УИХ-ын гишүүн Г.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас улсын төсвийг хэмнэх бус тэлсэн тодотгол оруулж ирсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үндэсний аудитын газраас улсын төсөвт тодотгол хийх тусгай шаардлагуудыг бүрэн хангаагүй байна гэдэг дүгнэлт танилцуулсан. Сөрөг хүчний гишүүний хувьд, Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эрх баригчид 2026 оны төсвийн тодотголоо, 2027 оны төсвийн төсөлтэй нийлүүлээд "бантан" зуураад, батлуулаад авъя гэдэг бодлого хэрэгжүүлсэн. Өнгөн дээрээ долоо хоногийн хугацаанд ээлжит бус чуулган зарлаж байгаа юм шиг дүр эсгэсэн. Тэрнээс биш 2026 оны наймдугаар сарын дундуур УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, нэг сарын хугацаанд хэлэлцэж, төсвийн тодотголоо батлаад, дагаж оруулж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлтүүдээ баталсны дараа 2027 оны төсөв рүүгээ орсон бол хуулийн хувьд зөв болох ёстой байсан. Энэ оны улсын төсөвт тодотгол хийх шалтгаан юу байв гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Хаврын чуулганаар 2026 оны зургадугаар сард 2025 оны улсын төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлан орж ирсэн.
Уг тайланд 2025 оны төсвийг хоёр дахь удаагаа тодотгохгүйгээр 2026 оны татвараас 1.2 их наяд төгрөгийг түрүүлж татан авч, хэрэглэсэн талаар дурдсан байсан. Тэгэхээр чинь улсын төсөв тасарна биз дээ. Энэ нөхцөл байдал илэрч, УИХ-ын гишүүд хаврын чуулганы үеэр хэлээд нэмэр болоогүй.
Татварын тухай хууль, Төсвийн тухай хуулийн гаргалгаатай нь асуухад "Бид өмнө нь ингээд л явчихдаг байсан шүү дээ. Хүсвэл татварын орлогоо татаж аваад л явдаг байсан" гэдэг тайлбарыг Сангийн сайд З.Мэндсайхан ярьсан. Өмнөх Сангийн сайд нь ч хамт сууж байсан. Эндээс л төсвийн тодотгол хийх эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Дараагаар нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Улсын төсвийн бодлого зөв хэрэгжсэн үү, буруу хэрэгжсэн үү гэдэг дээр иргэдэд ирж байгаа үнийн дарамт, Монголбанкнаас барьж буй бодлогоос харагдана. Эрх баригч намаас сүүлийн жилүүдэд инфляцыг бууруулах зорилгоор хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь "Хүнсний хувьсгал". Нийт 1.4 их наяд төгрөгийг хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад зарцуулсан ч бодит үр дүн нь гарсан уу. Өнөөдөр инфляцын түвшин 13 хувьтай байна. Мөн "Шинэ хоршоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж, малчдад 840 тэрбумын зээл олгосон. Тэрний үр дүнд өнөөдөр махны үнэ 20-30 мянган төгрөг хүрч байна. Ингээд харахаар эрх баригчдын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн харагдахгүй байна.
Хоёрт, төрийн бодлого буруу байснаас төсвөө хэт тэлж байна. Ер нь Монгол Улсын 3.5 сая хүнд 20 сайд , 16 яам огт хэрэггүй. Бодлогын чиг үүргийн яамдаа нэгтгэж, тэндээсээ төсвийн хэмнэлтээ хий гэдэг зарчмын хүрээнд төсвөө тодотгох болов уу гэсэн тэгсэнгүй.
Эсрэгээрээ улсын төсвийн зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмээд оруулж ирсэн. Төсвийн тухай хуулийн 57.2 болон 57.3 гэсэн хоёр заалт хоорондоо зөрчилдөж байна. Би өнгөрсөн хавар чуулган дээр энэ талаар хэлэхэд Сангийн сайд З.Мэндсайхан "Бид 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг дагуулж оруулж ирээд засах ёстой" гэж хэлсэн ч огт засаагүй. Тэгээд өнөөдөр хуулийн хулгай руу оруулж, улсын төсвөө тэлсэн. Гэхдээ энэ дээр нэг асуудал байгаа. Засгийн газраас төсвийн тодотгол өргөн барихдаа урсгал зардлаа тодорхой хэмжээнд танасан. Нөгөө талд нь эмч нарын цалинг 20 хувиар нэмэхэд 90 тэрбум төгрөг, соёл, спортын салбарын үйлчилгээний албаны цалинг 50 хувиар нэмэхэд 80.1 тэрбум төгрөг, багш нарын цалин нэмэхэд 674 тэрбум, суурь тэтгэврийг нэмэхэд 196.3 тэрбум төгрөг гээд иргэдэд таалагдах агуулгаар төсвөө оруулж ирсэн.
Ингэхээр албаныхны мэдээлж байгаа 13 хувь бодит амьдрал дээр 20 хувь давчихсан байна. Тиймээс АН-ын бүлгээс бодлогын алдаа байна гэдэг шүүмжлэлийг тавьж буй.
Үүнээс гадна Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмж, Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлт байна. Жишээлбэл, Үндэсний аудитын газраас төсвийн тодотголд хийсэн дүгнэлтийн наймдугаарт, аж ахуйн нэгж байгууллагын 2026 оны орлогын албан татварыг 2025 онд урьдчилан төлүүлсэн нь тухайн онд төвлөрүүлэх орлогыг бууруулж, татварын орлогыг бүрдүүлэхэд нөлөөлсөн байна гэжээ. Энэ зөвлөмжийг өнгөрсөн хавар бас хэлж, анхааруулж байжээ. Мөн төсвийн тодотгол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг зөрчсөн. Засгийн газраас үндсэндээ хууль зөрчсөн төсвийн тодотголыг өргөн барьсан. Парламентын засаглалын амин сүнс нь хууль. Тийм учраас хуульдаа захирагдах ёстой.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага авлаа. Ингэхдээ "Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ-ын дарга хүлээн авч, одоо хэлэлцэх нь өөрөө хуулийн зөрчил" гэдэг тайлбарыг АН-ын дарга О.Цогтгэрэл хэлсэн. Ер нь ээлжит бус чуулган зарласны үр дүн гарав уу?
-УИХ дахь АН-ын бүлгээс "Энэ хууль зөрчиж байгаа асуудалдаа тайлбар гарга" гэдэг байр суурийг илэрхийлсэн. Бүлгийн хурал дээр Сангийн сайдаас мэдээлэл сонсоод, асуулт асуух гэж байснаа нэрээ татсан. Учир нь хууль зөрчиж байгаа 2027 оны төсвийн төслийг хэлэлцээд эхэлбэл нэг холбогдогч нь болно. Тийм болохоор бидний зүгээс хуулийн гарц гаргалгаагаа харна. УИХ-ын Тамгын газраас энэ талаарх тайлбараа бичгээр өгнө гэдгээ мэдэгдсэн. Бид хуулийн дагуу ажлаа хийхийг л шаардаж байгаа. Тэрнээс улсын төсвийг гацаах гэж гацааж байгаа юм биш. Ардчилсан нам чуулганд суухгүй байсан ч МАН-ын бүлэг 68-уулаа. Дээр нь бусад нам, эвслийн гишүүдээ нэмбэл 80 гишүүн болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 7.5 дахь заалтыг хүчингүй болгох гэж байна. Уг заалтад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд харгалзах, тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл төсвийн тодотголын араас шууд 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Бид батлагдсан төсвийн хүрээгээр хуулийн дагуу бол 2027 оны төсөв 36.5 их наяд төгрөгт багтах ёстой. Гэтэл Засгийн газраас 43 их наяд төгрөг болгон оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь хууль зөрчиж байна. Төсвийн тодотголоо батлаагүй байхад хууль зөрчин баталсан мэтээр орж ирсэн. УИХ дахь АН-ын бүлгээс энэ байдлаа зогсооё гэж байна. Тэрнээс биш эмч, багш болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зүй ёсны асуудал. Инфляцтай уялдуулан ахмадынхаа тэтгэврийг нэмж байх ёстой.
Үнийн өсөлтийн эсрэг зөв бодлого хэрэгжүүлэхийн тулд төр өөрөөсөө хэмнэлтийг эхлүүлэх хэрэгтэй. Төр бүсээ бүслээгүй байж иргэдээ зээл битгий ав, аж ахуйн нэгж татвараа төл гэж болохгүй.
Улс төсвөө хэмнэж, 16 яамаа ядахдаа 12 болгож, 20 сайдаа 15 болгох шаардлагатай. Тэгэхгүйгээр эрх баригчид төрийн 220 мянган албан хаагч, төрийн өмчит компанид ажиллаж байгаа 60-70 мянган ажилтнуудаа байнгын өндөр орлоготой байлгаж, дараа дараагийн сонгуульд ялах стратеги барьж, улсынхаа эдийн засгийг доош нь унагаж байна. Ардчилсан намаас бодлогын зарчим ярьж байна. Эхлээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа Төсвийн тухай хуультайгаа баталчихаад, Төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027 оны төсвөө хэлэлцье гээд системтэйгээр хуулийн дагуу ажиллая гэсэн. Мөн Оюутолгойн хэлэлцээрээс 3 их наядын ногдол ашиг авах нь баталгаатай болсон юм уу, гэрээний нөхцөлүүд нь ч тодорхойгүй байна. Ийм сайхан ногдол ашиг авна гээд улсын төсвөө баталлаа гэхэд тэр мөнгө нь орж ирэхгүй, төсөв тасарвал яах вэ. Дээрээс нь "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэрээс ногдол ашгийг нь төсөвт төвлөрүүллээ гэхэд 2008-2009 оных шиг хямрал нүүрлэвэл яах вэ. Тэр компаниуд ашиггүй ажиллавал яах вэ зэрэг олон асуудлыг эртнээс ярьж, тодорхой болгох ёстой.
Эрх баригчид бүх зүйл сайхан болно гэж байгаад улс орноо сүйрүүлбэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Намайг УИХ-ын гишүүн болж байхад 2024 онд нэг хүнд ногдох нийт өрийн хэмжээ 33 сая төгрөг байсан бол одоо 40 сая давсан байна. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, болж бүтэхгүй байгаа зардлаа танах шаардлагатай.

-Иргэдийн зүгээс Ардчилсан намыг сөрөг хүчний буюу хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг шүүмжилж байна. Өнгөрсөн хаврын чуулганаас хойш Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл өргөн барих эсэх нь тодорхойгүй. АН-ын бүлгээс албан бичгээ өргөн барихгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Тухайн үед Засгийн газрыг огцруулах албан бичиг дээр тодорхой хэд хэдэн асуудлыг дурдсан байсан. Миний хувьд уншиж танилцаад гарын үсгээ зурсан. Намын даргын хэлснээр 40 орчим гишүүн гарын үсэг зурсан байна. Энэ бичгээ маргааш ч өргөн барьж болно. Улс төрийн зөвлөл Даваа гаригт хуралдаад, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаа өөрөө оруулж ирэх, ХЗДХ-ийн сайдад хариуцлага тооцох тухай хоёр заалттай тогтоолыг бүлэгт чиглэл болгон өгсөн. Энэ дагуу АН-ын бүлгээс шаардлагаа тавьсан. Хэрэв энэ шаардлагыг оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах албан бичгээ өргөн барина. Ерөнхий сайд Н.Учрал залуу хүнийхээ хувьд хамаарал бүхий сургуульдаа төсөв тусгаагүй гэж байгаа бол итгэл үзүүлэх асуудлыг оруулах ёстой. Ямар ч иргэн хардана биз дээ.
Эрх баригч, сөрөг хүчин гэж ярьж байгаа боловч бүгдээрээ тангараг өргөсөн ард түмний төлөөлөл. Сөрөг хүчин Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогыг сөрье гэж сөрдөггүй.
Бид бүх асуудалд хуулийн дагуу шаардлага тавьж ирсэн. Хэн нэгэн дарга өөрийн дураар шийдвэр гаргахаа больё, ардчилсан парламентын зарчмаа баримталъя, зөв бодлого хэрэгжүүлье гэдэг шаардлага тавьсан. Гэтэл өнөөдөр одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар төсвийн тодотголоо өргөн барихгүйгээр тодотголдоо тааруулж, хуулиа өөрчлөх гэж байна. Давхар төсвийн тодотголоо батлаагүй байхад 2027 оны төсвөө хэлэлцье гээд УИХ-аар оруулж ирж байна.
Ардчилсан намын хувьд, бодлогын институци болох гэж ажиллаж байгаа. Намаа шинэчилж, Үндэсний бодлогын хороонд бодлогын зөвлөлүүд ажиллаж байна. УИХ-ын гишүүдээ мэдээ мэдээллээр хангаж, судалгаа тооцоог хийж байна.
Цаашдаа Ардчилсан нам илүү шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандаж, хуулийн дагуу ажиллахыг шахаж, шаардана. Мөн АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэдэг шаардлага тавьсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай холбоотой мэдээллүүд цацагдлаа. Ерөнхий сайд парламентад, танхимын сайд нартаа итгэх ёстой. Тиймээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг өөрөө оруулж ирээд, харъя. Үнэхээр сайн ажиллаж байгаа бол олонх итгэл үзүүлээд л ажиллана. Дээрээс нь ХЗДХ-ийн сайд хүн бол шударга ёсны сайд байх ёстой. Олон нийтийг талцуулж байгаа энэ асуудалд цэг тавих хэрэгтэй.
-Зарим эдийн засагч төсөв хэт тэлснийг ирэх 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төлөвлөлт гэж харж байна, та үүнтэй санал нийлэх үү?
-Төсвийн тодотголоо хуулийн шаардлага хангуулаад оруулж ирвэл баталж болно. Хэрвээ хуулийн шаардлага хангаагүй төсөв баталбал УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж байна гэсэн үг. Тэнд ямар нэгэн эрх ашиг байна гэсэн үг. Мэдээж эрх баригч намын даргын хувьд улсын төсвөөр дамжуулж, ард иргэдийнхээ итгэлийг олж авч, хайр зарлан ирэх сонгуульд ялах амбиц байгаа.
Ингэхдээ хэт улайрч, хууль зөрчин зөрчин 2027 оны төсвийг 10 их наядаар тэлнэ гэдэг бол байж болохгүй.
Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалт чинь "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе" гэж төсвийн хязгаарыг тогтоож өгсөн. Гэтэл эрх баригчид энэ хуулийг хүчингүй болгож байгаад улсын төсвөө хэт тэлэлттэй батална гэж дур зоргоороо аашилж байна. Энэ бүхнийг сөрөг хүчний зүгээс зоригтойгоор хэлэх ёстой. Монгол Улсын зах зээл дээр нийт 100 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаагийн 43 их наядыг нь төр шийдэх гэж байна. Үүн дээр төрийн өмчит компаниуд 20 их наяд төгрөгийг эзэлж байна. Үлдсэн 30-хан хувийн орон зайг хувийн хэвшил эзэлж байна. Эрх баригч намынхан 2027, 2028 оны сонгуульд 220 мянган төрийн албан хаагч, ахмад настан гээд нийт 550 мянга орчим хүний санал авчихвал ялалт байгуулчихна гэж боддог. Харин татвар төлж байгаа аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ огт тоодоггүй. Гэтэл дэлхийн хөгжингүй улс орнууд хувийн хэвшлээ дэмжиж, төр аль болох цомхон байх бодлогыг баримталж байна. Ингэснээр эдийн засгийн суурь бааз нь тэлж, татварын орлого нь өсөх боломж бий болно.
-Залуу гишүүний хувьд ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулна гэдэг итгэл найдвар хэр байна вэ?
-Ардчилсан намын бодлогын зөвлөлүүд ажиллаж байгааг хэлсэн. Бид аливаа асуудалд судалгаатай хандана. Мэдээж намдаа итгэж найдалгүй яахав. Ардчилсан нам дотроо ч эрх чөлөөтэй, дотоод ардчилалтай нам. Бидэнд зарчимтай, хуулийн дагуу, цомхон бүтцээр их ажлыг хийх амбиц бий. Өнөөдрийн хэлж, ярьж байгаа бүх ажлыг л хийх хэрэгтэй. Ардчилсан нам төр цомхон байх ёстой гэж үздэг. Аль болох хувийн хэвшил, бизнесийн салбараа дэмжиж, зах зээлийг нь нээж өгөх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Мөн гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн барьж авч, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, улсаа хөгжүүлэх ёстой.
Монгол Улс өнөөдөр асар их нар, салхины нөөцтэй ч сэргээгдэх эрчим хүчний станцгүй, гангийн боловсруулах үйлдвэргүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, Аж үйлдвэрийн паркийн тухай хуулийг маш сайн боловсронгуй болгох шаардлагатай байна.
Миний хувьд өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Нууцын тухай хуулийн төслийг хамтран санаачилж, ажлын хэсэгт орж ажиллалаа.
Ер нь УИХ-ын гишүүд хуулийн төслийг асар их санаачилж, баталж байна. Амьдрал дээр хэрэгжиж байгаа бодит үр дүн хаана байна вэ. Би сүүлийн үед хуулийн ажлын хэсэгт орж ажиллахаас залхаж байна. Анх УИХ-ын гишүүн болохдоо 26 ажлын хэсэгт орж, маш их ачаалалтай ажилласан. Одоо эргээд харахаар хуулийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэж байх ёстой юм байна. Баахан амьдралгүй хууль "үйлдвэрлээд" л байдаг. Тэр үүднээс цөөн тооны чанартай хууль боловсруулах ажлыг хийхэд төвлөрч ажиллах бодолтой байна. Намрын чуулганаар Аж үйлдвэрийн паркийн тухай хууль дээр өөрчлөлт хийх шаардлага байгаа. Энэ хуулийг илүү өргөн цар хүрээтэй болгож, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн салбарыг дэмжих вэ гэдэг асуудалд анхаарахыг зорьж байна. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ.
Гэрэл зургийг Б.Батцагаан
3,605.46





















































Нэргүй 2026-09-16 59.153.115.105
:Данхар төрийг маш жижигрүүл ээ.
Зочин 2026-09-16 103.145.234.36
АН өөрсдөө идэх болохоороо асар их өр тавьдаг харин цалин тэтгэвэр нэмэх гэхээр өрөнд санаа тавьсан болж жүжиглэж АН төсвийн тодотголыг батлуулахгүй засаг төрийг самрахыг оролдож байна. Элбэгдорж, Баярцогт нарын явуулга идэвхжив.
10 2026-09-16 202.9.46.88
10 сайдтай болго. Шадар сайд хэрэггүй. УИХ-ын гишүүд нэг л туслахтай, бүлэг дундаа нэг л хуулийн зөвлөхтэй болго. Төрийн ордны 570,200,300 машинуудаг 50% хорогдуулж илүү гарсныг худалдан борлуулж төсөвт нэмэрлэ!
Нэргүй 2026-09-16 59.153.114.181
Нэн тэргүүнд УИХ-ын гишүүдийг эрс цөөлөх хэрэгтэй. УБ, Дархан, Эрдэнэт, тэгээд аймаг бүрээс нэг. Тэгвэл хулгай, луйвар эрс багасхын хамт төсөв ч их хэмнэгдэнэ.
Б 2026-09-16 66.181.176.204
Ийм гишүүн байдаг юм уу
ө 2026-09-16 122.201.19.173
Төрийн албан хаагчдыг цомхотгож, хувийн хэвшилдээ ажиллах хүчний орон зайг нэмэх хэрэгтэй,
ххх 2026-09-16 202.9.46.85
хөөрхөн юм