УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.23/ 10:00 цагт болох товтой ч хуралдахгүй гэнэ. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр /2026.11.22/ намын дотоод асуудлаар Их тэнгэрт өргөтгөсөн уулзалт хийсэн байна. Мөн МАН-ын бүлэг өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр тав хоногийн завсарлага авсан. Эл асуудлаар бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлага үүссэн гэж тус бүлгийн дарга Ж.Батжаргал мэдэгдсэн. Уг нь дээрх төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авахгүй шууд санал хураасан бол чуулганы нэгдсэн хуралдаан дээр унах байв. Гэвч завсарлага авсан нь хуулийн төслийг дэмжих талд шийдвэр гаргуулах зорилго агуулсан байх талтай.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудал дээр үндсэндээ хуваагдчихаад байгаа. Нэг хэсэг нь УИХ энэ хуулийг батлах нь хүүхдийн эрхийг зөрчихөөс гадна Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчинө гэж үзэж байхад зарим хэсэг нь өв соёлоо хамгаалахын тулд сар шинийн дараа хурдан морины уралдаан зохион байгуулахаас аргагүй гэдэг тайлбар хийж байгаа. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Даваасүрэн нар "Малчин залуусыг архи согтууруулах ундаанаас хол байлгах ганц арга нь морин уралдаан" гэж тайлбарлаж буй. Тэд энэхүү хуулийн төслийг санаачилсан юм.
Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын морин уралдааныг сэргээх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бол Ерөнхий сайд Н.Учрал дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Иймээс бүлгийн гишүүд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын талд зогсох уу, УИХ-ын дарга С.Бямбацогтын байр суурийг дэмжих үү гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Олон нийтийн хувьд сар шинийн дараахан хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхэд мориноос унасан тохиолдолд эрсдэл өндөртэй. Газар тэс хөлдүү үед хүнд бэртэл авах магадлал маш өндөр. Дээр нь сар шинийн дараахан малчид төл малаа хүлээн авах гээд асар их завгүй байдаг тул хаврын морин уралдааныг сэргээх хүсэл бол эрлийз морьдтой хэдэн баячуудын ашиг хонжоо харсан үйлдэл. Засгийн газрын шийдвэртэйгээр хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдолд уяач цол чимэг нэмдэг тул хүүхдийн эрхийг юман чинээ тоохгүй уландаа гишгэж байна гэх шүүмжлэлийг ч хэлж буй.
Бүлэг өнөөдөр хуралдахгүй болсон нь байр сууриа нэгтгэж нэг талдаа гарч чадаагүйгээс болов уу гэх асуудал ч хөндөгдөж байна.
3,605.46






















































Холбоотой мэдээ