Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадам эхэллээ. Энэхүү ёслол төгөлдөр баярын арга хэмжээнд зориулан олон улсын удирдагчид мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ хэвлэл мэдээлэлд ч онцолсон байна. Тэр дундаас "France-Presse" агентлагийн "Mongolian wrestlers train ‘bodies, minds’ for annual showdown" буюу Монгол бөхийн спортыг сурвалжилсан нийтлэлийг хүргэж байна.
Шүгэл дуугарахтай зэрэгцэн аварга биетэй олон арван бөх Монголын уудам талд хөлбөмбөгийн төлөө зэрэг зэрэг уралдана. Энэ нь дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээнээс санаа авч, Монголын хамгийн эртний спортын нэг болох үндэсний бөхийн хүнд бэлтгэлд шинэ өнгө нэмсэн нэгэн арга юм.
Дөрвөн удаагийн улсын аварга Н.Батсуурь буюу Басу өөрийн байгуулсан бэлтгэлийн бааздаа бөхчүүдийг жил бүрийн Үндэсний их баяр наадамд зориулан хэдэн долоо хоногийн турш бэлтгэдэг. “Одоо дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээн болж байгаа учраас бэлтгэлдээ жаахан бүтээлч зүйл оруулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл хүнд хэцүү хөтөлбөрийн хурдыг богино хугацаанд өөрчлөх нь хүч шаардсан дасгал хэвээр байна"” гэж Басу "AFP" агентлагт ярьжээ.
Түүний шинээр байгуулсан "Basu Sports Complex" баазад бэлтгэл хийж буй тамирчид нь долоодугаар сарын дундуур болох хоёр өдрийн Үндэсний их баяр наадамд түрүүлэхийг зорьж буй Монголын өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй бөхийн нэг хэсэг юм. Наадмыг уламжлал ёсоор “Эрийн гурван наадам” буюу үндэсний бөх, хурдан морины уралдаан, сурын харваа гэсэн гурван төрлөөр зохион байгуулдаг байна.
“Бөхчүүд зөвхөн биеийн хүчээ бус, хооллолт, сэтгэлзүй гээд бүх талаараа бэлтгэгдэх ёстой” гэж Басу онцоллоо.

Улаанбаатар хотоос ойролцоогоор 100 км-ийн зайд орших Монголын тал нутаг дахь энэхүү баазын нэвтрэх журам маш хатуу бөгөөд цөөн тооны зочинд л зөвшөөрөл олгодог. Бэлтгэл үүр цайхаас эхэлдэг бөгөөд хоёр удаагийн барилдааны бэлтгэл хийдэг аж. Үүний дараа үхэр эсвэл хонины мах, хүнсний ногоо, сүүтэй цайгаар илчлэг өндөртэй, тэжээллэг өдрийн хоолондоо ордог. Бөхчүүд нэг сар орчим хугацаанд монгол гэр болон модон байшинд байрлаж, заал, фитнес, ил талбайд бэлтгэлээ базаадаг байна.
Наадмын барилдаан задгай талбайд болдог учраас тал хээрт бэлтгэл хийх нь бодит нөхцөлд дасан зохицоход тустай гэж Басу үздэг. “Өмнө нь бүх зүйл илүү энгийн байсан. Харин одоо тамирчид байгальтайгаа ойр орчинд мэргэжлийн түвшинд бэлтгэл хийх боломжтой болсон” хэмээн 39 настай Басу хэлжээ.
ЗАЛУУ АВАРГУУД

Басугийн хэлснээр Үндэсний их баяр наадам бол “Монголчуудын олимп” бөгөөд түрүүлсэн бөх нь зөвхөн өөртөө бус гэр бүл, нутаг орондоо нэр төр авчирдаг.
Монголын үндэсний бөх нь олимпын бөхөөс ялгаатай. Жингийн ангилал, цагийн хязгаар байдаггүй бөгөөд нэг барилдаан заримдаа бараг нэг цаг үргэлжилдэг. Бөхийн хөлийн улнаас бусад биеийн аль нэг хэсэг нь газарт хүрэхэд ялагдсанд тооцогдоно. Ийм дүрмийн ачаар жин багатай, залуу бөхчүүд том биетэй өрсөлдөгчөө давах тохиолдол цөөнгүй. Тухайлбал, 2001 онд төрсөн өнгөрсөн жилийн улсын аварга Э.Батмагнай өөрөөсөө хавьгүй том бөхчүүдийг давж түрүүлсэн юм.
Ахмад бөхчүүд өөрсдийн арга барил, туршлагаа залуу үед өвлүүлдэг бэлтгэлийн баазууд нь үндэсний бөхийн хамгийн онцлог уламжлалуудын нэг хэвээр байна.
Монгол Улс хурдацтай хотжиж байгаа ч ийм баазууд олон эрчүүдийг хөдөө талд цуглуулсаар байна. Харин эмэгтэйчүүд үндэсний бөхөөр барилдах эрхгүй хэвээр байгаа юм.

Басугийн баазад бэлтгэл хийж буй 22 настай Н.Сумъяабазар цар тахлын үеэр Наадам цуцлагдсаны дараа үндэсний бөхөөр барилдах шийдвэр тухайгаа ярив.
“Наадам болоогүй нь маш сонин санагдсан. Ийм урт түүхтэй уламжлал гэнэт тасалдсан шүү дээ. Тэр үед л би бөхөөр хичээллэхээр шийдсэн. Угаасаа бөх болохыг хүсдэг байсан болохоор яагаад оролдож болохгүй гэж бодсон” гэж тэрбээр "AFP" агентлагт өгүүлжээ.
Оройн нар уулсын цаагуур шингэх үед Сумъяабазар болон бусад бөхчүүд байр руугаа буцав. Наадам ойртох тусам тэдний бэлтгэл улам эрчимжинэ. Харин хөлбөмбөг тоглох цаг дахин гарахгүй.
3,605.46






















































Холбоотой мэдээ