niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 00:01 UTC Эх: https://news.mn/r/2886295/ b73d06e1c9be283b… ← niitlelch.mn руу буцах

"Төсөвт тодотгол хийх шаардлагуудыг хангаагүй учраас буцаах ёстой"

Live"Төсөвт тодотгол хийх шаардлагуудыг хангаагүй учраас буцаах ёстой"

"Төсөвт тодотгол хийх шаардлагуудыг хангаагүй учраас буцаах ёстой"
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 01
2026-9-8

Төсвийн тодотголын 2 дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд гадаад зээлийн талаар “Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээн Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарласан.

Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санал болгож байгаа бүтээгдэхүүн буюу 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрх бөгөөд Монгол Улс энэ зээлийг авах бол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж, шийдвэрүүлэх болно хэмээн Сангийн яамнаас хариулав. Төсвийн тодотголыг энэ оны хавар шийдвэрлэх ёстой байсан гэдэг байр суурийг Э.Болормаа гишүүн илэрхийлээд, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлж буй зохицуулалтын талаар тодруулахад гадаад зээлийн дээд хэмжээ 2.7 их наяд төгрөг болж нэмэгдэж байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариуллаа. Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэлд 13 хувьд хүрсэн инфляцын 52 хувь нь махны үнэ байгааг, Засгийн газар махны нийлүүлэлтэд оролцох эсэхийг, инфляцын нөлөөллийг сааруулах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулсан Э.Болормаа гишүүний асуултад “Тэтгэвэр авч буй ахмадууд, халамжийн тэтгэвэр авч байгаа иргэд болон тогтмол цалинтай иргэдийн орлогыг инфляцын нөлөөллөөс хамгаалахын тулд нэн тэргүүнд удирдаж чадах хэсэг буюу хүнсний ногоо тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, цахилгаан, дулааны үнийн өөрчлөлтөөс үүдэх инфляцыг иргэдийн нуруунд үүрүүлэхгүй байх дээр бид голлож ажилласан” гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулсан. Махны инфляц нь улирлын чанартай учраас энэ нөлөөллийг бууруулах буюу жилийн дөрвөн улирлын турш махны нийлүүлэлт хийх боломжтой фермерийг хөгжүүлэн, ложистик, түлш, шатхуун, нөөцлөх зоорийг шийдэх гэв.

Гишүүд ийнхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Засгийн газар Улсын Их Хурлын баталсан хуулийг буюу батлагдсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэйг Б.Батбаатар гишүүн цохон тэмдэглээд, энэхүү үүргээ биелүүлээгүйн уршгаар төгрөгийн ханш унаж байгааг хэлэв. Г.Очирбат гишүүн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг анхаарах шаардлагатайг, хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстойг Л.Гантөмөр гишүүн хэлж байлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн үг хэлж, макро эдийн эдийн алдаатай бодлогын үр нөлөө олон жил үргэлжилдэг болохыг тэмдэглэсэн. Төсвийн тодотголоор иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг байр суурийг М.Бадамсүрэн гишүүн хэлээд гол нь багш, боловсролын салбарын цалингийн нэмэгдэлийг шийдвэрлэж байгааг тодотгож байлаа. Д.Бум-Очир гишүүн төсвийн хуулийг Улсын Их Хурал баталсан шигээ энэ хавар төсөвт тусгагдаагүй хэдий ч багш нарын, боловсролын салбарын 93 мянган хүний цалин нэмэх 1 их наяд орчим төгрөгийн асуудлыг бид шийдсэн хэмээгээд “Энэ удаагийн төсвийн тодотгол зөв үү, буруу юу гэж байгаа бол дээрх шийдвэрийг гаргах үед л төсвөө тодотгох юм байна гэж бүгд ярилцаж байсан” гээд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

14 : 06
2026-9-8

"Зээллэгийн дээд хэмжээ 562 тэрбумаас 2.7 их наяд болж нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Энэ долоо хоногт төсвийн тодотгол хэлэлцэж байгаа учраас Монголбанк болон Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөллийг бүгдэд нь суулгамаар байна. Бид инфляци ярьж байхад бие бие рүүгээ чихээр хариуцлагатай тоо ярьж байгаа хүн ч алга. Асуултад хариулж байгаа ч хүн алга. Сангийн сайдаас тодруулж асууя. Нийслэлийн зөвхөн төсөв гэж ойлгоогүй. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Сэлбэ дэд төв гэсэн гурван төслийн орон зай гарсан гэж ойлгосон. Нийслэлийн төсөв, улсын төсөв гэж тусдаа байх юм уу?

Сангийн яамны төлөөлөл:

-2026 оны батлагдсан төсөв дээр дотоод бонд гаргах зорилгоор 562 тэрбум төгрөг гэж төсөвлөснийг төсвийн тодотголоор нийт зээллэгийн хэмжээг 2.7 их наяд төгрөг болгож байгаа. Үүндээ 562 тэрбум төгрөг дээр нэмээд нэг их наядын дотоод бонд гаргахаар төсөвлөсөн. Тодотголын төслийг дагаад Азийн хөгжлийн банкнаас авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр орж ирж байгаа. Ирэх долоо хоногт энэ байнгын хороогоор хэлэлцэнэ гэж ойлгосон. Нийт 200 сая ам.долларын төсвийн дэмжлэг байгаа. Дээрээс нь нэмээд Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрхийг санал болгож байгаа. Монгол Улс энэ эрхийг авна. Энэ нь өр нэмэгдэж байгаа гэсэн үг биш. Эрчим хүчний дутагдалд орсон тохиолдол цаг алдалгүйгээр Монгол Улс 125 сая ам.долларыг 2026 онд татах боломж нээгдэнэ. Үлдсэн 126 сая ам.долларыг ирэх онд татах боломж нээгдэх юм. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Аюултай байдал үүсээд байна. ТӨК-иудын ногдол ашгаас нэг их наяд төгрөгийг нөхөхөөр оруулж ирж байгаа. Аж ахуйн нэгжүүд ашиг олохгүй бол яах вэ. Ямар тооцоолол хийсэн бэ. Энэ олон зардал нэмчихээр 2012, 2013 оных шиг эдийн засгийн хямралд өртөж, төсөв бүрдэхгүй бол яах вэ?

Монгол Улс хөгжихийн тулд хүн биш хууль засаглах ёстой. Аудитын байгууллага ажлаа маш сайн хийж, хангалттай зөвлөмж дүгнэлтийг гаргаж өгч байна. Төсвөө одоо тодотго гэж өнгөрсөн хавар хэлж байсан. Тухайн үеийн сайд дарга нар татвар төлөгчдөөс 1.2 их наяд төгрөгийг түрүүлж аваад хэрэглэчихсэн шүү дээ. Энэ оны төсвийн орлого бүрдэхгүй үндсэн шалтгаан энэ шүү дээ. Аудитын дүгнэлтээр төсвийн тусгай шаардлагуудыг хангаагүй гэсэн байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар шүү. Уг нь эхлээд хуулиа өөрчлөөд, дараа нь төсвийн хүрээгээ яриад, төсөв тодотгох асуудлаа ярих ёстой. Тэгсэн чинь одоо хууль нь өөрчлөгдөөгүй байхад өөрчлөгдсөн юм шигээр төсвийн тодотголыг оруулж ирж байна. 

12 : 43
2026-9-8

ҮАГ: Төсөв тодотгох 4 зүйл заалтаас 3-ыг нь хангасан гэж дүгнэсэн

Байнгын хорооны хуралдаан 62.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан байнгын хорооны намрын анхны хурал болж байна. Гишүүддээ амжилт хүсье. 

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Дэгтэй холбоотой асуулт асууя. Чуулган дээр бас асуусан. Төсвийн тодотгол дээр аудитын хийсэн дүгнэлт байгаа. Төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаагүй байна гэсэн. Тэгэхээр Засгийн газарт буцаах ёстой. Энэ төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх нь зөв юм уу. УИХ-ын даргын хувьд, төсвийн шаардлага хангасан эсэхийг УИХ дээр хэлэлцэж, шийдээд, шаардлага  хангаагүй бол буцаана гэж байсан. Тэгэхээр бид хоёрдугаар хэлэлцүүлэг хийх нь хууль зөрчсөн, цагийг барсан ажил болох юм биш биз дээ. 

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дэх хэсгийн дөрвөн үндсэн шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх ёстой гэсэн хуулийн шаардлагатай. Манайх гурван зүйл заалтыг хангасан гэж дүгнэсэн. Дөрөв дэх буюу суурь тэнцэл ДНБ-ий тодорхой хувьтай тэнцэх хязгаарыг заасан энэ шаардлага дээр яг өнөөдрийн байдлаар хангахгүй байна. Гэхдээ Засгийн газраас төсвийн тодотголыг оруулж ирэхдээ тухайн тэнцэл холбогдох хууль тогтоомжийн заалтыг өөрчлөх зарчмаар нийцүүлэх зохицуулалт оруулж ирсэн байна. Үүнийг УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй ч  бид цаашдаа энийг анхаарах шаардлагатай. Төсвийн дунд хугацааны төлөвлөлт, тогтвортой байдал төсвийн холбогдох зарчим зөрчигдөх эрсдэлтэй байна гэж дүгнэсэн. Мөн хуулийн 6.1.2 болон 6.1.4-т заасан зүйл заалтыг өөрчилж болохгүй гэсэн заалт байдаг. Энэ асуудал зөрчилтэй байх тул энийг анхаарах шаардлагатай гэж дүгнэсэн. Хууль тогтоомжийн зөрчлийг арилгаж шийдвэрлэх нь УИХ-ын нэн тэргүүнд анхаарах асуудал гэдгийг хэлсэн. Яаж хэлэлцэх дэгийг УИХ-ын Тамгын газар хариуцах ёстой байх. 

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Би хувийн зүгээс нэг байр суурь илэрхийлье. Энэ асуудлыг эхнээсээ тавьж ирсэн. Бид төсвийн тодотголын тухай хуулийг өөрчлөхгүй бол төсвийн тодотголыг төсөв шигээ авч үзээд байна. Төсвийн тодотгол орж ирнэ гэдэг чинь хамгийн том улс төр. Хэлэлцэх эсэхийг нь бид шийдэж байж, УИХ руу орж ирэх ёстой асуудал. Гэтэл Төсвийн тухай хуулийг яагаад хэлэлцэх эсэх байдаггүй вэ гэхээр төсөвгүй улс хөгжихгүй учраас тийм асуудал огт байхгүй. Тэр нь зөв. Тодотгол бол улс төр байхгүй юу. Буруу бодлого оруулаад ирвэл яах вэ. Тэрийг шууд хэлэлцээд явах ёстой юу. Сөрөг хүчин ийм тодотгол хийх шаардлагагүй, буруу гэвэл яах юм бэ. Тэгэхээр энэ асуулт бол углуургаараа бол Төсвийн тодотголын тухай хуульд өөрчлөлт оруулж, бусад бүх шатаараа ердийн хууль шиг хэлэлцдэг болох хэрэгтэй. Төсөв цаанаа батлагдсан явж байгаа шүү дээ. Улс төрийн хамгийн том асуудал. Өнөөдөр энэ хурал дээр хэлэлцүүлгийг зогсоох ямар ч боломжгүй байна. 

Лу.Гантөмөр: Эрдэс баялгийн төсөв дампуурдаг юм аа гэдгийг харсан биздээ

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр:

-Үнэндээ бол өчигдрийн хэлэлцүүлгийг хараад байхад Монгол Улс худал хуурмагт живж байна. Төсвийн тодотголыг өргөн барьж байгаа үндсэн шалтгаанаа хэлэхгүй, худлаа ярьж байна. Татварын орлого 2 их наяд төгрөгөөр яагаад дутсан үнэнээ хэл л дээ. Тийм учраас төсвийн тодотгол өргөн барилаа гээд үнэнээ хэл л дээ. Дутсан учир шалтгаанаа тайлбарладаггүй юм уу. Энэ чинь Монголын парламент ш дээ. Юу болоод парламентаа доромжлоод байгаа юм та нар.

Хоёрдугаарт, худлаа төсөв баталсан шүү бид нар гэдгээ хэлдэггүй юм уу. Багш, ажилчдын цалинг нэмнэ гэсэн ч Боловсролын сайдынх нь багцад тэр мөнгө нь байгаагүй.

Тэрнийхээ зохицуулалтыг хийж байна гээд бусад сайд нарынхаа төсвийг Боловсролын сайдад өгсөн биздээ. Тэр үнэнээ хэлдэггүй юм уу. Одоо балраад байгаагаа тайлбарлахын тулд нэг их наяд төгрөгөөр өр нэмэх гэж байгаа гээд.  Сангийн яам худал болохоор Монголд үнэн юм үлдэхгүй. Төсвийн бодлогыг бүрэн өөрчлөх гэж байна.  МАН -ынхан 2024 онд Баялгийн сангийн хууль баталж, тэрний өмнөх он жилүүдэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж, сонгуульд ялсан. Тэр хуулийг баталсан гишүүдээ хүртэл доромжилж байна.

УИХ-ын гишүүд “Наад эрдэс баялгийн төсөв чинь дампуурдаг юм аа” гэхээр өөдөөс аж ахуй яриад байх юм. Та нар төсөв санхүүгийн бодлого ярих ёстой хүмүүс биз дээ. Энэ жилээр энэ улс дуусахгүй юм байгаа биздээ. Яагаад эрдэс баялгийг төсвөөс гадуур авч үзсэн бэ гэхээр эрдэс баялгийн үнэ унахаар улс дампуурдаг юм аа гэдгийг бүгдээрээ харсан биздээ, хараагүй юм уу. Мэдэж байгаа биздээ.

Төсвийн  тодотгол гэдэг байгаа зардлынхаа хэмжээнд өргөн барьдаг болохоос биш алдагдлаа нэмээд ороод ирэхээр парламент батлах юм уу.

Хуулиндаа захирагдаж тодотгол хийдэг болохоос биш хууль өөрчил амьсгаанууд аа гэж өргөн барьдаг төсвийн тодотгол байдаг юм уу.

Зүгээр тоглоом биш, ямар солиотой амьтан та нарын дээр гарчихаад үймүүлээд эхлэв ээ. Галзуурч байна ш дээ, орлого бүрдээгүйн төлөө.  Г.Занданшатарын Засгийн газар тэр орлогыг аваад идчихсэний төлөө та нар галзуурчихсан төсвийн бодлого руу шилжиж байна. Энэ айлыг шатаах гэж байна. Сангийн яамныхан хараад сууж болдог юм уу, М.Санжаадорж оо. Чи яг үнэндээ Монгол Улсын төсөв санхүүгийн бодлого ямар байдал руу шилэжихэд хаана байсныгаа мэдэж байгаа ш дээ. Одоо хаашаа явж байгаа юм. Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хаачсан.

Тоглоом биш би асуулт болгондоо хариулт авмаар байна. Би бүр ичиж байна.

Төсөв санхүүгийн байгууллага нь орж ирээд онолын хувьд ингэж явдаг.  Ийм арга хэмжээ авсны хүчинд улс орон аятайхан боллоо, зээлжих зэрэглэл аятайхан боллоо ,энийгээ хадгалмаар байна гэдэг хүн танай яаманд үлдээгүй юу. Та нар мах нөөцлөх сав барина гэж байна, бүх сав чинь хоосон байна. Шатахуун нөөцлөх сав барина гэж байна бүгд хоосон байна. Худлаа яриад байх юм.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Тодотгол хийх үндсэн дүрмийн дагуу л төсвийн тодотголыг оруулж ирсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зохицуулалт хийх шаардлага үүссэн. 2026 оны төсвийг батлахдаа Засгийн газар цалин нэмэхгүй л гэж оруулж ирсэн, УИХ цалин нэмсэн. Цалинг нэмэхдээ зардлыг нь тавихгүйгээр батлаад өгсөн, ийм л асуудал болсон.  Боловсролын салбар хоёр цалинтай явж ирснийг та ч мэдэж л байгаа.  Үүнийг цэгцлэхээр оруулж ирсэн.

Дараагийн шалтгаан нь хоосон савыг дүүргэх гэж л тодотгол дээр орон зай гаргаад иргэдийнхээ инфляцийг хамгаалах зорилгоор нөөцөлье гэж оруулж ирсэн.

Бидэнд ерөөсөө удирдаж чадах, чадахгүй хоёрхон зүйл бий. Дэлхийд болж байгаа геополитикээс үүдэлт эй асуудлыг бид удирдаж чадахгүй, тэрийг дагаж орж ирж байгаа үнийн өсөлтийг бид нар улирдаж чадахгүй.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ инфляцад нөлөөлж байгаа учраас улирлын хомсдолтой үед зорилтот бүлгийнхээ хэрэглээг нөөцөөр дэмжээд явъя л гэж байна.

300 мянган тонн түлш хадгалах савтай болъё гээд энэ зунжингаа л хийлээ. 200 мянган тонн шатахуун нөөцлөх савыг хийлээ, бензин үйлдвэрлэдэггүй та ч мэдэж байгаа ш дээ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Эдийн засгийн онолоо барьж байгаа нь хариулт өгөхгүй байна. Уул уурхайн орлогыг төсөв рүүгээ авах гэж байна. Зарчим гэж байна биздээ З.Мэндсайхаан. 200 мянган тонн шатахуун нөөцлөх сав энэ зун барьсан гэж чи худлаа ярьж байна. Нэг зуны хоёр сард 200 мянган тонн шатахуун нөөцлөх сав барьдаг хэн байгаа юм.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Уул уурхайн орлогыг төсөв рүү оруулах гээд байна гэх.  Төсвийн орлогын 30 хувийг уул уурхай бүрдүүлж байгаа. Алт, зэс нүүрсний орлого дээрээ л бид нар амьдарч байгаа ш дээ. Өөр эдийн засаг байхгүй. Уул уурхайн өөр ямар экспортоор орлого олж байгаа юм.

Өнөөдөр гэнэт сэрсэн юм шиг өөр юм ярих, энд ямар дүрэм алдагдаад байгаа юм. 20 саяас 90 сая нүүрс экспортлоод явж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-08 202.131.227.179

Бүгд хоосон мэдэмхийрч ашиг сонирхолын зөрчил байгааг ард түмэн бид мэддэг болждээ

Avatar

Нэргүй 2026-09-08 59.153.112.102

Хэ эд нар огцрох тарах вий гээд сандарч өөрсдийгөө хамаг гоё дээрээ тавь чихсан монголыг ёстой Самарч дуусах нь дээ

Avatar

Зочин 2026-09-08 66.181.187.29

буцаа2

Avatar

Нэргүй 2026-09-08 66.181.176.54

Сангийн сайд баг нь бүгд коллежийнхөн юугаа мэддэхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж