Баяр, наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр /2026.07.09/ мэдээлэл өгөв.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 2400 орчим объектын гал түймэр мөн нийслэлийн хоёр дүүрэг 12 аймгийн 53 суманд 129 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Объект болон хээрийн гал түймрийг гаралт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч түймэрт өртөж нас барсан иргэдийн тоо 20 хувиар өссөн байна. Нийт гарсан гал түймрийн 50 гаруй хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болсон бол 31 хувь нь цахилгааны аюулгүй байдлаас үүдэж гарсан байна. Баяр наадмын олон хоногийн амралт эхэлж байгаа энэ үед аялал зугаалгаар явахдаа гэрийнхээ тог, цахилгааны аюулгүй байдлыг хангаж орхих. Мөн өөрсдөө аялахдаа газ тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангаж, ил түлсэн галаа бүрэн унтраах зэрэг болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулав.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням:
“Улсын хэмжээнд 2021-2025 онд буюу сүүлийн таван жилд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн.Үерийн улмаас 25 хүн (хүүхэд 6) амь насаа алдаж, 13665 толгой мал хорогдож, 1471 гэр байшин эвдэрч, 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Он гарсаар 07 дугаар сарын 09-ний байдлаар үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж өртсөн 3 удаагийн томоохон үер боллоо. Тухайлбал нийслэл хот орчмоор долоодугаар сарын 07нд орсон борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 36 дуудлага, мэдээлэл ирсний дагуу Онцгой байдлын байгууллага, алба мэргэжлийн анги хамтран үерийн усыг соруулж зайлуулах, далан шуудуу татах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авч ажилласан. Үерийн улмаас хүний амь нас хохироогүй. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Энэ нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 7 дүүргийн 28 хорооны зөвшөөрөлтэй 1388, зөвшөөрөлгүй 282 нийт 1676 нэгж талбарт 1,917 айл өрх оршин сууж байна. Үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана” гэлээ.
-Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн б.Баярмагнай:
-Зуны амралт болон наадмын олон хоногийн амралт эхэлсэн энэ үед хүүхэд ахуйн осолд өртөх, гол усанд эндэх эрсдэл эрс нэмэгддэг. Эцэг эхийн хариуцлагагүй, хайхрамжгүй үйлдээс үүдэж хүүхэд цахилгаанд цохиулах, өндрөөс унах, халуун хоол цайнд түлэгдэх, хахах, угаалгын нунтаг зэрэг химийн хорт бодист хордох, нарших, нохой, могойнд хатгуулах зэрэг ахуйн осолд их өртдөг. Мөн аялал зугаалгаар хөдөө орон нутгийн зорихдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс үүдэж зам тээврийн осолд өртдөг. Тиймээс иргэд аялал зугаалгаар явахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа илүү сайжруулж, гол усанд орохдоо хиймэл завь хэрэглэхгүй байх, хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх шаардлагатай. Хүүхэд усанд хэдхэн секундын дотор живдэг. Мөн хүүхэд түлэгдэх эрсдэлтэй зүйлсийг хүүхэд хүрэхгүй газарт байршуулах, тог цахилгааныг шалгах, хол замд хурд хэтрүүлэхгүй, хамгаалах суудал хэрэглэхийг зөвлөж байна” гэв.
-Онцгой байдлын газрын эрсдэлийн удирдлагын газрын дарга, хошууч Ш.Анхтуяа:
–Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гэнэтийн аадар бороо орох нь нэмэгдсэн. Хэнтий, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг үерийн эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн. Багануур, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг үерийн эрсдэл их гэж үнэлэгдсэн.
Нийт хүн амын 77,8 хувь, орон сууц, барилгын 87,4 хувь, гэр сууцын 87,3, айл өрхийн 77,3 хувь нь үерийн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Улсын хэмжээнд 2026 оны долдугаар сарын 9-ний байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослын 58 тохиолдол бүртгэгдэж 34 иргэн амь насаа алдсаны 15 нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 38.1 хувь, амь насаа алдсан хүний тоо 25.9 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын найм хоногийн хугацаанд 15 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Баяр, наадмын амралтын өдрүүдэд ихэвчлэн халах төлөвтэй байгаа ч богино хэмжээний аадар бороо, уруйн үер буух эрсдэлтэй байгаа. Тэгэхээр иргэд гэр, сууцаа олон хоногоор орхиж хөдөө орон нутаг руу зорчихдоо үерийн эрсдэлээс эд, хөрөнгөө хамгаалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Тухайлбал, таны амьдардаг байршилд их ус тогтдог бол үүнээс эд хөрөнгөө хамгаалж шуудуу татах зэргээр урьдчилан сэргийлээрэй. Мөн аялал зугаалгаар явахдаа өндөрлөг газарт майхан, сууцаа барих, зам товчлох зорилгоор баталгаагүй, гарамгүй газраар гол, ус гатлахгүй байх, голын сав дагуу сууцаа барихгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
3,605.46






















































Нэргүй 2026-07-09 202.55.188.86
Нийт хүн амын 78% нь үерт өртөх эрсдэлтэй ч гэхшиг. Юугаа элийрээд хачин хачин тоонууд яриад байхаа хошуучаа???