаргах нөхцөл үүснэ.
Энэ нь Засгийн газрын өрийн үлдэгдэл ихсэж, өрийн дарамтанд орох эрсдлийг бий болгоно, улсын төсвийн өрийн үйлчилгээний зардал нэмэгдэнэ, улмаар гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлж, манай улсын зээлжих зэрэглэлд муугаар нөлөөлөх талтай.
Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар одоо үйлчилж байгаа чухал заалт болох Төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш 3 сарын хугацаанд дахин өөрчлөх тухай 7.5 дах заалтыг хүчингүй болгох нь төсвийн тогтвортой байдал сулрах, сахилга бат алдагдах, макро түвшинд төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулах, Засгийн газраас дараа жилийн төсвийн төслийг боловсруулан өргөн мэдүүлэхдээ УИХ-аар хавар батлагддаг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүнд багтдаг гол үзүүлэлүүд болох төсвийн нийт зарлага, урсгал болон хөрөнгийн зардал, өрийн хэмжээг байнга өөрчилдөг байсан уламжлалт аргаа дахин давтах, хувийн хэвшлийнхэнд Засгийн газрын төсвөөр дамжин оролцох оролцооны талаар мэдээлэл, итгэл, бизнесийн харилцаанд муугаар нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаваруудыг бий болно. Өөрөөр хэлбэл төсвийн тодотгол болон дараа жилийн төсвийн төсөл нь өмнөx жилүүдийн жишгээр дунд хугацааны төсвийн хүрээ нь төсвөө даган өөрчлөгдөх, төсвийн сахилга бат сулрах, төсвийн тогтвортой байдлыг тогтворгүй болгох, төсвийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлд өмнөх жилүүдэд хийгдэж буй алхмаасаа ухрахад хүргэх болно.
-Цаашид бид төсвийг дунд хугацаагаар төлөвлөдөг энэхүү тогтолцоо, эрх зүйн харилцааг хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байна бэ? Төсвийн өнөөгийн тогтолцоо амьдралд нийцэж байна уу?
-Өнөөдөр манай улсад үйлчилж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хууль нь бусад улс орнуудын ижил төрлийн хуулиудтай харьцуулахад сайн хууль гэж олон улсын байгууллага, шинжээчид үздэг. Мэдээж дэлхийн чиг хандлага, улс орны өнөөгийн нөхцөл байдалд тохируулан улам сайжруулах шаардлагтай байгаатай хэн ч маргахгүй. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын асуудал, улсын төсөв болон орон нутгийн төсвийн хоорондын харилцаа, жишээ нь орон нутгийн төсвийг алдагдалгүй батлах тухай, урьд оны үлдэгдлийг дараа жилд зарцуулдаг тухай гэх мэтийн асуудлууд. Нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоодог Төсвийн хүрээний мэдэгдэл нь Засгийн газарт төсвийн сахилга батыг барихад тусалдаг "Дээд хязгаар, хана" болдог.
Харин бид одоо Засгийн газрын түвшинд Дунд хугацааны төсвийн зарлагын хүрээг бий болгох шаардлагатай бөгөөд энэ нь дээр дурьдсан хязгаар, хананы дотор салбарын яамд хөрөнгөө хэрхэн үр ашигтай, хөтөлбөрт суурилж хуваарилахыг заасан "Дотоод зохион байгуулалт" юм.
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн нөгөө салшгүй нэг хэсэг болон төсвийн зарлагын хүрээ рүү шилжихэд салбарын яамдын санхүүгийн төлөвлөлтийн чадавх, үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо хамгийн чухал байдаг. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлээс Дунд хугацааны төсвийн зарлагын хүрээ рүү бүрэн шилжиж, хэрэгжүүлэхэд макро-эдийн засгийн ерөнхий таамаглалаас салбар, хөтөлбөр бүрийн зардлын нарийвчилсан төлөвлөлт рүү чиглэсэн хэд хэдэн системийн чанартай ажлуудыг хийх шаардлагатай. Энд төсвийн үр ашиг, татвар төлөгчдийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, гүйцэтгэлийн шалгуур хүрэх үр дүн, чанар, бодлого, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлууд багтдаг.
3,605.46


















































Нэргүй 2026-10-06 70.175.141.166
Багш, эмч, тэтгэврийнхэн гээд баялаг бүтээдэггүй байж ирээдүй үеэсээ хулгайлдаг давхаргууд төсөвт маш их дарамт болж байнаа