niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 01:30 UTC Quelle: https://news.mn/r/2900806/ b61bc81852934a61… ← zurück zu niitlelch.mn

Өвөлжилтөд төвлөрөх ёстой засаг ноёд улс төрийн бужигнаанаас "хоцорсонгүй"

Өвөлжилтөд төвлөрөх ёстой засаг ноёд улс төрийн бужигнаанаас "хоцорсонгүй"

П. Даваажаргал
П. Даваажаргал
Өвөлжилтөд төвлөрөх ёстой засаг ноёд улс төрийн бужигнаанаас "хоцорсонгүй"

Монголчууд Төрийн тэргүүн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргаж, түүнийг нь парламент хэлэлцэн дэмжсэн түүхэн үйл явдлын гэрч боллоо. Засгийн газрын бүтцэд ч өөрчлөлт орох нь тодорхой болж, Хэрэг эрхлэх газрын даргын томилгоогоор эхэлсэн. Улс төрийн намуудын дотоод сунгаа эрчимжиж, ээлжит бус сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөр боловсруулах ажилдаа яаравчлав. Дээрх өрнөлөөс харвал наанадаж дараагийн Ерөнхийлөгч тодортол, цаашилбал 2028 оны УИХ-ын сонгууль давтал улс төр улалзах  шинжтэй. Харин нөгөө талд олон жилийн дунджаас хүйтэн өвөл зудын эрсдэлийн үнэлгээ гарч, тэвдсэн малчид отор нүүдэл хийж байна. Ийм нэгэн дээр, дооргүй бужигнасан дүр зурагтай 2026-2027 оны өвлийг угтах нь. Тэгвэл энэ эгзэгтэй үед төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх засаг захиргааны чухал нэгж болох аймгийн удирдлага хэр  зэрэг хөдөлгөөнтэй байгааг харъя.

Баян-Өлгий аймгийн шинэ  Засаг даргын нэр ирэх сарын 3-нд тодорно

Баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймаг Засаг даргагүй дөрвөн сарын нүүр үзэж байна. Тодруулбал,  Засаг дарга асан Е.Зангарыг аймгийнх нь баяр наадмын өмнө буюу долоодугаар сарын 29-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тамгын  газрын дарга нь анхан шатны шүүхээс ял авсантай холбоотой ийн шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 төлөөлөгч дээрх асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байдаг. 

Хуулийн дагуу мөн л аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дараагийн Засаг даргын нэр тодрох ёстой. УИХ-ын гишүүн  Б.Бейсен хэвлэлд энэ сарын 20-нд аймгийн шинэ удирдлагыг асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдад уламжлах тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Гэвч нам жим байсаар хоёр долоо хоног өнгөрөв. Тэгвэл эх сурвалж арванхоёрдугаар сарын 3-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдэхээр болжээ.  Тус аймагт өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан. Дараагийн дарга уг намаас нэрлэгдэнэ.

Булганы ИТХ-ын Засаг даргаа огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд хэрхэх вэ

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  арваннэгдүгээр сарын 11,12-нд дамнан үргэлжилсэн ээлжит XVII хуралдаанаараа Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэрээ албажуулахаар Засгийн газарт танилцуулаад буй. Одоогоор албан ёсны хариу сонсогдоогүй байгаа.

Харин өнгөрсөн пүрэв гарагийн буюу Ерөнхийлөгчийг үүрэг ажлаа хүлээлгэн өгөх өргөдлийг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр АН-ын гишүүн УИХ-ын дэд дарга  Д.Пүрэвдорж  энэ  асуудлыг хөндсөн юм. Тэрбээр  "Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал хуралдаж, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг 53,8 хувиар дэмжсэн. Хэрэв орон нутгаас ирүүлсэн энэхүү шийдвэрийг хүлээн авахгүй, хууль зөрчсөн хүнийг огцруулахгүйгээр буцаан томилбол Ерөнхий сайд Н.Учрал таныг Үндсэн хуулийн цэцэд өгнө" хэмээн байр сууриа илэрхийлэв.

 Д.Пүрэв-Очир нь 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилогдсон.  Ингэхдээ "Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх" гэсэн хуулийн шаардлагыг хангахын тулд хуурамч тодорхойлолт гаргуулсан гэх үндэслэлээр огцруулахаар шийджээ. Түүнчлэн хуурамч тодорхойлолт гаргасан Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газраар шалгуулах агуулга ч чуулганы танхимд яригдсан.

Увсын Засаг даргыг "улираав"

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мөн л Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-нд  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, Засаг дарга Э.Насанбатыг огцруулахыг олонхын саналаар дэмжсэн. Улмаар дүрмийн дагуу Ерөнхий сайдад уламжлаад байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал дээрх тогтоолыг хүлээн авах боломжгүй буюу Засаг даргыг нь хэвээр үлдээнэ гэдгээ албан бичгээр мэдэгджээ. Огноо нь арваннэгдүгээр сарын 19-ний өдөр буюу Төрийн тэргүүний ажлаа өгдөг өдөр. Э.Насанбат нь хуурамч  боловсролын дипломтой, төрийн худалдан авах ажиллагаа, төсөл, тендертэй холбоотой  хэд хэдэн асуудалд нэр холбогдсон юм.  Ийн огцруулах, огцруулахгүй тухай нааш цааш шидэлцэж байх хооронд зудын эрсдэлийн үнэлгээгээр Увс аймаг эрсдэл өндөртэй бүс нутагт нэрлэгдэж байна.

Хэдхэн жишээ дурдваас ийм байна. Үүнээс гадна арваннэгдүгээр сарын 12-нд Өвөрхангай аймгийн Засаг даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэн томилогдоод буй. Мөн энэ сард Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийг төсөл хөтөлбөрөөс мөнгө завшсан, Бөөрөлжүүтийн станцтай холбоотой компанид 12 мянган га газар гаргаж өгөхөөр улайран  ашиг сонирхлын зөрчил гаргасан  гэх асуудлаар аймгийнх нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч мэдээлэл цацсан удаатай.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж үг бий. Эл хэлцийн утгыг улам тодотгох шиг Төрийн тэргүүн эзгүй, Засгийн газар зарим сайдын суудал халаа сэлгээтэй энэ цаг үед аймаг, орон нутгийн удирдлагууд ч багагүй хөдөлгөөнд оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж