Оюутолгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулснаа Засгийн газраас зарлаад буй. Уг гэрээний өөрчлөлтөөр юу өөрчлөгдөв, ногдол ашгийн яриа хаана хүрэв, ард түмэнд юу болж очих талаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүнтэй ярилцлаа.
-Засгийн газраас 17 жилийн дараа Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орууллаа. Хөрөнгө оруулагч талтай ямар яриа хэлэлцээр өрнөв, юу дээр тохиров гэдгээс яриагаа эхэлье?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээ бол Оюутолгой төслийн үндсэн гэрээнүүдийн нэг. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгүүд болон "Рио Тинто" группийн төлөөлөл хүрсэн тохиролцоондоо 2026 оны есдүгээр сарын 11-нд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ өөрчлөлтөөр гурван зүйлийг шийдсэн. Нэгдүгээрт, "Рио Тинто" группээс “Оюутолгой” ХХК-д олгосон хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулсан. Хоёрдугаарт, зээлийн хүү зохистой түвшинд байгаа эсэхийг хянан үзэх хугацааг долоон жил байсныг гурван жил болголоо. Гуравдугаарт, "Рио тинто" группт төлдөг менежментийн үйлчилгээний төлбөрийг 50 хувиар бууруулж, давхардсан төлбөрийг арилгаж, 2015 оноос хойш үүсч, маргаан дагуулж ирсэн үйл ажиллагааны гэх нэмэлт менежментийн төлбөр тооцохыг зогсоосон.
Урьдчилсан тооцоогоор эдгээр өөрчлөлт нь хүүгийн төлбөр дээр 6.2 тэрбум, менежментийн төлбөр дээр 2.2 тэрбум, нийтдээ 8.4 тэрбум ам.долларын буюу 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх юм. Үүнээс Монголын талд ногдох ирээдүйн өгөөж дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ.
Гэхдээ энэ гэрээгээр Оюутолгойтой холбоотой бүх асуудал эцэслэн шийдэгдэж, яриа хэлэлцээ дууссан гэсэн үг биш. Монголын талаас сайжруулах гэж үзэж байгаа маш олон асуудлыг бид тавьсан. Мэдээж тэр бүгдийг нэг дор шийдэх, бүхнийг өөрсдийнхөөрөө тулгаж шийдэх боломжгүй. Яаж ч шүүмжилсэн монголчууд бидний хөрөнгө оруулагч талтай хийсэн өмнөх гэрээ хэлэлцээрүүд байдаг. Тийм учраас хүрсэн үр дүнгээ эхнээс нь албажуулж, баталгаажуулаад цааш явах ёстой.
Ногдол ашгийн хувьд бол Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан яриа хэлэлцээ үргэлжилж байна. Бид 2026 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг авах ёстой гэдэг хатуу байр сууриа илэрхийлж байгаа.
Одоогоор ногдол ашгийн талаар ямар ч гэрээ хэлэлцээр байгуулагдаагүй байна. Бид өмнө нь ногдол ашиг авах эсэхээ ярилцдаг, 2030-2040 он байх уу гэж шүүмжилдэг байсан бол одоо авах тухай бодитой яриа хэлэлцээ хийж, зарчмын шийдлүүдэд хүрч байгаа нь маш чухал үр дүн гэж харж байна.
-Ажлын хэсгүүд болон "Эрдэнэс Оюутолгой" компани дараагийн ээлжид юун дээр төвлөрөх вэ?
-“Эрдэнэс Оюутолгой” ХХК нь Монголын ард түмнийг төлөөлөн Оюутолгой төслийн 34 хувийн хувьцааг эзэмшиж, ТУЗ дэх төлөөллөөрөө дамжуулан Оюутолгойн үйл ажиллагаанд оролцдог компани. Оюутолгойн хөрөнгө оруулагч компанийн үндсэн үүрэг бол төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, түүнийгээ Үндэсний баялгийн санд оруулах явдал. Төслийн үр өгөөж гэдэг татвар, ногдол ашиг ордог. Үүнээс татварын алба татвараа тооцож, ногдуулж, хяналт шалгалтаа хийгээд явдаг. Энэ чиглэлээр арбитрын томоохон шийдвэрээ талууд хүлээж байна. Тэгэхээр хамгийн гол үндсэн асуудал бол ногдол ашиг юм. Ногдол ашиг авахын тулд нэг талдаа компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, нөгөө талаас Оюутолгой төслөө урт хугацаанд тогтвортой, үр өгөөж өндөртэй хамтран ажиллуулах юм. Бидний нэгэнт байгуулсан гэрээгээр бүх өр зээл төлөгдсөний дараа ногдол ашиг яригдах байсан бол хэлэлцээний үр дүнд бид үүнийг өөрчлөхөөр ажиллаж байна.
Дараагийн асуудал "Онтре" компанийн эзэмшилд байгаа лицензийн талбайг хэрхэн ашиглах тухай юм. "Онтре"-гийн талбайг ашиглах асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж УИХ-аар шийдвэрлэнэ.
Түүнчлэн, бид "Оюутолгой" ХХК-ийн санхүүжилтийн бүтцийг эргэж харах, өөрчлөх, дахин санхүүжилт хийх, Оюутолгойн засаглалыг сайжруулах, менежментийн багийн хариуцлага, тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээний тайлагнал, ордын нөөцийн болон ТЭЗҮ-ийг шинэчлэх гэх мэт маш олон хүлээгдэж буй ажлууд байна. Миний хувьд хувьцаа эзэмшигчдийн түвшинд асуудлаа мэргэжлийн байдлаар ажил хэрэгчээр харилцан тавьж, сонсож, тодорхой хэмжээний итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагааны суурин дээр дээр яриа хэлэлцээ хийхэд аль ч асуудлыг тодорхой хэмжээнд шийдээд явах бүрэн боломжтой гэж харж байна. Ногдол ашгийн асуудал дээр гарсан ахиц бол үүний нэг илрэл. Засаглалыг сайжруулах чиглэлд ч ойлголцолд хүрч, хамтран ажиллаад тодорхой үр дүн гарч байна.
"НОГДОЛ АШГИЙН ТАЛААР ЯМАР Ч ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДААГҮЙ БАЙНА"

-Ерөнхий сайд Монголын талын өгөөж 13 их наядаар нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Энэ мөнгө ямар хэлбэрээр орж ирэх вэ. Хүмүүст ногдол ашиг бэлэн мөнгөөр авах нь гэсэн хүлээлт үүсчихээд байна?
-Эхлээд нэг зүйлийг тодруулъя. Энэ 13 их наяд төгрөг бол нэг дор орж ирэх бэлэн мөнгө биш. Энэ бол цаашдын зардлын хэмнэлт бөгөөд үүнтэй холбоотой "Оюутолгой" ХХК-ийн ашиг нэмэгдэж, татвар болон ногдол ашгийн өгөөж өсөх юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үе шаттай хуваарилагдах өгөөжийн урьдчилсан тооцоо юм. "Оюутолгой" компани олон төрлийн бизнесийн зардал гардаг. Үүнээс бидний хувьд харилцан хамааралтай "Рио тинто" группт шууд төлдөг зээлийн хүү, менежментийн зардлыг бууруулах нь нэн чухал байсан. Мэдээж хэрэг бусад зардал, санхүүгийн үйл ажиллагааны хувьд тавих хяналт үйл ажиллагаагаа бид тасралтгүй сайжруулж явах учиртай. Эдгээрийг бууруулснаар “Оюутолгой” компанийн зардал хэмнэгдэнэ. Зардал буурснаар ирээдүйн ашиг нэмэгдэнэ. Ашиг нэмэгдсэнээр нэг талаас татварын орлого, нөгөө талаас ногдол ашиг нэмэгдэнэ. Аль хэлбэрээр хэдийг авах нь тухайн жилийн санхүүгийн үзүүлэлтээс хамаарна.
Ер нь Монголын талын өгөөж, ногдол ашгийг ахиулъя гэвэл “Оюутолгой” компанийн зардал буурах ёстой.
Энэ тооцоог бодитой болгож байгаа хүчин зүйлүүд ч бий. “Оюутолгой” компанийн орлого энэ жил зэсийн үнийн өсөлттэй холбоотойгоор маш сайн байна. Жилийн эцсээр 7.3 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй бөгөөд энэ нь төлөвлөснөөсөө хоёр орчим тэрбум ам.доллараар илүү үзүүлэлт. Түүнчлэн төсөл бүтээн байгуулалтын үеэ дуусгаад тогтвортой олборлолт руу шилжиж байна. Энэ бүхэн ногдол ашиг ярих, зээлийн хүүг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрт ахиц гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Миний хувьд ажлаа аваад удаагүй ч гэсэн Оюутолгойн үйл ажиллагааны зардлыг бууруулах, зардлыг оновчлох чиглэлээр зарчмын байр суурь илэрхийлж байгаа. Энэ талаар ч "Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүхтэй олон удаа уулзаж, санал солилцсон бөгөөд энэ зардал бууруулах чиглэлээр хамтран ажиллаж үр дүн гарч эхлээд байна.
-Нөгөө талдаа эдийн засагчид “Алаагүй баавгайн арьсыг хуваалаа” гэж шүүмжилж байна. Эцэслээгүй гэрээний ногдол ашгийг төсөвт тооцсон нь буруу гэж?
-"Эрдэнэс Оюутолгой" бол “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийн хэрэгжүүлэгч компани юм. Миний чиг үүрэг бол энэ төслийн өгөөжийг ногдол ашиг болон бусад боломжтой хэлбэрээр нэг ч ам.доллараар болтугай нэмж Монгол Улсын төсөв, Үндэсний баялгийн санд оруулах явдал. Харин Монгол Улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах, хуваарилах нь УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх асуудал. Иймд Оюутолгойгоос ирээдүйд олох ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг УИХ-ын өмнөөс ярих эрх бүхий албан тушаалтан би биш.
Миний ажил бол ногдол ашгийн хэлэлцээрийг ахалж байгаа Сангийн сайдад дэмжлэг үзүүлж, аль болох ахиу ногдол ашиг авах тал дээр анхаарч ажиллах явдал юм.
– "Онтре"-гийн талбайг ашиглах асуудлаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж УИХ-аар шийдвэрлэнэ гэлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг тууштай үргэлжлүүлнэ гэвэл “Онтре”-гийн гэрээний асуудлыг ярих ёстой. Талууд ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн нөхцөл байдал ийм. Оюутолгойн газар доорх ордын нэг хэсгийг "Онтре" гэх өөр компани эзэмшиж байгаа. Тэр хоёр компани хоорондоо хэлцэл хийж, лицензээ “Оюутолгой” компанид шилжүүлэх яриа нөгөө талдаа явж байсныг та бүхэн мэдэж байгаа.
УИХ-ын сонсголын үеэр УИХ-ын 120 дугаар тогтоол батлах үеэр энэ асуудлыг маш тодорхой ярьсан.
Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК нэг л байр суурьтай байгаа. “Онтре”-г олборлох, эзэмших, ашиглахтай холбоотой асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Энэ яриа хэлэлцээрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг хийж байна. Тиймээс хэн нэгэн урдуур нь орж шийдэх, амлах боломжгүй.
-Өнгөрсөн 17 жилд “Оюутолгой” Монголын эдийн засагт юу авчрав. Энэ төслийн үр өгөөжийг монголчууд хүртэж байгаа ч үргэлж л "үзэн ядаж" ирсэн. Ирээдүйд ийм том төсөл дахин хэрэгжүүлэх боломж, нөөц бидэнд бий юу?
-Төслийн үр өгөөжийг гурван түвшинд ярьж болно. Нэгдүгээрт, татвар. Татварын асуудал анхнаасаа маргаантай явж ирсэн. Одоо 2.7 их наяд төгрөгийн татварын маргаантай байгаа бөгөөд олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Цаашид энэ асуудал нэг талдаа гараад аль болох маргаангүй явна гэж найдаж байна. 2026 оны эхний долоон сард гэхэд 760 орчим сая ам.долларын татвар төлсөн гэсэн мэдээтэй байна.
Хоёрдугаарт, ногдол ашиг. Өнгөрсөн хугацаанд аль ч тал ногдол ашиг аваагүй. Одоогийн гэрээний хүрээнд бүх өр зээлээ төлж дууссаны дараа ногдол ашгаа авч хуваарилах нөхцөлтэйгөөр өнөөдрийг хүрсэн. Харин одоо хэд хэдэн урьдчилсан нөхцөл бүрдээд байна.
Нэгд, 2021 онд Монголын тал хөрөнгө оруулагчид төлөх байсан 2.3 тэрбум ам.долларын зээлийг тэглүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК Оюутолгой төсөлтэй хэнд ч өргүй.
2021 онд ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсэг Монголын талын өрийг тэглүүлж чадсан явдлын ач холбогдлыг маш сайн ярих ёстой гэж боддог. Энэ өр тэглээгүй байсан бол бид өнөөдөр ногдол ашиг ярих боломжгүй байсан.
Хоёрт, төсөл гол бүтээн байгуулалтын үеэ дуусгаад үйлдвэрлэл тогтвортой шат руугаа шилжиж байна. Гуравт, Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэндээ байгаагүй түвшинд хүрч, олон улсын зах зээл дээрх нэр хүнд сайжирсан. Дөрөвт, Оюутолгой төслийн талаар монголчууд маш сайн мэдээлэлтэй болж, шахаж шаардаж, хөндөж байгаа асуудлууд нь өөр түвшинд гарсан байна. Үүнд УИХ-ын сонсгол, мэдээллийн ил тод байдал чухал үр дүн үзүүлж байна. Эдгээр нь ногдол ашгийн хэлэлцээг эхлүүлэх, тодорхой дүн ярих боломжийг бүрдүүлж байгаа юм.
Гуравдугаарт, эдийн засагт үзүүлж буй шууд бус нөлөө. Өнөөдөр Оюутолгойн нийт 17 мянга орчим ажилтны 99.4 хувь нь монголчууд байна. Өмнөговь аймаг, Ханбогд суманд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.
Ханбогд суманд очиход Монгол Улсын сумдуудад цөөхөнд орох дэд бүтэц, зам талбай, хөрөнгө оруулалтыг хийж хөгжүүлж байгаа нь харагдсан. Монголын олон арван туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байна.
Миний хувьд ажлаа аваад Оюутолгойгоос ногдол ашиг, татвараас гадна өөр ямар орлогын эх үүсвэр байж болох вэ гэдгийг судалж ажиллаж байна. Ялангуяа, санхүүжилтийн талд. Олон нийт “Рио Тинто” бол уул уурхайн компани уу, санхүүгийн корпораци уу, өндөр хүүтэй зээл олгоод байна уу гэж шүүмжилдэг.
Хэрвээ тийм бол бид ч яагаад энэхүү төслөөс хүүгийн болон бусад санхүүгийн орлого олж болохгүй гэж. Үүнтэй уялдуулаад Монголын банк, санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүдийг ч хөгжүүлэх, эх үүсвэр, ашиг орлогыг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг улам бүр нэмэх боломжтой гэж харж байна.
Монголчууд бид одоо гаднаас хөрөнгө босгох нөхцөл 2009, 2015 оных шиг биш, зээлжих зэрэглэл, эдийн засгийн нөхцөл байдал тэс өөр болсон. Иймд боломжтой хямд эх үүсвэр босгож, түүгээрээ Оюутолгойн санхүүжилтийн зардлыг бууруулж дахин санхүүжилт хийх, үүнээс Монголын тал хүүгийн орлого олж Үндэсний баялгийн сангаа ч арвижуулах боломжтой гэж харж байна. Түүнчлэн, Оюутолгойд шаардлагатай өөр бусад стратегийн төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх замаар бид Оюутолгойгоос бизнесийн орлого ашиг олж үр өгөөжөө нэмэгдүүлэх асуудлыг цаашид судлах нь зүйтэй байна.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46















































Нэргүй 2026-09-22 172.58.164.102
ulgert itgej suutal mongol uls naana n hijaagiin gart ororh yum bna.
Tumur 2026-09-22 138.252.29.36
рио тинто-гээч хогийг ШҮҮРДЭЖ ХӨӨЖ ГАРГАХААС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ!!!
Зайл 2026-09-22 202.9.47.99
Хөөж гарга. Уурхайг хаа. Бид өөрсдөө зулгаая дийлэхгүй ээ, бусдаар мөлжүүлье хайран!
Зочин 2026-09-22 202.179.18.232
Гэрээг жил бүр шинэчлэн Монголд ашиггүй хийдэг учир энэ бол худал үл бүтэх мэдээлэл. Битгий ингэж тархи угаа Монгол хүн юм бол. ОТ-г хөөж гарга Монгол хүн Монгол инженерүүд ажиллуулж чаднаа.
Нэргүй 2026-09-22 122.201.21.6
Өөдтэй л юм хийгээрэй. Хамаг баялагиыг ховх сороод, хоосон идүүр нь үлдэнэ шүү.
иргэн 2026-09-22 66.181.171.252
Трамп Венесүэлийн газрын тосыг булаагаад авчихсан байх юм, манайх өөрийн баялгаа алдаад, яг л Венесүэл. Рио бол Трамп нь юм даа.
Амьдрах орон зай ба ядуус бүүбур 2026-09-22 66.181.165.234
Ингэж цонхны цаанаас чихэр долоолгож байтал сонгууль болно. тэгээд нэг нь өгнө нөгөө нь өгөхгүй гэсэн гээд пиардана
Нэргүй 2026-09-22 103.11.194.145
"НОГДОЛ АШГИЙН ТАЛААР ЯМАР Ч ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДААГҮЙ БАЙНА" хоосон ам, шалдан гуя байжээ!!!
ЗОЧИН 2026-09-22 203.91.115.37
УЧРАЛ 10 САРД НООГДОЛ АШИГ ТАРААНА ГЭЖ СОЛИОРОО БИЗ ДЭЭ.
Нэргүй 2026-09-22 66.181.160.57
34%-иа тогтмол рояльти, татваруудаар солихыг хичээгээч дээ та нар?!!! Хувьцаа эзэмшиж байгаа цагт Монгол Улс хэзээ ч тогтмол, найдвартай ашиг хүртэхгүй ээ!!! Та нар залуу хүмүүс байна, цаад өгөрүүдээ бодвол шинээр сэтгэх ёстой шүү!! Оюу толгойд Монголын тал хувьцаа эзэмшсэн хэвээр байлгаж, Риотой байнга хагаралдуулан хэрэлдүүлж залхаах бодлогыг бүр гаднаас явуулаад байгаа шүү!!
Нэргүй 2026-09-22 103.212.118.229
Монгол яг маргаашнаас эхлээд өдөрт тэрбум доллар олсон ч өөдлөхгүй. Яагаад гэвэл тархи нь монголоороо шүү дээ. Асуудал нь тэр.
Нэргүй 2026-09-22 51.158.201.222
Bolovsroliiin zeeliin sang tsum idej hurgen ahtaigaa sangiin yam turiin bankiig tonoson muu luivarchin
Эрдэнэ 2026-09-22 103.212.119.193
Би нагац ах нь байна.насаараа хувийн салбарт ажилласан.Миний дүүд төрсөн эгч байхгүй учир хүргэн ах гэж байхгүй. Чи андуураад байх шиг байна .
иргэн 2026-09-22 103.29.144.172
Хөрөнгө оруулалтын гэрээг агуулгаар нь өөрчилж өрд газрыг ионголын талын хөрөнгө оруулалтад тооцож өрийг бүрэн тэглэж элдэв хөнгөлөлтүүдийг больж ноогдол ашгаа авч төлбөрийг Монгол банкаар дамжуулж , зэс хайлуулах үйлдвэрийг бариулж усны үнийг эргэн харж ажиллахаар эхний арга хэмжээг авах хэрэгтэй бна
зочин 2026-09-22 192.82.65.103
маш сайн, энэ төсөл манай эдийн засагт маш ач тустай байгааг хүн бүр ойлгоосой
Нэргүй 2026-09-22 103.57.93.64
Ногдол ашиг дээр хэлэлцээр байгуулагдаагүй байхад ирэх оны төсөв дээр орлого нэмж тавих нь хэт эрсдэлтэй алхам болно.