"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Б.ЛАКШМИ: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМСЭН НЬ ЭДИЙН ЗАСАГ МУУДАХ ДОХИО

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа ч дотоодод бизнесийн орчин улам хумигдаж байна. Засгийн газар 2026 оны төсөвт тодотгол хийх хүрээнд уул уурхайн экспортоос орж ирсэн орлогыг төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхээс илүү хувийн хэвшлийг дэмжихэд зарцуулах зохицуулалт хийх боломжтой юу. Эдийн засагч хүний хувьд энэ нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?
-УИХ-аас 2026 оны улсын төсвийг батлахдаа жилдээ 90 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан. Яг одоо нүүрсний экспортын биет хэмжээ сайн байгаа ч дэлхийн зах зээл дээрх үнэ нь буурсан хэвээр байна. Нүүрний үнэ унасан учраас улсын төсөвт орж ирэх орлого тодорхой хэмжээгээр багасна. Энэ оны төсвийг нэг их наяд төгрөгийн алдагдалтай баталсан ч эхний долоон сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж хоёр дахин нэмэгдээд байна. Тиймээс бодит байдал дээр эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байна. Монгол Улс дотооддоо бизнесийн орчин хангалтгүй байгаа нь үнэн. Энэ салбарт реформын шинж чанартай нэг ч ажлыг хийсэнгүй. Ялангуяа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд төсвийн болон татварын тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлдэг. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэр гарсантай холбоотой бизнесийн орчин таатай бус байна. Тэгэхээр улсын төсөвт татвараар дамжин орж ирэх орлого нь буурсан гэж хэлж болно.
Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг харахад, ахмад настны тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр оруулж ирсэн нь бизнесийн орчин, ажлын байрыг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болохгүй нь лавтай.
Дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт, нийлүүлэлт өндөр байх төлөвтэй. Учир нь дэлхий нийтээрээ цахилгаан машин, гар утас гэх мэт дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд өргөн ашиглаж байгаа учраас зэсийн эрэлт их, үнэ нь ч өндөр байна. Монгол Улсын хувьд зэстэй холбоотой шинэ орд нээж, илрүүлж, шинэ бизнес нэмэгдээгүй. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт төсвийн орлогыг илүүтэй бүрдүүлж ирсэн учраас нүүрсний зах зээл талаас нь ярилаа. Зэсийн хувьд, улсын эдийн засагт нүүрс шиг том хэмжээний үр нөлөөг үзүүлэхгүй. Учир нь зэсийн экспорт улсын төсөвт 13 хувийн орлогыг төвлөрүүлдэг.
-Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн төсвийн тодотгол өргөн барьсан гэж онцолж буй. Гэтэл эдийн засагчид төсвийн зарлага, алдагдал улам нэмэгдэж, хэмнэх бус зардлаа хэд дахин тэлсэн хамгийн муу төсвийн тодотгол оруулж ирлээ гэж шүүмжилж байна. Төсвийн алдагдлыг бууруулах тал дээр ямар санал хэлэх вэ?
-Төсвийн тодотголыг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохируулж хийдэг. Засгийн газраас өнөөдөр нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд тохиромжгүй тодотголыг оруулж ирж байна. Өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард батлагдсан 2026 оны төсвийнхөө зардлуудыг хооронд нь сольж, хөрөнгө оруулалтаасаа танаж, эргээд энэ төсвөөрөө цалин, тэтгэвэр нэмэхээр оруулж ирлээ. Томоохон реформын шинж чанартай нийгэм, эдийн засгийнхаа үзүүлэлтэд тохирсон төсвийн тодотгол байж чадсангүй гэж үзэж байна. Хоёрт, орлого талаасаа авч үзэхэд, маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээрээ байна. Нүүрсний биет хэмжээний экспорт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийг хэт өөдрөгөөр төсөөлжээ.Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийг төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн зарлагыг 43.6 их наяд, орлогыг 41.3 их наяд төгрөг, алдагдлын хэмжээг 2.3 их наяд төгрөг байхаар тусгажээ. Улсын төсөв ирэх онд өнөө жилийн төсвөөс 10 их наядаар тэлэв. Ийм өндөр зардалтай төсвийг УИХ батлах нь эдийн засагт хэр их эрсдэл дагуулах вэ?
-Ирэх 2027 онд төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг болгох гэж байна. Энэ оны 33.98 их наядтай харьцуулахад бараг 10 их наяд буюу 28 хувийн тэлэлт. Дээрээс нь 2.3 их наядын алдагдалтай.
Монгол шиг экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамаардаг жижиг эдийн засагт ийм хэмжээний төсвийн тэлэлт маш аюултай байдаг.
Яагаад гэвэл төрөөс нэмж зарцуулах 10 их наяд төгрөг агаарт алга болохгүй. Цалин, худалдан авалт, барилга, халамжаар дамжин зах зээлд орж эрэлтийг огцом өсгөнө гэсэн үг. Харин Монголын үйлдвэрлэл тэр хэмжээгээр нэг жилийн дотор өсөхгүй. Тэгэхээр илүүдэл мөнгөний нэг хэсэг нь үнэ өсгөнө, нөгөө хэсэг нь импорт худалдаж аваад гадагшилна. Инфляц нэмэгдэнэ, валютын эрэлт өснө, монгол төгрөгний ханшид дарамт ирэх эрсдэлтэй. Үүнийг хэдэн жилийн өмнө бид туулсан шүү дээ. Өнгөрсөн 2024 онд төсвийн зарлага огцом тэлэхэд Монголын дотоод эрэлт бодитоор 16.8 хувь өсч, урсгал данс 2023 оны 0.6 хувийн ашигтай түвшнээс 2024 онд 10.5 хувийн алдагдал руу савласан байдаг. ОУВС үүнийг төсвийн мөчлөг дагасан тэлэлт, хүчтэй дотоод эрэлттэй шууд холбож шүүмжилсэн байдаг.
Гэтэл инфляц 13 хувь хүрчихсэн өнөө үед төсвөө дахин 28 хувиар тэлэх нь тодорхой болчихлоо. ОУВС ердөө гурван долоо хоногийн өмнө Монголд төсвийн нөөцөө сэргээж, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн дүрмийн итгэлцлийг эвдэх алхмаас зайлсхий гэж анхааруулсан.
Гэтэл бид Оюутолгой, ТӨК-иудаас нэмэлт орлого орж ирнэ гэсэн шалтгаанаар зарлагын дээд хязгаараа нэмээд, 2027 онд зарлагын өсөлтийн тусгай шаардлагаа мөрдөхгүй байхаар хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа гэнэ. Ийм төсвийн сахилга бат гэж юу байхав. Мөнгө олдвол үрнэ. Хүрэхгүй бол хууль дүрмээ өөрчилнө гэдэг муйхар зан эрх баригчдын тархинаас лав салахгүй нь бололтой. Уул уурхайн орлого хамгийн их байгаа үед Монгол Улс төсвөө тэлэх биш, өрөө бууруулж, хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой юм шүү.
-Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Ашигтай ажилладаг төрийн өмчит компани тун цөөн. Эдийн засгийн хувьд энэ хэр бодитой шийдвэр бол?
-Зарчмын хувьд зөв шийдвэр. Харин 500 сая ам.доллар татна гэдэг тоон амлалтыг бодит болгох энэ цаг мөчид нэн хэцүү. Гадаадын хөрөнгө оруулагч “төрийн өмчит компани” гэдэг нэрэнд мөнгө өгөхгүй л дээ. Ашиг, өсөлт, сайн засаглал, ил тод байдал зэргийг дүгнэж байж мөнгө гаргах эсэхээ шийдэж таарна. Монголын ТӨК-иудын нийт ашиг өндөр харагддаг ч гол ачааг Эрдэнэт, Тавантолгой зэрэг цөөн уул уурхайн компани бүрдүүлдэг.
Ер нь ТӨК бүрд улс төрийн томилгоо, сул засаглал, үр ашиггүй зардал хэвээр байгаа.
Өмнө нь ч 2022-2023 онд 26 ТӨК-ийг IPO хийнэ гэж зарлаад хэрэгжсэн нь Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж хоёр л байна. 500 сая ам.доллар гэдэг ойролцоогоор 1.8 их наяд төгрөг буюу Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 13 орчим хувьтай тэнцэх том мөнгө. Тиймээс эхлээд ТӨК-иудаа цэгцэлж, олон улсын аудит, хараат бус ТУЗ, мэргэжлийн менежменттэй болгож байж хөрөнгө оруулагч дуудах нь ядахдаа эрүүл харагдах байлгүй. IPO гэдэг чинь алдагдалтай ТӨК-ийг ашигтай болгодог шидэт эм ердөө биш. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"БАГШ БЭЛТГЭДЭГ СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ЧАНАР МАШ МУУ БАЙНА"

"Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарын бодлого хэр оновчтой байгаа, сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Энэ жилийн тухайд боловсролын салбарт хийсэн ололттой бодлогууд юу байв?
-Энэ жил багш нарын цалинг нэмсэн нь боловсролын салбарт хийсэн хамгийн ахицтай үйлдэл байлаа. Учир нь, багш нар ажлаа орхиж, зарим нь хувийн сургуульд багшлахаар орж багшийн дутагдалд орсон. Цалинг нэмснээр багш дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан. Цаашид багш мэргэжлээр сурах оюутны тоо ч нэмэгдэх байх гэж харж байна. Үүнээс гадна хөтөлбөрийн шинэчлэл удааширалтай ч сургуулийн өмнөх болон нэгдүгээр ангийн хөтөлбөрийг шинэчиллээ. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөө шинэчилнэ гэдэг маш чухал. Олон жил хүүхэд төвтэй боловсролын тогтолцоо, бодлого, хөтөлбөр гэж ярилаа шүү дээ. Энэ бүхний эхлэлийг тавьж чадлаа. Мөн энэ жил сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүд болоод салбар яам гээд бүх түвшинд анхаарлаа хандууллаа. Мөн орон нутгууд орон нутгийнхаа төсвөөс багш нараа урамшуулах, сургуулидыг материаллаг зүйлээр хангах зэргээр боловсролын хүртээмжийг сайжруулахад анхаарсан. Дээрээс нь цэцэрлэгийн хүүхдүүдээ бүрэн цахимаар бүртгэж, хамран сургах тойрогт нь хуваарилчихдаг, суудал дүүрсэн бол хувийн цэцэрлэг рүү шилжүүлээд шийдэж байна. Үүнийг нэгдүгээр ангид хэрэгжүүлэх гэж оролдож байгаа. Гэхдээ нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэхэд асуудалтай зүйлүүд бол байна. Учир нь нэгдүгээр ангийнхныг цахимаар бүртгэхэд хамран сургах тойрогтоо анги нь хэдийн дүүрчихсэн байна.
Учир нь эцэг, эхчүүд сургалт сайн улсын сургуульд хүүхдээ оруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг маш их хийж байна.
Энэ төрлийн гомдол ч тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл, сайн гэсэн сургуулийн харьяалалттай айл руу хүүхдээ түр оршин суугчаар бүртгүүлж байгаа учраас тухайн сургуулийн ачаалал, дүүргэлт нэмэгдээд байна. Тийм хүүхдийг авах ч хэцүү, байх хэцүү. Бүр дэлгүүрийн хаяг дээр хүртэл бүртгүүлсэн зөрчил гарсан. Тиймээс багш нар энэ жил “танайд энэ сургуульд хамрагдах нэгдүгээр ангид элсэх хэчнээн хүүхэд байна, түр оршин суугч бий юу гээд” гэрээр нь очиж шалгалаа шүү дээ. Гэхдээ цэцэрлэгийн элсэлтээ хянаж, зохицуулж чадаж байна гэдэг чинь боловсролын салбарт хийж буй бодлогын маш том ахиц.
Бас нэг ахицтай зүйл нь хүүхэдгүй байгаа улсын цэцэрлэг дээр хотхоны бага сургуулийн нээсэн. Цэцэрлэгийн орчин учраас маш тухлаг байна гээд эцэг, эхчүүд ам сайтай байна. Энэ мэт ахицтай зүйлүүд байна. Гэхдээ ингээд бодлогын асуудал дуусчихгүй бидний зорилго болоогүй. Зарим хүмүүс хүүхдийн тоо цөөрч байхад цэцэрлэг, сургууль нэмж барих шаардлагагүй гэж ярьж байна. Үгүй шүү дээ. Цэцэрлэг, сургуульд 30-50-уулаа сууж байна, энэ тоог бууруулах ёстой.
-Сайн гэсэн сургуульд хүүхдээ оруулах гээд шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь өөрөө боловсролын чанарын асуудал харилцан адилгүй байгаагийн илрэл байх. Ер нь манайд багшийн ур чадварыг яаж үнэлдэг юм бол. Багшийн заах арга барил, ур чадварыг сайжруулахад анхаарах шаардлагатай л харагдах?
-Гурван чухал зүйлийг хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт, багш бэлтгэж байгаа сургуулиудын чанар, тогтолцоонд анхаарах цаг нь болсон. Энэ асуудалд төр юу ч хийж чадахгүй байна. Монгол Улсын Боловсролын их сургууль нийт багш нарын бараг 50 хувийг бэлтгэдэг. Ядаж төрийн өмчит их, дээд сургуулиудынхаа сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулахгүй байна. Хүүхдийн сурлагын чанар, амжилтад багш хэр бэлтгэгдсэн байдал шууд нөлөөлнө.
Гэтэл өнөөдөр багш нар орчин үеийн хүүхэд багачуудад хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшиж чадсан уу гэвэл, шууд үгүй гэж хэлнэ.
Арай дөнгүүр нь Багшийн их сургууль. Гэтэл багш бэлтгэдэг хувийн 20-иод их, дээд сургууль бий, эдгээрийн сургалтын чанар маш муу. Боловсролын сайд Боловсролын их сургууль дээр ажилласан. Гэхдээ одоогоор яаж сайжруулах вэ гэдэг бодлогын шийдлийг танилцуулаагүй байгаа. Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөтөлбөрийг сайжруулж, тэнд байгаа сургалт үйл ажиллагаа буюу багш бэлтгэх тогтолцоог шинэчлэхгүйгээр сайн баггшийн тухай ярих боломжгүй. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
“2030 ОНД 30 МЯНГАН ЦАХИЛГААН МАШИНТАЙ БОЛОХ ТООЦООЛОЛ ГАРСАН”

-Шатахууны хомсдолтой үед цахилгаан автомашин иргэдийн дунд илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Зам, тээврийн яам цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар 2020 оноос хойш цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэвтрүүлэх урт, дунд, богино хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2023 онд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвөн сайдын хамтарсан төлөвлөгөө гарсан. Үүний дагуу хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2020 онд 100 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгүүлж байсан бол 2026 оны байдлаар 2850 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Мөн байгаль орчинд ээлтэй хийн хөдөлгүүртэй, бензин-дизель хосолсон, бензин-цахилгаан хосолсон тээврийн хэрэгслүүд импортоор орж ирж байгаа. Hybrid төрлийн 520 орчим тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 2000 гаруй нь 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
-Ирээдүйд цахилгаан автомашин бүр их нэмэгдэх нь ээ?
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Бидний тооцооллоор 2028 он гэхэд 10 мянгад хүрэх боломжтой гэсэн прогнозтой байгаа.
Мөн Монгол Улс 2030 он гэхэд 30 мянга орчим цахилгаан тээврийн хэрэгсэлтэй болно гэсэн Дэлхийн банк болон холбогдох байгууллагуудтай хийсэн хамтарсан судалгаа бий. Үүнд хүрэхийн тулд бидэнд тулгамдаж буй гол асуудал нь дэд бүтэц юм.
Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй “Ногоон өртөө” төслийг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд эхлүүлсэн. Мөн олон улсын болон улсын чанартай 8000 орчим км зам дагуу аялал жуулчлал, “Ногоон өртөө” зам дагуух нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх боломжтой байхаар нийт 58 цэгийг тодорхойлсон. Улаанбаатар хотод мөн 40 орчим цэгийг тодорхойлох ажил хийгдэж байна.
-Цахилгаан автомашин сүүлийн 3-5 жилд нилээд өсөлттэй, хүмүүс ч их сонирхох болж?
-Монгол Улсад нийт 2850 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 87 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Мөн Гашуунсухайт боомтоор 40 орчим, Шивээхүрэн боомтоор 20 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл орж ирсэн. Түүнчлэн есдүгээр сараас Гашуунсухайт боомтоор 100 гаруй цахилгаан тээврийн хэрэгсэл орж ирэх тул дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байна.
-Цахилгаан автомашиныг аль улсаас хамгийн их импортоор оруулж ирдэг вэ. БНХАУ,Япон, АНУ, БНСУ зэрэг орноос хэдэн хувь нь импортлогдож байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийтдээ 42 орчим улсаас тээврийн хэрэгсэл импортолдог. Үүний 80 хувийг Япон улс эзэлдэг бол цахилгаан тээврийн хэрэгслийг ихэвчлэн БНХАУ-аас импортолж байна. Дэлхийн улс орнууд, үйлдвэрлэгчид 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлд шилжинэ гэдгээ зарласан. Тиймээс манай улс ч мөн адил байгаль орчинд ээлтэй, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээнд шилжих нөхцөл байдалтай байна.Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Х.ЦАСЧИХЭР: ХИЧЭЭСЭН ХҮНИЙГ БУРХАН АНДУУРЧ ШАГНАДАГГҮЙ

Өвөө, эмээтэйгээ мал маллаж өссөн хүү өнөөдөр тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн өнгө төрхийг бий болгосон жүжигчин болжээ. Урлагийн замналаа Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангаас эхлүүлж, хожим жүжигчний мэргэжлийг сонгосон тэрбээр Монголын хошин урлагийн “Маск продакшн”-д 2011 онд орж, өдгөө 15 дахь жилдээ уран бүтээлчээр ажиллаж байна. Жүжигчин Х.Цасчихэр инээдмийн бүтээлээр үзэгчдэд танигдсан ч өөрийгөө зөвхөн нэг төрлийн дүрээр хязгаарлахыг хүсдэггүй. Эерэг дүрээс гадна “action comedy” болон сөрөг дүр бүтээх хүсэлтэй гэдгээ ярьж, мэргэжлийнхээ хамгийн хүнд, хэцүү мөчүүдээ ч нуусангүй. Дүр бүтээх бүрдээ шинэ зүйл сурч, өөрийгөө сорьж ирсэн тэрбээр хамгийн сүүлд “Сүүлчийн шилийн сайн эрс” адал явдалт, инээдмийн, түүхэн кинонд ерөнхий продюсероор ажиллахаас гадна гол дүр бүтээжээ.
-Таны хамгийн сүүлд ажилласан уран бүтээлээс ярилцлагаа эхэлье. “Маск продакшн”-ы 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Сүүлчийн шилийн сайн эрс” кинонд та ямар үүрэгтэй ажилласан бэ?
-“Маск продакшн” 20 жилийн ойдоо зориулж “Сүүлчийн шилийн сайн эрс” хэмээх адал явдалт, инээдмийн, түүхэн киног бүтээсэн. Би тус кинонд ерөнхий продюсероор ажиллахаас гадна гол дүрд тоглосон.
-Киноныхоо гол санаа, агуулгыг та хэрхэн тодорхойлох вэ? Шилийн сайн эрсийн тухай сэдвийг сонгосон нь ямар учиртай вэ?
-Бид энэ киногоор эх орноо өмгөөлж, хамгаалах эзэнтэй гэдгийг харуулахыг зорьсон. Хүн хэчнээн адгийн нэгэн мэт харагдаж байсан ч цаг нь тулахаар эх орныхоо төлөө юу хийж чаддаг вэ гэдгийг харуулахыг хүссэн юм.
Кинонд ард түмнээ өрнөөс гаргаж, өрийн дэвтрийг нь шатааж явсан алдартай шилийн сайн эрсийн нэрийг ашиглан явж байгаад өөрсдөө асуудалд орчихдог гурван залуугийн тухай гарна. Гэхдээ үйл явдлын явцад тэдний эх орныхоо төлөө хийсэн зүйлс аажмаар илэрнэ.
Цаанаа нэлээд олон зүйлийг хөндөж, үзэгчдэд бодох зүйл үлдээхээр бүтсэн кино. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд маш сайн уран бүтээлчид арын алба болон дэлгэцийн өмнө ажилласан.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би багадаа өвөө, эмээтэйгээ Тэрэлжид мал маллаж өссөн. Тэрэлжийнхэн намайг “Шаашка” гээд андахгүй. (инээв)
Тэгээд ээжээсээ гуйж байгаад Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд С.Ганчимэг багшдаа шалгуулж орсон. Тухайн үедээ би дуучин болно гэж боддог байсан. Ингэж л миний урлагийн зам эхэлж, урлагийг биширч, хайрлаж эхэлсэн дээ.
-Анх дуучин болохоор төлөвлөж байсан хүн яагаад жүжигчний мэргэжлийг сонгов?
– Дуулаачаар явах гэж байсан чинь нэг өдөр өөрийгөө “Чи чинь лаг дуулдаг юм чинь жүжигчин болъё” гээд жаахан хошгируулчихсан юм. (инээв)
Тэр үед “Маск продакшн”-ы гавьяат жүжигчин М.Баярмагнай ахын гоё дуулдаг номеруудыг их үздэг байсан. Тэгээд жүжигчин болох хүсэл төрсөн. Гэхдээ одоо эргээд бодоход мэргэжил сонгож байсан тэр үе рүүгээ буцаж очвол аав, ээжийнхээ аль нэгнийх нь мэргэжлийг сонгох байсан байх. Гэсэн ч одоо сонгосон мэргэжлээрээ өдий хүртэл шүдээ зуугаад явчихсан байна. Эцсийг нь үзнэ дээ.Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
3,605.46




















































Холбоотой мэдээ