niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 07:36 UTC Эх: https://news.mn/r/2876543/ f4cdc8e54035967a… ← niitlelch.mn руу буцах

И Жэ Мёны Монгол дахь айлчлал стратегийн ач холбогдолтой

И Жэ Мёны Монгол дахь айлчлал стратегийн ач холбогдолтой

И Жэ Мёны Монгол дахь айлчлал стратегийн ач холбогдолтой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын 14 дэх Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гёны хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх болсон.  Энэхүү айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүн Монгол Улсад хийж буй 15 жилийн дараах айлчлал бол И Жэ Мёны хувьд анхных нь юм. Хамгийн сүүлд 2011 онд тухайн үеийн ерөнхийлөгч И Мён Бак манай улсад төрийн айлчлал хийж байжээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын "Стратегийн түншлэл"-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн олон улс, бүс нутгийн түвшний хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар оролцох юм.

Монгол Улс, БНСУ 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш хоёр улс 2006 онд "Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл", 2011 онд "Иж бүрэн түншлэл", 2021 онд "Стратегийн түншлэл"-ийн харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа шат дараатайгаар өргөжүүлж ирсэн.

БНСУ 1990 онд Улаанбаатар хотод, Монгол Улс 1991 онд Сөүл хотод Элчин сайдын яамаа тус тус байгуулжээ.

И ЖЭ МЁН ГЭЖ ХЭН БЭ?

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён нь 1963 онд Хойд Гёнсан мужийн Аньдун хотод төрсөн. Ядуу айлд өссөн тэрбээр бага сургуулиа төгсөөд амьжиргааны эрхээр үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн ослын улмаас гар, бугуйгаа гэмтээж байжээ. Гэсэн ч боловсрол эзэмших мөрөөдлөө орхилгүй бие даан суралцаж, 1981 онд их сургуульд элсэн орж, 1986 онд Чун-Ангийн их сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн байна. Хүний эрх, хөдөлмөрийн чиглэлээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2005 онд улс төрд орж, 2010 болон 2014 онд Соннам хотын даргаар хоёр удаа сонгогдов. Дараа нь 2018 онд Кёнги мужийн захирагч болж, 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч Юн Сук Ёлд ялагдсан юм.

И Жэ Мён 2024 онд Бусан хотод халдлагад өртөн, хүзүүндээ хутгалуулсан ч амьд гарсан.

Мөн Юн Сук Ёл цэргийн онц байдал зарлах үед Үндэсний Ассамблейн хашааг даван орж, парламентын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалсан нь олон улсын анхаарлыг татаж байв.

Тэрбээр Юн Сук Ёлыг импичментээр огцруулах үйл явцад голлох үүрэг гүйцэтгэж, улмаар 2026 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. И Жэ Мён нийгмийн эмзэг бүлгийг дэмжих бодлого, нохойн махны худалдааг хориглох санаачилга, мөн шаардлагатай үед өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлдэг улстөрч гэдгээрээ танигдсан.

Гадаад бодлогын хувьд АНУ-тай холбоотны харилцаагаа хадгалахын зэрэгцээ Хятад, Орос болон БНАСАУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлэх байр суурийг баримталдаг гэж үздэг. Хэрэв түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл "ХҮМҮҮС" буланд орсон нийтлэлийг сонирхохыг зөвлөж байна.

И ЖЭ МЁН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН НЭГ ЖИЛ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён албан тушаалдаа орсноос хойш аль хэдийн нэг жил болсон. Тэрбээр Ерөнхийлөгч болсноор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тарифын асуудлаар хэлэлцээ хийх зэрэг хүндрэлтэй нөхцөлтэй нүүр тулсан юм. "Gallup Korea"-ийн судалгаагаар И Жэ Мён Ерөнхийлөгч болсны дараа иргэдийн дэмжлэг нэмэгдэж, олон нийтийн зөвшөөрлийн түвшин 62 хувьтай байна.

Түүнийг хамгийн ихээр 40-50 насныхан болон Жолла мужийн иргэд дэмжиж байгаа бол 60-аас дээш насныхны дэмжлэг 50 гаруй хувьтай байна. Харин 30-аас доош насныхны дэмжлэг харьцангуй бага буюу 41 хувьтай байна.

Иргэд И Жэ Мёныг эдийн засгийг сэргээх, төрийн ажлыг үр дүнтэй удирдах, олон нийттэй сайн харилцах чадвараар нь өндөр үнэлжээ. Мөн гадаад бодлого, нийгмийн халамжийн чиглэлээр хийсэн ажлыг нь сайшаасан байна. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш БНСУ-ын худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн бөгөөд экспорт 13 гаруй хувиар нэмэгджээ.

  • Гадаад бодлогод бодитой хандлага баримталж байна

И Жэ Мён албан тушаалдаа орсныхоо дараа АНУ, Япон, Хятадтай харилцаагаа идэвхжүүлжээ. АНУ-тай хийсэн хэлэлцээний үр дүнд Солонгосын бараанд ногдуулах тарифыг 25 хувиас 15 хувь болгон бууруулсан байна. Мөн сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа БНСУ-ын Ерөнхийлөгч анх удаа Хятадад айлчилж, хоёр улсын харилцааг сэргээх алхам хийжээ. И Жэ Мёны гол зорилго нь "дайнаас илүү энх тайван"-ыг эрхэмлэх боловч АНУ-тай болон АНУ-БНСУ-Японы гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх бодлогоо хадгалж байгаа юм.

  • Шийдвэрлэх олон асуудал үлдсэн хэвээр байна

Хэдийгээр И Жэ Мён эхний жилдээ өндөр үнэлгээ авч байгаа ч цаашид шийдвэрлэх хэд хэдэн том сорилт үлдээд байна. Үүнд эдийн засгийн өсөлтийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, орлогын тэгш бус байдлыг бууруулах, БНАСАУ-тай харилцааг сайжруулах, мөн АНУ, Хятад, Оросын өрсөлдөөн ширүүсэж буй нөхцөлд БНСУ-ын гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах асуудал багтаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, И Жэ Мёны эхний нэг жилийн амжилт ирээдүйд өндөр хүлээлт үүсгэж байгаа ч түүний түүхэнд эзлэх байр суурийг үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, гаргах шийдвэрүүд тодорхойлох аж.

И ЖЭ МЁНЫ ГАДААД АЙЛЧЛАЛУУД 

И Жэ Мён 2025 оны зургадугаар сарын 4-нд албан ёсоор БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаасаа хойш 18 оронд 11 удаагийн төрийн айлчлал хийжээ. Тэгвэл Монгол Улс түүний айлчилсан 12 дэх орон болох гэж байна. Тэрбээр 2025 оны зургаадугаар сарын 16-18-нд Канад улсад айлчилж, Кананаскис хотод болсон "Их7"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хийсэн анхны гадаад айлчлал байв. Энэ үеэр дэлхийн хэд хэдэн орны удирдагчтай хоёр талын уулзалт хийжээ. Үүний дараа 2025 оны наймдугаар сард Япон, АНУ-д ажлын айлчлал хийсэн. Японд Ерөнхий сайдтай уулзан хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн. Харин АНУ-д Ерөнхийлөгч Дональд Трамптай анхны дээд хэмжээний уулзалтаа хийж, тарифын бодлого, аюулгүй байдал болон хоёр улсын эвслийн асуудлаар санал солилцжээ.

Мөн 2025 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцсон байна. Аравдугаар сард Малайз улсад болсон АСЕАН болон АСЕАН–БНСУ-ын дээд хэмжээний уулзалтад оролцжээ.

И Жэ Мён 2025 оны арваннэгдүгээр сард Ойрх Дорнод, Африкийн орнуудаар айлчилсан. Тэрбээр АНЭУ-д төрийн айлчлал, Египетэд албан ёсны айлчлал хийсэн юм. Мөн Өмнөд Африкт болсон "Их20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Туркт төрийн айлчлал хийжээ. Дараа нь 2026 оны нэгдүгээр сард Хятад улсад төрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан нь БНСУ-ын Ерөнхийлөгч долоон жилийн дараа анх удаа Хятадад айлчилсан үйл явдал болов. Үүний дараа Японы Нара хотод ажлын айлчлал хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Сингапур, Филиппин улсад гуравдугаар сард төрийн айлчлал хийж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологи, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ өрнүүлжээ. Харин дөрөвдүгээр сард Энэтхэг, Вьетнам улсад айлчилж, эдийн засгийн болон стратегийн түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Зургаадугаар сард Европын орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Бельги, Итали, Ватикан, Францад ажиллаж, Европын холбооны удирдлагуудтай уулзсан. Мөн Францад болсон "Их7"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцов. Харин энэ сард тэрбээр Туркт болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.

И ЖЭ МЁНЫ МОНГОЛ ДАХЬ АЙЛЧЛАЛ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүн Монгол Улсад хийж буй 15 жилийн дараах анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал гэж үнэлэгдэж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичиг, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн хоёр орны төрийн тэргүүн хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ үеэр хоёр улсын стратегийн түншлэлийн урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон "Монгол–БНСУ-ын харилцааны Алтан үе" хамтарсан тунхаглалыг зарлахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён Пүрэв гаригийн орой Монгол–БНСУ-ын бизнес форумд илтгэл тавих юм. Үүнд хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, ашигт малтмал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц, эрчим хүч, ухаалаг хот зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Дараа өдөр нь тэрбээр Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил болон Солонгосын тусгаар тогтнолын хөдөлгөөнд хувь нэмэр оруулсан эмч, тусгаар тогтнолын зүтгэлтэн Ли Тэ Жүний дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлнэ. Мөн Монгол дахь солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзаж, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нартай тус тус уулзахаар төлөвлөжээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хүндэтгэлийн зоог барина. Харин Бямба гаригт И Жэ Мён, У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцох юм. Эл үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Ким Хе Гён нар хүндэт зочны хувиар баяр наадмыг үзэх юм.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Солонгосын хойгийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна. Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт дипломат харилцаатай.

Тийм учраас бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулж, Пёньянтай яриа хэлэлцээг сэргээхэд чухал түнш байж болохыг Сөүлийн тал үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн нар санал солилцох юм.

Олон улсын хэвлэлүүд И Жэ Мёны айлчлалыг зөвхөн дипломат арга хэмжээ бус, эдийн засаг, геостратегийн ач холбогдолтой алхам хэмээн онцолж байна. Түүний Монголд айлчилж буй нь Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараахан болж буй. Энэ нь БНСУ түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, бүс нутгийн түншлэлээ өргөжүүлэх бодлогоо эрчимжүүлж буйн илрэл гэж шинжээчид үзжээ.

Түүнчлэн олон улсын хэвлэлүүд Монгол Улсыг газрын ховор элемент, зэс, молибден, уран зэрэг өндөр технологийн үйлдвэрлэл, цахилгаан автомашин, хагас дамжуулагч, цэвэр эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай стратегийн ашигт малтмалын арвин нөөцтэй орон болохыг онцолж байна. Иймээс БНСУ үйлдвэрлэлийн гол түүхий эдийн импортоо төрөлжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг бууруулах хүрээнд Монголтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгаа гэж ажиглагчид дүгнэжээ.

ЭХ СУРВАЛЖ: UPI, The Korea Times, The Straits Times, Arirang News, The Global Korea Post, MBD.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-08 66.181.177.108

ӨМНӨД СОЛОНГОС НЬ ОРОСООС ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАЖ ОРОСЫНХ ШИГ ДНБ-ТЭЙ БОЛЖ ЧАДСАН. ХАРИН ГАЗАР ДООРОО АСАР ИХ БАЯЛАГТАЙ ОРОСУУД НЬ ХОЙДУУДЫГ ДЭМЖЭЭД ДЭМЖЭЭД МӨН Л ӨЛСГӨЛӨН ЯДУУ, ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН БАХЬ БАЙДГААРАА. УЧИР ЮУ ВЭ ГЭВЭЛ ХОЙД СОЛОНГОС НЬ ОЛСОН БҮХ МӨНГӨӨ ЦӨМИЙН ТУРШИЛТ ГЭДЭГ ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ БАЛАЙ ЮМАНД ЗАРЦУУЛААД САЛХИНД ХИЙСГЭЧИХДЭГ БОЛОХООР ТЭР. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ АЛТ, НЕФЬТГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА.

Avatar

Эзэнгүй айл 2026-07-08 66.181.184.51

Монголчуудыг маань бүгдийг авч явж ажил хийх бололцоогоорр хангана уу эрхэм ерөнхийлөгчөө

Avatar

Нэргүй 2026-07-08 66.181.177.238

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

Батаа 2026-07-08 66.181.188.170

Газрын ховор элемэнтээ ашиглах гэхээр нөгөө нутгийн индианууд, рекэтүүд нь гарч ирээд бөөн юм болно. Том том гэдэстэй, хар царайтай, прүс унасан нөхдүүд. Монгол орныг хөгжүүлэхгүй л дэ.

Avatar

Нэргүй 2026-07-08 202.9.40.125

Цаг үеэ олоогүй урилга байна даа.

Avatar

иргэн 2026-07-08 202.126.91.96

газрын ховор элементийг олборлох, боловсрууулах, болж өгвөл эцсийн бүтээгхдүүн хийх үйлдвэрийг Монголд байгуулах хэрэгтэй л дээ, эс тэгвээс түүхийгээр нь гаргахад тээврийн өртөг өндөр тусна, мөн Хятадын нутгаар дамжин тээвэрлэх асуудлаа хамтдаа шийдэх. Солонгостой хамтран Хятадын аль нэг усан боомтод хөрөнгө оруулалт хийх, 30 жил түрээслэх, энэ боомтоос Монгол барааг усан онгоцонд ачиж Солонгос, Япон, Энэтхэг ба бусад улс орон луу тээвэрлэх.

Avatar

asdf 2026-07-08 59.153.112.182

mash zuv

Avatar

Зочин 2026-07-08 203.91.115.50

Хойт Солонгосын удирдагч Ким Чен Ун ийг ирэх жил урих хэрэгтэй. Аавын хүүг алаг үзээд яахав

Avatar

зочин 2026-07-08 66.181.166.196

Хаха, тэр чинь онгоцонд суудаггүй хүн гэдэг, газраар тэгэхдээ зөвхөн өөрийн хуягласан галт тэргээрээ л явдаг гэдэг, манайд ирэхэд явах зам нь хэт уртдах байх оо, кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж