УИХ-ын байнгын хороодоор 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцүүлж байна. Энэ оны улсын төсвийг батлахдаа яагаад багш, эмч нарын цалинг нэмэх орлогыг нэмж тооцоолоогүй вэ гэдэг асуудалд парламентын гишүүдийн төлөөллөөс байр суурийг нь сонслоо.
"ТӨСВИЙН АЛДАА ДУТАГДЛЫГ ЗАСАХ НЭРЭЭР ЗАРДЛАА НЭМЭХ НЬ БУРУУ"
УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:
-Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар багш нарын цалинтай холбоотой улсын төсөв дутсан асуудал гарсан. Тийм учраас төсвийн тодотгол хийх шаардлагатай. Ингэхдээ Засгийн газраас төсвийн зардлаа өсгөж байгаа нь буруу. Одоо үнийн өсөлт тэнгэрт тулчихсан байна. Үүнээс ард иргэдээ хамгаалах ганц арга бол Засгийн газар ядаж илүү зардал гаргахгүйгээр тэвчих ёстой юм.
Гэтэл нэг их наяд төгрөгийг гаргаж, зарцуулна гэж байгаа нь гал дээр тос нэмж байгаатай адилхан.
2026 оны улсын төсвийг батлах явцад алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүд болон байнгын хороод ч тооцоолол хийхдээ алдаа гаргасан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний буруутанг хайх гэхээсээ илүү засч залруулаад явах ёстой. Хамгийн гол нь төсвийн алдаа дутагдлыг засч байгаа нэртэйгээр төсвийн орлого хоёр их наядаар дутаж байхад нэмж нэг их наядын бонд гаргаж, дахин нэг их наяд төгрөгийг татан төвлөрүүлээд зардлаа нэмэх нь тэнэг алхам. Мэдээж тэнэг хүмүүсийн шийдвэрээс тэнэг л үр дүн гарна.
"САЛБАР ЯАМНААС АЖИЛДАА ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН ГЭЖ БОДОЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
-Энэ цаг үед төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Өөр ямар ч арга байхгүй. Салбар яамдууд дээр цалингийн буруу тооцоолол хийсний улмаас засч, залруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ бол төсөвт тодотгол хийх хамгийн том шалтгаан. Засгийн газраас төсвийн энэ алдаагаа засч оруулж ирэхдээ сайд нарын багцаас үйл ажиллагааны болон тоног төхөөрөмжийн зардлуудыг танахаар болж байна.
Энэ хүрээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэх, гэрт ойр сургуулийг бий болгохоос гадна соёл, спортын салбар болон төрийн албан хаагчдын цалингийн асуудал, ахмад настны тэтгэвэр нэмэхэд анхаарч байгаа нь зөв.
2026 оны төсвийн тооцооллыг хийж байхад гадаа багш, эмч нар жагсч байсан учраас гурван талд хэлэлцээрийг байгуулсан. Тэр үед салбарын яамдууд нь цалингийн нэмэгдлийн тооцооллоо маш зөв хийх ёстой байсан. Бид мэдээж тухайн салбарын мэргэжилтнүүдэд л итгэнэ шүү дээ. Тэр үед л салбар яамнаас ажилдаа хариуцлагагүй хандсан гэж бодож байна.
"ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТЭР ДАРУЙДАА ТӨСВИЙН ТОДОТГОЛОО ОРУУЛЖ ИРЭХ ЁСТОЙ БАЙСАН"
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:
-Би энэ хэлбэрээр төсвийн тодотгол хийхийг дэмжихгүй байгаа. Улсын өрийг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, үнийн өсөлтийг бүр даамжруулах хор уршигтай төсвийн тодотголыг дэмжих боломжгүй гэж харж байна. Өнгөрсөн жил 2026 оны төсвийг ямар байдалтайгаар баталсан билээ. Эрх баригч намын дотоод хэрүүл тэмцэл нь дээд цэгтээ хүрч, хэдэн талаас УИХ-ыг бойкотлосон. Ийм хүнд үед энэ оны төсвийг баталсан. Тэр цаг хугацаанд Ардчилсан намаас улсын төсвөө батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж, ажлын хэсэгт нь орж ажилласан байдаг.
Тухайн үед ажлын хэсэг дээр багш нарын цалинг нэмнэ гэдэг агуулгаар төсөвт оруулчихаад дараа нь УИХ дээр ажиллагсадын асуудлыг тогтоолоор шийдсэн. Ингэхдээ улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг тусгаагүй гэдэг тайлбарыг өгч байсан.
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны гуравдугаар сарын 30-нд томилогдсон. Мэдээж 2026 оны улсын төсөв өөрийнх нь өргөн барьсан төсөв биш. Гэтэл боловсролын салбарын багш, ажилчдын цалингийн асуудал үүссэн байхад шууд тэр даруйдаа төсвийн тодотголоо оруулж ирэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр таван сар өнгөрчихөөд байна. УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс боловсролын салбарын ажилтнуудад цалин олгож байсан бол нэн даруй УИХ-аар хэлэлцэж, шатахууны хомсдолын асуудлаас өмнө төсвөө шийдвэрлүүлэх ёстой байсан. Яагаад ингэж цаг хугацаа алдах болов. Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэхэд нийт 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд бусад зардлуудаа маш сайн танах замаар энэ мөнгийг гаргаж ирэх ёстой. Тэгэхгүйгээр ийм хүнд цаг хугацаанд цалин, тэтгэвэр нэмсэн тэтгэвэр оруулж ирж байгаа нь маш хариуцлагагүй асуудал гэж харж байна.
"БАГШ, АЖИЛЧДЫН ЦАЛИНГИЙН ДУТАГДАЛ ҮҮСЧ БАЙГАА УЧРААС ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ"
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Одоо боловсролын салбарын багш, ажилчдын цалингийн дутагдал үүсч байгаа учраас ондоо багтаж, төсвийн санхүүжилтийг шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн жил улсын төсөв хэлэлцэхэд Боловсролын яамнаас оруулж ирсэн төсвийн хэмжээнд баталж өгсөн. Гэтэл улсын төсөв баталснаас хойш асуудлууд гарч эхэлсэн. Тухайлбал, боловсролын салбарт ажилладаг төрийн албан хаагчдын цалинг орхигдуулсан байсан учраас бүх ажилчдын цалинг нэмэхээр болсон.
Батлагдсан санхүүжилт нь хүрэлцэхгүй учраас төсөвт тодотгол хийхээс өөр арга байхгүй. Ингэхийн тулд Засгийн газраас бусад зардлуудаа танаж, цалингийн нэмэгдлийг шийдэхээр тусгасан.
Ер нь төрийн байгууллагуудын сүүлийн улирлын урсгал зардлыг хасч, зөвхөн цалин олгох хэмжээнд хүрч байгаа. Тухайлбал, бичиг хэргийн зардал, томилолт, хурал зөвлөгөөн хийх зардлуудыг танаж байна. Үүн дээр нэмээд 249 сая төгрөгийн тендерийн хэмнэлтийг хийнэ. Энэ хэмнэлтээ цалин хөлс нэмэхэд шилжүүлнэ. Мөн ахмад настны тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр тооцоолж байсан бол хоёр сараар урагшлуулж, арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр болсон. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар өндөр байгаа билээ. Үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мах болон хүнсний ногоо, шатахууны нөөц бүрдүүлэхээр болж байна. Тийм учраас Засгийн газраас тодорхой шийдвэр гаргаж, төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан.
3,605.46





















































зочин 2026-09-11 202.131.227.179
Хоосон мэдэмхийрч албан тушаал горилж нэгнээ нийлж намдагаа болих хэрэгтэй.Та нарыг учиргүй сайн гэж бодохгүй бна
Нэргүй 2026-09-11 192.82.66.174
цочиж сэрсэн мэт байдгаа л болимоор байна шүү. бүгдээрээ зайлцгаа