niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 01:30 UTC Эх: https://news.mn/r/2900732/ 5b964635fa720e96… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлэв

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь улс төрийн хувьд анхаарал татах, онцгой үйл явдал болов. Төрийн тэргүүний үүргийг УИХ-ын дарга С.Бямбацогт шинэ Ерөнхийлөгч тодортол хавсран гүйцэтгэнэ гэсэн үг. Нэгэнт Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байгаа бол УИХ яаралтай Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлаж, сонгуулийн тов тогтоох хуулийн зохицуулалттай.

Үндсэн хууль: Гучин долдугаар зүйл.

  • 2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 4 дүгээр зүйл

  • 4.2.2."ээлжит бус сонгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд явагдах сонгуулийг

НАМУУД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУНГААНДАА ОРОВ

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан бусаар тодорч, олон хүн ил, далд нэр дэвшихээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас одоо намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаандаа албан ёсоор орох шаардлага үүсч байна. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын гишүүд өрсөлдөхөө зарлаад байгаа бол МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Занданшатар, Ж.Энхбаяр нарын хүмүүс өрсөлдөхөөр яригдаж буй.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай таван нам оролцох эрхтэй. Тиймээс МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гэсэн намууд УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлж, оролцох уу аль эвсл аль нэг намтай хамтран оролцох уу гэдэг чухал.

Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлаас харвал хамгийн хүчтэй өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөх боломжтой. Мэдээж бусад намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, хүнээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ аль нэг намтай хамтрах, эвсэн оролцох ч боломж бий. Ямар ч гэсэн улс төрийн намууд ойрын өдрүүдэд намын хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаа байгуулах, нэр дэвшигчээ тодруулна. Харин аль нам ямар нэр дэвшигчийг ард түмэнд танилцуулах вэ гэдэг олны анхааралд байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ГУРАВДУГААР САРЫН 17-НД  БОЛОХ ТОВТОЙ БАЙНА

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар ээлжит бус сонгууль зарлахаар бол УИХ арванхоёрдугаар сарын 20-оос өмнө тодруулах хуулийн зохицуулалттай. Хуулиараа дөрвөн сарын дотор ээлжит бус сонгуулийг зарлах учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн 8 дугаар зүйл. Сонгууль товлон зарлах

  • 8.9.Монгол Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө тухайн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон энэ хуульд нийцүүлэн товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.

74 дүгээр зүйл.Ээлжит бус сонгууль явуулах

  • 74.1.Энэ хуулийн 4.2.2-т заасан үндэслэлээр ээлжит бус сонгууль явуулна.
  • 74.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг энэ хуульд нийцүүлэн дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ээлжит бус сонгуулийг 2027 оны гуравдугаар сарын 17-нд товлохоор тооцоолжээ.

Хуулийн ийм зохицуулалтууд байгаа ч өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явцыг харвал тогтолцооны шинэчлэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх яриа гарч байгааг энэ тодотгоё.  Цаг хугацааны хувьд ээлжит бус сонгуулийн хугацаанд энэ бүхэн боломжгүй мэт боловч улс төрийн тохиролцоо, эв зүй нь таарвал Үндсэн хуулийг ч өөрчилж болох нөхцөл ч бас байгааг анзаарахгүй өнгөрч боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж