niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 20:31 UTC Эх: https://news.mn/r/2890457/ f904586cb12d9f96… ← niitlelch.mn руу буцах

"Эрт илрүүлгээр зүрхний бичлэг хийж, сэтгэц, аутизмын эмгэгийг илрүүлнэ"

"Эрт илрүүлгээр зүрхний бичлэг хийж, сэтгэц, аутизмын эмгэгийг илрүүлнэ"

"Эрт илрүүлгээр зүрхний бичлэг хийж, сэтгэц, аутизмын эмгэгийг илрүүлнэ"

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг өнөөдрөөс /2026.10.01/ орон даяар эхлүүлнэ. Үзлэгт нийт 270,689 хүүхдийг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэвтэй ярилцлаа.


-Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг энэ жилээс улс орон даяар эхлүүлэхээр болсон. Яагаад заавал одоо эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн бэ? 

-Эрт илрүүлгийн гол зорилго нь өвчин эмгэг үүссэний дараа эмчлэхээс илүүтэйгээр аль болох эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авахад оршиж байгаа. Нөгөө талаас хүүхдийн нас бүрд зонхилон тохиолдож байгаа өвчин, эмгэгийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Тухайлбал, 36 сартай хүүхдийн цогц үнэлгээг өмнө нь өрх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр хийдэг байсан. Одоо ч энэ үнэлгээ хийгдэж байгаа.

Гэхдээ 36 сартай буюу гурван настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж эхэлдэг учраас өрхийн эрүүл мэндийн байгууллагад хандах нь харьцангуй багасдаг.

Үүний улмаас 36 сартай хүүхдийн цогц үнэлгээ орхигдох тохиолдол гарч байна. Тиймээс цэцэрлэгт нь түшиглээд тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь үнэлж, асуудал байгаа эсэхийг эрт илрүүлэх бодлого барьж байгаа. Үүнтэй адил зургаан настай хүүхдүүдийг сургуульд анх орох үед нь үзлэгт хамруулах шаардлагатай гэж үзсэн. Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл гэж бодож байж болох ч сургуульд орох үед нь шүд, амны хөндийн асуудал байна уу, зүрхний эмгэг байна уу, өсөлт бойжилт хэвийн явагдаж байна уу гэдгийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээг эрт авах нь чухал. Ингэснээр хүүхэд цаашид эрүүл бойжих боломжийг бүрдүүлнэ.

Харин 11 болон 15 насны хүүхдүүдийг мөн тодорхой шалтгааны улмаас сонгож байгаа. Тухайн насанд зонхилон тохиолдож болох эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилготой.

Тухайлбал, 15 насанд сэтгэц, сэтгэлзүйн асуудлууд үүсэх эрсдэл нэмэгддэг учраас энэ насанд тохирсон үзлэг, үнэлгээг хийхээр төлөвлөсөн. Ингэж тухайн насны хүүхдүүдэд илэрч болох өвчин, эмгэгийг эрт илрүүлээд, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээнд холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг сайжруулах зорилготой.

-Эрт илрүүлгийн үзлэгийг эхлүүлэхийн өмнөх бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

 -Бид энэ ажилд дөрвөн сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Өнөөдөр хамгийн сүүлийн байдлаар 550 өрх, сумын эмч нартай цахимаар холбогдож, эцсийн мэдээлэл, зөвлөгөөгөө өгч дууслаа. Тиймээс маргаашаас сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгийн үзлэг эхлэхэд бэлэн болсон. Бэлтгэл ажлыг олон чиглэлээр хийсэн. Нэгдүгээрт, 550 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч болон сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургасан. Яг ямар үзлэг хийх, юуг хэрхэн үзэх, ямар шинж тэмдэг илэрвэл ямар тэмдэглэгээ хийх, ямар зөвлөгөө өгөх зэрэг асуудлыг нарийн бэлтгэсэн.Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Гуравдугаарт, үзлэг хийсний дараа мэдээллийг хэрхэн цуглуулах, мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх, илэрсэн эмгэгийг цаашид лавлагаа шатлалын тусламж үйлчилгээнд хэрхэн шилжүүлэх талаар цахим системийн бэлтгэл хийсэн. Мөн боловсролын байгууллага болон эрүүл мэндийн байгууллага хоорондоо мэдээллээ хэрхэн солилцох, ямар зохион байгуулалтаар ажиллах, аль сургууль, цэцэрлэгийг аль өрхийн эрүүл мэндийн байгууллага хариуцах зэрэг зохион байгуулалтын асуудлыг шийдсэн. Эхлээд хоёр сайдын хамтарсан удирдамж гарсан. Үүний дагуу бүх байгууллагад мэдээлэл хүргэж, сургалтуудыг зохион байгуулсан. Сургагч багш бэлтгэж, тэдгээрээр дамжуулан давтан сургалт хийсэн. Одоогоор 1008 гаруй хүн сургалтад хамрагдаад байна.

Үүнээс гадна нүдний хараа шалгах таблет, жин, өндөр хэмжих төхөөрөмж зэрэг тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, цахим системийн ажиллагааг туршсан.

Үзлэгийн маягт боловсролын байгууллагад хүрч байгаа эсэх, мэдээлэл солилцоо хэвийн явагдаж байгаа эсэхийг мөн шалгасан. Мөн эцэг эхээс урьдчилан зөвшөөрөл авах, үзлэгийн талаар мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгөх зэрэг бүх үйл явцыг бэлтгэсэн. Тиймээс хугацаа давчуу байсан ч маш олон ажлыг хийж, бэлтгэлээ хангаж чадсан гэж үзэж байна.

-Эрт илрүүлгийн үзлэгээр хүүхдийн наснаас хамаарч ямар төрлийн үзлэг, шинжилгээ хийх вэ? Мөн үзлэгээр ямар өвчин, эмгэгийг эрт илрүүлэхэд анхаарч байгаа вэ?

-Үзлэгийн багц нь хүүхдийн насны онцлогоос хамаарч өөр өөр байна. Тухайн насанд илэрч болох өвчин, эмгэгийг харгалзан үзлэгийг ялгаатай байдлаар зохион байгуулна. Тухайлбал, 36 сартай буюу гурван настай хүүхдийн хувьд бие бялдрын хөгжлийн цогц үнэлгээ хийнэ. Өндөр, жин, толгойн тойрог, булчингийн тойрог зэрэг үзүүлэлтийг шалгана. Мөн тухайн насанд илрэх боломжтой аутизмын эмгэг байгаа эсэхийг үнэлнэ.

Зургаан настай хүүхдийн хувьд зүрхний цахилгаан бичлэг хийнэ. Харин 15 настай хүүхдийн хувьд сэтгэц, сэтгэлзүйн асуудал байгаа эсэхийг илрүүлэхэд анхаарна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн нас бүрд ямар өвчин, эмгэг илүүтэй тохиолдож болох вэ гэдгийг харгалзаад үзлэгийн багцыг боловсруулсан. Энэ үзлэгт хамрагдсанаар тухайн хүүхдийн эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ гэдгийг эцэг эхчүүдэд мөн тайлбарлаж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийж байна. Нийтдээ 283 мянга орчим хүүхэд хамрагдана. Тухайн хүүхэд ямар насны үзлэгт хамрагдах, ямар үзлэг хийх, ямар ач холбогдолтой болохыг эцэг эхэд нь зөвшөөрлийн хуудсыг танилцуулахаас өмнө тайлбарлаж, мэдээлэл өгнө.

-Санхүүжилтийг ямар эх үүсвэрээс шийдэж байгаа вэ? Нэг хүүхдэд дунджаар хэдэн төгрөгийн санхүүжилт олгох вэ? 

-Санхүүжилт хэд хэдэн эх үүсвэртэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн үзлэгийн санхүүжилтийг гаргана. Нөгөө талаас Эрүүл мэндийн яам болон Боловсролын яамны зүгээс тухайн сургуульд хувьсах зардлаар тодорхой санхүүжилт хийгдэнэ.

Боловсролын салбараас гарах санхүүжилтэд хөрөнгө оруулалтын шинжтэй зүйлс, тухайлбал жин, өндөр хэмжих төхөөрөмж, хараа шалгах тоног төхөөрөмж зэрэг багтана.

Эрүүл мэндийн салбарын хувьд даатгалаар санхүүжиж байгаа. Тухайлбал, тухайн насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг хийж, эмч ар гэртэй нь харилцаж ажиллахад нэг хүүхэд дээр 3000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгоно. Үүн дээр нэмэлт үзлэг, шинжилгээ хийгдэх тохиолдолд тухайн үйлчилгээнээс хамаарч санхүүжилт нэмэгдэнэ. Жишээлбэл, зүрхний цахилгаан бичлэг хийхэд 10000 төгрөг, аутизмын үнэлгээнд мөн тусгай тарифаар үйлчлэнэ.

-Өмнө нь зохион байгуулсан эрт илрүүлгийн үзлэгүүдээр ямар үр дүн гарсан бэ?

-Өмнөх эрт илрүүлгийн үзлэгүүдээр бага насны хүүхдүүдэд тохиолддог олон төрлийн өвчин, эмгэгийн талаар илүү тодорхой мэдээлэлтэй болсон. Тухайлбал, нүд, хараатай холбоотой үзлэгүүд хийгдэж байсан. Үүний үр дүнд зургаа, найман настай хүүхдүүдийн дунд харааны эмгэг ямар түвшинд байгааг илрүүлж чадсан. Энэ нь зөвхөн эмнэлгийн байгууллагад мэдээлэл өгсөн зүйл биш. Эцэг, эхчүүдэд ч хүүхдийнхээ хараанд анхаарах хэрэгтэй гэсэн сэрэмжлүүлэг болсон.

Үүнтэй адил шүдний асуудал, өсөлт бойжилттой холбоотой асуудлуудын талаар эцэг, эхчүүдийн анхаарал нэмэгдсэн гэж үзэж байна. Эрт илрүүлгийн дараа маш олон төрлийн оношилгоо, эмчилгээ үргэлжилсэн.

Одоо хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөрийн хувьд энэ үзлэгийг нэг удаагийн ажил болгохгүй. Тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон үзлэгийг дараагийн жилүүдэд дахин хийхээр системчилж байгаа.

Жишээлбэл, хоёр настай буюу 24 сартай хүүхэд дараа жил нь 36 сартай болоход тухайн насанд нь хийх ёстой үзлэгтээ дахин хамрагдана. Ингэж сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг орхигдуулахгүйгээр эрт илрүүлэгт тогтмол хамруулах тогтолцоог бий болгоно. Тиймээс энэ бол зөвхөн нэг жилийн ажил биш. Цаашид урт хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийг тогтмол хийдэг тогтолцоотой болгох зорилготой.

-Эрт илрүүлгээр олон хүүхдэд эмгэг, өөрчлөлт илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Үүнийг хэрхэн зохицуулж, илэрсэн хүүхдүүдийг цаашид ямар дарааллаар оношилгоо, эмчилгээнд хамруулах вэ?

-Тухайн насны хүүхдүүдэд илүү анхаарах шаардлагатай өвчин, эмгэгүүд байдаг учраас энэ удаагийн үзлэгийн насны сонголтыг хийсэн. Тухайлбал, 0-5 насны хүүхдүүдийн хувьд амьсгалын замын эмгэг, ялангуяа томуугийн улиралтай холбоотой өвчлөл их байдаг. Үүнээс гадна мэдрэлийн эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэгүүд байна. Мөн хүүхдийн өсөлт, бойжилттой холбоотой асуудал, хоол тэжээлийн байдал, витамины дутагдал, дотоод шүүрлийн асуудлууд бий. Эдгээрийг энэ удаагийн эрт илрүүлгээр асуумж болон бусад үзлэгээр илрүүлэх боломжтой.

Бид 283 мянган хүүхдийг дөрвөн түвшинд ангилж ажиллана. Эрүүл хүүхэд буюу А үнэлгээтэй хүүхэд тухайн сургууль, цэцэрлэгийн эмч болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.

Б үнэлгээтэй хүүхдэд цаашид сайжрах боломжийг нь харах, ар гэрт нь зөвлөгөө өгөх, эмч, багш нар юуг анхаарах талаар зөвлөмж өгөх байдлаар ажиллана. Энэ мэдээллийг цахим системд тэмдэглэж, ар гэрт нь зөвлөгөө өгнө.

С үнэлгээтэй хүүхдийг лавлагаа шатлалын эмнэлэгт илгээж, оношилгоо, эмчилгээ хийлгэнэ.

Харин Д үнэлгээ нь яаралтай тусламжийн хэрэгцээтэй гэсэн ангилал. Гэхдээ яаралтай тусламж шаардлагатай хүүхдийн тоо харьцангуй цөөн байна гэж тооцоолж байгаа. Учир нь үзлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хэвийн явж байгаа хүүхдүүд.

Бид ямар тохиолдолд С болон Д ангилалд орохыг урьдчилан тооцоолсон. Тухайлбал, зүрхний цахилгаан бичлэг, сэтгэцийн эмгэг, аутизмын үнэлгээгээр ямар тохиолдолд дараагийн шатны тусламж шаардлагатай болохыг тооцсон. Жишээлбэл, зүрхний цахилгаан бичлэгийн хувьд 0.3 хувийн эрсдэл байна гэж тооцоход 72 мянган зургаан настай хүүхдийн хэд нь дараагийн шатны тусламж, тухайлбал зүрхний эхо шинжилгээ шаардлагатай болохыг урьдчилан тооцоолж байгаа. Гэхдээ энд алдааны магадлалыг аль болох бууруулах нь чухал. Тиймээс зүрхний бичлэг унших багийг тусгайлан томилж байгаа. Тухайн баг бичлэгийг тодорхой шалгуурын дагуу уншина. Хэрэв эерэг гарвал дахин уншина.

Дахин уншсаны дараа шаардлагатай тохиолдолд Люксембургийн олон улсын зүрхний эмч нарт бичлэгийг илгээж, баталгаажуулна.

Ингэснээр буруу оношилж, эцэг эхэд шаардлагагүй айдас, санаа зовнил үүсгэхээс сэргийлнэ. Нөгөө талаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шаардлагагүй ачаалал үүсгэхгүй байх ач холбогдолтой. Тиймээс аравдугаар сарын 1-нд үзлэг хийсэн хүүхдийг маргааш нь шууд лавлагаа шатлалын эмнэлэг рүү явуулахгүй. Үе шаттайгаар баталгаажуулж, шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатны тусламжид шилжүүлнэ.

-Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэг хэзээ хүртэл үргэлжлэх вэ? 

-Энэ жилийн эрт илрүүлгийн үзлэг аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Арванхоёрдугаар сарын 1-н гэхэд үзлэгийн нэгдсэн тайланг гаргана. Үүний дараа лавлагаа шатлалын тусламж шаардлагатай хүүхдүүдийг цахим мэдээллийн сангаас тодорхойлж, дараагийн шатны оношилгоо, тусламж үйлчилгээг зохион байгуулна. Тухайлбал, зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн хүүхдүүдээс хэдэд нь өөрчлөлт илэрсэн, цаашид ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байгааг цахим мэдээллийн сангаар тодорхойлон, дараагийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлнэ.

-Ханиад, томуугийн улирал эхэлж байгаа энэ үед сургууль, цэцэрлэгт хийх эрт илрүүлгийн үзлэгийг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр зохион байгуулах нь чухал. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Юуны өмнө халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Эрт илрүүлгийн үзлэгийг олон хүүхдийг нэг дор оочерлуулах, бөөгнөрүүлэхгүйгээр зохион байгуулах нь чухал.

Энэ асуудлыг ажлын хэсгийн хурлаар мөн хэлэлцэж, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад үзлэгийг нэг дор олон хүүхэд бөөгнөрүүлэхгүй, хүүхдийн эрх, эрүүл мэндийг хүндэтгэсэн байдлаар зохион байгуулах чиглэл өгсөн. Үзлэгийн ажилд өрхийн болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар хамтран ажиллана.

Мөн энэ үеэр томуугийн дархлаажуулалтыг давхар зохион байгуулж байна. Одоогоор томуугийн вакцины хамрагдалт дунджаар 60 гаруй хувьтай байгаа бөгөөд 3-6 насны хүүхдийн хамрагдалт 67 орчим хувьтай байна.

Вакцинжуулалт цаашид үргэлжилнэ. Энэ жил нийт 500 мянган тун вакцин авахаар төлөвлөснөөс эхний ээлжид 330 мянган тун ирж, хуваарийн дагуу дархлаажуулалт хийж байна. Цаашид вакцины нөөц, хуваарилалтыг харгалзан дархлаажуулалтыг үргэлжлүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-10-01 66.181.191.172

иймэрхүү нийтийг хамарсан,компаничилсан ажил асар их зардал, цаг хугацаа зарцуулдаг, бүтээмж муутай байдаг даа, нэг л болохгүй байна даа.

Avatar

Нэргүй 2026-10-01 43.242.242.203

Аутизмтай хүүхэд маш их болсон. Илрүүллээ гээд тэгээд яах юм. яаж ч чадахгүй, тэрийг нь эмчилдэг, тэр хүүхдүүдтэй ажилладаг хүний нөөц ч байхгүй байж худлаа попрох юм.

Avatar

Нэргүй 2026-10-01 66.181.178.226

ilruulj onshildog hyn ch hovorshyydee

Avatar

Онч 2026-10-01 202.9.46.206

Аутизм бүрэн эмчлэгддэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж