БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань бүрэн эрхийн хугацаагаа дуусган эх орондоо буцахтай холбогдуулан өнөөдөр (2026.07.24) Элчин сайдын яамандаа үдэлтийн хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол дахь үүргээ албан ёсоор эхлүүлсэн бөгөөд нийт хоёр жил 10 сарын хугацаанд ажилласан байна.
Хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ Элчин сайд Шэнь Миньжуань Монгол Улсад суух БНХАУ-ын анхны эмэгтэй Элчин сайдаар ажилласан нь өөрийнх нь хувьд хамгийн том нэр төр байсныг онцоллоо.
Мөн энэ хугацаанд Монголын төр, засаг, дипломат хүрээ болон ард иргэдээс халуун дотно дэмжлэг хүлээсэндээ тэрбээр талархал илэрхийлсэн. Монголд ажилласан хоёр жил 10 сарын хугацаанд Элчин сайд Шэнь Миньжуань хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажилласнаа онцоллоо.
Тухайлбал, энэ хугацаанд төр, засгийн өндөр түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулахад оролцож, Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын 1008 айлын орон сууц, Төв цэвэрлэх байгууламж зэрэг хамтарсан томоохон төслүүдийг урагшлуулахад хувь нэмэр оруулснаа дурдав.
Мөн Монгол-Хятадын найрамдлын цэцэрлэг байгуулж, Хятадын тусламжийн ажилчдын дурсгалын цогцолбор байгуулахаар тохиролцож, зуд болон шүлхий өвчний үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн талаар онцолсон юм. Түүнчлэн хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг онцолж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй тэлснийг тэмдэглэлээ.
Элчин сайд Шэнь Миньжуань Монгол, Хятадын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн талаар дурдав.
Цаашид хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Элчин сайд Шэнь Миньжуань Монголд ажиллах хугацаандаа олон найз нөхөдтэй болж, төрийн байгууллага, дипломат төлөөлөгчид, НҮБ-ын байгууллагууд, Монгол дахь Хятадын иргэд болон Элчин сайдын яамны хамт олонтой үр бүтээлтэй хамтран ажилласандаа талархал илэрхийлэв.
Харин харамсаж буй зүйлсийнхээ талаар ярихдаа Монголын 21 аймгаар бүгдээр нь аялж амжаагүй, монгол хэлийг бүрэн сурч чадаагүй, мөн ирэх сард Монголд болох "COP17" бага хуралд оролцож чадахгүй болсондоо харамсаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын хүсэн хүлээж байсан өндөр түвшний айлчлалыг хамтдаа угтаж чадаагүйдээ мөн харамсаж байгаагаа хэлэв. Төгсгөлд нь тэрбээр эх орондоо буцаж ажлаа үргэлжлүүлэх болсноо мэдэгдэж, Монголын найз нөхдөө Бээжингийн намрын улиралд зочлохыг урин, Монгол Улсын хөгжил дэвшил, хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин бэхжихийн ерөөл өргөлөө.

Элчин сайд Шэнь Миньжуанийн хүндэтгэлийн хүлээн авалтад хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүд, Сайд, Дипломатууд аа,
Хүндэт зочид оо, Сайн байцгаана уу, Та бүхэнд оройн мэнд хүргэе!
Тус индэр дээр сүүлийн удаа зогсоход хамгийн түрүүнд бодогдсон нь ямар хэлээр үгээ хэлэх вэ гэдэг асуулт байлаа. Намайг монгол хэлээр ярьж чадахгүй гэдгийг та бүгд мэдэж байгаа. Тиймээс надад хятад хэлээр эсхүл англи хэлээр ярих хоёр сонголт байгаа юм. Монгол найз нөхөд болон дипломат төлөөлөгчдийн олонх нь хятад хэл мэдэхгүй, харин хятад хэл мэддэг хүмүүс ч бас англи хэлээр ойлгох учир шууд ойлголцоход амар байх үүднээс англи хэлээр ярихыг минь зөвшөөрнө үү.
Ингээд яриагаа эхлүүлье.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд би хэд хэдэн хамт олныхоо үдэлтийн хүлээн авалтад оролцсон юм. Гэвч, өөрөө ийм хурдан үдэлтээ хийнэ гэж огт санасангүй. Нэг ажилтан маань надад “Дипломатчид бол орчин үеийн нүүдэлчид юм” гэж хэлсэн. Хэдийгээр анх ирэхдээ л, нэг л өдөр буцах ёстой болно гэдгээ мэдэж байсан ч, хэдийгээр Монгол Хятадаас тун ойрхон боловч, ийм нэгэн өдөр жинхнээсээ ирэхэд сэтгэл их хоргодож байна. Би хоёр жил 10 сарын өмнө анх удаа Монголд ирж, мөн анх удаагаа Элчин сайдаар томилогдон ирж байлаа. Миний хамгийн их бахархаж буй зүйл бол Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 70 гаруй жилийн хугацаанд Хятад улсын 17 Элчин сайдын дараа Монгол Улсад суух анхны эмэгтэй Элчин сайд болж томилогдсон маань юм. Ийм онцгой эрхэм хүндтэй статустай ирсний ачаар Монголын олон найз нөхдийн халамж, дэмжлэгийг хүртэж ажиллалаа.
Монгол шиг нээлттэй, эрч хүчтэй улсад хоёр жил 10 сарын хугацаанд олон үйл явдал тохиолдож болно.
Энэ хугацаанд би хоёр орны өндөр, дээд түвшний харилцаа, харилцан айлчлалууд улам идэвхжиж, ойр ойрхон болж өрнөснийг биечлэн харлаа. Томилогдоод сар ч болоогүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцох завшаан тохиож байв. Буцахаасаа 1 сарын өмнө Ерөнхий сайд Н.Учралтай хамт Далянь хотод болсон Зуны Давос чуулга уулзалтад оролцлоо. Үүнээс гадна, өнгөрсөн жилийн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт, 9 сарын 3-ны тэмдэглэлт ойн баярын хурал, түүнээс өмнөх хугацаанд болсон Азийн өвлийн наадам, Хятадын олон улсын импортын экспо зэрэг олон чухал арга хэмжээнд оролцлоо. Энэ бүхэн зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшний айлчлалууд бөгөөд үүнээс гадна нам, төрийн бусад өндөр албан тушаалтнуудын харилцан айлчлалуудын давтамж ойр байлаа. Энд бүгдийг нь тоочвол тун урт болохоор байна.
Би хоёр орны түүхэн ач холбогдолтой томоохон хамтын ажиллагааны төслүүд ар араасаа хэрэгжиж эхлэхийг биечлэн харлаа. Хоёр улс 70 жилийн дараа Ганцмод–Гашуунсухайт буюу хоёр дахь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт биеллээ олж, хагас зуун жил төлөвлөгдсөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун нутгийн уулсын гүнд эрчимтэй баригдаж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол Хятад, Монголын хамтын ажиллагааны хамгийн чухал төв байсаар ирсэн.
1950–1960-аад онд Хятадын тусламжийн ажилчид Монголд ирж Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулалцаж байсан бол сүүлийн хоёр жилд 1008 айлын гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны төсөл болон Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дараалан ашиглалтад орлоо. Цаашид Төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор, Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв, Үндэсний урлагийн их театр зэрэг тусламжийн олон төсөл хэрэгжинэ. Эдгээр түүхэн барилга байгууламжууд цаг хугацааг дамнан оршиж, Хятад, Монголын найрамдлын түүхийг өгүүлсээр байх болно.

Намайг хамгийн их баярлуулсан зүйл бол Монголд ажиллаж байсан Хятадын тусламжийн ажилчдын дурсгалын цогцолборыг хамтран байгуулахаар талууд санал нэгдсэн явдал юм. Ийнхүү үнэт түүхэн дурсамжийг мөнхөлж, тэдний гавьяа зүтгэлийг дурсан санах юм.
Мөн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэгийг байгуулсандаа их баяртай байна. Тус цэцэрлэгт өхөөрдөм хулсны баавгай болон мазаалай баавгайн хөшөө та бүхнийг үргэлж найрсгаар угтан авах болно.
Би цар тахлын дараах хугацаанд хоёр талын худалдаа эрчимтэй өсөж байгааг биечлэн харлаа. Намайг ирсэн жил хоёр орны худалдааны эргэлт 20 орчим хувиар өссөн бол, энэ оны эхний хагаст 50 хувиар өсөөд байна. Энэ жил хоёр улс хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, Монголоос Хятад руу гаргах нүүрсний экспортыг 100 сая тонноос давуулах гэсэн хоёр том зорилтоо гарцаагүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ жил Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ой, мөн Хятадын XV дахь таван жилийн төлөвлөгөөний эхний жил тохиож байна. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засаг 4.7 хувиар өсөж, өндөр технологийн үйлдвэрлэл, дижитал-ухаалаг эдийн засаг, орчин үеийн үйлчилгээний салбар зэрэг шинэ хөдөлгөгч хүчнүүд эдийн засгийн өсөлтөд 40 гаруй хувийн хувь нэмэр оруулж, инновацын хөгжил дэлхий дахинд “Хятадын боломж 2.0”-ийг авчирлаа.
Долоо хоногийн өмнө Хятад улс 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, хиймэл оюун ухааны салбарын дэлхийн анхны засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг байгуулан, олон улстай хамтран хиймэл оюун ухааныг хүний төлөө, илүү эерэг, зөв чиглэлд хөгжүүлэхээр шинэ алхам хийлээ.
Монгол Улс ч мөн хиймэл оюун ухааныг эрчимтэй хөгжүүлж байна.
Ирээдүйд хоёр улс хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбаруудад хамтын ажиллагааны илүү олон өсөлтийн цэгийг бий болгож, Хятад, Монголын хамтын ажиллагааны “Боломж 2.0”-ийг хамтдаа нээнэ гэдэгт итгэлтэй байна.
Би “Хонины хариуд цай” хэмээх найрамдлын түүхийн үргэлжлэл болгож, Хятад, Монголын нөхөрлөлийн шинэ түүхийг хамтдаа бичилцсэндээ баяртай байна. Намайг Монголд ирсэн жилийн өвөл Монгол Улсад сүүлийн 50 жил тохиогоогүй зудын гамшиг нүүрлэж, Хятадын бүх шатны төрийн байгууллагууд болон Улаан загалмай нийгэмлэгүүд хамгийн түрүүнд мөнгөн болон эд материалын хандивийн тусламж үзүүлж, Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ч орон нутгийн авран туслах ажиллагаанд идэвхтэй оролцож байсныг санаж байна.
Мөн саяхан Монголд шүлхий өвчин гарсан үед ч Хятадын тал хамгийн түрүүнд 1.6 сая тун вакцин илгээсэн бөгөөд захиалга өгснөөс эхлээд вакцинжуулалт хийгдэх хүртэл ердөө долоо хоног ч хүрэхгүй хугацаанд хэрэгжсэн юм.
Бид Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд шинэ амьдрал бэлэглэж, нүдний болор цайлттай ахмадуудад дахин гэрэл гэгээг авчирч, "CIDCA" сантай хамтран малчдын гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсээр байна. Хятадын иргэний нийгмийн байгууллагууд Монголын сайн үйлсийн үйл ажиллагаанд улам ихээр оролцож байгаа явдалд баяртай байна.
Би биечлэн болон цахимаар Монголын маш олон сайхан найз нөхөдтэй болсон. Миний хамгийн их очсон хоёр газар Төрийн ордон болон Гадаад харилцааны яам байсан бол онлайнаар "Facebook", "X" платформ байлаа. Зарим нөхөдтэйгөө байнга уулздаг байсан бол, заримтай нь огт нүүр тулж уулзаагүй ч сэтгэлээрээ ойр байж, Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлэх үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулж, бие биеэ дэмжин урамшуулж байлаа.
Мөн надтай олон сайхан туршлагаа хуваалцаж ажилласан дипломат төлөөлөгчдөдөө талархаж байна. Бид дүн өвлийн хүйтнээр шинэ оны анхны нарыг хамтдаа харж, Наадмын үеийн ид халуунд замын түгжрэлд өнгөрүүлсэн сэтгэгдлээ хуваалцлаа. НҮБ-ын байгууллагуудын хамт олонд онцгойлон талархал илэрхийлье. Бид хамтдаа олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг урагш ахиулан, Монголын талд гал унтраах техник хэрэгсэл болон нарны эрчим хүчний халаалтын төхөөрөмжөөр хангах, хөрсний менежментийн чадавхыг дээшлүүлэх, сургуулийн охидын эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах зэргээр дэмжлэг үзүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралыг улам сайжруулахын төлөө хамтран ажиллалаа.

Монгол дахь Хятад иргэд, Хятадын аж ахуйн нэгжүүд, багш нар, оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний зарим нь Монголд олон жил ажиллаж, амьдарч байгаа бол зарим нь ирээд удаагүй ч бүгд хамтдаа Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ хүч болж, “Бүс ба Зам” санаачилгын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалт, хятад хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Надад болон Элчин сайдын яаманд үзүүлсээр ирсэн итгэл, дэмжлэгт талархаж байна.
Элчин сайдын яамны нийт хамт олондоо, тэр дундаа Монгол ажилтнууддаа талархал илэрхийлье. Бид бүхэн хамтдаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдын дүр төрхийг бүтээж, Хятад, Монголын найрамдлын түүхэнд шинэ хуудсыг хамтдаа бичлээ. Миний хүртсэн “Алтангадас” одонд та бүхний ч бас гавъяа бий!
Тийм ч учраас, өнөө оройн ёслол нэг талаар үдэлт боловч нөгөө талаар талархлаа илэрхийлэх ёслол болж байна. Сүүлчийн завшааныг ашиглан, нийт найз нөхдийнхөө хайр хүндэтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн надад багагүй харамсал үлдэж байна. Монголын 21 аймгаар бүгдээр нь аялж амжсангүй. Наадмын хуушуур, айраг ханатлаа амталсангүй, монгол хэлийг бүрэн сурч амжсангүй. Миний бие цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг онцгой чухалчилж ирсэн хэдий ч ганцхан сарын дараа Монгол Улсад болох COP17 хуралд оролцож чадахгүй болсон нь тун харамсалтай байна. Монголын найз нөхдийнхөө өмнө, бид бүгдийн хүсэн хүлээж байсан өндөр, дээд түвшний нэгэн айлчлалыг хамтдаа угтаж чадаагүй өртэй үлдлээ.
Цахим орчны нөхдийнхөө өмнө, биечлэн уулзаж чадаагүй өртэй үлдлээ. Эдгээр харамслыг маань манай хамт олон болон шинээр томилогдон ирэх Элчин сайд миний өмнөөс биелүүлж өгнө гэдэгт би итгэлтэй байна.
Хоёр хоногийн дараа би эх орондоо буцаж, ажилдаа орно. Бээжинд та бүхнийг эзэн хүний ёсоор угтан авахыг тэсэн ядан хүлээж байгаа хэдий ч өнөө маргаашгүй ирэхийг бол зөвлөхгүй. Нэг найз маань надад “Монголын аялал жуулчлалын уриа үг “Go Mongolia, Cool Mongolia” байх ёстой гэж хэлж байсан. Би үүнтэй бүрэн санал нийлж байна. Учир нь Бээжингийн зун хэт халуун байдаг бол намар нь тэнгэр цэлмэн, агаар сэрүүсэж хамгийн сайхан улирал болдог. Тиймээс бүгдээрээ хамтдаа Бээжингийн алтан намраар дахин уулзацгаая
Та бүхэндээ маш их баярлалаа!
3,605.46






















































mnbvc 2026-07-24 88.116.92.142
Энэ хүн сайн юм хийсэн
Нэргүй 2026-07-24 66.181.160.114
данх нянгар нарын том төлөөлөгчийн гайгаар 10 мянга хүрдэггүй байсан хятад ажилчид 30 мянга болтлоо тоо толгой нь өссөн шүү.
Нэргүй 2026-07-24 66.181.183.209
Сайхан инээдэг хүн байна
123 2026-07-24 66.181.190.59
🤮
Алтан 2026-07-24 59.153.114.116
монголд элэгтэй, нээлттэй элчин сайд байсансан. Хугацаанаасаа өмнө буцаан татагдах шиг боллоо. Арай монгол руу хатуу бодлого явуулах юм биш байгаа..
Нэргүй 2026-07-24 122.201.31.65
Элчин сайд танд баярлалаа…
Нэргүй 2026-07-24 66.181.178.229
Сү Дэлгэрсайхан тэргүүтэн бн даа.
Нэргүй 2026-07-24 202.9.40.137
Малилзаад байсан Баяр нь хаачив?
Z 2026-07-24 66.181.190.59
3aйл
Нэргүй 2026-07-24 66.181.190.59
** **