Монгол, БНСУ-ын иргэд харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх “Immigration Dialogue”-г ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтлоо

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёны урилгаар 2026 оны арваннэгдүгээр сарын 22-25-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён нар 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны энэ онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааны шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал болсныг онцлоод, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хён Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

зураг
 

Талууд чухал ашигт малтмал, эрүүл мэнд, хот төлөвлөлт, тээвэр, логистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаар тохиролцов.

Мөн иргэд харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хоёр улсын Гадаад харилцааны яам болон Хууль зүйн яам хоорондын зөвлөлдөх механизм байгуулах, “Immigration Dialogue” яриа хэлэлцээг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.

Хэлэлцээний дараа Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын “Консулын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын консулын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.