niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 05:02 UTC Эх: https://news.mn/r/2879945/ 36edd327e13c7ad9… ← niitlelch.mn руу буцах

Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт цаг үеийн болон бусад асуудлаар ярилцлага, тодруулга өгсөн зочдынхоо яриаг тоймлон дахин нийтэлж байна.


"Зуу хүрэхгүй хүн ойлгох дуу минь утга төгөлдөр

Зуны улиралд Туулын урсгал ятга тоглодог"

Өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц уран бүтээлээрээ Монголын хип хоп урлагт ялгарч буй уран бүтээлч бол реппэр Г.Энэрэл. Түүнийг олон нийт "Opozit" хамтлагийн гишүүн гэдгээр нь мэддэг бол үнэнч сонсогчид нь "Гудамжны яруу найраг, эгшиг бас хөг… Болор цомыг түүнд өг" хэмээн үнэлдэг. Дуунуудынх нь сүүл холболт, шүлгийн мөн чанар, мөр бүрт нь нуугдах утга санаа нь сонсогчдын гайхширлыг төрүүлдэг. Удахгүй болох "Ай хө, Gen Z хө" тоглолтыг нь угтан реппэр Г.Энэрэлтэй ярилцлаа.

–Ойрын үед ямар сонин сайхантай байна вэ? Удахгүй болох тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна. Их завгүй байгаа биз?

-"Ай хө, Gen Z хө" нэртэй тоглолтын маань маркетингийн үйл ажиллагаа хийгдэж байна. Тоглолт наймдугаар сарын 7-нд Happy Park-т болно. Маргаашаас бэлтгэлдээ орно. Тоглолт дөхөөд ирэхээр их завтай л байна даа. /инээв/

-Саяхан "Бага Тойрог"-той хамтарсан love music session цацагдсан байсан. Тэнд дуулсан дуунуудаа ямар шалгуураар, хэрхэн сонгосон бэ?

-"Бага Тойрог"-ийнхон надад бие даасан тоглолт хийх санал тавьсан юм. Өмнө нь тоглолт хийх тухай огт бодож байгаагүй. Тэдний саналаар хуучин дуунуудаа шинэчлэн сэргээж дуулсан нь маш сайхан байсан.

– Тухайн дуулсан дуунуудаас Б.Бадрууган агсны "Уяхан хорвоон хань" дууг дахин шинэчлэн дуулсан нь илүү сонирхол татсан л даа?

– Хүүхэд байхдаа би Б.Бадрууган агсны "Хайрын дуу"-г UBS телевизээр сонсдог байсан. Сүүлд "B Production"-д гэрээтэй ажиллах болтол тэнд ажиллаж байсан Б.Мөнгэрэл ах түүний хүү байсан юм билээ. Тэгээд аавынхаа хуучны дуунуудыг сэргээж цомог болгох гээд ажиллаж байхад нь Б.Бадрууган агсны дуунууд надад маш их таалагдсан.

Тухайн үед хамгийн их таалагдсан нь "Хонин цагаан үүл" гэдэг дуу.

Түүнээс хойш тэр шинэчилсэн цомгийг  нь Америкт байх хугацаандаа их сонссон.

-Өмнө нь нэг ярилцлагадаа та анхны хөгжмийн нөлөөллөө Б.Бадрууган агсан, мөн "Анхны хайрын дуу"-г дуулсан Б.Нандинцэцэг зэрэг тухайн үеийн уран бүтээлчдээс авсан гэж ярьж байсан? 

-Яахав тэр дуунуудаас болж яг дуулъя гэж бодоогүй. Сонсох бол дуртай.

Бүр анх дуулах дуртай болсон нь бол П.Адарсүрэн гуайн дуунуудыг 4-5 настайдаа дуулдаг байсан  нь нөлөөлсөн.

Тухайн үед ойр тойрны хүмүүсээ П.Адарсүрэн гуайн дуунуудаар байлдан дагуулдаг байсан./инээв/

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2879347/ линкээр унших боломжтой.


"Есдүгээр сарын 1-нд ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн эхэлнэ"

Монгол Улсад ирэх наймдугаар сард COP 17 олон улсын хурал болохтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийж буй. Уг асуудлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос дараах тодруулгыг хийлээ.


-Ирэх наймдугаар сарын 17-28-ны хооронд  Монгол Улсад COP-17 хурал болохтой холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлтүүдийг хийж байгаа вэ?

-Нэгдсэн үндэсний байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монголд зохион байгуулахаар албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. COP17 болох бүсэд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг дээр наймдугаар сарын 17-28-ныг дуустал ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй.

Энэ хүрээнд хурлыг зохион байгуулах бүсэд байрлаж буй таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийхээр төлөвлөөд байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 20 цэцэрлэг, 17 сургууль, Баянзүрх дүүрэгт 21 цэцэрлэг, 12 сургууль, Сүхбаатар дүүрэгт долоон цэцэрлэг, долоон сургууль, Хан-Уул дүүрэгт 20 цэцэрлэг, 19 сургууль, Чингэлтэй дүүрэгт таван сургууль, таван цэцэрлэг гээд нийт 133 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хурал болох арав гаруй хоногийн хугацаанд дээрх сургууль, цэцэрлэг дээр бүртгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Энэ зохицуулалт орон нутагт хамаарахгүй.

Харин нийслэл болон орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа есдүгээр  сарын 1-нд хэвийн эхэлнэ.

– Тэгэхээр энэ жил цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ. Нэгдүгээр ангид элсэгчдийг зөвхөн цахимаар бүртгэх юм уу?

-Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бол үүнээс 126,827 хүүхэд нийслэлд суралцахаар байгаа. Нийслэлд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 10-наас наймдугаар сарын 23-н хүртэл И-Монголиа платформоор дамжуулан бүртгэнэ. Эцэг эхчүүд бүртгэл эхлэхээс өмнө хаягийн бүртгэл, мэдээллийг сайн нягталж баталгаажуулах шаардлагатай. Дээрээс нь шилжилт хөдөлгөөн хийх бол наймдугаар сарын 7-ноос өмнө баталгаажуулахыг анхааруулж байна.

Харин төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны 23:59 минут хүртэл мөн л И-Монголиа платформоор бүртгэнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2879279/ линкээр нэвтэрч унших боломжтой.


“Мал аж ахуй, хөдөөгийн амьдралын үнэ цэнийг таниулахыг хүсдэг"

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд мал маллахын хажуугаар амралтын газар ажиллуулж, нүүдэлчин соёл болон бэлчээрийн мал аж ахуйн үнэ цэнийг бусдад таниулахаар контент бүтээж буй залуу малчин Б.Нямбаяртай ярилцлаа.


-Гэр бүлээ болон ажиллуулж буй амралтын газар, контент бүтээх чиглэлийнхээ талаар товч танилцуулж болох уу?

-Манай нөхрийг Э.Санчир-Эрдэнэ, намайг Б.Нямбаяр, миний хүүг С.Жигүүр гэдэг. Гэрийнхээ гадаа амралтын газар барих тухай саналаа нөхөртөө хэлснээр хамтдаа ажлаа эхлүүлсэн. Бид хоёрын амралтын газар байгуулсан зорилго маань мал аж ахуй, нүүдэлчин соёл, сүү цагаан идээ, хөдөөгийн амьдралыг  төв суурин газрын монголчууддаа, цаашлаад гадаад хүмүүст таниулах. Контентын хувьд малчин хүн малаа хэрхэн өсгөж, арчилж торддог, малын ашиг шим яаж гараас гардаг, ямар бэлчээрээр бэлчээрлэж байж тараг тэвээрэг авч, мах, сүүнийхээ чиглэлийг гаргадаг вэ гэдгийг харуулахын тулд бүтээж эхэлсэн. Ер нь бэлчээрийн мал аж ахуй гэдэг илүү үнэ цэнтэй байгаасай, ямар үйл явцын дагуу малчин хүн бэлчээрийн малыг малладаг вэ гэдгийг тодруулж харуулахыг зорьдог.

-Хөвсгөлийн сайхан байгальд, хөдөө орон нутагт гэр бүлээрээ амьдрахын хамгийн сайхан нь юу вэ? Танай гэр бүлийн нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?

-Хөвсгөл бол үзэх, харах юм ихтэй сайхан нутаг. Нүд дүүрэн уул, ус, мод гээд бүх юм нь тэгширсэн сайхан газар. Ер нь хөдөө амьдрахын хамгийн сайхан нь цагт баригдахгүй, гэхдээ цагт баригдахгүй гэдэг нь хэн нэгний удирдлага дор юм хийхгүйгээр өөрсдийн гаргасан төлөвлөгөө, зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гаргаад ажилладаг нь хамгийн их таалагддаг. Хангай нутагтаа амьдарч байгаагийн хувьд гэрээсээ гараад л бүх зүйл уран зураг шиг сайхан байдаг нь сэтгэлийн стресс, ядаргааг тайлж өгдөгт их баярладаг.

-Улаанбаатар эсвэл төв замаас зайд, байгалийн сайханд амьдрах нь сэтгэл зүй болон хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?

-Ер нь хөл хөдөлгөөн ихтэй газраас зайдуу амьдрах нь бидний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг гэж боддог.

Стресс, ядаргаа, утаа униар, түгжрэл байхгүй болохоор эерэг нөлөөтэй.

Хүүхдийн хүмүүжлийн хувьд бол өөрийнхөөрөө эрх чөлөөтэй, гадаа ч, гэртээ ч дуртайгаа тоглочихдог болохоор манай хүүхдэд эерэгээр нөлөөлж байгаа гэж боддог.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2879547/ линкээр унших боломжтой.


“Банк хураасан байрыг давхардуулж зарсан тохиолдол бий”

Санхүүгийн шинжээч Г.Хонгортой орон сууцны залилангийн эргэн тойронд ярилцлаа.


-Орон сууцны залилангийн хохирогчид хэдэн арван мянгад хүрээд байна. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж, арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Санхүүгийн шинжээчийн хувьд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хэрхэн хардаг вэ?

-Иргэдийг орон сууцжуулах төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн явцад  санхүүгийн залилан, булхай луйвар хэт газар авч, иргэд олноороо хохирогч болж байна. Энэ бол төр засаг зайлшгүй анхаарах асуудал. Сүүлдээ нийгмийн шинжтэй болж хувирлаа шүү дээ. Миний анзаарснаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы индрээс Засгийн газар, хариуцсан албан тушаалтнуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн. Байрны захиалга авч, луйвар хийдэг. Нэг орон сууцыг олон хүнд давхардуулан зардаг. Захиалсан орон сууц нь ашиглалтад орохгүй тав, арван жил болдог. Орон сууц захиалсан хугацаандаа сэтгэл санаа, эрүүл мэнд төдийгүй амь насаараа хохирсон эмгэнэлтэй хэргүүд байна. Хохирогч болсноороо гэр бүл салсан гашуун түүхүүд ч байна. Ийм ноцтой байдалд хүрсэн учраас хууль тогтоох байгууллага хүртэл анхаарлаа хандуулж эхэллээ.

Хамгийн гол нь Монголд иргэдээ хамгаалах хууль хэрэгжихгүй байна.

Хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа, прокурор, шүүх гээд бүхэл бүтэн тогтолцоо байгаа шүү дээ. Нөгөө талаар барилгын норм, дүрэм стандарт мөрдүүлдэг барилгын салбарын хяналт хаана байгаа юм. Салбарын яамны бодлого үйл ажиллагаа иргэддээ хүрдэггүй. Барилгын болон Хөдөлмөрийн яамдуудын хоорондын уялдаа тун маруухан байна.

-Орон сууц захиалаад 10 жил хохирч байгаа иргэн хүртэл байна. Нийт хохирогчид олон мянгад хүрээд байхад хууль хяналтын байгууллагууд арга хэмжээ авч чадахгүй байгааг юу гэж харж байна вэ?

-Зах зээлийн харилцаанд шилжсэн өнөөдрийн нийгэмд орон сууцтай холбоотой бүлэг харилцааг төрөөс бодлогын түвшинд зангидан манлайлж чадахгүй байгаа учраас төлөөс нь иргэд олноор хохироход хүрч байна. Ниргэсэн хойно нь хашгирах, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гээд ардын мэргэн үгэнд байдаг ухаан санаа үнэхээр үгүйлэгдэж байна.  Орчин цагт үүнийг эрсдэлийн удирдлага гэж нэрлэдэг. Маш үр дүнтэй бодлого, үйл ажиллагааны арга зүй юм. Орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй бүхий л хүндрэл бэрхшээлүүдийг эхлээд урьдчилаад тодорхойлдог. Эрсдэлтэй асуудал тус бүрийг эхлээд илрүүлж тодорхойлдог. Дараа нь хэрхэн яаж удирдах вэ, ямар гарц арга зам шийдлээр шийдвэрлэх вэ гэдгээ нэг бүрчлэн урьдчилаад тодорхойлдог. Түүнийгээ хэрэгжүүлээд шаардлагатай бол зохих тохируулгыг нь тусгаад явдаг. Энэ бол ерөөсөө инженерийн шинжлэх ухааны арга зүй л дээ.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2879074/линкээр унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж