Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СУУРЬ АСУУДАЛ БОЛ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НЭМЖ БАРИХ"

-УИХ-ын ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцлээ. Төсвийн тодотголыг хэлэлцэж, батлахгүй бол оны эцэст багш нарын цалинг тавих боломжгүй гэдэг зүйлийг зарим улстөрчид хэлж байна. Төсвийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, баталдаг. УИХ Монгол Улсын 2026 оны төсвийг батлахдаа яагаад багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг тооцож, төсөвт тусгаагүй юм бэ?
-Би бас энэ асуултыг УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанд оролцохдоо асуусан. Цалингийн асуудлыг шийдэхээр өмнө нь Үйлдвэрчний эвлэл, Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам ширээний ард ярилцаж, гурван талт хэлэлцээр хийгээд тухайн жилийн төсөвтөө оруулж, баталсан. Энэ тооцоог ганц салбарын сайд нь гаргачихсан юм биш. Дээр дурдсан гурван яамны сайд хамтдаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тооцооллыг нь хийж, 2026 оны төсөвт суулган УИХ-аар батлуулсан. Үүнээс гадна эмч нарын цалинг үе шаттайгаар 10, 10 хувиар нэмэгдүүлэх тооцооллыг ч хийсэн байдаг. Ер нь багш, эмч нарын цалин нэмэх асуудал улсын төсөвт тодотгол хийх гол үндэслэл биш. Өнөөдөр улсын төсөвт том ачаалал ирсэн үү ирсэн. Гэхдээ өмнө нь улсын төсвийн тооцоололд орсон асуудал гэж харж байна. Ирэх 2027 оны төсөв харин маш их тэлсэн харагдаж байна. Энэ асуудлыг олон нийт гярхай сайн ажиглаж, ямар төсөв хаана хэрхэн нэмэгдэж байна вэ гэдгийг анхаарах шаардлагатай. Төсвийн тодотголоор ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд 50 тэрбум төгрөг төсөвлөсөн нь олны шүүмжлэл дагуулж байна. Үүнээс илүү багш, ажилчдын цалинг нэмэх нь чухал. Өмнө нь багш, эмч нарын цалин нэмсэн учраас одоо бусад салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлыг барьцаж, оруулж ирж байгаа нь буруу.
Анх багш нарын цалинг нэмэхдээ улсын дундаж түвшинд хүргэх л зорилгоор нэмсэн шүү дээ.
Ер нь бол улсын төсвийг зайлшгүй хэлэлцэж, батлах хуультай. Харин төсвийн тодотголыг батлахгүйгээр Засгийн газарт буцаах боломжтой. Би зарчмын хувьд төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Ялангуяа тэтгэвэр тэтгэмж нэмэх шаардлагатай. Үнэхээр багш нарын цалин оны эцэст хүндрэх нөхцөл байдалд байгаа бол төсөвт тодотгох ёстой.
-Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс 3,5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан гэх асуудал шүүмжлэл дагуулж байна. Ер нь энэ хичээлийн жилд хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах зохицуулалтыг хийх нь хэр зөв бэ ?
-Цэцэрлэг, сургуулийн байр хүртээмжгүй байгаагаас үүдэн хүүхдүүд орон сууцны орцонд хичээллэж байна. Бүр орц нь олдохгүй болохоор хувийн сургуульд хандаж, тэнд улсын сургуулийн хүүхэд хичээллүүлэх асуудал яригдаж байна. Улсын сургуулиудын ачаалал хэтэрч, сурагчид нь багтахгүй байгаа учраас салбар яамнаас зарим хувийн сургуулиудад хамтран ажиллах санал тавьсан гэж ойлгосон. Тэр хүрээнд салбарын яамнаас нь зарим хувийн сургуулийн сул суудал дээр улсын сургуулийн сурагчдыг үнэ төлбөргүй суралцуулах хүсэлтийг тавьж, улсаас хувьсах зардлын нэмэгдлийг нь хоёр дахин олгоё гэдэг тооцооллыг хийжээ. Энэ хүсэлтийг нь нэр бүхий хувийн сургууль дэмжин ажиллахаар болсон гэж сонссон. Гэхдээ энд ойлгомжгүй асуудал маш их байна.
Тухайн сурагчид улсын сургуулийнхаа статусаар суралцах юм уу, хувийн сургуулийнхаа статусаар суралцах юм уу. Яамны санал санаачлага нь эргээд хувийн сургуулиуд руу дайралт болж, ирж байна.
Нөгөө талаас зарим хувийн сургуулиудад тоног төхөөрөмж өгөх асуудал яригдаж байна. Тэр нь төрөлжсөн ахлах сургууль байгуулах асуудалтай холбоотой гэж ойлгосон. УИХ-ын гишүүдэд ямар хувийн сургуульд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ гэдэг төсвийн нарийвчилсан задаргаа ирээгүй тул Ерөнхий сайдын хамааралтай сургууль уу гэдгийг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төрөлжсөн ахлах сургууль байгуулахад 15 тэрбум төгрөг төсөвлөсөн гэдэг мэдээллийг харсан. Би нарийвчилсан задаргааг нь гаргаж өгөх хүсэлтийг яаманд тавьсан.
Би хувьдаа, Боловсролын сайдын манлайлан дэвшүүлж байгаа "Гэрт ойр сургууль" буюу хотхоны бага сургууль байгуулах болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах, цахим шилжилт нэрээр сурагчдад өндөр дүнтэй төсвөөр хромбүүк тараах, аймаг, дүүрэг болгонд кембрижийн хөтөлбөртэй сургууль барих гэсэн бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа.
Тооцоо судалгаа, эрэмбэ нь хаана байна вэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2026 оныг боловсрол салбарыг дэмжих жил болгон зарласан. Би парламент дахь боловсролын салбарын экспертийн хувьд салбарын тооцоо судалгааг маш нарийн хийсэн юм. Уг тооцооллоор, боловсролын салбарт цэцэрлэг, сургуулийн хүртээмж нэг ангид 30-аас доош хүүхэд суралцах ёстой байтал өнөөдөр 40, 50, 60 давсан хүүхэд суралцаж байна, 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 300 хүүхэд сурч байна зэрэг тооцооллыг маш нарийн хийсэн. Эдгээр үндсэн суурь асуудлыг шийдэхгүй бол хүүхдийн чанартай боловсрол эзэмших үндсэн эрх зөрчигдөж байна. Ингэж эрх нь зөрчигдөж буй хүүхэд улсын сургуулийн тал хувийг эзэлж байна. Улсын сургуулийн 740 мянган хүүхдийн тал нь ийм нөхцөлд суралцаж байна. Тэгэхээр ийм суурь нөхцөлийг арилгахгүйгээр бид цаашаа явах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Тиймээс нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоог 40-өөс доош оруулахын тулд шинээр 108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шийдлийг гаргаж байсан.
Багшийн хомсдол бас суурь асуудал. Энэ дутагдалтай орон тоогоо бүрдүүлэхгүй бол боловсролын салбар багшгүй болох эрсдэлтэй. Багш нарын ажлын ачаалал их байна. Тиймээс багш нарынхаа цалинг нэмэхээс гадна ажлын ачааллыг нь багасгаж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхааръя гээд хэд хэдэн үндсэн санал гаргасан. Сургуулиудын бие даасан байдал алдагдаж, менежментийг сайжруулахгүй бол хэн дуртай нь багш руу дайрч байна. Энэ мэтчилэн эксперт хүний хувиар үндсэн 10 ажлыг хийе гэсэн жагсаалт гаргаж байсан. Түүний хамгийн сүүлд нь цахим шилжилт эрэмбэлэгдсэн байсан. Би бол гадаад орны хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмждэггүй. Бид өмнө нь кембрижийн хөтөлбөрийг туршиж байсан, алдсан. Буцаад энэ хөтөлбөрийг гаргаж ирж байгааг ойлгохгүй байгаа. Энэ мэтчилэн хоорондоо ярих хэрэгтэй байгаа.
Ярилцлагын дэлгэрэнгүй энд дарж уншина уу!
“ЖДҮ ЭРХЛЭГЧИД ДАНГААРАА БИШ, НЭГДЭЖ ЭКСПОРТЛОХ ХЭРЭГТЭЙ”

-Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтад жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнесийн төлөөлөл оролцож байна. Энэ чуулганы онцлог нь хоёр орны бизнес эрхлэгчид холбоо тогтоох боломж. Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд ямар үр дүн гарсан, ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар ярилцлаа. Бид МҮХАҮТ-тай хамтран наймдугаар сарын 20-нд Байкалын үзэсгэлэнд оролцсон. Үзэсгэлэнд оролцох үеэр аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг хил, гаалиар нэвтрүүлэх, тээвэр, ложистик, төлбөр тооцоотой холбоотой асуудлууд гарч байсан. Үүнийг энэ хурлаар хэлэлцлээ. Мөн 10 гаруй аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Бид ОХУ-ын холбогдох хүмүүстэй ярилцаж, аж ахуйн нэгжүүдээ ОХУ-ын зах зээлийн судалгаа хийх, үзэсгэлэн худалдаанд оролцох, цаашид бараа бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх талаар хэлэлцэж байна.
Хуралд оролцож буй 10 гаруй аж ахуйн нэгж тухайн зах зээлийг сонирхож байгаагаас гадна гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж буй олон аж ахуйн нэгж байгаа. Тэдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчидтэй уулзалт хийхээр зорьж байна. Энэ бол дан ганц ОХУ-ын асуудал биш. Казахстан, Киргизстан зэрэг Евразийн таван улсын зах зээл рүү гарах асуудал юм.
Сарын хугацаанд 680 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн Евразийн зах зээл рүү гарсан байна.
Энэ тоог хэрхэн нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэдгийг тооцох ёстой. Мөн дотооддоо жижиг, дунд бизнес эрхлэгчид маань гадаадын зах зээл рүү гарахдаа хэрхэн хамтрах вэ гэдэг асуудал байна. Дангаараа хэдхэн ширхэг бүтээгдэхүүн бариад яваад байх уу, эсвэл нийлээд чанартай үйлдвэрлэл хийж, их хэмжээгээр экспортлох уу гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. Түүнийг нь төрөөс дэмжиж, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн гадаадын зах зээлд гаргах вэ гэдгийг ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд харагдаж байна. Тиймээс Монголын холбогдох яам, агентлагууд энэ асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
-Евразийн зах зээлд ямар бараа бүтээгдэхүүн эрчимтэй нийлүүлэгдэх чиг хандлагатай байна вэ? Голлох бараа бүтээгдэхүүнийг дурдвал?
-Евразийн орнуудаас Монгол руу орж ирж байгаа бүтээгдэхүүн бол мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа гахайн мах байна. Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний хувьд нэхмэл, сүлжмэл, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүн байна. Хамгийн их ноос, ноолуур гарч байгаа. Хүнсний бүтээгдэхүүн ганц нэгээр гарч байна. Монгол Улс өөрөө хөдөө аж ахуйн орон учраас ноос, ноолуур, арьс шир зэрэг түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах нь өрсөлдөх чадварын нэг хэлбэр юм. Зөвхөн аж ахуйн нэгжүүдийн саад тотгорыг арилгаад орхих уу, эсвэл тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл шийдэж өгөх үү гэдгийг хэлэлцэх шаардлагатай.
Ярилцлагын дэлгэрэнгүй энд дарж уншина уу!
"ТӨСВӨӨ ХЭМНЭЖ, ЯАМДЫГ ЦӨӨЛЖ, 20 САЙДАА 15 БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ"

-Засгийн газраас улсын төсвийг хэмнэх бус тэлсэн тодотгол оруулж ирсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үндэсний аудитын газраас улсын төсөвт тодотгол хийх тусгай шаардлагуудыг бүрэн хангаагүй байна гэдэг дүгнэлт танилцуулсан. Сөрөг хүчний гишүүний хувьд, Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эрх баригчид 2026 оны төсвийн тодотголоо, 2027 оны төсвийн төсөлтэй нийлүүлээд "бантан" зуураад, батлуулаад авъя гэдэг бодлого хэрэгжүүлсэн. Өнгөн дээрээ долоо хоногийн хугацаанд ээлжит бус чуулган зарлаж байгаа юм шиг дүр эсгэсэн. Тэрнээс биш 2026 оны наймдугаар сарын дундуур УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, нэг сарын хугацаанд хэлэлцэж, төсвийн тодотголоо батлаад, дагаж оруулж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтүүдээ баталсны дараа 2027 оны төсөв рүүгээ орсон бол хуулийн хувьд зөв болох ёстой байсан. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх шалтгаан юу байв гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Хаврын чуулганаар 2026 оны зургадугаар сард 2025 оны улсын төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлан орж ирсэн.
Уг тайланд 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгохгүйгээр 2026 оны татвараас 1.2 их наяд төгрөгийг түрүүлж татан авч, хэрэглэсэн талаар дурдсан байсан. Тэгэхээр чинь улсын төсөв тасарна биз дээ. Энэ нөхцөл байдал илэрч, УИХ-ын гишүүд хаврын чуулганы үеэр хэлээд нэмэр болоогүй.
Татварын тухай хууль, Төсвийн тухай хуулийн гаргалгаатай нь асуухад "Бид өмнө нь ингээд л явчихдаг байсан шүү дээ. Хүсвэл татварын орлогоо татаж аваад л явдаг байсан" гэдэг тайлбарыг Сангийн сайд З.Мэндсайхан ярьсан. Өмнөх Сангийн сайд нь ч хамт сууж байсан. Эндээс л төсвийн тодотгол хийх эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Дараагаар нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Улсын төсвийн бодлого зөв хэрэгжсэн үү, буруу хэрэгжсэн үү гэдэг дээр иргэдэд ирж байгаа үнийн дарамт, Монголбанкнаас барьж буй бодлогоос харагдана. Эрх баригч намаас сүүлийн жилүүдэд инфляцыг бууруулах зорилгоор хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь "Хүнсний хувьсгал". Нийт 1.4 их наяд төгрөгийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад зарцуулсан ч бодит үр дүн нь гарсан уу. Өнөөдөр инфляцын түвшин 13 хувьтай байна. Мөн "Шинэ хоршоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдад 840 тэрбумын зээл олгосон. Тэрний үр дүнд өнөөдөр махны үнэ 20-30 мянган төгрөг хүрч байна. Ингээд харахаар эрх баригчдын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн харагдахгүй байна.
Хоёрт, төрийн бодлого буруу байснаас төсвөө хэт тэлж байна. Ер нь Монгол Улсын 3.5 сая хүнд 20 сайд , 16 яам огт хэрэггүй. Бодлогын чиг үүргийн яамдаа нэгтгэж, тэндээсээ төсвийн хэмнэлтээ хий гэдэг зарчмын хүрээнд төсвөө тодотгох болов уу гэсэн тэгсэнгүй.
Эсрэгээрээ улсын төсвийн зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмээд оруулж ирсэн. Төсвийн тухай хуулийн 57.2 болон 57.3 гэсэн хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна. Би өнгөрсөн хавар чуулган дээр энэ талаар хэлэхэд Сангийн сайд З.Мэндсайхан "Бид 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг дагуулж оруулж ирээд засах ёстой" гэж хэлсэн ч огт засаагүй. Тэгээд өнөөдөр хуулийн хулгай руу оруулж, улсын төсвөө тэлсэн. Гэхдээ энэ дээр нэг асуудал байгаа. Засгийн газраас төсвийн тодотгол өргөн барихдаа урсгал зардлаа тодорхой хэмжээнд танасан. Нөгөө талд нь эмч нарын цалинг 20 хувиар нэмэхэд 90 тэрбум төгрөг, соёл, спортын салбарын үйлчилгээний албаны цалинг 50 хувиар нэмэхэд 80.1 тэрбум төгрөг, багш нарын цалин нэмэхэд 674 тэрбум, суурь тэтгэврийг нэмэхэд 196.3 тэрбум төгрөг гээд иргэдэд таалагдах агуулгаар төсвөө оруулж ирсэн.
Ингэхээр албаныхны мэдээлж байгаа 13 хувь бодит амьдрал дээр 20 хувь давчихсан байна. Тиймээс АН-ын бүлгээс бодлогын алдаа байна гэдэг шүүмжлэлийг тавьж буй.
Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт байна. Жишээлбэл, Үндэсний аудитын газраас төсвийн тодотголд хийсэн дүгнэлтийн наймдугаарт, аж ахуйн нэгж байгууллагын 2026 оны орлогын албан татварыг 2025 онд урьдчилан төлүүлсэн нь тухайн онд төвлөрүүлэх орлогыг бууруулж, татварын орлогыг бүрдүүлэхэд нөлөөлсөн байна гэжээ. Энэ зөвлөмжийг өнгөрсөн хавар бас хэлж, анхааруулж байжээ. Мөн төсвийн тодотгол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг зөрчсөн. Засгийн газраас үндсэндээ хууль зөрчсөн төсвийн тодотголыг өргөн барьсан. Парламентын засаглалын амин сүнс нь хууль. Тийм учраас хуульдаа захирагдах ёстой.
Ярилцлагын дэлгэрэнгүй энд дарж уншина уу!
"ТӨК-ИУД 80 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН"

-Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргах шийдвэрийг гаргасан. Эдгээрийн дийлэнх нь цаасан дээрх компани байсан гэдэг шүүмжлэл ч байна. Яг ямар төрийн өмчит үйлдвэрийн газрууд багтсан бэ?
-Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын статусыг өөрчлөх ажлыг шийдсэн. Энэ хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх учраас өмнө нь улсын үйлдвэрийн газар гэдэг статус байхгүй болгох шаардлагатай. Улсын үйлдвэрийн газар гэдэг ангилалд багтаж байгаа 65 газрын заримыг нь компанийн хэлбэр рүү, нөгөө хэсгийг нь нийтийн үйлчилгээний байгууллагын статус руу шилжүүлэх шаардлага үүссэн.
Тэгэхээр Засгийн газар улсын төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаатай холбоотойгоор улсын үйлдвэрийн газартай холбоотой асуудлыг оруулж, шийдвэрлэсэн гэж ойлгож болно.
Нийт 65 улсын үйлдвэрийн газрын нэг хэсэг нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, нөгөө хэсэг нь улсын төсөвт үйлдвэрийн газар байсан. Эдгээрээс 16 газрыг нь компанийн хэлбэр рүү шилжүүлж, 32 газрыг нийтийн үйлчилгээний байгууллага болохоор Засгийн газрын тогтоол тусгасан. Гуравт, 4-5 байгууллагыг чиг үүргийнх нь дагуу нэгтгэн нийлүүлэхээр болсон.
-Тэгэхээр төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаас илүүтэй статусыг нь өөрчилж, "зүсийг нь хувиргасан" ажил болсон юм биш үү. Энэ цомхотголыг хийснээр нийт хэдэн төгрөгийн хэмнэлтийг хийх юм бол?
-Бид ерөнхийдөө чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн талын шинжилгээ, боловсон хүчний байдал гээд өргөн цар хүрээтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Тийм учраас хэчнээн хүний ажлын байрыг цомхотгож байна вэ гэдэг асуудал маш чухал. Ер нь 2026 оны улсын төсвийг дагаад Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль дээр заалт орсон.
Уг заалтад 2-3 жил дараалан тухайн төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниа ашиггүй ажиллуулвал татан буулгах буюу гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлнө гэж заасан.
Ийм хуулийн заалт хэрэгжиж эхэлж байгаа учраас цаашдаа энэ зарчмаар ажиллана. Хоёрт, энэ хүрээнд ойролцоогоор 100-200 хүнийг ажлаас халагдана. Энэ асуудлыг шийдэхдээ өөр ажлын байр санал болгох эсвэл хуулийн дагуу ажилгүйдлын тэтгэмжийг олгож, хэн нэгнийг хохироохгүй байх үүднээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Эдгээр 65 төрийн өмчит үйлдвэрийн газар бол улсын төсвөөс 150 тэрбум төгрөгийн дэмжлэгийг жил бүр татаас хэлбэрээр авдаг бол эргүүлээд улсын төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлдэг байсан. Ерөнхийдөө шинэ хуулийн зохицуулалтаар төрийн өмчит компаниудыг арилжааны болон ашгийн бус гэж хоёр ангилсан гэсэн үг. Тэгэхээр бид 16 үйлдвэрийн газрыг компанийн хэлбэр рүү шилжүүлэхдээ цаашид ашигтай ажиллах боломжтой гэж харж, тооцоолсон.
Зарим нэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа 14 үйлдвэрийн газар бий. Хэд хэдэн аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулсан.
Энэ төвийг компани гэж авч үзэх боломжгүй, цэвэр улсын төсвөөс санхүүждэг байх жишээтэй. Харин "Найрамдал" зуслангийн статусыг яах вэ гэдэг асуудал ч хөндөгдсөн. Үүнийг ажлын хэсгийн хүрээнд ярилцаад, улсын татаасыг зогсоож, компанийн статус руу оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Бид төрийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүргийн давхардал, удирдлагын зардлуудыг судалж ажилласан. Ингэснээр нэг жилд хамгийн багадаа 10 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар тооцоолсон юм.
-Бас нэг онцлох зүйл нь ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт нь ил тод, хяналттай болно гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Төрийн өмчийн бодлогын газрын даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна. Ийм боломжтой юу?
-Энэ бол Засгийн газрын өөрийн бүрэн эрхийн асуудал. Засгийн газраас УИХ-д энэ асуудлыг төсвийн тодотголтой хамт оруулж ирж байна. Тэгэхээр эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Төрийн өмчит компаниуд улсын төсөвтэй ямар хэлбэрээр хамтран ажилладаг вэ гэхээр төсөвт ногдол ашиг л төвлөрүүлдэг. Ер нь олон улсын жишгээр төрийн өмчит компаниуд нийт орлогоосоо зардлаа хасаад, цэвэр ашгаасаа хуваарилалт хийдэг. Цаана нь тодорхой хэмжээнд компаниа авч үлдэж, хөрөнгө оруулалтаа хийх зардлыг заавал авч үлдэх ёстой байдаг. Өнөөдөр Монголын ТӨК-иуд энэ бүхнийг тооцож, ногдол ашгаа хуваарилж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр уул уурхайн салбарын компаниудаас бусад салбар дахь компаниудын ногдол ашгийг хуваарилдаг.
Энэ жилийн тухайд 80 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлэхээр хуваарилалт хийгээд ажиллаж байна.
Үүнээс гадна энэ асуудал холбогдох хууль хоорондын ялгамжтай байдлууд нөлөөлж байна. Тухайлбал, Засгийн газраас ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа гэхэд 100 хувь төрийн өмчит компани ч гэсэн үйл ажиллагаагаа Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл ногдол ашиг хуваарилах эсэх тухай асуудал нь тухайн компанийн эрх барих дээд байгууллага болох ТУЗ шийдвэрлэдэг. Магадгүй тухайн компанийн жилийн орлого, ашгийг тооцоолж үзээд, ТУЗ нь тэр жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ч гаргаж болно. Учир нь хуулиндаа ингэж болно гээд заачихсан. Ийм ийм асуудлыг төсвийн хуультайгаа уялдуулан нэг мөр хуульд тусган зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж харж байна.
Ярилцлагын дэлгэрэнгүй энд дарж уншина уу!
3,605.46




















































Зочин 2026-09-19 64.119.27.100
хэт тасарчихсан цалин, сахилна батгүй учраас тийшээ увайгүй хүн болгон зүтгэж бна.
Нэргүй 2026-09-19 64.119.16.108
Цэнгэл цүндээлэйг зайлуулаач ээээ
Нэргүй 2026-09-19 64.119.25.7
Нөгөө үгүйсглийн улстөрөө АН хийсээр. Тустай, бодмоор ганц санаа хэлхгүй юм. 5 яам хасаад зуу зуун тэрбүм хэмнэхгүйг АН-ын үед өөрөө нотолсон
Нэргүй 2026-09-19 202.126.88.203
Наранбаяр Энхамгалан хоёрын зөвлөх гэдэг хүмүүсийг нь шалнуулмаар байна.
Нэргүй 2026-09-19 202.126.88.203
шалгах хэрэгтэй
ypd ni amar baican yumaa xyndryylj Xotoo 2026-09-19 202.126.90.63
English cypgyyli, Xybuin cypgyyli xylgai bodloo yu
Н 2026-09-19 64.119.19.124
Төрийн албан хаагчдыг 10 хувь цомхотгох шаардлагатай,
- ylcuun 2026-09-19 202.126.88.190
gadni xynuig yarij bnz.
ганаа 2026-09-19 103.57.92.117
Би хувьдаа, Боловсролын сайдын манлайлан дэвшүүлж байгаа "Гэрт ойр сургууль" буюу хотхоны бага сургууль байгуулах болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах, цахим шилжилт нэрээр сурагчдад өндөр дүнтэй төсвөөр хромбүүк тараах, аймаг, дүүрэг болгонд кембрижийн хөтөлбөртэй сургууль барих гэсэн бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа.
шүүмжлэлтэй хандах асуудал мөн шүү, улсын сургуулиудын хүүхдүүпийг тэгш бус болгож байгаа ийм зүйл чинь үндсэн хулиа зөрчөөд байгаа юм биш үү, ёстой буруу бодлого
Санал 2026-09-19 103.145.234.98
цалинг нь 5 сая-аас хэтрүүлэхгүй байхаар төр тогтоох хэрэгтэй. үнэн бол юу боллоо гэж 20 саяаас дээш цалинтай байдаг юм.
ylcuin cypgyyli chunuixyy ; 2026-09-19 202.126.88.190
xylgaich TSONX XAAJ baishin barila.
Nuuclel zailyyl toolyyr 2026-09-19 202.126.88.190
ebdegch
tymbyshig zailyyl 2026-09-19 202.126.88.190
– Tsynx tylxyyp xylgailcan geed opocuin sait deep baile.
– + ylcuun yumuig Ebdeed.
abjyyr ? ni gej H Taaz Urumduud, Kamerlyy #, brc.
– xynui yumnyyduig op ebdeed, xylgailaad, plutaryy urumduud,
Зочин 2026-09-19 192.82.92.42
7 яам л хангалттай!!! Данхар терее цэгцэлж чадахгуй бна. Боловсролын сайд мэтийн этгээдуудийг яаралтай солих хэрэгтэй, салбараа ч мэдэхгуй, баг ч байхгуй гутмаар!!!