niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:30 UTC Эх: https://news.mn/r/2890545/ c651d4c81d88e282… ← niitlelch.mn руу буцах

"Голын ай сав газарт оршуулга тавьдгийг бүрмөсөн хориглох ёстой"

Live"Голын ай сав газарт оршуулга тавьдгийг бүрмөсөн хориглох ёстой"

"Голын ай сав газарт оршуулга тавьдгийг бүрмөсөн хориглох ёстой"

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.01/ боллоо.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 15
2026-10-1

"Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам батлагдсан"

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх талаар хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Боловсролын сайдаас асууя. "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн задаргааг байнгын хороон дээр сайн тайлбарлаад өгөөч. Хоёрт, салбарын сайдын А/81, А/196, А/249, А/184, А/29 гэсэн тушаалууд байна. Эдгээр тушаал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, дэмжлэгийн баг ажиллуулах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөгжлийг дэмжих танхим, багш нарт дэмжлэг үзүүлэх, хэрэглэгдэхүүн хэрэглэх тухай тухай тусгасан. Багшийн тоо хэд байгаа вэ. Олгоогүй тохиолдолд ямар зохицуулалт байна вэ. Улсын төсвийн тодотголд мэдээлэл нь ил тод биш байна. Энэ журмуудын биелэлтүүдийг тодруулъя. Төрийн өмчийн орон сууцыг түрээслүүлэх журмыг баталсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 хувийн квот тавьсан ч шалгуурыг нь давж чадахгүй байна гэдгийг иргэд хэлж байна. Цэцэрлэгийн дунд бүлэг, нэгдүгээр анги болон зургадугаар ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах гэж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах саналыг гаргасан. Учир нь хүүхдийн эрүүл мэндийн үзлэгээр нуруу муруйлт, хөлийн тавхай зэрэг үзүүлэлтийг бүр таван насанд нь илрүүлэх шаардлагатай. Шууд утгаараа төсөвтэй холбоогүй боловч 11 сард эхлэхдээ ямар зохицуулалтаар хийх юм бэ?

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг болж байна. Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хороон дээр гарсан тодруулгатай холбоотойгоор нийгэмд хардлага үүссэн. Би хангалттай хариултыг өгсөн болов уу. Харин ч их баярлалаа гэж хэлье. "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн талаар танилцуулж, надад том боломж олгож өглөө. Өнөөдрийн байдлаар цоо шинээр хэрэгжүүлэхээр 2026 оны төсвийн тодотголд оруулсан зүйл биш. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Нэгдүгээр ангийн сурагчдын хөтөлбөрийн шинэчлэлд 50 тэрбумын 18.7 тэрбумыг зарцуулахаар тооцоолсон бол 12 төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар 15 тэрбум төгрөг, хувийн сургуулийн орон зайг ашиглахаар жил бүр 40 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. 1998 оноос хувийн сургуулиудад хувьсах зардлыг олгож эхэлсэн. Хувийн сургуулиудад зөвхөн түрээст нь 40 тэрбум, хувьсах зардалд 80-90 тэрбум төгрөг 70-80 мянган суралцах боломжийг шийдэж байгаа. Нийгэм ч энэ асуудлыг сайн ойлгосон байх. Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар 3091 байна. Эндээс туслах багш нь 92 хүн байна. Цэцэрлэгийн багш нарт дээр 258 сая төгрөг, ЕБС-ийн багш 486 сая төгрөгийн төсвийг тусгаад явж байна. Хүртээмжийг сайжруулахад нэлээд том амжилтуудыг гаргасан. 

ХББОСЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баяраа:

-Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам батлагдсан. Энэ дагуу өнөөдөр цахимаар сонгон шалгаруулах ажлыг хийж байна. ТОСК дээр хийж байна. ХҮЭК-оос холбогдох шаардлагуудыг тавьсан. Тодруулбал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахимаар бүртгүүлэхэд хүндрэл үүсч байна гэдэг саналыг ирүүлсэн. Үүний дагуу журамд өөрчлөлт оруулж, цахим болон уламжлалт аргаар бүртгүүлдэг болохоор яамдуудаас санал авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа. Ногдол ашгийг төсөв дээр оруулж, хянадаг болъё гэдгийг дэмжиж байна. Гэхдээ ногдол ашгаар урсгал зардлаа тэлэхээр ирэх жилүүдэд ТӨК-иудын ногдол ашиг буурвал эргээд цалин, тэтгэврийг багасгах шийдвэр гаргахгүй. Тийм учраас нийтдээ улсын төсвийн урсгал зардлыг ямар үе шаттай бууруулах вэ. Ийм ажил хийж байгаа юу. Эрсдэлээс сэргийлэх бодлогоо одооноос ярих ёстой. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Улсын төсвийг айл өрхтэй зүйрлэвэл 70-90 хувиар нь хоол авч идэж байгаа. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ цалин, тэтгэвэрт зарцуулж байна. Бодит байдалтай нүүр тулж байна. Засгийн газар нэгдүгээрт ард иргэдээ үнийн өсөлтөөс сэргийлж, төсвийн тодотголыг өргөн барьсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхайрал бий болсон байсан гэдгийг шууд хэлье. ЗГХЭГ-ын харьяанд 10 гаруй хороо, төв байгуулж, 500 хүн ажиллаж байсан. Талбай тойрсон өндөр барилгуудад ТӨК-иуд 100 тэрбумын байр түрээсэлж байсан. Нэг нэгэн рүүгээ буруу чихэхийг хүсэхгүй байгаа. Нэг сарын өмнө 66 ТӨҮГ-аас 22-ыг нь татан буулгасан. Засгийн газар гурван сар судалж байгаад хийсэн ажил. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ танхимд цугласан Засгийн газрын сайд, төрийн албаныханд нэг хуулийн заалтыг сануулъя. Төсвийн тухай хуулийн 5.1 зүйлд "Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх, ил тод байдлыг хангаж, хариуцлагатай байх зарчмыг мөрдлөгө болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй" гэж заасан байдаг. Төсвийн тодотголтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авах эрхтэй. Үүнийг нь үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй. Одоо ингээд "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөртэй холбоотой материал Өргөдлийн байнгын хороонд Сангийн яам болон Боловсролын яамаар дамжин орж ирсэн. Одоо Төсвийн байнгын хороонд өгсөн мэдээлэлтэй хоорондоо зөрүүтэй байгаа юм байна. Анх орж ирсэн материал нь задаргаа гэхэд хэцүү тооцоо судалгаа ихтэй материал байсан. Энд алдаа байгаа бол хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр улстөржүүлж, хэн нэгнээ бухаад, бужигнуулж болохгүй. Байнгын хороон дээр төөрөгдүүлж, мэдэн будилсан асуудал гарсан. Тэгэхгүй сайд нар нь өөрсдөө байхгүй, баахан хувийн сургуулийн нэрс зарласан. Бид ажил хэрэгчээр төсвийн тодотголоо хэлэлцэх ёстой. УИХ-ын бүрэн эрхэд халдвал хуулиар хариуцлага хүлээдэг шүү. Бэрхийн уурхайн хохирогчид гээд 112 иргэнд 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох асуудал байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 3-нд ажлын хэсэг гаргасан ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд төсөв байхгүй учраас өгч чадахгүй байна гэж хойшилж иржээ. Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлж ажиллах юм уу, үгүй юу гэдэг асуудлыг тавьж байна. Саяхан Өргөдлийн байнгын хороонд энэ асуудлаар хандсан. Засгийн газар иргэдийнхээ хохирлыг төлөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Бэрхийн уурхайд ажиллаж байгаа хөдөлмөрийн чадвараа алдсан 112 иргэний асуудал байгаа. Тухайн жилийн төсөвт тусгаагүй, Засгийн газрын нөөц сангийн зориулалтад энэ ангилал нь таарч өгөхгүй байгаа юм билээ. Би нэг цагийн өмнө Засгийн газрын хуралдаанд оруулж, хоёр янзаар шийдэхээр болж байна. Т.Аубакир сайдын багцад зохицуулалт хийх боломж гарвал тэндээс гаргах эсвэл нөөц сангаас гаргахаар хэлэлцэнэ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүд асуулт авч дууслаа. Зарчмын зөрүүтэй санал ирээгүй. Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтийг хүргүүлэхээр болов.

15 : 13
2026-10-1

2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцуулна. 

 

12 : 59
2026-10-1

"Улирал тутамд 20-30 хүний эзэнгүй гэх тодотголтой шарилыг оршоодог"

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бид бурхан болоочдоо хүндэтгэлтэй хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар санал санаачлага гаргахгүйгээр яагаад иргэн санаачилж байна вэ. Төрийн байгууллага заавал иргэдээр хэлүүлж байж ажил хийдэг, зовлон тоочдог болсон байна. "Улаанбаатар буян" компанийнханд баярлалаа гэж хэлье. Самбалхүндэвийн оршуулгын газар "Хүчит шонхор" захын дэргэд байдаг. Тэр зах хотын махны хэрэглээний 88  хувийг хангадаг. Хүйтний улирлаас бусад тохиолдолд махаа гадна худалдаалдаг. Хавдар, халдварт өвчнөөр нас барсан иргэдийн шарил дээр нь бий. Салхиар маш их нян бактер орж ирдэг гэдэг. Би ШӨХТГ-т ажиллаж байхдаа "Улаанбаатар буян" компанид санал тавьж, 10 га газар цэгцэлсэн. Хамгийн хүндрэлтэй нь шинээр газар олгохоос илүүтэй хуучин газруудаа хэрхэн цэгцлэх вэ? 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга н.Батсайхан:

-Нийслэлийн хэмжээнд дахин төлөвлөлтийн ажлыг хийж байна. Мөн зөвшөөрөлтэй оршуулгын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна. Зөвшөөрөлгүй, хаагдсан  газруудыг тэлэх боломжгүй. Бодлогоор нүүлгэн шилжүүлж, дахин төлөвлөлтөд оруулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Зөвхөн Улаанбаатарт оршуулгын үйл ажиллагаа явуулдаггүй. Улсын хэмжээнд 330 суманд оршуулгын үйл ажиллагааг явуулах шаардлагатай. 

БОУАӨЯ-ны хэлтсийн дарга Б.Алтанзул: 

-Ер нь зан заншил уламжлалаа дагаж иргэд талийгаачийг оршоодог. Байгаль орчныг хамгаалаа тухай хуулийн 4 дүгээр зүйлд иргэний эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ дагуу иргэдээ уриалдаг. Оршуулгын газар нь тусгай зөвшөөрөлтэй зааж өгсөн газар, талбайд талийгаачаа оршоож байгаа эсэхийг нь хянаж ажилладаг. 

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Нийтийн өргөдөл нь 2026 оны наймдугаар сарын 14-нд 100 мянган иргэн дэмжсэн бол наймдугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын гишүүд хууль санаачлан өргөн барьсан юм байна. Энэ хуулийн төсөлтэй та бүхэн танилцсан уу. Төрөөс даах оршуулгын зардлууд харилцан адилгүй байдаг. Орон гэргүй хүмүүс болон төрийн албан хаагч, цэргийн алба хаагчдын оршуулгын зардал гэж байдаг. Одоогийн байдлаар хэдэн төгрөгийг эдгээр хүмүүсийн оршуулгын зардалд зарцуулахаар төлөвлөж байна вэ?

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын дарга Г.Төгөлдөр:

-Улирал тутамд 20-30 хүний эзэнгүй гэх тодотголтой шарилыг СХД-ийн 26 дугаар хорооны Баруун нарангийн энгэрт 2.5 га газарт оршуулах зан үйлийг хийж гүйцэтгэдэг. Өнгөрсөн 2009 оны Засгийн газрын 28 дугаар тогтоолын хавсралтын дагуу нийслэлийн ЗДТГ-аас зардлыг нь шийдэж, үйл ажиллагааг явуулдаг. Энэ оны есдүгээр сард энэ зардлыг дахин шинэчилж баталсан. Ингэснээр нэг хүнд ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал гардаг. Үүнд хайрцаг сав, хаягжуулалт, тээвэрлэлт зэрэг зардал багтдаг. 

Талийгаач 36 сар нийгмийн даатгал төлсөн бол ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгож байгаа. Эхлээд энэ мөнгө 500 мянган төгрөг байсан бол өнөөдөр 3 сая төгрөг олгож байна. Өөр зардал байхгүй байна. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Ард түмэн өр зээлэнд дарагдсан байна. Зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Нас барсан хойно ч гэсэн өр зээлэнд унах нь ээ. Хэрвээ энэ хууль батлагдаад, хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг байгуулж, баахан мөнгө нэхнэ гэхээр эдийн засгийг нь ард түмэн дийлж чадах уу. Ер нь оршуулгын газрыг эмхэлж, цэгцэлнэ гэдэг нь зөв. Гэхдээ олон жил оршоосон газрыг нүүлгэлээ гээд бүх зүйл нь тухайн газраа шингэсэн байдаг. Ясыг нь цуглуулж, шилжүүлнэ гэсэн үг. Хойч үед нь гай гамшиг  авч ирэх юм биш биз дээ. Дээр үед жаахан газар хотын захад оршуулгын газар байгуулж байсан бол өнөөдөр хот тэлж, оршуулга дунд иргэд ажиллаж, амьдарч байна. Эхний ээлжинд газар зааж өгөөд, бурхан болоочдоо оршуулъя гэдэг талаас аль алийг нь бодсон шийдвэр гаргаасай. Монгол Улсын иргэд газраа харийн иргэнээс худалдаж авах ёстой юм бэ. Үүний ард хэн байдаг юм бэ. Монголын компани байж болдоггүй юм уу. Харийнханд газраа худалдаад байх юм уу. 

Монголын Буяны зан үйлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Жигмэддорж:

-Монголчуудын уламжлалаас авч үзвэл, хотод байрлах Даландавхар оршуулгын газрыг чөлөөлж байна. Газрыг шилжүүлж байна гэж ойлгож болохгүй.  Тэнд байгаа хуучин шарилуудыг ухаж гаргаад, газрыг нь чөлөөлж байгаа юм. Энийг Монголын түүхэнд анх удаа хийж байгаа зүйл биш. Уламжлалаараа хийж ирсэн зан үйл. Бид уламжлалаар бол уулын энгэр ээвэр газар талийгаачдаа нутаглуулж байсан. Харин одоо яагаад оршуулгатайгаа нийлчихсэн бэ гэхээр хотын тэлэлттэй холбоотой. Тийм учраас системтэйгээр энэ ажлыг цэгцлэхээр хийж байна. Бид энэ уламжлал, шинэчлэлээ хослуулаад явах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Яагаад монголчууд гадаад иргэдээс газраа худалдаж авах ёстой вэ. Жил бүр татвар төлөх юм уу?

Монголын Буяны зан үйлийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Жигмэддорж:

-Улсын бүртгэлд бүртгэлтэй 60 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. Тэр дунд нэг аж ахуйн нэгж нь "Асралт тэнгэр буян" гээд БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани бий. Бусад нь үндэсний компани байгаа. Японы хөрөнгө оруулалттай компани байхгүй.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ асуултад хариулт өгнө үү?

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга н.Батсайхан:

-Одоогоор мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд газрын татвар төлж байгаа тохиолдол байхгүй. Нийтийн эдэлбэрийг эзэмшиж байгаа ААН-үүд нь газрын төлбөр хураамжаа төлөөд явж байгаа. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Чимээгүй хот хуультай болох ёстой. Газрын менежмент буюу хот төлөвлөлтийн асуудал маш чухал. Хүн амын тэлэлт, газар нутгийн онцлогоос шалтгаалан хэрхэн менежмент хийх вэ. Хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Ингэхдээ шашны байгууллагын зан үйлд хэт их хөтлөгдөж болохгүй. Буддын шашин, христийн шашныхан нэг зүйл ярина. Нийтлэг ерөнхий зүй тогтлыг нь шийдэх ёстой. Өмнө энэ асуудлыг хөндөхөөр олон асуудал гардаг. Шарилыг ил тавихыг зөвшөөрөх үү гэдгийг ч ярих ёстой. Халуунд хөөгөөд босч ирэх, нохой шувуу зөөх асуудлууд ч гардаг байсан. Хоёрт, оршуулгын газарт талийгаачаа оршоочихоод булш бунхныг хэн хариуцаж явах вэ гэдэг асуудал үүснэ. Даландавхарын хөрсний бохирдлын тоо, судалгаа байна уу. Гэрийн тэжээвэр амьтныг оршоох асуудал нэмэгдэж байна. Голын ай сав газарт оршуулга тавьдгийг бүрмөсөн хориглох ёстой. Ундны эх үүсвэр дээр битүү оршуулга байж болохгүй. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга н.Батсайхан:

-Даландавхарын оршуулгын газар ЧД-ийн 9, 12 дугаар хороонд байрладаг. Улаанбаатар хотын салхины дээр байдаг. Агаар орчны судалгаагаар хүнд металлын хэмжээ хэтэрсэн, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрахад эрсдэлтэй гэдэг судалгаа гарсан. Хүний цогцосноос ялгардаг хүнд металл илэрдэг. Одоогийн журмаар цогцсыг оршоосноос хойш 60 жилийн дараа хөрсөнд шингэнэ гэдэг судалгаа байдаг  ч хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-"Хүчит шонхор" зах хөрсний бохирдол ихтэй, нян илэрдэг газар байна. Улаанбаатарт талийгаач оршоодог газар байхгүй. Төв аймгийн нутаг дэвсгэрт оршоож байна. Цаашдаа газрын асуудлаас болоод цогцсыг чандарлах бодлого барихыг үгүйсгэхгүй. Тийм учраас нэг харилцааг тулгаж бус хүн амын тоо, суурьшлын бүсийн онцлогийг нь хамаарч, сонголтыг нь үлдээх хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн төлөө цэгцтэй байх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би Баян-Өлгий аймгийн 10-аад сумаар явж ажилласан. Иргэд энэ асуудлаар надаас асуулт асуусан. УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нарад үндэсний эв нэгдлийг хангах талаар сануулж хэлнэ гэсэн. Шарилын асуудал дээр монголчууд олон жил тэнгэр шүтлэгтэй байж ирсэн. Тийм учраас нас барсан хүнээ хээр тавьж, амьтан шувуу хооллож, яс нь байгальдаа шингэдэг зан үйлтэй байсан. 1930 онд хүртэл Засгийн газрын тогтоолоор талийгаачаа ил тавихаа болих шийдвэрийг гаргаж байсан. Бид өнөөдөр 36 жилийн хугацаанд талийгаачдаа газар оршоохоос гадна чандарладаг болсон. Оршуулгын газраа хүнээс далд байлгадаг. Гэтэл казахуудын оршуулга сумдаа зэргэлдээ байрлаж байна. Сэрүүн дэнж, байгалийн сайханд байгаад байна. М.Нарантуяа-Нара гишүүн чимээгүй байж болно шарилын асуудал хэвээрээ үлдэх нь байна үү. Тийм учраас тус аймгийн ИТХ-ын даргыг хоорондоо ярилцаж, шийдвэрлэ гэсэн. Мөн олон толгойлогч нар ярилцаж, уламжлалаа орчин үетэйгээ нийлүүлж, шинэчлэх шаардлагатай. Асуудал намжиж байгаа боловч оршуулгын зан үйл дээр өөрчлөлт хийх цаг болсон. Соёлын ялгааг хэрхэн шийдвэрлэж, төрөөс хэрхэн анхаарах шаардлага байна вэ?

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-УИХ-ын гишүүн болохоос өмнө "Оршуулгын зан үйлийн холбоо" ТББ-т хууль зүйн зөвлөгөө өгч ажилладаг байсан. Одоо ямар нэгэн холбоо байхгүй гэдгийг тэмдэглүүлж үлдээе. Бид хоёр зүйлийг ялгаж салгах хэрэгтэй. Оршуулгын газрын асуудал маш чухал. Хоёрт, оршуулгын зан үйлийн харилцаа байна. Чандарлах уу, ил тавих уу, газарт нь оршоох уу гээд. Эсвэл нэг газар яриад, зан үйл яриад байвал ойлгомжгүй болно. Тухайн орон нутгийн удирдлага зохицуулах ёстой ч нүдэн балай, чихэн дүлий өнгөрүүлж ирсэн. Хуулиар заасан үүргээ биелүүлсэн хоёрхон аймаг байна. Бүгд адилхан. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ бол нэг бүс нутгийн асуудал биш. Нийт улсын хэмжээнд дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллуулах шаардлагатай. Энэ асуудлыг анх орж ирэхэд аль байнгын хороонд харьяалагдах вэ гэдэг асуудал гардаг. Өргөдлийн байнгын хороог 2025 онд байгуулсны гол шалтгаан бол салбар дундын харилцаанд алдагдсан асуудалд анхаарах юм. Тийм учраас Оршуулгын анхдагч  хуулийн төслийг санаачлах асуудлыг хэлэлцэж байна. Өргөдөл гаргагчийн агуулга дахь зарчмуудыг шингээж, засч янзалж, хэлэлцүүлэхэд анхаарна гэдгийг хэлье.

 УИХ-ын даргад хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлаар санал гаргаж, хүргүүлэх нь зүйтэй гэдэг саналын томъёоллоор санал хурааж, 61.5 хувиар дэмжлээ. 

12 : 12
2026-10-1

"Хуралдаанд оролцох ёстой 21 гишүүнээс 12 гишүүн ирсэн"

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хуралдаанд оролцох ёстой 21 гишүүнээс 12 гишүүн ирсэн байна. Гадаад томилолттой УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганмаа, Д.Рэгдэл нар байна. Харин С.Ганбаатар, П.Мөнхтулга, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн гишүүн хурал тасалсан байна. Өнөөдөр гурван асуудал хэлэлцэнэ. 

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэв. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга н.Батсайхан:

-Монгол Улсад оршуулгын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт нь 1955 оноос эхлэн нийт 10 гаруй удаагийн өөрчлөлтөөр тухайн цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан шинэчлэн мөрдөж ирсэн. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль болон Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжуудаар энэ салбарыг зохицуулж байна. Өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08 дугаартай оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй оршуулгын шарилыг нүүлгэн шилжүүлэх тухай журмын хүрээнд зохицуулалт хийж байна. 

Оршуулгын салбарын статистик тоогоор, Монголд жилд дунджаар 59.644 төрөлт бүртгэгддэг. Нас баралт нь 19.615 гэж бүртгэгсэн. Мөн оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг 60 гаруй байгууллага бүртгэгдсэнээс 15 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд жил бүр 11 га талбайд оршуулгын газар нэмэгдэж, нэг хүнд 15-20 м.кв ногдож байна. Мөн оршуулгын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн үнэ тарифыг судлахад 1.2 сая төгрөгөөс 23 сая төгрөгийн дунджаар 6.8 сая төгрөгөөр оршуулгын үйл ажиллагааг явуулж байна. Мөн 19 эмнэлгийн байгууллага болон бусад буяны үйлчилгээ явуулдаг байгууллагад хоногт давхардсан тоогоор хөргүүрт 345 цогцос, гүн хөлдөөгчид 287 цогцос хадгалах хүчин чадалтай байгаагаас гоц халдварт өвчин болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдолд цогцос хадгалах орчин үеийн стандартын шаардлага хангасан байр хангалтгүй байгааг харуулж байна. 

Мөн нийслэл болон Төв аймгийн нутаг дамнуулан нийт 32 байршилд  1.100.030 га талбайд оршуулгын газар эзэлж байгаагаас СХД-т долоон байршилд 473.3 га, БЗД-т найман байршилд 169.7 га, ЧД-ийн нэг байршилд 73.9 га, Налайхын дөрвөн байршилд 93.5 га, Хан-Уул дүүрэгт хоёр байршилд 56.3 га, Багануур дүүрэгт 26 га газар, Төв аймгийн есөн байршилд 279.6 га газар эзэлж байна. Нийслэлд 23 байршилд 850.4 га газар оршуулгын газар ажиллаж байгаагаас зөвшөөрөлтэй нь 10 байршилд 547.7 га газар байна. Зөвшөөрөлгүй нь таван байршилд 128.2 га газар, зургаан байршилд 176.5 га газар хаагдсан байна. 

Энэ салбарт нарийвчилсан хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас хүндрэл бэрхшээл гарч байна. Мөн төрийн албан тушаалтан, гадаадын иргэдийг хил дамнуулан шарилыг оршоох тухай зохицуулалт байхгүйгээс асуудал гарч байна. Гадаадад Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд тухайн орны консулын газраас шарил нь дамжин ирж байгаа ч нарийвчилсан зохицуулалт алга. Салбарын хяналт гэж зүйл бас байхгүй байна. Заавал чандарлах шарил гэж бий. Энэ асуудлыг бас нарийвчлан тусгаагүй. Мөн оршуулгын газрын мэргэжлийн тусгай зөвшөөрлийн асуудлыг ямар шалгуураар олгох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаагаас газар олголт, бохирдол үүсгэж байна. Хууль тогтоомж зөрчсөн бол ямар хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна. Хуучин Эрүүгийн хуульд булш бунхан тонох гэдэг зүйл заалт байсан бол одоо Зөрчлийн тухай хуульд тусгасан боловч хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь тодорхойгүй. Мөн шарил хадгалах төв байрууд хотын төвд байрладаг учраас замын түгжрэл үүсгэдэг асуудал бий. Мөн нэгдсэн системийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Шинээр үйлчилгээний хэлтэс нэгж байгуулж, үйл ажиллагаа явуулдаг болмоор байна. Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартыг 2020 оноос баталж мөрдөж байгаа ч заавал дагаж мөрдөх шинжтэй биш байгаа юм. Шарил нүүлгэн шилжүүлэх тухай тусгасан ч процессыг нь нарийвчлан тусгаагүй. Үүнээс гадна гэрийн тэжээвэр амьтныг оршуулах үйл ажиллагааг нарийвчлан тусгаагүй, ААН-үүд хууль журмыг нягт мөрдөж, судалгаанд суурилж ажиллах шаардлагатай байна.

11 : 53
2026-10-1

Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийн талаар хэлэлцэнэ

Байнгын хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэхээр товложээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.178

чулуун хороо цемент шавран хашаа бунхан барихыг ба үр мөсөн хориглоорой

Avatar

Нэргүй 2026-10-01 202.9.40.244

Нарантуяа-Нара зөв ярьсан. Бидэнд ирэх магадлал маш өндөр аюулыг сануулж ирсэнд хасгууд дургүйлхэж эв нэгдэл нэрээр замхруулах гэж байна. Баян-Өлний аймаг хэзээ нэгэн цагт Монголоос тусгаарлаад явчих нь зөв биш шүү дээ. Улс дотор улс шиг болсон нь үнэн. Төрийн ажлыг казахаар явуулж газар усны монгол нэрийг казах болгох нь буруу үйлдэл мөн.

Avatar

сонгогч 2026-10-01 202.9.47.70

Монголчууд бурхан болоочоо оршуулахдаа Солонгосын газрын наймаачдаас Монголын газраа худалдаж авахыг хуулиар хориглох ёстой шүү. Иргэдээс санал аваарай.

Avatar

Нэргүй 2026-10-01 103.212.118.208

Юу бэ? Улаанбаатар буянгаас эхлээд бүгд Солонгос эзэнтэй болсон. Мэдээжийн юмыг худал хэлэхгүй ээ. Бунхан босгодогыг бүр мөсөн халах, байгаа нь буулгаад газрын чөлөөлөх хэрэгтэй. Монголчуудад алга дарам газар байхгүй байхад хасгууд харш барихгүй ээ

Avatar

Нэргүй 2026-10-01 64.119.19.178

яг хэн гэдэг ямар Солонгос эзэнтэй юм бэ юмыг баримттай тавь хоёрын хооронд хуцацгаагаад байдгаа бөолих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж