niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:32 UTC Эх: https://news.mn/r/2876883/ fe8ec33337c4d763… ← niitlelch.mn руу буцах

“Алтайгаа сайхан магтвал ажил үйлс бүтнэ” гэж аав минь захидаг

“Алтайгаа сайхан магтвал ажил үйлс бүтнэ” гэж аав минь захидаг

“Алтайгаа сайхан магтвал ажил үйлс бүтнэ” гэж аав минь захидаг

Ардын язгуур урлаг, тэр дундаа мартагдах дөхсөн халх туулийн өв соёлыг сэтгэл зүрхээрээ тээж, уламжлан хөгжүүлж яваа Баянхонгор аймгийн Галуут сумын ах дүүс болох О.Төрболд, О.Төрмандах нартай ярилцлаа. 


-Та хоёр өөрсдийгөө танилцуулаач. Ардын язгуур урлагтай анх хэрхэн, яаж холбогдсон бэ?

-Төрболд: Намайг Одгэрэлийн Төрболд гэдэг. Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Бага насаа эмээ, өвөөгийнхөө гар дээр адуу, хонинд явж өнгөрүүлсэн, жирийн нэг хөдөөний хүүхэд байсан. Дунд сургуулиа дүүргээд ШУТИС-д дулааны инженер мэргэжил эзэмшсэн. Үүний дараа 2015 оноос урлагтай холбогдсон доо. Оюутан байхдаа Соёлын дээд сургуулийн дотуур байранд амьдардаг байсан минь урлагт дуртай болох сэдлийг өгсөн юм. Манай өрөөнд төгөлдөр хуур байдаг, өрөөний хүүхэд маань ч морин хуур тоглодог байсан нь надад их нөлөөлсөн. Дараа нь Баянхонгортоо очиж, сумынхаа Соёлын төвийн байранд байхдаа гитар тоглож сурлаа. Тэгтэл манай сумын Соёлын төвөөс "Танай сумын соёлын төвд хөгжмийн багшаар ажиллах боломж байна уу?" гэсэн санал тавьсан юм. Хөгжмийн багшаар ажиллаж байх хугацаандаа морин хуур, хөөмий, ерөөл, магтаал гэх мэт соёлын биет бус өвийг илүү гүнзгий мэдэрч эхэлсэн. Улмаар 2015 оны долдугаар сард "Монгол туургатны туульчдын анхдугаар уралдаан" болоход дүүтэйгээ хамт оролцохоор явж байлаа. Яг тэр үеэс л энэ соёлын биет бус өвийг тээхэд сэтгэл зүрхээ зориулж эхэлсэн дээ.

Хүмүүс морь, бөх, загасчлах гэх мэт хоббитой байдаг бол миний хобби бол морин хуур хөгжим, ардын язгуур урлаг, ерөөл магтаал, хөөмий юм.

Өөрийнхөө хэмжээнд ард түмэндээ ерөөл магтаалаа өргөж, уралдаан тэмцээндээ оролцоод л явж байна даа.

-Төрмандах: Намайг Одгэрэлийн Төрмандах гэдэг. Би Баянхонгор аймгийн Галуут сумандаа бага сургуулиа дүүргэсэн. МУИС-ийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. 2014 онд Ардын язгуур урлагийн шавь сургалтад хамрагдаж, Төв Халхын алдарт эмэгтэй туульч Д.Өлзий багшаар халх туулийн мөн чанарын талаарх ерөнхий ойлголтыг заалгаж авч байлаа. Буцаад Баянхонгортоо ирэхэд хөөмийн сургалт болох гээд, аймгаас хамрагдах хүүхэд байна уу гэсэн зар гарсан юм. Би тууль сонирхож байгаагийнх ардын язгуур урлагийг ч бас сонирхоод үзье гэж шийдээд Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын шавь сургалтад явж эхэлсэн. Тэнд МУСТА Лувсанцэрэн гэдэг багш маань анх хөөмий зааж өгсөн юм. Яг тэр үед л "Ардын язгуур урлаг, энэ хөөмий гэдэг чинь ямар гоё юм бэ" гэх гайхалтай мэдрэмжийг авч байлаа. Түүнээс хойш өөрийн сонирхлоороо идэвхтэй оролдож эхэлсэн. Миний энэ урлагт дуртай болсон гол шалтгаан бол миний гэр бүл, тэр дундаа миний ах байгаа юм.

Ах маань намайг хаана ч явсан дагуулаад л "Одоо ингэ, тэг" гээд зааж зөвлөдөг байсан. Надад хөгжим байхгүйгээс болоод сурах эрмэлзэл буурахын даваан дээр ах маань бүр өөрөө хөгжим хийж өгч байлаа.

Тухайн үед жижигхэн, буйдхан сумын төвд шинэ хөгжим тоглох, хөгжимтэй болох боломж хомс байхад ах маань тэр бүхнийг бүрдүүлж өгсөн юм. "Бүх боломж нь надад байна, аав, ээж, ах маань ч дэмжиж байна, би яагаад оролдоод үзэж болохгүй гэж" бодсоноор энэ зам руу орсон доо.

-Анх Ховд руу ерөөлч, магтаалчдын тэмцээнд дүүтэйгээ хамт оролцоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Төрболд: Тэр аялал, тэр тэмцээн бол бид хоёрын хувьд үнэхээр мартагдашгүй, маш сайхан дурсамж болон үлдсэн дээ. Манай аав, ээж хоёр биднийг маш их дэмждэг, өөрсдөө ч язгуур урлагт үнэхээр хайртай хүмүүс байдаг юм.

Ямар сайндаа л аав маань "Миний хоёр хүү Алтайгаа сайхан магтчихаач, ажил үйлс нь сайхан бүтнэ шүү дээ" гэдэг.

Тэр үг нь хүртэл бид хоёрт маш том урам зориг, хүч өгдөг байлаа. Эцэг хүн үр хүүхдээ тэгж сайхан урамшуулж, дэмжинэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Ховд аймагт болсон уралдааныг зорьсон гол шалтгаан нь багшийнхаа өвлүүлсэн халх туулийг Баруун Монголын урианхай ард түмэнд очиж сурталчлан таниулах гэсэн шавийн хүсэл эрмэлзэл байсан юм. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт ажилладаг Мягмарсүрэн гэж залуу бий. Дүү тэр хоёр хамт алдарт туульч Д.Өлзий багшаас халх туулийг сурч авч байсан юм. Тэгээд энэ хоёрыг аваад аав бид дөрвүүлээ Ховд руу хөдөлж байлаа. Талдаа 900 гаруй километр газарт ирж очихын долоо хоногийн аялал болсон доо. Аавтайгаа хамт өөрсдийн машинтай, халх туулиа төлөөлөн Баруун Монголд очиж уралдаанд оролцоно гэдэг үнэхээр бахархмаар, сайхан мэдрэмж байсан.

Тэр тэмцээнд оролцоно гэдэг өөрөө бидний хувьд нэр төрийн хэрэг, бас багшийн маань ч захиас байсан.

Багш маань "Халх туулиа миний хүүхдүүд цааш нь сайхан үргэлжлүүлж, аваад яваарай" гэж захиж байсан юм. Замдаа зөндөө адал явдалтай учирсан. Шаварт сууна, бороон дундуур эвдэрхий замаар явсан гээд л олон саадыг давж очсон. Тэгээд Ховдод очиход бүх туульчид Буянт голын хажууд байрлаж байсан юм билээ. Биднийг тэнд очиход бүх хувцас маань норчихсон, шал усан юмнууд машинаас бууж ирсэн.

Тэгэхэд судлаач Юндэнбат гуай, Катуу гуай нар толгой сэгсэрч, "Миний хүүхдүүд багшийнхаа туулийг хайлах гэж ямар их хичээгээ вэ" гэж хэлэхэд нь үнэхээр сэтгэл огшиж билээ. Тэр үг надад уралдаанд оролцоод түрүүлэхээс ч илүү сайхан санагдсан.

Аавд маань ч бас маш сайхан байсан байх. Тэр олон мундаг туульчидтай уулзаж, үг солилцоод л. Тэнд болсон нэг хөгжилтэй зүйл нь, хүмүүс манай аавыг туульч гэж бодоод андуураад байсан юм. Аав тэгэхэд нь инээгээд л "Хүмүүс намайг Баянхонгороос том туульч ирлээ л гэж бодоод байх шиг байна" гэж хошигнож байж билээ. Тэнд байсан хүмүүсээс "Хол газрыг хол гэж цааргалалгүй, сэтгэл гарган ирж оролцсонд баярлалаа" гэсэн үг сонсох үнэхээр сайхан байсан. Тэгж л цуур хөгжим, хөөмийн гайхамшгийг үнэхээр биширч билээ.

-Төрмандах: Бидний зорьсон зүйл маань маш гэгээн, сайхан байсан учраас замд ямар ч саад бэрхшээл тулгарсан ажралгүй, маш сайхан мэдрэмжтэйгээр хүрч чадсан. Яагаад гэвэл 2000 оноос хойш халх тууль гэдэг өв соёл ховордож, уламжлан үлдээгчид нь цөөрч эхэлсэн юм билээ.

Үүнийг цааш нь уламжлуулах, "Халх тууль алга болоогүй шүү, байгаа шүү" гэдгийг бусдад таниулах гэсэн том зорилготой явсан учраас бидэнд ямар ч саад тотгор, замаасаа шантрах үе байгаагүй ээ.

-Та хоёр хувьд төрсөн ах дүү нар мөн өөрсдийн дур сонирхлоороо л энэ ардын язгуур урлагт дурласан. Мэргэжлийн хувьд тэс ондоо шүү дээ. Яг мэргэжлийн хүмүүс та хоёрыг хэрхэн үнэлж байсан бэ? 

-Төрболд: Мэдэхгүй хүмүүс бол гоё сайхан байна гэдэг. Мэдээж хэрэг мэргэжлийн хүмүүсийн нүдээр шал өөр харагдаж байгаа шүү дээ. Магадгүй сайн ч биш муу ч биш байгаа байх. Дундаж л болов уу.

Одоо хэр нь хөөмийг бүрэн дүүрэн сураагүй л байна. Бид хоёрын сурсан зүйл багадах байх. Нэг л юман дээр би аан бас болж багаа юм байна гэсэн бодол төрж байсан. Бид хоёр СУИС дээр бэлтгэл хийх боломж тохиогоод тэгэхэд СУИС-ийн хөөмийн ангийхантай хамт бэлтгэл хийж байхад хоёрдугаар курсын хэмжээний чадвартай болсон байна гэж байсан тэндээс л анх болох гэж байгаа юм байна даа гэсэн сэдлийг авч байсан.

Одоо ч мэргэжлийн биш тул мэргэжлийн хүмүүстэй яаж зэрэгзэх вэ дээ. Мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгдөг. Түнийг нь хүлээж авдаг.

-Төрмандах: Айлын найран дээр ирээд ерөөл, магтаал хэлэхэд миний очсон байгаа айлынхан СУИС-ийн оюутан уу гэдэг. Тэр үедээ СУИС-ийн оюутан шиг л байгаа юм байна гэж боддог. Гэхдээ яг ингээд харьцуулахад бол мэргэжлийн хүмүүстэй харьцуулагдахгүй байх. СУИС-д сурч байгаа хүмүүс чинь яг энэ чиглэлээр мэргэшээд өдөр бүр дасгал сургуулиулалтыг тогтмол хийж байгаа. Миний хувьд ажлаа хийж, амьдралаа зохицуулахын хажуугаар суралцаад явдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-10 202.126.90.148

Монголоос явах юмсоооон 🙄🙄🙄🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2026-07-10 202.126.90.148

дандаа л дээл, хувцас, бөх, морь, нутаг ус , тусгаар тогтнол гээл байхын эдгээрийг нь үгүйсгээгүй зүгээр л Монгол улс хэзээ улс шиг улс болноо…..Эвдэрдэг зам харгуй, буруу төлөвлөлттэй хотууд, хариуцлагагүй хувь хувьсгалыхан, утаа, хог, түгжрэл, авилгал, залхуурал

Avatar

Хэлээд юугхэв 2026-07-10 202.9.46.79

Ёстой загатнасан газар маажих шиг л үнэн хэллээ дээ. Нээрээ энэнээс залхаж, бялуурч байнаа нээрээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж