"Шатахуун ямар нэгэн хязгаарлалтгүй олгоно гэсэн яасан бэ" хэмээн бухимдах жолооч нар цөөнгүй таарав. Учрыг нь лавлахаар "Зарим ШТС-ууд шатахуун дууссан гээд олгохгүй, зарим нь 50 мянган төгрөгт л шатахуун өгч байна" гэдгийг хэлж байлаа. Салбар яамнаас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн ч замын нэгдүгээр эгнээнд шатахуунд оочерлох автомашины урт цуваа тасрахгүй үргэлжилсээр.
Олны хэлж заншсанаар 32-ын тойрогт байрлах "Сод Монгол" ХХК-ийн ШТС дээр өчигдөр /2026.08.18/биднийг очиход хоёр түгээгч ажиллаж байв.
ШТС-ын ажилтан залуу "Дөнгөж сая шатахуун ирлээ. Манай колонк иргэдэд хоёр хошуугаар шатахуунаа түгээж байна. Нэг түгээгч маань түгээлтээ хийхээс гадна жолооч нарыг зохицуулж байгаа. Бид багахан шатахуунаа 10 машинд дүүргээд дуусгаж байхаар олон машинд өгөх зохицуулалт хийж, нэг автомашинд 50 мянган төгрөгөөр шатахуун өгч байна" гэв. Шатахуун худалдан авч буй жолооч Э.Ганбаатар "Энэ ШТС 50 мянган төгрөгт л шатахуун олгож байна. Миний хувьд энд нэг цаг гаруй оочерлож дугаарлалаа. Эргэн тойронд шатахуун өгч байгаа колонк цөөн байна" гэдгийг хэлэв.
ИРГЭД: ШАТАХУУНЫ ООЧЕР ДУГААР ХЭВИЙН БОЛООГҮЙ БАЙНА

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас ШТС-ын гаднах урт дарааллыг ойрын 3-4 хоногт багасгахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Жолооч М.Батмөнх "Дарга нар олон нийтийн сүлжээгээр сайхан сайхан зүйл ярьж байгаа ч бодит амьдрал дээр сайжирсан юм алга. Би сая 50 мянган төгрөгт шатахуун худалдаж авсан" гэдгийг хэлсэн юм.
Түүний араас шатахуунд дугаарлаж буй жолооч Р.Булгантамир "Би энэ ШТС дээр цаг гаруй зогсож байна. Ер нь шатахууны оочер дугаар хэвийн болоогүй байна. Энэ колонк шатахуунгүй гээд өдрийн 15.00 цагаас хойш л өгч эхэллээ.
Эхний хэдэн машинд шатахуун хязгаарлалтгүй өгч байснаа сүүл рүүгээ 50 мянган төгрөгт өгөхөөр болж байна. Уг нь хязгаарлалт дууссан байхад шатахуунаа хязгаарласаар байна. Ихэнх ШТС өглөөгүүр жаахан шатахуун зарчихаад л хаачихдаг. Гэтэл иргэдийн дийлэнх нь өглөө ажилдаа яваад, орой харих замдаа шатахуунаа авахаар хайж, дугаарладаг. ШТС-ууд шөнө ерөөсөө бензин өгдөггүй" хэмээн бухимдангуй ярилаа.
ЗАРИМ ШТС ШАТАХУУН ОЛГОХГҮЙ, ТАЛОНААР ӨГЧ БАЙНА

Үргэлжлүүлэн "Магнайтрейд" ХХК-ийн ШТС дээр очиход ажилчид нь цайндаа орж, түгээлтээ эхлүүлж байлаа. ШТС-ын эрхлэгч нь мэдээлэл өгөхдөө "Манай колонк шатахуун хэвийн олгож байна. Өчигдөр орой 20 тонн шатахуун ирсэн бөгөөд одоо дуусч байна. Ажлын ачаалал их, иргэд маш их бухимдалтай байна. Бид ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шатахуунаа хоёр хошуугаар зэрэг олгож байна.
Ажилчид маань өглөөнөөс хойш бие засах ч завгүй ажиллаж, иргэдэд хэл амаар доромжлуулан зарим тохиолдолд биед нь халдаж байна. Манай колонк талоноор гэрээт байгууллагууддаа шатахуун өгдөг" гэсэн юм.
Гэтэл шатахуун авахаар зогсч байсан жолооч Ч.Чинбаатар "Оочер дугаар бага байхаар нь шатахуун авахаар зогссон чинь харамсалтай нь талоноор өгнө гэнэ. Уг нь шатахуун хязгаарлалтгүй олгох ёстой баймаар юм. Түгээгч нь дөнгөж сая надад хэлчихээд явлаа. Төр засгийнхны ярьсан нь амьдрал дээр биелэлээ олох нь уу" гэв.

Цааш 32-ын уулзвар дээрх "Шунхлай" ХХК-ийн ШТС дээр очиход шатахуун олгохгүй байв. Шатахуун авахаар 5-6 жолооч ирж, гадна нь хэсэг хүлээж байгаа харагдав. Тус колонкын түгээгчээс тодруулахад "Манай ШТС дээр өчигдөр орой 23.00 цагт шатахуун ирээд өглөөний 05.00 цагт дууссан" гээд дэлгэцэн дээрх шатахууны үлдэгдлээ харуулав.
Тэрбээр "Манайд шатахуун ирэхгүй байж байгаад өчигдөр л 10 тонн шатахуун ирлээ. Өнөөдөр шатахуун ирээгүй байна. Шатахуун нь байвал түгээлтээ хийчихмээр байна гэхэд жолооч нар "Хэн нь худлаа яриад байгаа юм бэ" гээд их бухимдацгаав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр өнгөрсөн 24 цагт Улаанбаатарт байрлах 213 ШТС, орон нутгийн 86 ШТС-ыг цэнэглэсэн байна. Өмнө нь нийслэлийн 100 ШТС-д түгээдэг байсан бол өнгөрсөн 24 цагт 213 болж хоёр дахин нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
МОНГОЛД АВТОБЕНЗИНИЙГ ЗУРГААН КОМПАНИ НИЙЛҮҮЛДЭГ

Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 200 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс бодит байдал дээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 20 орчим компани байдаг талаар албаныхан мэдээлсэн юм.
Тодруулбал, 28.5 хувийг "Петровис" ХХК, 14.8 хувийг "Тэспетролиум" ХХК, 14.5 хувийг "Сод Монгол групп" ХХК, 13.1 хувийг "Шунхлай" ХХК, 4 хувийг "Газ ойл нефть" ХХК, 3.9 хувийг "Монсуль" ХХК, 3.8 хувийг "Синчи ойл" ХХК, 2.5 хувийг "Ундарга-Увс" ХХК, 1.6 хувийг "Либра энержи" ХХК, 1.3 хувийг "Нью энержи стар" ХХК, 1.2 хувийг "Эн пи петролиум" ХХК, 0.9 хувийг "МТ сольюшн" ХХК, 0.9 хувийг "Наран петролиум" ХХК, 0.7 хувийг "Тод петролиум" ХХК, 0.6 хувийг "Петро хаан" ХХК, 0.6 хувийг "Магнайтрейд" ХХК, 0.4 хувийг "Мойлгрупп" ХХК, 0.4 хувийг "Хөрс авто-сервис" ХХК тус тус автобензин импортолж байна.

Энэ талаар АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс тодруулахад "Монгол Улсад шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 200 аж ахуйн нэгж байгаагийн 20 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа автобензин дээр бол зургаахан компани нийлүүлэлт хийдэг. Үүний дийлэнхийг нь "Петровис" ХХК, "Тэс петриолум", "Шунхлай" ХХК, "Сод монгол групп" ХХК гэсэн дөрвөн компани гол ачааллыг үүрдэг.
Улсын хэмжээнд хамгийн олон ШТС-тай компани бол "Петровис" буюу "НИК" компани. Энэ том сүлжээгээр дамжуулан шатахууны хомсдолоо хэвийн хангах ёстой. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаар "Петровис" компанийн хангалт сайн байна. Мөн өөр эх үүсвэрүүдээс бүтээгдэхүүн татан авч байна" гэсэн юм.
Мөн тэрбээр "Ер нь шатахууны хангамж багассантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зүгээс түгээх шатахуунгүйн улмаас ажиллахгүй байгаа тохиолдол бий. Тэр шалтгааныг нь ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр шатахууны хангалт сайжирсан байхад 100 хувь олгох ёстой гэдэг шаардлагыг тавихаас өөр аргагүй. Богино хугацаанд түгээлтийн асуудлаа шийдвэрлэвэл иргэдийн оочер дугаар, хэрэглээ багасна. Тэр үүднээс сайд маань аж ахуйн нэгжүүдээ хариуцлагатай байхыг шахаж, шаардаж байна. Геополитикийн нөхцөл байдлын улмаас өндөр үнэтэй шатахуун худалдаж авья гэсэн ч орж ирэхгүй байна. ОХУ дайнтай байгаа ч Монгол Улсын шатахууны 95 хувийг хангаж байна. Энэ нөхцөл байдлыг тал талдаа ойлгож байгаа учраас хичээн ажиллаж байна.
Гадаадаас компани орж ирэх асуудал үе үе яригддаг. Ялангуяа ОХУ-аас олон жилийн өмнө ШТС болон агуулах сав барих санал тавьж байсан. Тусгаар улс гэдэг утгаараа өөрсдийн гэсэн дотоод бодлоготой байх ёстой. Монгол Улс шатахууны импортын 100 хувь хараат байдлаас гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байна.
Ингэснээр шатахууны хангамжийн асуудал тогтвортой болно. Монополь гэж нэрлэгддэг эдгээр шатахуун импортлогч компаниуд өөрсдөө ийм байдлыг бий болгох гэж зорьж ажиллаагүй байх. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Дэд бүтэц буюу ШТС болон агуулах сав барихад асар өндөр зардалтай. Тэр зардлаа нөхөж, ашиг олох нь амар биш. Тээвэр ложистикийн асуудлыг шийдлээ гэхэд түгээх станцуудыг өндөр зардлаар олныг байгуулах шаардлагатай. Тэгэхээр газрын тосны бизнесийг тэр болгон хүн эрхлэх боломжгүй. Харин савны нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импорт хийж байгаа, тодорхой хэмжээний борлуулалт хийж байгаа олон компани гар бие оролцож байна. Өнөөдөр 25 аж ахуйн нэгж сав барих ажлыг хийж байна. Ингэснээр монополь байдал арилж, олон компани импорт хийх боломжтой. Дотооддоо асуудлаа шийдвэрлээд явах нь бидний гол зорилго. Тэгэхээр салбарын сайдын зүгээс иргэдээ бухимдуулж, зохиомол хомсдол үүсгэсэн асуудал үүсвэл өөр эх үүсвэртэй хамтрахаас өөр аргагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн" гэдгийг хэлсэн юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,605.46






















































Ок 2026-08-19 202.126.91.14
Бэнжээ өгөж байгаа гажар байнуу
ЗОЧИН 2026-08-19 103.229.120.71
Баянбүрдийн ТЭС баазын хашаагаар машин оруулж бензин шаглаж байна.
Нэргүй 2026-08-19 66.181.164.23
Оркуудыг улам ядуу хүнд хэцүү амьдруулах хэрэгтэй, тэд өдөр шөнөгүй өндийх ч завгүй бидний төлөө л ажиллах ёстой, тэгж байж бид эднийг амар хялбараар нүдний харцаараа номхон дөлгөөн болгож удаан жил удирдах хэрэгтэй. Байнга өр зээлтэй гэдсийг нь дүүргэхгүй дунд идэш дулаан хэвтэр бол бидний стратеги, боловсрол эзэмшүүлж гадаад дотоод явуулж огт болохгүй, сонгуулиар хоолний мөнгө сайн өгч саналыг нь авах нь хамгын чухал. Энэ бол манай МАН намын үеийн үед дарга суудалдаа сууж үлдэх гол арга шүү!!!
t 2026-08-19 66.181.191.236
Пропагандыг танихад хамгийн хэрэгтэй 7 шинжийг энгийнээр өгье.
1. Хэт их сэтгэл хөдлөл төрүүлж байна уу?
“ЭНЭ БОЛ ЭХ ОРНЫГ МААНЬ УСТГАХ ГЭЖ БУЙ ДАЙСАН!”
Айдас, уур, үзэн ядалт, хэт бахархал төрүүлэхийг зориуд оролдож байвал анхаар.
2. “Бид = сайн, тэд = муу” гэж хувааж байна уу?
“Манай хүмүүс бүгд эх оронч. Харин тэд бүгд урвагч.”
Бодит амьдрал ихэнхдээ ийм хар цагаан байдаггүй.
3. Нэг талын баримтыг л харуулж байна уу?
Жишээ нь:
* 5 сайн үзүүлэлт → харуулна
* 5 муу үзүүлэлт → огт дурда
Нэргүй 2026-08-19 202.179.11.230
Ажил хийж чаддаг хүн Монголд байна уу? Төр нь чадахгүй, хувь нь чадахгүй.
Нэргүй 2026-08-19 66.181.160.92
Импортлогч компаниуд өөрийн ШТС-уудад түгээлт хийж чадахгүй мунгинаад тасалдал үүсгээд байна шүү дээ!!! Дотооддоо ажлаа зохицуулж чадахгүй компанийн лицензийг нь шууд л цуцалчих л даа!!! Чаддаг нь ажиллаг!!
Нийслэлийн иргэн 2026-08-19 203.169.48.150
Нэг л их загнаж, заасан хүн. Зарах юм нь байвал хэнч гэсэн зарахаа л боддогийн байгаа биз дээ