Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшлийн оролцоо, Монголын нар, салхины нөөцийг ашиглах боломж болон салбарын цаашдын шинэчлэлийн талаар “Ньюком” группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуягтай ярилцлаа.
-Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо хэр байна вэ?
-Эрчим хүчний салбар зах зээлд шилжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хамгийн шинэ техник, технологийн дэвшлүүд нэвтэрсэн боловч бусад дэд бүтцийн салбартай харьцуулахад харьцангуй хоцронгуй хөгжиж байна гэдгийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд мэдэж байгаа. Гэхдээ энэ салбарын онцлог нь тодорхой хугацааны өмнө техник, технологи нь хүндрэлтэй, үнэ тарифын хувьд өндөр байсан ч тухайн технологи нэвтэрч, өргөн хэмжээнд арилжааны хэлбэрт шилжихээрээ нийтлэг болж, үнэ нь хямдарч, хэрэглээ нь нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болдог. Энэ үзэгдэл сэргээгдэх эрчим хүчний салбарт ч ажиглагдаж байна.
Монгол Улсад хувийн хэвшил 20 гаруй жилийн өмнөөс нар, салхины эрчим хүчний анхны төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар олон тооны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ажиллаж байна.
Шинэ технологи, шинэ сегментэд хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулалт анхнаасаа давамгайлж ирсэн, одоо ч энэ хэлбэрээрээ үргэлжилж байна. Анх бие даасан эх үүсвэр буюу хувийн хэвшлийнхэн өөрсдөө төсөл хэрэгжүүлдэг байсан бол дараагийн түвшинд тендерийн хэлбэрт шилжсэн. Үүний дараа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр рүү шилжиж, одоо өрсөлдөөний зарчимд суурилсан хэлбэр рүү хөгжиж байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх боломжийг нээж байна. Мөн ийм оролцоо шаардлагатай байна.
-Монголын нар, салхины нөөцийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахад ямар боломж, шийдэл байна вэ?
-Дэлхий даяар нар, салхины эрчим хүчийг шинэ эх үүсвэрийн хувьд хүлээн зөвшөөрч, маш их хэмжээний суурилагдсан хүчин чадал бий болж байна. Үүн дээр нэмээд илүү өргөн хэрэглэх боломжийг нээж байгаа зүйл нь хуримтлуурын систем юм. Хуримтлуурын системийн үнэ болон хүчин чадал харьцангуй сайжирсан. Магадгүй таван жилийн өмнө энэ нь хамаагүй төвөгтэй, өндөр өртөгтэй технологи байсан. Нар, салхины эрчим хүч тогтворгүй, нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд таамаглахад хүндрэлтэй байлаа. Харин өнөөдөр хуримтлуурын систем хямдарч, хэмжээ, нөөцийн хувьд нэмэгдсэнээр бид өмнөх шигээ хязгаарлагдмал биш, илүү өргөн хүрээнд нар, салхины эх үүсвэрийг барьж, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болж байна. Үүнийг сэргээгдэх эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид бүгд мэдэж байгаа.
Хамгийн том асуудал нь хууль, эрх зүйн орчин буюу төрийн зохицуулалт, үнэ тариф тогтоох, эрчим хүчийг хэрхэн, хэнээс худалдан авахтай холбоотой асуудал юм.
Энэ хүрээнд бодлогын талаас Эрчим хүчний яам, зохицуулалтын талаас Эрчим хүчний зохицуулах хороо, системийн горимын талаас Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагууд ажилладаг. Эдгээр байгууллага өөр өөрийн хариуцсан асуудлаа тодорхой шийдэж, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой орчин бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрмийг тодорхой болгох шаардлагатай. Энэ нөхцөлийг бүрдүүлээд өгчихвөл бусад талаараа сэргээгдэх эрчим хүч уламжлалт эрчим хүчтэй аль ч талаараа өрсөлдөхүйц түвшинд хүрчихсэн. Өнөөдөр хэдийгээр асуудал, хүндрэлүүд байгаа боловч технологийн салбарын хөгжлийн түүхээс харахад эдгээр асуудал удахгүй шийдэгдэх нь ойлгомжтой.
-Одоогийн Засгийн газар болон Эрчим хүчний яамнаас хувийн хэвшил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих чиглэлээр ямар бодит дэмжлэг үзүүлж байна вэ?
-Магадгүй салбар болгон өөрийн онцлогтой байх. Гэхдээ эрчим хүчний салбарын онцлог нь маш чухал хэрэглээг хангадагт оршдог. Эрчим хүч хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж байхгүй. Үндсэндээ 24 цагийн турш хэрэглэгддэг. Энэ бол дэлхий нийтийн анхдагч хэрэглээний нэг болсон. Тэр ч утгаараа Засгийн газрын оролцоо их. Гэхдээ энэ нь төрийн өмчит компаниуд салбарт давамгайлах ёстой гэсэн үг биш. Өмнө хэлсэнчлэн төр бодлого, зохицуулалтын чиглэлд оролцох нь чухал.
2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж, шинэ салбар учраас татвар, бодлого, үнэ тарифын хувьд дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгосон. Үүний үр дүнд эхний станцууд баригдсан.
Энэ салбарт хэн, хаана, юу хийх нь тодорхой болсон учраас өрсөлдөөний зарчмаар шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь, цар тахлын үе болон бусад шалтгааны улмаас амжилттай хэрэгжиж байсан шинэ хэлбэрийн бодлого урт хугацаандаа зогсонги байдалд орсон.
Харин дараагийн Засгийн газрууд гарч ирээд өнөөдрийн нөхцөлд хийх ёстой зүйлсээ хийж байна гэж харж байгаа. Мэдээж анх удаа хийж байгаа учраас 100 хувь төгс хэрэгжинэ гэж байхгүй. Алдаа гарна, буруу зөрүү ойлголт үүснэ. Энэ нь таван аймгийн хуримтлуурын төслийн хүрээнд ч ажиглагдсан. Тэгэхээр бодлогын талаас дэмжлэг үзүүлж эхэлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн талаас өнөөдрийн байдлаар дэмжлэг сайн байна. Цаашид энэ нь үргэлжилнэ гэж найдаж байгаа. Гол нь үүнийг хамтдаа засаж, залруулах хэрэгтэй. Буруу зөрүүг нэгэндээ бухах биш, алдаагаа засаж байж өнөөгийн нөхцөлд маш таатай орчин бүрдэнэ.
-Эрчим хүчний салбарыг төрөөс салгах, эрчим хүчний салбарыг хувьчлах хэрэгтэй гэж олон жил ярьж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Эрчим хүчний салбарыг шинэчлэх, хувьчлах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар маш олон жил ярьсан. Олон жил оролдож, амжилтад хүрсэн тохиолдол ч байна. Одоог хүртэл яриа төдий, Засгийн газар дамжин явдаг асуудлууд ч байна.
Эрчим хүч гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас тодорхой түвшинд төрийн оролцоо заавал байх ёстой. Дамжуулах шугам, сүлжээг төр өөрөө хариуцаж, үндсэн араг ясаа бат бөх байлгахыг төр хариуцах ёстой.
Олон улсын нийтлэг жишгээр эх үүсвэрийн тал, түгээх, хангах тал, арилжааны операторын чиглэлд хувийн хэвшил ихээр орж ирдэг. Түүхэн замнал нь ийм. Тэгэхээр манайд ч гэсэн өнөөдрийн түвшинд эх үүсвэрийн талд хувийн хэвшил оролцож байна. Зөвхөн сэргээгдэх эрчим хүч ч биш. Дараагийн процесс нь түгээх, хангах талд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх асуудал. Энэ нь зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш, эдийн засгийн хүрээнд ч яригдах ёстой. Төр бол муу менежер. Төр бүх зүйлийг хийж чаддаггүй. Эдийн засаг болон арилжааны талаасаа зөв ажиллаж, дараагийн хөгжлийн түвшинд гарна. Тодорхой нэг хэсгийг түр аргацааж болох байх, гэхдээ урт хугацаандаа үр дүнгүй гэдгийг дэлхийн олон орны түүх харуулж, баталсан. Тэгэхээр аль болох системтэй, шийдсэн бол төлөвлөгөөгөө гаргах ёстой. Гол нь түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Төв Азийн улсууд маш эрчтэй хөгжиж байна. Манайх сэргээгдэх эрчим хүчний хоёр, гурван станцтай байхад салхины эрчим хүчийг төдийлөн мэддэггүй байсан улсууд өнөөдөр манайхаас хэд дахин их хүчин чадалтай станцуудыг суурилуулсан байна.
Эндээс юуг харж болох вэ гэхээр технологи хөгжөөд, сэргээгдэх эрчим хүчийг хаа сайгүй дэмжиж байна. Гол нь хууль эрх зүйн хувьд дэмжсэн, төлөвлөгөө гаргасан, түүнд нь хөрөнгө оруулагчид итгэл төрсөн байна. Манайд өнөөг хүртэл дутагдсан зүйл бол төлөвлөгөө.
-Хүмүүсийн нийтлэг ойлголтоор сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Тухайлбал, салхин сэнс цөлжилт үүсгэдэг, бэлчээр сүйтгэдэг гэх мэт ойлголт байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд сөрөг нөлөөнүүд байдаг уу?
-Аливаа шинэ технологи, дэвшлийг хүмүүс тэр бүр дуртай хүлээж авдаггүй. Жишээ нь, галт тэрэг явж эхэлж байхад “энэ бидэнд хэрэггүй, даралт ихэсгэдэг, хэрэв үүгээр явбал цус харвана” гэх ч юм уу, машин хүн дайрч гэмтээдэг гэх мэт нийтлэг буруу ойлголт байсан. Асуудлыг шийдээд, технологи хөгжөөд явж байна. Анх Монголд сэргээгдэх эрчим хүч нэвтэрч байхад өөрсдөө нүдээрээ хараагүй байж мал, амьтан ойр байж болдоггүй, салхи дэгдээж, өвс ногоо ургуулдаггүй, цөлжилт явагддаг гэх мэт яриа маш их тарж байсан. Эрчим хүчний дамжуулах шугамтай холбоотой байнга яригддаг зүйл бол шувууд. “Шувуу өндөр хүчдэлийн утсан дээр суугаад тогонд цохиуллаа” гэх мэт асуудал гардаг. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнд маш их анхаардаг. Станц барих байршилд шувуу байгаа эсэх, ямар өндөрт нисдэг, тухайн шувуудад нөлөөлөх эсэхийг судалж, технологийн хувьд шийддэг. Хамгийн гол нь малчдын санаа зовдог зүйл бол бэлчээр.
Монголын анхны станцуудын нэг дээр очиход тухайн нутагт зусдаг, өвөлждөг айлууд нь амьдарч л байдаг, өвс ногоо нь хэвээрээ, ямар нэгэн өөрчлөлт огт харагддаггүй.
Тухайн газар нутагт салхин сэнс барьснаар хөрс доройтох асуудал заавал үүсдэггүй.
-МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс энэ салбарын бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн дуу хоолойг хэрхэн хүргэж байна вэ?
-Эрчим хүчний зөвлөл нь танхимын үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд төрийн өмчийн компаниуд ч байгаа, хувийн хэвшлийн компаниуд ч байгаа, нүүрсний станцынхан ч байгаа, сэргээгдэх эрчим хүчний салбарынхан ч байгаа. Нэг салбарын хүмүүсийн хувьд нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж, хоёр жилийн өмнөөс байгуулагдсан. Өнөөдрийн түвшинд салбартай холбоотой бүх асуудлаар санаачилга гаргаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг зохих түвшинд тавьж байгаа. Нэг хүний бус, салбарын нийтлэг асуудлыг тавьдаг.
Мөн өнөөгийн эрчим хүчний салбарын удирдлагууд маш сайн хүлээж авч байгаа. Эрчим хүчний зөвлөлтэй өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна.
Гол нь хувийн хэвшлийнхэн өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төр болон бизнесийн байгууллагууд нэн тэргүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?
-Дэд бүтцийн салбарыг нэг өдөрт өөрчлөх боломжгүй. Зайлшгүй тодорхой урт хугацаанд шилжилт давамгайлж явах ёстой. Энэ салбар маш өрсөлдөхүйц болсон. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн боломжийг нэмэгдүүлэхэд хамгийн гол асуудал нь зохицуулалт буюу хууль эрх зүйн орчин. Тухайн үедээ хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Харин одоо дараагийн түвшний шинэчлэл хэрэгтэй байна.
3,605.46





















































Иргэн 2026-09-23 202.21.111.170
Сэргээгдэх эрчим хүчийг бодитоор хөгжүүлэхийн тулд гэрээний найдвартай байдал, шударга өрсөлдөөн, үндэслэлтэй тариф, сүлжээ болон эрчим хүч хуримтлуурын хөрөнгө оруулалтыг хамтад нь шийдэх ёстой. Монголын эрчим хүчний бодлогын үр дүнг иргэд, аж ахуйн нэгжүүд найдвартай цахилгаантай болсон эсэхээр хэмжих цаг болсон.
Иргэн 2026-09-23 202.21.111.170
Эдгээр асуудлыг олон улсын байгууллагуудын судалгаа, Монголын зохицуулагч байгууллагын мэдээлэл баталж байна. Ийм нөхцөлд асуух ёстой асуулт тодорхой: шинэ төслүүдийг саатуулж буй шийдвэрүүд эдийн засаг, техникийн бодит үндэслэлтэй юу? Шийдвэр гаргалтад улс төрийн нөлөө, ашиг сонирхлын зөрчил байна уу? Үүнийг тарифын тооцоо, гэрээ, зөвшөөрөл, сүлжээнд холбох шийдвэрийн ил тод байдлаар шалгах шаардлагатай.
Иргэн 2026-09-23 202.21.111.170
Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй атлаа өвлийн оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалт хийх эрсдэлтэй хэвээр байна. Энэ зөрчлийн шалтгааныг эрчим хүчний бодлого, тарифын тогтолцоо, хөрөнгө оруулалтын орчинтой холбон нухацтай авч үзэх ёстой.
Олон жил өртгөө нөхөөгүй тариф, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрсдэл, дамжуулах сүлжээний хүрэлцээгүй байдал нь шинэ эх үүсвэр, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг саатуулж ирсэн.
Нэргүй 2026-09-23 202.9.40.109
хужааманж боолий бооолууд толгойд шааён хужааманж боолийн боолууд хужааманж боолийн ажлаа хийлээ хужааманж боолийн боолууд толгойд шшаён хужааманж боолууд ажлаа хийлээ тэрн нь х*******н хужааманжуудр дамжууд хийлгүүлсн хужаагаөё явуулсн хужааманж бодлго байлаа.кях кях кях.
Нэргүй 2026-09-23 202.9.40.109
ман ан хүн нмын дрга гж шаасн пздагууд бүгд хужааманжийн боолууд гар хөл баядууд шаасн хужааманж боолууд брооийн ажлаа хийлээ.