niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:04 UTC Эх: https://news.mn/r/2886945/ 90a6be8854c2b208… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Төрийн бодлого оновчгүй учраас ард иргэдийн амьдрал хүндэрсээр байна

Тойм: Төрийн бодлого оновчгүй учраас ард иргэдийн амьдрал хүндэрсээр байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛАА ХАМГААЛЖ, БЭХЖҮҮЛЭХ ЁСТОЙ"

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, улс төр судлаач, доктор, профессор С.Мөнхбаттай ярилцлаа.


-Парламентыг дархлаатай болгох зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож өөрчилсөн. Үүний хүчинд 2024 оны сонгуулиар таван нам, эвсэл парламентад төлөөлөлтэй болсон ч МАН л бүх шийдвэрийг гаргаж, өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж байна. Бүрэн эрхийн хугацааныхаа хоёр жилийг туулчихлаа. Ер нь УИХ 126-уулаа болсноор парламентыг дархлаатай болгож чадаж байгаа юу?

-Бид парламентын дархлаа гэдгийг юу гэж авч үзэхээс хамаарна. Олон намын төлөөлөлтэй болчихоор парламент дархлаатай болсон гэж үзэж болохгүй. Парламентын дархлаа нь төрийн бодлого, шийдвэртэй холбоотойгоор улс орны эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын цаад уг гаралтай шууд холбоотой. Өмнө нь 76 гишүүнтэй байхад парламентын гишүүдээ байнгын хороодод хуваахаар тоо нь цөөн байдаг. Тэр цөөн гишүүдийн олонх гэхээр түүнээс цөөн гишүүнтэйгээр байнгын хорооны шийдвэрийг гаргадаг. Байнгын хорооны шийдвэр нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж, хууль болж батлагддаг. Энэ утгаараа цаашдаа парламентын бодлого, шийдвэрийг дархлаатай, өргөн хүрээний оролцоотой болгох үүднээс парламентын гишүүдийн тоог нэмсэн. Хоёрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн явдал сонгогчдын тоог дэлхий дахины нийтлэг дундажтай харьцуулсан харьцуулалт.

Ер нь парламентын гишүүдийн тоо өмнө нь 76 байхдаа чанартай байсан, одоо чанаргүй боллоо гэдэг нь харьцангуй ойлголт. Парламентад хэн сонгогдож орж ирж байна вэ гэдгээс л хамаарна.

Улс төрийн намууд хэрхэн бодлогоо зангидаж, чадаж байна вэ. Сөрөг хүчин сөрөг хүчний байр суурин дээрээ сайн ажиллаж, эрх баригчид нь ажлаа сайн хийж чадаж байна уу гэдгээс шууд хамааралтай. Үүний цаана дахиад л улс төрийн намын төлөвшлийн асуудал яригдана. Тийм учраас би бол парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр дархлаа нь суларсан гэж үзэхгүй. Парламентын дархлаа сайжирч байна. Харин парламентад орж ирсэн улстөрчид, улс төрийн намуудын өнөөгийн байдалтай л шууд холбоотой асуудал. Цаашид улс төрийн намуудыг чадавхжуулж, институцижүүлэх, төлөвшүүлэх ёстой. Нам төлөвшөөд ирвэл парламентад сонгогдох гишүүдийн нэр дэвшилтэд илүү анхаарч, шүүлтүүртэй хандана. Тэр хүмүүс парламентад сонгогдсоноор илүү чадавхжих суурь нь бүрдэнэ. Анхны 126 гишүүнтэй парламентад алдаа оноо байна. МАН-ыг эрх барь гэж ард түмэн санал өгсөн бол эрх баригч нам нь шийдвэрээ гаргах эрхтэй шүү дээ. Нөгөө талд нь сөрөг хүчин маш сайн хяналт тавьж, болж байгааг нь дэмжин, болохгүй байгааг нь шүүмжилж, засч залруулахын төлөө сайн ажиллах ёстой. Ер нь дэлхийн аль ч улсад парламентад байгаа олонх, цөөнхийн практик ийм жишгээр явдаг. Энэ жишгээрээ л явж байна.

-Өнгөрсөн хоёр жилийн парламентын үйл ажиллагаа, нөхцөл байдлыг ажиглавал парламентад олон намын төлөөлөл, олон гишүүнтэй болсноор өөрчлөлт ахиц юу гарав. Эсрэгээрээ бас шүүмжлэх, өөрчлөх зүйл бас юу байв. Ер нь цаашдаа Монгол Улс ардчилсан парламентын засаглалаа хамгаалахын тулд юу хийх шаардлага байна гэж харж байна вэ?

-Ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, бэхжүүлэх ёстой. Үүн дээр Монголын ард түмний байр суурь нэг байгаа гэж ойлгож байна. Нөгөө талдаа анхны 126 гишүүнтэй парламентад алдаа оноо байна гэдгийг хэлсэн. Ялангуяа хувь тэнцүүлэх буюу холимог тогтолцоог сонгосонтой холбоотойгоор улс төрийн намууд жагсаалтын болон нэр дэвшилт дээрээ сайн шүүлтүүр тавьж чадахгүй, олон нийтийн үнэлэмжид хүрэхгүй байгаа гишүүд ч байна.

"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг ганц нэг ёс зүйгүй гишүүн парламентын нэр хүндийг унагаж байгаа нь үнэн. Сонгогчид ч гэсэн энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

Тэрнээс биш 126 гишүүн бүгдээрээ ёс зүйгүй, яахаа алдсан муу хүмүүс биш шүү дээ.

Энэ дунд ард түмнээ, улс эх орноо, үндэсний эрх ашгаа бодож байгаа улстөрчид ч байна. Тийм учраас цаашдаа бүхэл бүтэн тогтолцоогоороо сайжрахаас биш УИХ-ын гишүүдийн тоо яриад асуудлыг шийдэхгүй. Хамгийн гол нь 126 гишүүнийг хаанаас нэр дэвшүүлж байна вэ, намын дотоод ардчилал нь ямар байна, улс төрийн нам боловсон хүчин дээрээ хэр сайн шалгуур тавьж байна вэ. Тэрний дараагаар ард түмэн буюу сонгогчид нэр дэвшигчдээс хэр сайн сонголт хийж байна вэ гээд энэ бүхэн тогтолцоогоороо явдаг. Тийм учраас сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлж, ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй.

Улс төрийн намууд нь олон түмний хүлээлтэд хүрсэн мэдлэг боловсролтой, туршлагатай, улс эх орныхоо төлөө чин сэтгэлтэй улстөрчдийг нэр дэвшүүлдэг болмоор байна.

Ингэж аль аль талдаа анхаарч, цогцоороо явах ёстой асуудал юм. Ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, тогтолцоогоороо шинэчлэгдэж, бие биетэйгээ уялдаатай явсны дараагаар энэ асуудал илүүтэй цэгцэрдэг. Монгол Улс 30 гаруй жилийн ардчиллын түүхтэй орон. Өнгөрсөн хугацаанд бидэнд оносон зүйл ч байна, алдсан зүйл ч бий. Алдсан алдаагаа хэрхэн засч залруулах вэ гэдгээ хаа хаанаа анхаарах л ёстой. Ард түмэн ч гэсэн шахаж шаарддаг байх хэрэгтэй. Гэхдээ тэр шаардлага шахалт нь төрийн бодлогыг зогсооход бус тэр бодлого нь зөв, буруу гэдэг дээр зөв үнэлэлт, дүгнэлт өгчихдөг байх хэрэгтэй. Тэрнээс биш төрийн бодлогыг олон нийтийн сүлжээгээр шүүмжилж, зогсоодог байж болохгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ТӨРИЙН БОДЛОГО ОНОВЧГҮЙ УЧРААС АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХҮНДЭРСЭЭР БАЙНА"

Эдийн засагч А.Энхбаттай төсвийн тодотгол тойрсон асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Өнгөрсөн хавраас л төсөвт тодотгол хийх эсэх асуудал яригдсан. Таны хувьд төсвийн тодотгол хийх нөхцөл байдал үүссэн гэж харж байна уу?

-Юуны өмнө Монгол Улсын энэ оны эхний хагас жилийн байдлаарх эдийн засгийн нөхцөл байдлыг товчхоноор дүгнэн хэлэх ёстой. Учир нь эндээс та бүхэн төсвийн тодотгол хийх шаардлага үүссэн байсан эсэхийг ойлгож болно. Энгийнээр хэлэхэд, улсын эхний хагас жилийн эдийн засгийн нөхцөл байдал тун боломжийн нөхцөл байдалд байсан бөгөөд энэ ч утгаараа эдийн засгийн бодит өсөлт 7.7 хувийн өсөлттэй гарсан. Мэдээж үүнд, уул уурхайн салбарын өсөлт голлон нөлөөлж, түүхий эдийн гол бараа бүтээгдэхүүний үнэ, ялангуяа зэсийн баяжмалын үнэ тогтвортой өндөр хэмжээнд байсан. Харин нүүрсний үнэ харьцангуй доогуур байсан хэдий боловч нүүрсний олборлолтын хэмжээ болон экспортын биет хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөлттэй байсан нь голлон нөлөөлсөн. Энэ нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын нийт нөөц нэмэгдэн, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл ашигтай гарахад нөлөөлсөн.

Гадаад талаас үзүүлэх эдийн засгийн шууд нөлөөлөл нефть, шатахууны бүтээгдэхүүнийг эс тооцвол харьцангуй бага байсан хэдий ч дотоод эдийн засгийн нөхцөл байдал, хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн сааралт болон хүнсний бүтээгдэхүүний үнэ, голлон махны үнийн өсөлт нь инфляцийг өдөөж, оны эхний дөрөвдүгээр сараас эхлэн инфляцийн түвшин Монголбанкны зорилтот түвшингээс давж эхэлсэн.

Зах зээл дэх нийт ажиллагсдын тоо оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 мянган хүнээр буурсан, ажилгүй иргэдийн тоо өсч, 79 мянгад хүрсэн статистикийн тоо, мэдээ гарсан. Төсвийн хувьд нийт тэнцвэржүүлсэн орлого нь 17.3 их наяд төгрөг болж, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болсноор төсвийн алдагдал 2.2 их наядын хэмжээнд хүрсэн. Нийт зарлага, тэр дотроо урсгал зардал өмнөх онтой харьцуулахад өссөн, голлон нөлөөлсөн нэг хүчин зүйл бол энэ оны эхнээс багш, ажилтнуудын цалинг 50 хувиар, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 30 хувиар нэмсэнтэй холбоотой. Дээрх нөхцөл байдал болон  гадаад улс төр, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Монголд ирэх шууд нөлөөлөл илэрч, долдугаар сараас эхлэн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол бий болж, үүний улмаас шатахууны болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, өдөөгдөж байсан инфляц долдугаар сарын байдлаар 13 хувьд хүрсэн. Ерөнхийд нь дүгнэхэд, оны эхний хагас жилийн байдал эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл зэрэг үзүүлэлтүүд боломжийн байсан боловч төсвийн алдагдлын хэмжээ өссөн, инфляц зорилтот түвшингээс давж хоёр оронтой тоонд хүрсэн, ажилгүйдлийн түвшин ихэссэн, ажиллагсадын тоо хэмжээ буурсан, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг голлох салбарууд агшилттай зэрэг сөрөг үзүүлэлттүүдтэй байгаа нь манай эдийн засгийн тогтвортой өсөлт эрсдэлтэй хэвээр байгааг харуулж байна. Хамгийн гол нь иргэдийн бодит орлого болох цалин, тэтгэвэр тэтгэмж нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангахгүй болж, инфляцийн нөлөөгөөр мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн, иргэд ядуурлын түвшин рүү гулсаж байна.

Нөгөө талаар эрчим хүч цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнээр айл өрхийн орлого болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд сөргөөр нөлөөлж байна. Иргэдийн амьдрал улам хүндэрсээр байна, төр, засгийн бодлого нь буруу, оновчгүй, үр дүнгүй хэвээр үргэлжилсээр байна.

-Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн зарлагыг 43.6 их наяд, орлогыг 41.3 их наяд төгрөг, алдагдлын хэмжээг 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ. Зарим эдийн засагчид Монгол шиг экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамаардаг жижиг эдийн засагт ийм хэмжээний төсвийн тэлэлт маш аюултай гэдгийг хэлж байна. Ийм өндөр зардалтай төсвийг УИХ батлах нь эдийн засагт хэр их эрсдэл дагуулах бол?

-Ирэх оны төсвийн төсөл нь их хэмжээгээр төсвийн зарлагыг тэлсэн, өмнөх жилүүдийн бодлогын алдаа, сургамжаас үүссэн сөрөг үр дагавраас сургамж аваагүй, уул уурхайн эдийн засагтай байсан улсуудын алдааг дахин дахин давтсан шинжтэй байна. Энэ бол хөгжиж буй орнуудын төрийн, нийтийн санхүүгийн удирдлага сул байгаагийн нэг тод илрэл бөгөөд үүний жишээ нь Монголд болж байгааг анхаарах хэрэгтэй.

Уг нь зүй зохистой удирдаж чадвал байгалийн баялаг-ашигт малтмалын орлого нь бага орлоготой, байгалийн эрдэс баялаг олборлогч улс орнуудын эдийн засгийн хөгжилд нааштай томоохон боломжийг олгодог. Гэвч байгалийн баялаг болох ашигт малтмалын олборлолт, түүнээс орох орлогын удирдлага нь нэн чухал бөгөөд, зарим талаар хүнд гэж хэлж болох сорилтуудтай тулгардаг. Үүний нэг жишээ нь байгалийн баялгийн олборлолтын эцсийн үр дагавар нь тухайн эрдэс баялгийн орлогын муу менежементийн улмаас эдийн засгийн зогсонги, үр ашиггүй байдал, авлига, мөргөлдөөн зэрэг урагшгүй байдал, сөрөг үр дагаварт хүргэж баялгийн “хараал” тусах хэцүү  сорилттой тулгардаг. Байгалийн баялаг, эрдэс түүхий эдээс орох гэнэтийн орлого нь байнгын шинжтэй бус, тохиолдлын бөгөөд энэ нь араасаа ямагт хүндхэн  сорилт дагуулж байдаг, үүний тод илрэл нь улсын төсөвт эрдэс баялгийн бус орлогын хувийн жин буурч, ганц тулгуурт эдийн засгийн бүтцийг улам бүр тод томруун болгосоор, тэр нь жам ёсоор нэгэн цагт тогтворгүйдэлд ордог. Үүний жишээ Колумб, Ангол, Нигери зэрэг африкийн улсуудын жишээ байдаг.

Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн үнэ өссөн мөчлөгийг мөнхөд үргэлжлэх мэт төсөөлөлд автан “хууртаж” бий болгосон хэт өндөр зарлага бүхий төсвийн хүрээ, зардал ихтэй удирдлагын ба төрийн албаны бүтэц нь байгалийн баялаг олборлолтын үнэ, дараагийн мөчлөгийн үед буурахад эдийн засаг, төсөвт хүнд дарамт болж тусдаг.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

“ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТЫН АЛДААГ БОЛОВСРОЛЫН САЛБАР ҮҮРЧ БАЙНА”

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-PISA олон улсын үнэлгээний үр дүнд үндэслэн боловсролын салбарт цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Бид урьдчилсан үнэлгээний дүнгээ авч, хураангуй тайлангаа танилцууллаа. Цаашид цуглуулсан өгөгдлийн сангийн хүрээнд нарийвчилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар гол үр дүнг харуулж буй өгөгдөлд тулгуурлан цаашдын судалгаа, шинжилгээг хийх нь чухал.

PISA үнэлгээгээр үндсэн гурван айг авч үздэг. Энэ жилийн хувьд байгалийн ухааны айг голлон авч үзсэн бөгөөд 2022 онтой харьцуулахад 12 оноогоор ахиж, нэлээд сайн үр дүн үзүүлсэн байна.

Гэхдээ энэ үзүүлэлтийг бусад хүчин зүйлтэй уялдуулан авч үзэх шаардлагатай. Тухайлбал, сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, багшийн ур чадвар, сурагчдын хөгжих боломж, цахим технологийн хэрэглээ зэрэгтэй хэрхэн холбогдож байгааг нарийвчлан судлах хэрэгтэй.

Мөн унших чадвар болон математикийн гүйцэтгэлийн үзүүлэлтэд 2022 онтой харьцуулахад багахан хэмжээний өөрчлөлт гарсан. Гэхдээ эдгээр үзүүлэлт өсөлт үзүүлээгүй, харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдсан байна. Унших чадварын хувьд Монгол Улсын үзүүлэлт тогтвортой хадгалагдсан нь эерэг үр дүн гэж дүгнэж болно. Учир нь 2025 оны PISA үнэлгээнд хамрагдсан 91 орны дөрөвний гуравт нь унших чадварын үзүүлэлт мэдэгдэхүйц буурсан байна. Харин Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт тогтвортой хадгалагдсан учир эерэг үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч цаашид өнгөрсөн гурван жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслэн хичээлийн агуулга, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин, хөтөлбөрийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулах, үр нөлөө үзүүлэхүйц арга зүйг нарийвчлан судална.

2022 оны PISA үнэлгээний үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр танилцуулж байсан.

Харин энэ жилийн үнэлгээний үр дүнг хичээлийн жилийн эхэнд танилцуулж байгаа нь давуу талтай гэж харж байна. Ингэснээр хичээлийн жилийн үлдсэн хугацаанд илүү үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, бид юу нь болж, болохгүй байна вэ гэдгээ эрт мэдэж, түүнд үндэслэн бэлтгэл ажлаа хангах, зорилтот бүлгийн сурагчдын хоцрогдол, зөрүүг бууруулахад илүү анхаарч, бодлогын түвшинд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай талаар олон жил хэлэлцэж байгаа. Гэсэн хэдий ч хөтөлбөрт дорвитой өөрчлөлт оруулаагүй байна. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Сургалтын хөтөлбөр гэдэг нь зөвхөн цаасан дээр буусан баримт бичиг биш. Харин багшийн арга зүй, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр хэрэгжүүлэх өртөг зэрэг олон хүчин зүйлээс бүрдсэн цогц тогтолцоо.

Бидний өнгөрсөн жилүүдэд гаргасан нэг алдаа нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай гэж үзээд зөвхөн хөтөлбөрийг нь дангаар өөрчилж ирсэн явдал. Тэр дундаа сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөр ойр ойрхон шинэчлэгдсэн. Гэвч хөтөлбөрийн өөрчлөлтийг дагаад сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн арга зүй, үнэлгээ, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ шинэчилсэн хөтөлбөрт нийцүүлэн багшийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Эдгээр ажил төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадаагүй.

Иймээс 2023 онд Боловсролын багц хуулийг батлахдаа сургалтын хөтөлбөрийг тухайн ерөнхий боловсролын сургалтын тогтолцооны үргэлжлэх хугацаатай уялдуулан тогтвортой байлгах зохицуулалтыг тусгасан. Энэ нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ зөвхөн агуулгыг өөрчлөх бус, багшийн арга зүй, үнэлгээ, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн зэрэгтэй нь уялдуулан цогцоор нь шинэчлэхийг хэлж байгаа юм.

Мөн 2023 онд батлагдсан хуулийн дагуу нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртэлх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Гэвч энэ жилийн байдлаар зөвхөн нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна. Ирэх жил гэхэд хоёрдугаар ангиас зургаадугаар ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлж, зургаадугаар ангиас есдүгээр анги хүртэлх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байхаар төлөвлөсөн.

Үүнтэй холбоотой төсөв, санхүү болон бусад бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ТАЛБАЙ ДЭЭР ӨӨРӨӨСӨӨ Ч, БУСДААСАА Ч ИХИЙГ ШААРДДАГ"

-Марианы арлуудын эсрэг шигшээ багийнхаа анхны тоглолтыг хийж, 7:0-ээр хожлоо. Анхны тоглолтдоо ийм үр дүн үзүүлсэнд хөлбөмбөг сонирхогчид баяртай байна?

-Анхны хожлоо байгуулсандаа маш их баяртай байна. Бид энэ тоглолтод маш удаан хугацаанд бэлтгэл хийсэн, хожих зорилготой тоглосон. Тэгээд зорилгодоо хүрч, эхний алхмаа амжилттай хийсэн болохоор сэтгэл маш өндөр байна.

-Тоглолтын өмнө дасгалжуулагчийн зөвлөгөө, багийн сэтгэл зүй хэр бэлтгэгдэв?

-Тоглолтын өмнө манай багийнхан жаахан сандарсан. Эхний тоглолт болохоор яалт ч үгүй бага зэрэг биеэ барьсан байх. Гэхдээ манай дасгалжуулагч туршлагатай хүн болохоор бидэнд маш сайн зөвлөгөө өгч, тоглолтдоо хэрхэн хандах талаар зөв чиглүүлсэн.

-Монголын шигшээ багт анх удаа дуудагдах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Миний хувьд анх удаа шигшээ багт дуудагдаж байгаа. Эцсийн 23 тоглогчийн нэрс гарахад маш их баярласан. Өөртөө ч итгэж чадахгүй, нэг тийм мэдрэмж төрж байсан. Өөрийнхөө нэг мөрөөдлийг биелүүлээд явж байна гэхээр үнэхээр их бахархсан.

-Нэгэнт шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан, цаашид үндэсний шигшээ багт тоглох амбиц, зорилго бий байх?

-Цаашдаа үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны шигшээ багт тоглох гээд олон зорилго байгаа. Тэр зорилгууддаа хүрэхийн тулд улам их хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-09-12 202.131.227.179

Ард түмэн тэнэг бус, ойлгох нэг нь ойлгож байгаа, Та нар ч адилхан,Эх орноо гэсэн мундаг удирдагч байна уу

Avatar

Ж 2026-09-12 64.119.19.124

Төрийн албыг дорвитой цомхотгохгүй бол данхайх тусмаа улам эзгүйрч хариуцлагагүй болж байна,

Avatar

зочин 2026-09-12 202.131.227.179

эх ороноо гэвэл засаг төрөө дэмжиж ажил, тролл болох шаардлагагүй, сонгуулаа зөв өгцгөөе

Avatar

зочин 2026-09-12 202.9.46.253

Морь унасан "толгойгүй, эзэнгүй" монголын бодит дүр зураг……………..

Avatar

зочин 2026-09-12 66.181.189.167

Ардчилагч гэх анархистүүд төрд гарангуут л нийгмийн хөрөнгийг идэж, монголын эдийн засгийг сүйрүүлдэг түүхтэй, 1988 оноос самуун үүсгэж Содномын засгийн газрыгунаган, АН-ын Бямбасүрэнг тавьсан Энэ үеэс л манай эдийн засаг сүйрч эхлэсэн, Ганц жишээ 1989 онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн нэрлэсэн үнээр 3,58 тэрбум долл байсан бол 1993 онд 700 гаруйхан сая болж 4 гаруй дахин унасан, Үүнийн сэргээх гэж бид 14 жил зүтгэсэн, 2006 онд л манай ДНБ 3,41 их наяд болсон,Манай хөгжлийг 18 жил саатуулсан

Avatar

зочин 2026-09-12 66.181.189.167

Гэтэл хятадууд зах зээлд шилжих ажлыг аажим маш зөв явуулжээ, 1978-2013 онд хэрэгжүүлжээ, Энэ хугацаанд эдийн засгийн ямар ч уналт үгүй,Харин асар хурдан өссөн, Жил бүрийн дундач өсөлт 9,5 хувь болсон байна, Энэ мэтийн үр дүнд одоогийн байдлаар Худалдан авах паритэтээр тооцсон ДНБ-ээр АНУ-ыг 2014 онд гүйцэж түрүүлэн дэлхийн 1-р эдийн засаг болжээ, Хятад 1989 оны энэ үзүүлэлт 980-хан сая долл байсан бол одоо 40 өөд их наяд болжээ, АН монголыг буруу замаар хөтөлж сүйрүүлсэн атлаа,өөрийгөө магтаад

Avatar

зочин 2026-09-12 66.181.189.167

Манай ардчилагчдын чаддаг юм нь иргэдийг хуурч самуун өдөөнө , Засгийн газрыг байнга мэрнэ, Ажиллах боломж огт олгохгүй ,аль болох богино хугацаанд татан буулгахыг оролдоно, Дураараа авирлана,Бусдыг гүтгэнэ ,Доромжлоно, Худалдааны гол түнш хоёр хөршдөө дайсагнана, Зарим этгээд нь, дарангуйлагч коммунист гэж доромжлоно, Орос хятадыг нугаслан дэлхийд ганцаараа ноён суух барууны том хөрөнгөтнын түрэмгий ажиллагааг дэмжинэ,Нацистүүдийг эх оронч гэж магтана

Avatar

зочин 2026-09-12 66.181.189.167

Манайх яг монголын бага хаадын үе шиг л байна, Ерөнхий сайд нараа сайндаа жил гаруй нилээд тохиолдолд жил хүрэхгүй хугацаанд сольно ,Засгийн газраа бүхэлд нь буулгана, Занданшатар хэдэн сар ажиллалаа, Одоо дөнгөж тавигдсан Учрал рүү бүлэглэн дайраад Ялгаатай нь арай цаазлахгүй юм, Бага хаадын үед манай орон самуурч доройтсоор манжийн колони болж, 250 гаруй жил дарлуулсан,Дэлхийн хөрснөөс арчигдах дөхсөн

0 0
Avatar

ХҮНИЙ МӨН ЧАНАР 2026-09-12 202.126.89.176

ХОРВООГИЙН БҮХ ЗОВЛОН "ХҮНИЙ МӨН ЧАНАРТАЙ" Л ХОЛБОГДДОГ БОЛОХОР ХҮН БҮХЭН ДЭЭР ДООРГҮЙ АЛДАА ДУТАГДАЛАА ЗАСАЖ ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭХЭЭС НААШ МӨДГҮЙЭЭЭ…….

Avatar

Энэ улс.... 2026-09-12 202.126.89.176

Оновчгүйн дээр Төрийн бүх шатны байгууллага ажил хйидэггүй биесрүүгээ чихэж зүгээр суудаг болохор Авилгал, Утаа, Түгжрэл, Бохирдол, Ядууралаасаа Энэ улс хэзэээ ч салахгүйнэээ хөөрхий……

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2026-09-12 66.181.178.21

ЗӨВЛӨГӨӨ: ТТБЗ-ийн гишүүн нь ТАтХ-иар төрийн жинхэнэ албан хаагч. Уг хуулиар тэдний олон эрх хязгаарлагдсан. Мөн хуулиар баталгаатай..Мөн ТТБЗ нь өөрийн хуулиар хамтын удирдлагын багууллага. Иймээс багшийн, судлаачийн, иргэний хувьд гээд хувь хүний бодлоо яриад байж болохгүй. ТЭР ТУСМАА УЛС ТӨР ЯРИХ ХУУЛИАР ХОРИОТОЙ.Улс төр яримаар санагдаад болж өгөхгүй байвал энэ ажлаа өгөх хэрэгтэй.Уул нь ТТБЗ-ийн гишүүд гайгүй чадвартай залуучууд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж