ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид: Хэн нь хэн бэ

ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг оролцогч тус бүртэй ярилцах ажиллагааг ХЗБХ дээр зохион байгуулж байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар 2020.11.06-ны өдөр томилогдож байсан. Тиймээс 2026.11.06-нд дээрх таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, орны гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн. Байнгын хорооны ажлын хэсэгт ирүүлсэн гишүүнд нэр дэвшигчдийн анкетаас 20 иргэнийг сонгон шалгаруулалтад бүртгэсэн. Нэр дэвшигчдээс шаардлагад нийцсэн таван хүнийг сонгож, ХЭҮК-ын гишүүнээр сонгоно.
Нэр дэвшигчид: Д.Жамъяндагва, Л.Галбаатар, Г.Ууганбаатар, Х.Цэцгээ, Б.Болорсайхан, Б.Энхболд, Т.Ихтамир, Б.Хишигсайхан, Ц.Үүрцайх, Э.Эрдэнэжамъян, Г.Наранбаатар, Ц.Адъяахишиг, Д.Ганбаяр, Д.Баянбилэг, Д.Гэрэл, Д.Ёндонжамц, Б.Одонгэрэл, Д.Батсайхан, Д.Цогтбаатар, Ч.Ханддулам. Б.Энхболд 2020 онд Комиссын гишүүнээр томилогдсон, одоо дахин нэрээ дэвшүүлж байна.
Хэн нь хэн бэ. Ямар албан тушаал хашиж байв
Д.Жамъяндагва: Цагдаагийн академид 2002 онд бакалавр, 2006 онд магистрын зэрэг авч, 2014 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. 2023 оноос Дотоод хэргийн их сургуульд докторантурт суралцаж байна. 2002-2009 онд Хөвсгөл аймаг, нийслэл, Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, тасгийн даргаар ажилласан. Дараа нь “Номин холдинг” компанид хуулийн зөвлөх, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагад хуульч, хуулийн зөвлөхөөр ажиллажээ. 2019 оноос өмгөөлөгч. Анкетдаа 2018 оноос Төрийн банкны Чингэлтэй дүүргийн салбарт ажиллаж буй.
Л.Галбаатар: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2011 онд олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2013-2014 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид хуулийн мэргэжилтэн, 2015-2018 онд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд судлаач-багш, ахлах судлаач, 2018-2019 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд ахлах референтээр ажилласан. Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн байв. 2023 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг гурван сар гүйцэтгэжээ. Азийн сан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагад гэрээгээр судлаач, зөвлөхөөр ажилласан. 2025 оноос Үндэсний ба олон улсын арилжааны арбитрт арбитрчаар ажиллаж байна. 2026 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг хүртсэн.
Г.Ууганбаатар: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2011 онд эрх зүйчээр төгсөж, 2021 онд Улаанбаатар Эрдэм их сургуульд эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2011-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тусгай хяналтын улсын байцаагч, Хууль, эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилласан. 2017 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтэст референтээр ажилд орж, ахлах референт болсон. 2022 оноос тус хэлтсийн дарга.
Х.Цэцгээ: “Аа Жи Би” коллежийг 2002 онд эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2002-2005 онд “Тоуризм Монголиа” компанид, 2007-2009 онд “Монгол Канадын эдийн засгийн холбоо” төрийн бус байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллаж, 2006 онд “ГооМонгол” сэтгүүлийн редакцийг эрхэлж байжээ. 2010-2012 онд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дахь төвд сургалт хариуцсан мэргэжилтэн байв. 2012 оны арванхоёрдугаар сараас Хүний эрхийн Үндэсний Комисст Комиссын даргын туслах, ахлах мэргэжилтэн, референт, ахлах референтээр ажилласан. 2024 оноос Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга.
Б.Болорсайхан: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2008 онд төгсөж, 2011 онд тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2008-2016 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референтээр ажиллаж, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байв. Дараа нь “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлд хуулийн зөвлөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн санд цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний зөвлөх, 2019-2021 онд тус байгууллагын Суурин зохицуулагчийн газарт хүний эрхийн үндэсний шинжээчээр ажилласан. 2021-2022 онд “Стратеги академи” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, 2022-2024 онд Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга байжээ. 2024-2026 онд Монголын залуучуудын эвсэлд зөвлөхөөр ажилласан.
Б.Энхболд: Цагдаагийн академийг 2007 онд эрх зүйч, цагдаагийн ажил мэргэжлээр төгсөж, 2009 онд тус сургуульд хууль зүйн магистр, 2016 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёонгги их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2007 оноос Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч байв. 2020 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдсон. Одоо дахин нэрээ дэвшүүлжээ.
Т.Ихтамир: Орхон их сургуулийг 2001 онд эрх зүйчээр төгсөж, 2019 онд Дотоод хэргийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2021 оноос тус сургуульд докторантурт суралцаж байна. 2003 оноос өмгөөлөгч. “Уорклайн”, “Монтуса” компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. 2008 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референтээр ажилд орж, 2015-2022 онд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилласан. 2022-2024 онд “Хүний эрх хөгжлийн түүчээ” компанийн гүйцэтгэх захирал, 2023 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга байв. 2024-2025 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж, ерөнхий газрын даргын үүргийг түр гүйцэтгэсэн. 2025 онд Комисст эргэн ирж, Тамгын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болсон. Мөн оны арванхоёрдугаар сараас Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.
Б.Хишигсайхан: Техникийн их сургуулийг 1995 онд радио холбооны инженерээр, Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн сургуулийг 2002 онд эрх зүйчээр төгссөн. 2006 онд Хонгконгийн их сургуульд хүний эрхийн хуулийн магистрын зэрэг хамгаалсан. Монголын үндэсний радиод инженер, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд” хөдөлгөөнд хүний эрхийн зохицуулагчаар ажиллаж байжээ. 2002-2005 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албыг удирдсан. Дараа нь Хууль зүйн үндэсний хүрээлэнд Дэлхийн банкны төслийн техникийн зөвлөх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт үндэсний зөвлөх, 2013-2022 онд “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагад хуулийн хөтөлбөрийн менежерээр ажилласан. 2023 оноос Хүний эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Бизнес ба хүний эрх” төсөл, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагад зөвлөх, судлаачаар ажиллаж байна.
Ц.Үүрцайх: Монгол Улсын Их Сургуулийг 2009 онд философи, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөж, 2011 онд философийн магистрын зэрэг хамгаалсан. 2024 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавраар төгссөн. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тус хурлын эмэгтэй төлөөлөгчдийн зөвлөлийн ахлагч байжээ. 2020 онд “Митчелл сан”-д төслийн зохицуулагч, Залуу судлаачдыг дэмжих санд гэрээт судлаачаар ажилласан. 2021 оноос Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны дарга, тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга байв. 2025 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, Дотоод аудит, мониторингийн газрын даргаар ажилласан.
Э.Эрдэнэжамъян: Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг 2002 онд эрх зүйчээр төгссөн. 2003 оноос өмгөөлөгч. 2004-2007 онд Монголын скаутын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2007-2011 онд “Эрдэнэс МГЛ” компанид хуульч, хуулийн хэлтсийн дарга, 2011-2012 онд “МНТК” компанийн гүйцэтгэх захирал байв. 2012-2014 онд Хууль зүйн дэд сайд, 2016-2018 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 2025-2026 онд Ерөнхий сайдын болон Цахим хөгжлийн сайдын орон тооны зөвлөх байжээ. 2026 оноос Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид Дэлхийн банкны санхүүжилттэй авто зам, тээврийн төслийн дэд зохицуулагчаар ажиллаж байна.
Г.Наранбаатар: “Их Засаг” хууль зүйн дээд сургуулийг 1999 онд эрх зүйчээр төгсөж, 2002 онд Батлан хамгаалахын их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2018 онд “Их Засаг” олон улсын их сургууль, Буриадын их сургуулийн хамтарсан зөвлөлд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн. 1999 оноос “Их Засаг” их сургуульд багш, ахлах багш, Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч, Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. 2019 оноос тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал. 2003 оноос өмгөөлөгч. Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны дарга, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, спортын арбитрчаар ажиллажээ. 2015 онд “Эврика” эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байр эзэлсэн.
Ц.Адъяахишиг: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 1998 онд төгсөж, 2016 онд тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2011 онд Удирдлагын академид төрийн удирдлагаар мэргэшсэн. 1998-1999 онд Хууль зүйн сайдын туслах, Хууль зүйн яамны мэргэжилтэн, 2000-2003 онд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатарын туслахаар ажилласан. 2008 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референтээр ажилд орж, ахлах референт, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болсон. Тэрбээр 2008-2020 онд “Хүний эрх” сэтгүүлийн нарийн бичгийн даргыг хавсран гүйцэтгэжээ.
Д.Ганбаяр: Монгол Улсын Техникийн их сургуулийг 1998 онд компьютерийн техник хангамж, 2000 онд бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. АНУ-ын Калифорнийн олон улсын менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж, 2016 онд Отгонтэнгэр их сургуулийг иргэний эрх зүйн бакалавраар төгсжээ. 2002-2006 онд АНУ-ын Merrill Lynch, Scripps Health компанид шинжээч, Монголын хөрөнгийн биржид мэргэжилтнээр ажилласан. 2006-2016 онд Удирдлагын академид багшилж, Азийн хөгжлийн банкны төслийн удирдагч, “Улаанбаатар консалтинг групп” компанийн ерөнхий захирал, Монголын эрсдэлийн менежментийн холбооны ерөнхийлөгч байв. 2011-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2015-2016 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн байжээ. 2012 оноос Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга. Хэд хэдэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, 2025 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гэрээт зөвлөх байсан. 2025 оноос Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2026 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн.
Д.Баянбилэг: Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг 1989 онд нийгмийн ухаан, улс төрийн чиглэлээр, Отгонтэнгэр дээд сургуулийг 1998 онд эрх зүйчээр төгссөн. 2008 онд Хилийн цэргийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1989-1991 онд хилийн цэргийн отрядын заставт улс төрийн орлогч, 1996-1998 онд Хууль зүйн сайдын туслах байв. 1998-2002 онд “Монголын хүний эрхийн төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Оюуны өмчийн сан”-гийн захирал, 2002-2009 онд Хууль зүйн үндэсний төвийн Хууль зүйн мэдээллийн төвийн дарга, 2010-2014 онд “Мэргэн их Монгол” компанийн захирлаар ажилласан. 2014 оноос Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга.
Д.Гэрэл: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2004 онд эрх зүйчээр төгсөж, 2007 онд тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2014 онд АНУ-ын Нотр Дамын их сургуульд олон улсын хүний эрхийн чиглэлээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2026 оноос Монгол Улсын Их Сургуульд докторантурт суралцаж байна. 2006 онд өмгөөллийн тусгай зөвшөөрөл авсан. 2005-2006 онд Тээвэр хөгжлийн банкны Хуулийн хэлтэст хуулийн зөвлөхөөр ажилласан. 2006-2021 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд гүйцэтгэх захирал, төслийн зохицуулагч, ерөнхийлөгч байв. 2021 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны гишүүн, Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн захирал. 2025-2026 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллажээ. “Глобал Ацетилен” компанид 2013 оноос хуулийн зөвлөхөөр ажилладаг.
Д.Ёндонжамц: “Орхон” их сургуулийг 2002 онд эрх зүйчээр төгсөж, 2005 онд Чингис хааны нэрэмжит “Их Засаг” их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2011 онд Удирдлагын академийг төрийн удирдлагаар төгсөж, 2014-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд докторын хөтөлбөрт суралцсан. 2005-2022 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажилласан. 2022 онд Хүний эрхийн Үндэсний Комисст олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан референтээр ажилд орж, хэд хэдэн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн. 2025 оны есдүгээр сараас Захиргаа, удирдлагын хэлтсийн Орон нутаг хариуцсан тасгийн дарга.
Б.Одонгэрэл: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг 2001 онд монгол, англи хэлний мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг 2004 онд эрх зүйчээр төгссөн. 2008 онд тус сургуульд, 2011 онд Японы Кюүшүгийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг, 2020 онд Дотоод хэргийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2005-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрүүгийн эрх зүй, криминологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан, бодлогын ахлах судлаачаар ажилласан. 2015-2019 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалтын хэлтэс, Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж, Хүний нөөцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэжээ. 2019 оноос “СИТИ” их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал. 2005 оноос өмгөөлөгч. 2023 онд “Хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” бүтээлээрээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шилдэг бүтээлийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн.
Д.Батсайхан: Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуулийг 1982 онд төгсөж, 1982-1988 онд тус яаманд салааны захирагчаар алба хаасан. Ленинград хот дахь Дотоод явдлын яамны дээд сургуулийг 1992 онд хуульчаар төгссөн. 2010 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Дотоод явдлын яамны их сургуулийн докторантурыг төгсөж, 2021 онд Дотоод хэргийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2023 онд “Их Засаг” их сургуулиас профессор цол авсан. 1997-1999 онд Хилийн цэргийн дээд сургуульд багш, 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газарт офицер, 2001-2007 онд Цагдаагийн академид ахлах багш, төвийн даргаар ажилласан. 2011-2017 онд Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургуульд ахлах багш, дэд профессор, хөтөлбөрийн менежер байв. 2023 оноос “Их Засаг” их сургуульд багшилж, 2025 оноос тэнхимийн эрхлэгч.
Д.Цогтбаатар: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг 1998 онд эрх зүйн бакалавраар төгссөн. 2005 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны академийг төгсөж, 2012 онд тус академийн адъюнктурт суралцсан. 2022 онд “Билиг” дээд сургуульд эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1998-2014 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, газрын даргаар ажилласан. 2019-2023 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2025 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл Ерөнхий сайдын хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх байв. 2024 оноос “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга.
Ч.Ханддулам: “Оюу” дээд сургуулийг 2007 онд аялал жуулчлалын менежерээр, Отгонтэнгэр их сургуулийг 2016 онд эрх зүйчээр төгссөн. 2016 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонбукийн үндэсний их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2018 оноос Монгол Улсын Их Сургуульд улс төр судлалын докторын хөтөлбөрт суралцаж байна. 2016 онд “Стандарт холдинг” компанид хуулийн зөвлөх байв. Мөн оны арванхоёрдугаар сараас Шүүхийн ерөнхий зөвлөлд ахлах шинжээч, Шүүхийн ёс зүйн хорооны ахлах шинжээч, хэргийн хөдөлгөөн хариуцсан референтээр ажилласан. 2023 онд долоон сар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хянан шалгагчаар ажиллаад Шүүхийн ерөнхий зөвлөлд эргэн очиж, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга болсон. 2024-2025 онд Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэжээ.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой,
- Эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан туршлагатай,
- Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэдлэг, чадвартай,
- Эсвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Энэ чиглэлд мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигддаг.
Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах үе шат:
1. ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг “www.parliament.mn” цахим хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлдэг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан байна.
2. Дараад нь ажлын хэсэг томилогдож, ХЭҮК-ийн гишүүн болох шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ өгдөг. Оролцогчдын бүртгэлийн шийдвэр гармагц тэдний талаарх мэдээллийг цуглуулж тайлан бэлтгэнэ. Ийм үе шаттайгаар одоогоор 20 гишүүнийг бүртгэж аваад байгаа юм.
3. Одоо ажлын хэсгийн боловсруулсан тайланг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, томилгооны сонсгол зохион байгуулах юм.
4. Эцэст нь Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийг Комиссын гишүүн болоход тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлт гарган УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.