niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:02 UTC Эх: https://news.mn/r/2889756/ 499c96c5e3a388a6… ← niitlelch.mn руу буцах

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

 “NEWS” агентлагийн өнгөрсөн долоо хоногт  нийтлэгдсэн эдийн засаг, Оюутолгой төсөл, сэргээгдэх эрчим хүч, хүний нэр төр, худал мэдээлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалт зэрэг цаг үеийн чухал асуудлыг хөндсөн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


"ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ ХАЛААХ ЁСГҮЙ"

Эдийн засагч, доктор Б.Мөнхзаяатай цаг үеийн эдийн засгийн асуудлаар ярилцлаа.


-Зарим эдийн засагч инфляц он дуустал хоёр оронтой түвшинд хадгалагдаж болзошгүй гэж үзэж байна. Төр засгаас төсвийн хэмнэлтийн талаар ярьдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Төсвийн хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Инфляцын хүлээлтийн судалгаагаар иргэд, аж ахуйн нэгжүүд ойрын 3-6 сард үнийн өсөлт өндөр хэвээр байж болзошгүй гэж болгоомжилж байна. Инфляц буурахад гадаад шокууд намжихын зэрэгцээ дотоодын төсөв, эрэлтийн нөхцөл чухал нөлөөтэй. Улсын төсвийг хэт тэлэх нь үнийн өсөлтийг өдөөх гол хүчин зүйлийн нэг болдог бөгөөд үүний өртгийг эцэст нь нийт иргэд худалдан авах чадварын бууралтаар төлнө. Иймээс төсөвт тодотгол хийхдээ нэмэлт зардал өрх, бизнесийн бодит ачаалалд хэрхэн нөлөөлөхийг тооцох шаардлагатай. Цалин нэмэх нь өөрөө буруу шийдвэр биш.

Харин хэдий хэмжээний нэмэгдэл нь эдийн засгийг хэт халаахгүй, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байхыг тооцоо, судалгаанд үндэслэн шийдэх ёстой.

Эдийн засагчид болон Олон улсын валютын сангаас Монгол Улсад өгдөг нийтлэг зөвлөмжийн нэг нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах шаардлагатай гэсэн агуулгатай байдаг. Нэг талаас мөнгөний бодлогыг чангаруулж байгаа ч нөгөө талаас төсөв хэт тэлбэл инфляцыг бууруулах арга хэмжээний үр нөлөө суларна. Улсын төсвийн зарим зардлыг зайлшгүй нэмэх шаардлага байж болно. Гэхдээ тэдгээрийг инфляц, өрийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөтэй нь хамтатган тооцох хэрэгтэй. Төсөв алдагдалтай батлагдвал санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох шаардлага үүснэ. Алдагдлын тодорхой хэсгийг дотоод, гадаад өрөөр санхүүжүүлж болох ч уг өрийг ирээдүйд эргэн төлнө. Зарим өрийн эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх шаардлага үүсэх нь өрийн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, иргэд болон бизнесийн ирээдүйд үүрэх ачааллыг өсгөх эрсдэлтэй.

-Эдийн засгийн нөхцөл хүндрэх үед иргэд өрхийн санхүүгээ хэрхэн зохицуулах шаардлагатай вэ?

-Юуны өмнө өнөөгийн нөхцөл байдлыг эдийн засгийн хямрал гэж тодорхойлох эсэхээ зөв ойлгох хэрэгтэй. Зарим эдийн засагч эдийн засаг өсөлттэй байгаа тул хямрал биш гэж үздэг бол нөгөө хэсэг нь өрхийн амьжиргаа, зээл, үнийн өсөлтөөр дамжуулан нөхцөл байдал эрс муудсаныг онцолдог. Иймээс эдийн засгийн нийт өсөлт болон өрх, бизнесийн түвшинд мэдрэгдэж буй хүндрэлийг ялгаж авч үзэх шаардлагатай.

Бодит ДНБ хоёр улирал дараалан агшихыг техникийн уналтын нэг түгээмэл хэмжүүр гэж үздэг. Гэхдээ эдийн засгийн хямралыг зөвхөн энэ үзүүлэлтээр тодорхойлохгүй бөгөөд ажилгүйдэл, үйлдвэрлэл, орлого, санхүүгийн салбарын нөхцөл зэрэг бусад үзүүлэлтийг хамтад нь үнэлдэг.

Монгол Улсын эдийн засаг эерэг өсөлттэй байгаа тул өнөөгийн нөхцөл байдлыг бүхэлд нь хямрал гэж тодорхойлоход болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ инфляц, зээлийн хүү, төсвийн алдагдал, өрхийн өрийн дарамт зэрэг үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх шаардлагатай эрсдэл байгааг харуулж байна. Иргэдийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн чанар муудах шинж ажиглагдаж байна. Өнгөрсөн 2007–2008 оны үед банкны зээлийн дийлэнхийг бизнесийн зээл эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн жин нэмэгдсэн. Цалингийн, малчны болон тэтгэврийн зээл зэрэг хэрэглээг санхүүжүүлсэн зээл өсөхийн зэрэгцээ ажлын байр, үйлдвэрлэл бий болгох бизнесийн санхүүжилтийн хүртээмж харьцангуй сул байна. Энэ нь санхүүжилт эдийн засгийн бүтээмжтэй өсөлтөд хангалттай чиглэхгүй байгааг илэрхийлнэ. Сүүлийн үеийн статистикаар иргэдийн, тэр дундаа цалингийн зээлийн чанар муудах хандлага ажиглагдаж байгаа тул өрхүүд тогтвортой орлогоо хамгаалах, зайлшгүй бус зардлаа танах, нэмэлт өрийн дарамт үүсгэхээс болгоомжлох хэрэгтэй. Төрийн хувьд ирэх оны төсвийн орлого, зарлагыг бодитой төсөөлж, эдийн засгийн мөчлөг болон экспортын үнийн эрсдэлийг харгалзах шаардлагатай. Өмнөх төсвүүдэд уул уурхайн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн тохиолдол байсан. Иймээс төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлж, төр заавал дангаар санхүүжүүлэх шаардлагагүй төслүүдэд төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг механизмыг зохистой ашиглах нь зүйтэй.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

 

МОНГОЛЫН ТАЛЫН ИРЭЭДҮЙН ӨГӨӨЖ 4 ТЭРБУМ ДОЛЛАРААР НЭМЭГДЭНЭ

Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулснаа Засгийн газраас зарлаад буй. Уг гэрээний өөрчлөлтөөр юу өөрчлөгдөв, ногдол ашгийн яриа хаана хүрэв, ард түмэнд юу болж очих талаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүнтэй ярилцлаа.


-Засгийн газраас 17 жилийн дараа Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орууллаа. Хөрөнгө оруулагч талтай ямар яриа хэлэлцээр өрнөв, юу дээр тохиров гэдгээс яриагаа эхэлье?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээ бол Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүдийн нэг. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгүүд болон "Рио Тинто" группийн төлөөлөл хүрсэн тохиролцоондоо 2026 оны есдүгээр сарын 11-нд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ өөрчлөлтөөр гурван зүйлийг шийдсэн. Нэгдүгээрт, "Рио Тинто" группээс “Оюутолгой” ХХК-д олгосон хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулсан. Хоёрдугаарт, зээлийн хүү зохистой түвшинд байгаа эсэхийг хянан үзэх хугацааг долоон жил байсныг гурван жил болголоо. Гуравдугаарт, "Рио тинто" группт төлдөг менежментийн үйлчилгээний төлбөрийг 50 хувиар бууруулж, давхардсан төлбөрийг арилгаж, 2015 оноос хойш үүсч, маргаан дагуулж ирсэн үйл ажиллагааны гэх нэмэлт менежментийн төлбөр тооцохыг зогсоосон.

Урьдчилсан тооцоогоор эдгээр өөрчлөлт нь хүүгийн төлбөр дээр 6.2 тэрбум, менежментийн төлбөр дээр 2.2 тэрбум, нийтдээ 8.4 тэрбум ам.долларын буюу 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх юм. Үүнээс Монголын талд ногдох ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ.

Гэхдээ энэ гэрээгээр Оюутолгойтой холбоотой бүх асуудал эцэслэн шийдэгдэж, яриа хэлэлцээ дууссан гэсэн үг биш. Монголын талаас сайжруулах гэж үзэж байгаа маш олон асуудлыг бид тавьсан. Мэдээж тэр бүгдийг нэг дор шийдэх, бүхнийг өөрсдийнхөөрөө тулгаж шийдэх боломжгүй. Яаж ч шүүмжилсэн монголчууд бидний хөрөнгө оруулагч талтай хийсэн өмнөх гэрээ хэлэлцээрүүд байдаг. Тийм учраас хүрсэн үр дүнгээ эхнээс нь албажуулж, баталгаажуулаад цааш явах ёстой.

Ногдол ашгийн хувьд бол Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан яриа хэлэлцээ үргэлжилж байна. Бид 2026 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг авах ёстой гэдэг хатуу байр сууриа илэрхийлж байгаа.

Одоогоор ногдол ашгийн талаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй байна. Бид өмнө нь ногдол ашиг авах эсэхээ ярилцдаг, 2030-2040 он байх уу гэж шүүмжилдэг байсан бол одоо авах тухай бодитой яриа хэлэлцээ хийж, зарчмын шийдлүүдэд хүрч байгаа нь маш чухал үр дүн гэж харж байна.

-Ажлын хэсгүүд болон "Эрдэнэс Оюутолгой" компани дараагийн ээлжид юун дээр төвлөрөх вэ?

-“Эрдэнэс Оюутолгой” ХХК нь Монголын ард түмнийг төлөөлөн Оюутолгой төслийн 34 хувийн хувьцааг эзэмшиж, ТУЗ дэх төлөөллөөрөө дамжуулан Оюутолгойн үйл ажиллагаанд оролцдог компани. Оюутолгойн хөрөнгө оруулагч компанийн үндсэн үүрэг бол төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, түүнийгээ Үндэсний баялгийн санд оруулах явдал. Төслийн үр өгөөж гэдэг татвар, ногдол ашиг ордог. Үүнээс татварын алба татвараа тооцож, ногдуулж, хяналт шалгалтаа хийгээд явдаг. Энэ чиглэлээр арбитрын томоохон шийдвэрээ талууд хүлээж байна. Тэгэхээр хамгийн гол үндсэн асуудал бол ногдол ашиг юм. Ногдол ашиг авахын тулд нэг талдаа компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, нөгөө талаас Оюутолгой төслөө урт хугацаанд тогтвортой, үр өгөөж өндөртэй хамтран ажиллуулах юм. Бидний нэгэнт байгуулсан гэрээгээр бүх өр зээл төлөгдсөний дараа ногдол ашиг яригдах байсан бол хэлэлцээний үр дүнд бид үүнийг өөрчлөхөөр ажиллаж байна.

Дараагийн асуудал "Онтре" компанийн эзэмшилд байгаа лицензийн талбайг хэрхэн ашиглах тухай юм. "Онтре"-гийн талбайг ашиглах асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж УИХ-аар шийдвэрлэнэ.

Түүнчлэн, бид "Оюутолгой" ХХК-ийн санхүүжилтийн бүтцийг эргэж харах, өөрчлөх, дахин санхүүжилт хийх, Оюутолгойн засаглалыг сайжруулах, менежментийн багийн хариуцлага, тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээний тайлагнал, ордын нөөцийн болон ТЭЗҮ-ийг шинэчлэх гэх мэт маш олон хүлээгдэж буй ажлууд байна. Миний хувьд хувьцаа эзэмшигчдийн түвшинд асуудлаа мэргэжлийн байдлаар ажил хэрэгчээр харилцан тавьж, сонсож, тодорхой хэмжээний итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагааны суурин дээр дээр яриа хэлэлцээ хийхэд аль ч асуудлыг тодорхой хэмжээнд шийдээд явах бүрэн боломжтой гэж харж байна.  Ногдол ашгийн асуудал дээр гарсан ахиц бол үүний нэг илрэл. Засаглалыг сайжруулах чиглэлд ч ойлголцолд хүрч, хамтран ажиллаад тодорхой үр дүн гарч байна.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

 

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ”

Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн оролцоо, Монголын нар, салхины нөөцийг ашиглах боломж болон салбарын цаашдын шинэчлэлийн талаар “Ньюком” группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа.


-Хүмүүсийн нийтлэг ойлголтоор сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тухайлбал, салхин сэнс цөлжилт үүсгэдэг, бэлчээр сүйтгэдэг гэх мэт ойлголт байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд сөрөг нөлөөнүүд байдаг уу?

-Аливаа шинэ технологи, дэвшлийг хүмүүс тэр бүр дуртай хүлээж авдаггүй. Жишээ нь, галт тэрэг явж эхэлж байхад “энэ бидэнд хэрэггүй, даралт ихэсгэдэг, хэрэв үүгээр явбал цус харвана” гэх ч юм уу, машин хүн дайрч гэмтээдэг гэх мэт нийтлэг буруу ойлголт байсан. Асуудлыг шийдээд, технологи хөгжөөд явж байна. Анх Монголд сэргээгдэх эрчим хүч нэвтэрч байхад өөрсдөө нүдээрээ хараагүй байж мал, амьтан ойр байж болдоггүй, салхи дэгдээж, өвс ногоо ургуулдаггүй, цөлжилт явагддаг гэх мэт яриа маш их тарж байсан. Эрчим хүчний дамжуулах шугамтай холбоотой байнга яригддаг зүйл бол шувууд. “Шувуу өндөр хүчдэлийн утсан дээр суугаад тогонд цохиуллаа” гэх мэт асуудал гардаг. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнд маш их анхаардаг. Станц барих байршилд шувуу байгаа эсэх, ямар өндөрт нисдэг, тухайн шувуудад нөлөөлөх эсэхийг судалж, технологийн хувьд шийддэг. Хамгийн гол нь малчдын санаа зовдог зүйл бол бэлчээр.

Монголын анхны станцуудын нэг дээр очиход тухайн нутагт зусдаг, өвөлждөг айлууд нь амьдарч л байдаг, өвс ногоо нь хэвээрээ, ямар нэгэн өөрчлөлт огт харагддаггүй.

Тухайн газар нутагт салхин сэнс барьснаар хөрс доройтох асуудал заавал үүсдэггүй.

-МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс энэ салбарын бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн дуу хоолойг хэрхэн хүргэж байна вэ?

-Эрчим хүчний зөвлөл нь танхимын үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд төрийн өмчийн компаниуд ч байгаа, хувийн хэвшлийн компаниуд ч байгаа, нүүрсний станцынхан ч байгаа, сэргээгдэх эрчим хүчний салбарынхан ч байгаа. Нэг салбарын хүмүүсийн хувьд нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж, хоёр жилийн өмнөөс байгуулагдсан. Өнөөдрийн түвшинд салбартай холбоотой бүх асуудлаар санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг зохих түвшинд тавьж байгаа. Нэг хүний бус, салбарын нийтлэг асуудлыг тавьдаг.

Мөн өнөөгийн эрчим хүчний салбарын удирдлагууд маш сайн хүлээж авч байгаа. Эрчим хүчний зөвлөлтэй өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна.

Гол нь хувийн хэвшлийнхэн өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төр болон бизнесийн байгууллагууд нэн тэргүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?

-Дэд бүтцийн салбарыг нэг өдөрт өөрчлөх боломжгүй. Зайлшгүй тодорхой урт хугацаанд шилжилт давамгайлж явах ёстой. Энэ салбар маш өрсөлдөхүйц болсон. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн боломжийг нэмэгдүүлэхэд хамгийн гол асуудал нь зохицуулалт буюу хууль эрх зүйн орчин. Тухайн үедээ хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Харин одоо дараагийн түвшний шинэчлэл хэрэгтэй байна.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

 

Х.ЧИНБАТ: ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ТОДОРХОЙ ШАЛГУУРААР ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ

Өмгөөлөгч Х.Чинбаттай хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах болон худал мэдээлэл тараахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар ярилцлаа.


–Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр ямар түвшинд байна вэ. Үндсэн хуулийн зохицуулалтаас яриагаа эхэлье? 

–Монгол Улсын Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүнд болон хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахтай холбоотой зохицуулалт бий. Мөн иргэний үндсэн үүрэг хэсэгт бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хамгаалах тухай заасан байдаг. Уг нь 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, "Худал мэдээлэл тараах" гэдэг бие даасан гэмт хэргийг зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бол торгох, эсхүл зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял шийтгэлтэй байв. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр энэхүү зүйл заалтыг "Үндсэн хууль зөрчсөн байна" гэж үзэн хүчингүй болгосон. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Эрүүгийн хуулиас уг заалт хасагдсан бөгөөд "Худал мэдээлэл тараахтай холбоотой шинэ зохицуулалтыг боловсруулна" гээд ажлын хэсэг байгуулсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл буюу бараг 9-10 сарын хугацаа өнгөрч байхад шинэ хуулийн зохицуулалт батлагдаагүй л байна.

–Өнөөдөр иргэн, хуулийн этгээд бусдад гүтгүүллээ гэхэд Эрүү болон Зөрчлийн хуулиар хамгаалуулах боломжгүй болсон гэсэн үг үү?

-Тэгэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар Эрүүгийн хуульд хүний нэр төрийг хамгаалсан гэмт хэргийн бүрэлдэхүүн алга. Өмнө нь Зөрчлийн тухай хуульд байсан "Гүтгэх" зөрчил бас хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, Эрүү болон Зөрчлийн эрх зүйн хүрээнд худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэх явдлыг хариуцлагажуулах зохицуулалт байхгүй, эрх зүйн орон зай буюу хийдэл үүсчихээд байна.

–Иргэний хуулиар нэр төрөө сэргээлгэх боломж бий байх аа. Шүүхэд хандахад ямар хүндрэлүүд үүсдэг вэ?

-Иргэний хуулийн 21.1, 497 болон 510 дугаар зүйл заалтуудын дагуу хэн нэгний нэр төрд халдсан бол шүүхэд хандаж эрхээ сэргээлгэх, мэдээллийг няцаалгах, уучлалт гуйлгах, сэтгэл санааны болон эдийн засгийн хохирлоо нэхэмжлэх боломж нь нээлттэй. Өнөөдөр Улаанбаатар хотын тойргийн шүүхүүдийн ачаалал хэтэрсэн. Нэг шүүгчид 200-400 хэрэг хүлээгдэж байна. Нэг маргааныг шийдвэрлүүлэхэд дор хаяж нэг болон түүнээс дээш жил шаардагддаг. Иргэний шүүхэд хоёр тал өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж мэтгэлцдэг.

Хөндлөнгийн мөрдөн шалгах байгууллага гэж байхгүй тул мэдээлэл үнэн үү, худал уу гэдгийг нотлоход иргэдээс маш их цаг хугацаа, эрх зүйн мэдлэг шаарддаг.

Энэ нь шүүх хурал дахин хугацаа алдахад хүргэдэг. Өнөөдөр цахим орчинд хэн нэгнийг "хулгайч, луйварчин, завшсан, залилсан" гэж зарлан, нийгэмд бүхэлд нь харлуулахад тэр мэдээлэл маш хурдан тархдаг. Гэтэл шүүхээр явсаар нэг жилийн дараа "Илт худал мэдээлэл байжээ, уучлалт гуй, няцаалт хий" гэсэн шийдвэр гарахад хэдийнэ цаг хугацаа алдаж, нэр төрийг сэргээх ач холбогдол нь байхгүй болсон байдаг.

Ярилцлагыг ЭНД дарж үргэлжлүүлэн уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж