niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:31 UTC Эх: https://news.mn/r/2890480/ 9a23dd2c844aaaac… ← niitlelch.mn руу буцах

Хөндөх сэдэв: Үнэтэй, чанаргүй эмэнд мөнгөө үрэхээсээ урьтаж, урьдчилан сэргийлж сурцгаая

Хөндөх сэдэв: Үнэтэй, чанаргүй эмэнд мөнгөө үрэхээсээ урьтаж, урьдчилан сэргийлж сурцгаая

Хөндөх сэдэв: Үнэтэй, чанаргүй эмэнд мөнгөө үрэхээсээ урьтаж, урьдчилан сэргийлж сурцгаая

Улирал солигдох үед хүний биеийн дархлаа муудаж, ямар нэгэн өвчнөөр өвчлөх магадлал эрс нэмэгддэг. Үүний нэг нь ханиад, томуу. Энэ жилийн тухайд эрт хүйтэрч, сургууль цэцэрлэг эхэлсэн энэ үед томуугийн дэгдэлт эрт эхэлж байгаа аж. Энэ жилийн томуу, томуу төст өвчин өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дархлаа султай хүмүүст нэлээд хүнд тусаж байгааг иргэд хэлж байгаа юм. Улмаар иргэд эм, тарианд маш их мөнгө зарцуулж байна. Тиймээс томуугийн дэгдэлтийн үед амны хаалт зүүж хэвших нь чухал болоод байгаа юм. Амны хаалт нь тухайн хүнийг агаар дуслын замаар дамжих томуу, томуу төст өвчнөөс найдвартай хамгаалах зориулалттай. Гэвч иргэд "би ханиад хүрэхгүй" гэж тайвшран, урьдчилан сэргийлэхгүй байгаагийн улмаас агаар дуслын замаар халдвар авах тохиолдол эрс нэмэгддэг.

Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “Томуугийн эсрэг хамтдаа” уриан доор зохион байгуулж байгаа. Үндсэндээ, томуугийн дэгдэлт эхлэхээс урьтаж зорилтот бүлгийн хүн амыг хамруулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу есдүгээр сарын 3-наас вакцинжуулалтыг эхлүүлсэн байдаг. Хэдийгээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад "ногоон гэрэл"-ээр, дараалалгүй хамруулж байгаа ч ханиад томууны дэгдэлт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Уг өвчлөлд өндөр настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн түгээмэл өртөж, эрсдэлд орсоор байгаа юм. Вакцинжуулалт үр дүнтэй өрнөж буй ч ийнхүү дэгдэлт өндөр байгаа нь иргэдийн дунд халдваргүйтгэлийн дэглэм алдагдсан, амны хаалтыг тогтмол зүүж хэвшээгүйтэй шууд холбоотой болохыг мэргэжилтнүүд сануулж байна.

Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулж байсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ.

Хэдийгээр вакцинжуулалт эрчимтэй өрнөж байгаа ч нийслэлийн гудамж талбайд яваа 10 хүн тутмын гурав нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байна. Халдварын тархалт ийнхүү өндөр байгаа тул өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж, хүн бүр өдөр тутамдаа амны хаалтыг тогтмол зүүж хэвших нь нэн чухал байна.

Амны хаалт нь томуу, амьсгалын замын бусад төрлийн халдвар болон агаарын бохирдлоос 80 хүртэлх хувь хамгаалдаг бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Нарийн ширхэгт тоосонцор болон вирусээс өөрийгөө бүрэн хамгаалахын тулд N95 эсвэл FFP2 ангиллын амны хаалтыг сонгон зүүх нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Ханиад томууны дэгдэлт болон агаарын бохирдол ихэсдэг энэ үед амны хаалтыг тогтмол зүүснээр таны эрүүл мэнддээ үзүүлж буй хамгийн том хамгаалалт, хөрөнгө оруулалт болно. Гэхдээ зөвхөн амны хаалт зүүгээд зогсохгүй амьсгалыг замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.

  • Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт /дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт/
  •  Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ
  •  Амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед
  •  Өвчтөн асарч байгаа үед
  •  Цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд
  •  Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд
  •  Олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан
  •  Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Нэг удаагийн амны хаалт нь амьсгалын замын вирусийн тархалтаас найдвартай сэргийлдэг бөгөөд олон нийтийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой, хүртээмжтэй сонголт юм. Гэвч үүнийг зөв хэрэглэхгүй бол ямар ч үр дүнгүй болохыг судлаачид онцгойлон анхааруулж байна. Хэрэв амны хаалт зүүж хэвшихгүй бол эрүүл хүн ч агаар дуслын замаар халдвар авах өндөр эрсдэлтэй бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд хамгийн хурдан өвчлөх магадлалтай байдаг. Иймд дан ганц вакцинд найдалгүйгээр, урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг өдөр тутмынхаа эрүүл зуршил болгох нь чухал юм. Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, есдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн нийт 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явцыг бүс нутгаар нь авч үзвэл, Улаанбаатар хотод 65 хувьтай, Орон нутагт 53.7 хувьтай үргэлжилж байна.

ӨВДСӨН ХОЙНОО ҮНЭТЭЙ ЭМ ХАЙХААР, ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ МАСКАА ЗҮҮЕ

Амны хаалт зүүж хэвшээгүйн улмаас томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд хэрэглэх шаардлагатай эм, бэлдмэлүүд маш олон байдаг. Энэхүү өвчлөл нь зөвхөн ханиаж найтах төдийхнөөр тогтохгүй бөгөөд хэрэв хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндээрээ ноцтой хохирох эрсдэлийг дагуулдаг. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өрхийн санхүүгийн салхилга батаа алдагдуулахгүйн тулд иргэн бүр амны хаалтыг өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болгох нь нэн чухал байна. Энгийн нэгэн эдийн засгийн тооцоолол хийж үзье. Жишээ нь, нэг өрхийн гурван гишүүн зэрэг томуугаар өвчилж, вирус замаа алдлаа гэж бодоход эм тариа, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, эмнэлгийн үзлэг оношилгоонд зарцуулах мөнгө нь ердөө ганц хайрцаг амны хаалт худалдаж авах өртгөөс хэд дахин, магадгүй хэдэн арав дахин их гарна. Иргэд бид хэзээ хойно нь харамсаж, эмнэлгийн очер дугаарт зогсож, түрийвчээ хоосололж байхаар, хэдхэн зуун төгрөгийн үнэтэй амны хаалтыг урьдчилан зүүх нь санхүүгийн болоод эрүүл мэндийн хамгийн ухаалаг хамгаалалт гэдгийг хэзээ ухаарах вэ?

Мөн эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдээ гэрээсээ гарах бүрд нь халдвараас хамгаалах нэг удаагийн амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвшүүлэх шаардлагатай. Ялангуяа анги танхимд аль нэг хүүхэд томуугийн шинж тэмдэгтэй байвал амны хаалтыг нь заавал зүүлгэхийн зэрэгцээ, эцэг эхэд нь нэн даруй мэдэгдэж, эмнэлгийн байгууллагад хандан яаралтай эмчлүүлэхийг шаардах хэрэгтэй. Учир нь томуугийн вирус агаар дуслын замаар маш хурдан тархдаг тул ганцхан хүүхдийн хариуцлагагүй үйлдэл, эцэг эхийн хайнга байдлаас шалтгаалан ангиараа, цаашлаад сургуулиараа халдварт өртөх өндөр эрсдэлтэй юм.

Улирлын томуу болон агаарын бохирдлын эсрэг дан ганц вакцинд найдах нь хангалтгүй бөгөөд амны хаалт бол хамгийн хямд, хамгийн өндөр үр дүнтэй бодит хамгаалалт юм. Нэг удаагийн болон N95/FFP2 төрлийн амны хаалтыг зөв зүүж хэрэглэх, гараа угаах, агааржуулалтыг сайжруулах зэрэг энгийн үйлдлүүдийг иргэн бүр өдөр тутмынхаа салшгүй соёл, эрүүл зуршил болгож төлөвшүүлэх шаардлагатай.

Бидний хайхрамжгүй байдал өвчлөлийг дагуулж, эмнэлгийн ачаалал болон өрхийн эдийн засагт санхүүгийн хүнд дарамт учруулсаар байх уу, эсвэл маскаа зүүж эрүүл мэндээ хамгаалах уу гэдэг нь зөвхөн таны ухамсараас шалтгаална.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

иргэн 2026-10-01 202.126.91.107

эмнийхээ үнэ хэт өндөр бна бөөрний чулууны 1 сар уух эм 150000 сахары эм120000 бөөрний үрэвсэлд уух эм120000 яаж авч уух вэ чанар муутай эм оруулж ирж үнэ тогтоодог эмийн сангуудыг цэгцлээч эмсайдаа цаг хугацаа яваад хуучин хэвээрээ бна сургалтын сайн баазтай эмч нараа сайн бэлддэг сургуулиа дэмжээч хувийн анагаах төгссөн эмч болж бгаа хүүхдүүд цалин гэж ярихаасаа өмнө оношоо үөв тавьдаг болж тагсөөч арай дэндүү эмч нар гарч бна

Avatar

зочин 2026-10-01 64.119.19.49

маск авахаас нарийлаад ханиад хүрдэг, бусдад тараадаг. ам хамраа таглахгүй цэр нусаа хаяна. өөрсдийгөө бид л өвчний үүр болгоод байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж