niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 05:04 UTC Source: https://news.mn/r/2879716/ cfa2292b6c816feb… ← back to niitlelch.mn

Улаанбурханы шинэ тохиолдол 42 хоногт бүртгэгдэхгүй бол дэгдэлт буурна

Улаанбурханы шинэ тохиолдол 42 хоногт бүртгэгдэхгүй бол дэгдэлт буурна

Улаанбурханы шинэ тохиолдол 42 хоногт бүртгэгдэхгүй бол дэгдэлт буурна

Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт 2015 онд бүртгэгдэж, хэдэн арван мянган хүн өвчилсөн байдаг. Үүнээс хойш 10 жилийн дараа буюу 2025 онд халдвар дахин зөөвөрлөгдөн орж ирснээр дотоодод тархаж, өвчлөл нэмэгдсэн. Тухайлбал, Монгол Улсад 2015 оны гуравдугаар сард улаанбурхны шинэ дэгдэлт гарч 23,464 хүн өвчилсөн бол 2016 оны эхний долоон сарын байдлаар өвчлөл 27 мянгад хүрсэн байдаг. Улаанбурхан өвчин нь хоёр, гурван жилийн давтамжтай дэгддэг байсан бол дархлаажуулалтын үр дүнд 8-10 жилийн үечлэлтэй болж уртасжээ.

Мөн вакцин хийлгэсэн хүмүүсийн 90 орчим хувьд хамгаалах дархлаа тогтож, 20 болон түүнээс дээш жил хадгалагддаг гэж үздэг.

Улаанбурхан өвчний дэгдэлт нь бүх насныхныг хамарсан өргөн тархалттай байсан ч ялангуяа вакцин хийлгэх насанд хүрээгүй 0-9 сартай нярай хүүхдүүд олноор өвчилж, хүндрэх тохиолдол нэмэгдсэнээр оношилгоо, эмчилгээний зааврыг шинэчлэн боловсруулж байжээ.

Улаанбурхан нь “Morbillivirus” төрлийн вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар маш хурдан халдварладаг цочмог халдварт өвчин юм. Өндөр халуурах, ханиалгах, нүд улайж үрэвсэх, улмаар нүүрнээс эхлэн бүх биеэр тууралт гарах нь нийтлэг шинж тэмдэгт тооцогддог.

Харин 2025 оны хоёрдугаар сарын 18-нд Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээр халдвар дахин Монгол Улсад бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамны 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн мэдээллээр улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн тав, дотоодын халдварын 4274 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ. Үүнээс гадна нийслэл болон 16 аймагт халдварын голомт бүртгэгдэж, өвчлөгсдийн нас гурван сартайгаас 60 нас хүртэл байсан. Мөн бүртгэгдсэн нийт тохиолдлын 44.2 хувийг 10-14 насны хүүхдүүд дангаар эзэлсэн юм.

“УЛААНБУРХАНААР НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ НЭГ ХҮРТЭЛХ НАСНЫ, ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАХААС ӨМНӨХ НАСНЫ, СУУРЬ ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮД БАЙНА”

Харин өнөөдөр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Нийтийн эрүүл мэндийн өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мэндсайхан хэлэхдээ “10-14 насныхан хамгийн олон өвчилж байгаа нь өмнөх жилүүдийн дархлаажуулалтын хамрагдалттай холбоотой байж болзошгүй ч үүнийг нарийвчилсан судалгаагаар тогтоох шаардлагатай. Мөн улаанбурхны хамгийн сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 42 хоногийн дотор шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол дэгдэлт дууссан гэж үздэг. Харин одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн олонх нь вирусийн гаралтай хатгаа зэрэг хүндрэлтэй байгаа бөгөөд хүндэвтэр хэдэн тохиолдол эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм.

Түүнчлэн ирэх есдүгээр сард сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор хүүхдүүд олноороо нэг дор цугларснаар халдвар нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байв. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын сүүлчээр хүүхдүүдэд хийх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын алба, ДЭМБ болон нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.

2025 онд нийслэлийн хэмжээнд улаанбурхны 11384 тохиолдол бүртгэгдсэн бол 2026 оны долдугаар сарын 29-ний хүртэлх байдлаар 1033 тохиолдол бүртгэгджээ. Харин 2025-2026 оны нийт тохиолдолд хийсэн дүн шинжилгээгээр өвчилсөн хүмүүсийн 68.5 хувь нь огт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байсан байна. Харин хоёр тун вакцин хийлгэсэн хүүхдүүд өвчилсөн ч ихэвчлэн хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа аж.

Иймд, эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг өрхийн эрүүл мэндийн төвөөс шалгуулж, товлолд хоцорсон бол нөхөн вакцинд хамруулахыг зөвлөж байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-31 202.55.191.130

Тэнэг сэтгүүлч, хүний хэлсэн үгийг зөв ойлгоод гарчгаа өгчхөж чадахгүй. Дууссан гэснийг буурсан ч гэх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж