Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас монгол хүний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, иргэншлийн үнэт өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх, түүхэн үйл явдал, бахархалт хүмүүсийн бүтээл туурвилыг олон нийтэд таниулах зорилгоор арваннэгдүгээр сарыг “Монгол бахархал-Бүтээлч сар” болгон зарласан.
Энэ сарын хүрээнд Дорноговь аймгийн сумд нутаг орны соёлын өв, онцлогийг сурталчлахын зэрэгцээ ажил хөдөлмөр, бүтээл туурвилаараа аймаг, улсын хэмжээнд танигдсан алдартан, түүхэн хүмүүсийн амьдрал, гавьяа зүтгэлийг олон нийтэд таниулж, хойч үедээ өвлүүлэн уламжлах ажлыг өрнүүлж байна.
Тухайлбал, Хатанбулаг сумын Соёл, спортын төвөөс “Авьяаслаг хамт олон” урлагийн наадам, Даланжаргалан сумын Соёл, спортын төвөөс “Нутгийн эгшиг-2026” урлагийн наадам, Мандах сумын Соёл, спортын төвөөс монгол бичгийн бийрэн бичлэгийн сургалт, байгууллагын албан хаагчдын дунд минутын уншлага, монгол бичгийн анхан шатны сургалт, Иххэт сумын Соёл, спортын төвөөс “Алтан соёмбо”, “Аяганы соёл” зэрэг боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танилцуулж, үндэсний өв соёл, уламжлалт ёс заншил, монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах үйл ажиллагааг тус тус зохион байгуулжээ.
Өөрөөр хэлбэл тухайн сум бүхэн өөрсдийн онцлогт тохирсон соёлын бүтээлч ажлыг зохион байгуулж байна. Аймгийн соёлын байгууллагын ажилтнууд Музей, сургалт судалгааны төвд хадгалагдаж байгаа эзэн Чингис хааны “Хангал эхт цагаан туг”-нд хүндэтгэл илэрхийллээ. “Хангал эхт цагаан туг” нь эзэн Чингис хааны төрт улсын шүтээн бөгөөд их хааны удмын хаад их сүлдний шүтээнийхээ дагуул тугийг улсынхаа хилийн дагуу байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан түүхтэй.
Энэхүү цагаан туг эх хувиараа нутгийн хүмүүсийн гар дамжин ирж эдүгээ аймгийн Музей, сургалт судалгааны төвийн үнэт үзмэр болон хадгалагдаж байна. Дорноговь аймаг 14 сумтай. Нутгийн өмнөд хэсэг болох Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сум говийн онцлогийг шингээсэн соёлын өв уламжлал нийтлэг байдаг бол нутгийн хойд хэсэг болох Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх сум боржигины өв соёлыг илүү хадгалж үлджээ.