niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 16:03 UTC Эх: https://news.mn/r/2875457/ bec399415840b8c2… ← niitlelch.mn руу буцах

"Уртын дуу дуулахдаа тайвширч, өөрийнхөө дотоод мөн чанарыг олдог"

"Уртын дуу дуулахдаа тайвширч, өөрийнхөө дотоод мөн чанарыг олдог"

"Уртын дуу дуулахдаа тайвширч, өөрийнхөө дотоод мөн чанарыг олдог"

Монголын язгуур урлагийн сор болсон уртын дуу болбоос сайхан аялгуу төдий зүйл биш, нүүдлийн соёл иргэншлийн оюун санаа, монгол хэлний авиа зүй, байгаль эх дэлхийтэйгээ харилцах ухааныг тээж ирсэн монгол соёлын үнэт их өв билээ. Энэ өвийг өртөөлөх, түмэн олонд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн сургах их үйлсэд тууштай зүтгэж буй “Дуун өргөө” төв, Уртын дууны академийн үүсгэн байгуулагч, багш, уртын дуучин Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


– Та амар сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгч буйд тань гялайлаа. Та яагаад уртын дуучин болсон бэ? Уртын дуучин болох хүсэл анх хэзээ төрсөн бэ?

– Миний бие Ховд аймгийн Алтай суманд мэндэлж, өссөн. Хүүхэд нас минь алтайн ард түмэн, хөх уулс, мал сүрэгтэйгээ ойрхон өнгөрсөн. Багаасаа урлагт дуртай, хаана ч явсан дуулж байдаг хүүхэд байлаа. Малаа хариулж явахдаа дуулдаг байсан нь өнөө нэхэн санахад уртын дууны анхны сургалт байж дээ.

Тэр үед би уртын дуучин гэдэг мэргэжил байдаг талаар огт мэддэггүй байсан. Эстрад, зохиолын дуу сонсож, ирээдүйд тийм дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Харин  нутгийн ахан дүүс намайг “дуучин болно” гэж үргэлж хэлдэг байсан нь миний ирээдүйн зам мөрийг зөгнөсөн ерөөл байжээ гэж боддог.

2010 онд Улаанбаатарт ирсний дараа миний бэр эгч ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн дуунуудтай си-ди өгсөн юм. Төв халхын уртын дууг анх тэгж сонсож байлаа. Уртын дууг өдөр бүр сонсож, дагаж дуулахыг оролддог байсан ч уртын дуу анхандаа надад маш хэцүү санагдсан. Харин манай эгч “Чи уртын дуучин болох хүн” гэж урам өгсөн дөө.

Бага байхдаа ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуайн дууг сонсож, энэ хүн шиг дуучин болно гэж хүссээр зорин очиж, шавь орсон. Ингээд МУАЖ Ш.Чимэдцэеэ багш болон МУГЖ  Ц.Чулуунцэцэг багшаас сургалт авч хичээллэснээр, 2011 онд Соёл урлагийн их сургуульд уртын дуучин мэргэжлээр суралцах суурийг тавьжээ.

Миний ээж “Хүрэн толгойн сүүдэр” уртын дууг сайхан дуулдаг байлаа. Би багаасаа тэр дууг сонсож өссөн учраас СУИС-ийн элсэлтийн шалгалтад энэ дуугаараа орсон нь миний уртын дууны замналын эхлэл болсон.

Соёл урлагийн их сургуульд 2011онд элсэн орж МУГЖ С.Цогтсайхан багшийн удирдлага дор уртын дууны онол, арга зүй, уртын дуу дуулах арга барил эзэмшиж, уртын дуучин мэргэжлээр 2016 онд төгссөн.

Анхны жилүүдэд уртын дууг зөвхөн нэгэн төрлийн дуу хэмээн ойлгодог байсан бол хоёр, гуравдугаар дамжаанаас амьсгал, аялгуу, эрчим, дотоод утга учрыг илүү гүн мэдэрч эхэлсэн. Тэр үеэс л уртын дууг гүнзгий судлах, түгээн дэлгэрүүлэх нь миний амьдралын эрхэм зорилго болж эхэлсэн дээ.

МУГЖ С.Цогтсайхан, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУГЖ Д.Сосорбарам нарын олон сайхан багш нараасаа зөвхөн дуулах арга барил төдийгүй өв соёлын үнэ цэнэ, уртын дууны гүн ухааныг судалж, суралцсан. Монголын сор болсон сайхан багш нараасаа олон зүйлийг өдгөө ч суралцсаар байна. Бүх багш нартаа гүнээ талархаж, хүндлэн дээдэлж байдгаа танай хуудсаар дамжуулан илэрхийлье ээ.

– Та яагаад баруун монгол уртын дуугаар тусгайлан тэмцээн зохион байгуулах болсон бэ?

– Баруун монгол, тэр дундаа дөрвөн Ойрадын уртын дуунуудыг өвлүүлэн өртөөлөх нь цөөрснөөс өнөөдөр мартагдах эрсдэлтэй болсон гэж би хардаг. Урьд цагт өрх бүр уртын дуугаа мэддэг, найр наадамд ахмад настнууд төдийгүй залуус ч уралдан дуулдаг байсан. Харин өнөөдөр энэ сайхан уламжлал аажмаар бүдгэрч, өв соёлыг тээн өртөөлж буй хэдэн ахмад нутгийнхаа өвөрмөц аялгууг хадгалан үлджээ.

Тиймээс баруун монгол уртын дууг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэх зорилгоор тэмцээн зохион байгуулсан.

Миний бодлоор баруун бүсийн уртын дуунуудыг Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж болон уртын дууны сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт илүү өргөнөөр тусгах хэрэгтэй болов уу. Миний бие өөрийн цуглуулсан захчин уртын дууны бичлэг, судалгаагаа сургалтын байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Гэхдээ зөвхөн судалгаа түгээх нь хангалтгүй. Түүнийг өвлүүлэн заах багш өөрөө уг дууныхаа арга барил, нутаг нутгийн өнгө аялгуу, түүхэн онцлогийг гүнзгий мэддэг байх нь хамгаас чухал. Иймд сургалт, судалгаа, өвлүүлэн уламжлуулах ажлыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг.

– Таныг энэ оны эхээр санаа нэгсэх хүмүүстэй хамтран “Дуун Өргөө” нэртэй төв байгуулсан гэж сонссон. Тус төвийг ямар зорилгоор байгуулсан бэ?

– Миний хувьд сүүлийн 5 гаруй жил уртын дууны сургалтыг бие даан явуулж, 500 гаруй хүнд уртын дуу заажээ. Энэ хугацаанд уртын дууг монгол хүн бүр мэддэг мэт боловч үнэн хэрэгтээ зөв сайхан дуулдаг, үнэ цэнэ, ач холбогдлыг нь бүрэн ойлгодог хүн төдийлөн олон биш байгааг ажигласан.

Гэтэл уртын дуу бол тэнгэр заяат монголчуудын язгуур соёлын нэгэн тулгуур, монгол хүний амьдран оршихуй, хөгжихүйтэй салшгүй холбоотой урлаг мөн гэж бид үздэг. Уртын дуу бол өнөөг хүртэл тасралтгүй уламжлагдсан, хамгийн эртний дууны урлаг гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрөөд эхэлж байна. Тиймээс бидний нөхөд уртын дууг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд амьдруулж, дэлхий дахинд сонсгох гэсэн алсын хараа, зорилгоор “Дуун Өргөө” төвийг байгууллаа. Дуулахдаа хүртэл айдаг болчихсон энэ цагт монгол хүн бүр уртын дуугаа зөв, сайхан дуулдаг болоосой гэсэндээ манай төвийн хамт олон төвийнхөө дэргэд уртын дууны академи байгуулан, танхимын болон цахим сургалтын шинэчилсэн хөтөлбөрүүд боловсруулж, шаталсан сургалтууд зохион байгуулж байна. Бидний зорилго бол монгол хүн бүрт уртын дуу сурах орчныг бүрдүүлэх, сургагч багш нарыг бэлдэх, уртын дууг өвлүүлэх тогтолцоо бий болгох юм.

Уртын дуу бол зөвхөн нэгэн төрлийн дуу биш, харин монгол хэлний авиа зүй, нүүдлийн соёл, байгаль эх дэлхийтэйгээ зохицон орших ухааныг хадгалсан оюуны үнэт өв юм. Тиймээс энэ өвийг зөвхөн дуулж сурахаас гадна мөн чанарыг нь ойлгуулан өвлүүлэх нь бидний үүрэг гэж боддог.

– Уртын дуу болон богино дууны ялгаа юунд оршдог вэ?

– Ардын богино дуу бол харьцангуй богино хэмжээтэй, хэмнэл, уран нугалаа их  байдаг бол уртын дуу нь уужуу тайван аялгуу, гүнзгий амьсгал, гүн утга агуулгаараа онцлог. Хоёулаа л ард түмний амьдрал дундаас урган гарсан боловч уртын дуу нь хүний сэтгэл, байгаль дэлхий, цаг хугацааны мэдрэмжийг илүү өргөн хүрээнд илэрхийлдэг.

Уртын дуу сурахад хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?

– Уртын дуу сурахын үндэс нь зөв амьсгал юм. Зөв амьсгалтай хүн зөв дуугардаг, зөв дуугарч байж уртын дууны уужуу аялгуу, эрч хүчийг бүрэн дүүрэн илэрхийлж чадна.

Уртын дуу бол зөвхөн хоолойгоор дуулдаг урлаг биш. Хүний бие, сэтгэл, оюун ухаан бүхэлдээ оролцож дуулдаг, цогц үйл явц байдаг.

Үүнийг тамирчинтай зүйрлэж болно. Тамирчин хүн өдөр бүр тогтмол бэлтгэл хийж байж хүч чадлаа нэмэгдүүлдэгтэй адил уртын дуу ч амьсгалын зөв дасгал, тууштай сургуулилтын үр дүнд төгөлдөрждөг. Амьсгалын багтаамж сайжирч, биеийн эд эс бүр идэвхжин, дотоод эрчим нэмэгдэхийн хэрээр уртын дуу жинхэнэ өнгөөрөө эгшиглэж эхэлдэг.

Зарим хүн “би дуулж чаддаггүй” гэж өөрийгөө голох гээд байдаг. Миний бодлоор хүн бүрт дуулах боломж бий. Харин дууны хөвчний уян хатан чанар, зөв арга барил эзэмшээгүйгээс өөрийгөө чадваргүй гэж боддог. Зөв арга барилыг сураад авбал сайхан дуулдаг болдог доо.

– Уртын дууг ирээдүйд хэрхэн хадгалж, өвлүүлэх ёстой гэж үздэг вэ?

– Уламжлалт урлагийн хамгийн том үнэ цэнэ нь мөн чанартаа байна. Тиймээс цаг үеэ дагаад шинэчлэх хандлага байдаг ч язгуур онцлог, мөн чанараа алдаж болохгүй.

Орчин үеийн технологи, залуусын сонирхолд нийцүүлэн шинэ хэлбэрээр түгээж болно. Харин ингэж хөгжүүлэхдээ уртын дууны аялгуу, амьсгал, эрчим, гүн утгыг алдагдуулах ёсгүй.

Уртын дуу бол олон мянган жилийн турш нүүдэлчдийн амьдрал, баяр хөөр, гуниг, итгэл үнэмшил, байгальтайгаа харилцах ухааныг хадгалан ирсэн үнэт өв. Ийм өвийг бид хойч үедээ ойлгуулж, мэдрүүлж, амьдаар нь хамтаар өвлүүлэх учиртай.

– Уртын дуу хүний хүмүүжил, сэтгэл зүй, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Уртын дуу хүнийг тайвшруулж, төвлөрүүлж, өөрийнхөө дотоод мөн чанарыг танин мэдэхэд тусалдаг. Өнөөдөр хүмүүс алд биеийн эрүүл мэндэд анхаарч, төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг. Харин уртын дуу бол амьсгал, авиа зүйгээр дамжуулан хүний алд бие, сэтгэл санаа, дотоод эрчим хүчийг бүхэлд нь хөгжүүлдэг онцлогтой.

Уртын дуу дуулахын тулд зөв амьсгалж сурна. Амьсгал зөв болохын хэрээр бие тайвширч, сэтгэл тогтож, дуу хоолой чөлөөтэй нээгддэг. Дуу хоолойных нь хүчээр тухайн хүний хүч чадлыг мэдэж болно. Энэ бүхэн хүний сэтгэлийг цайлж байдаг тул өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлдөг, эрүүл мэндэд нь ч эерэгээр нөлөөлдөг. Жаргалтай, баяртай, эрүүл энх, амар амгалан амьдаръя гэвэл ямар ч төрлийн дуу, гэхдээ тэр дундаас уртын сайхан дуунуудаа сонсож, дуулж байгаарай гэж уншигч түмэндээ захиж хэлмээр байна.

Сайн дуучин гэхээр чанга дуулахыг хэлдэггүй. Харин зөв амьсгал, зөв арга барил, сонсголын мэдрэмж, авианы өнгийг эзэмшсэн хүнийг хэлнэ. Гадаад хэл сурахад эхлээд сонсож дасдагтай адил уртын дуу ч мөн сонсож, мэдэрч, зөв дуурайн суралцахаас эхэлдэг дээ.

– Байгаль, газар  зүйн байршил,  уртын дуунд нөлөөлдөг үү?

Тэгэлгүй яахав. Тал нутгийн түмэн олны аялгуу уужуу талбиун байхад алтайн уулсын хүмүүсийн аялгуу илүү хүчирхэг, эрчим ихтэй байдаг. Байгаль, хүн хоёр салшгүй холбоотой. Монголчууд бид уул ус, хад чулуу бүгд эзэнтэй гэж үзэж, харилцаж байдаг. Байгалийн хүчнүүдтэй цэврээр үнэн харилцаж чадвал тэр эрчим эргээд хүндээ ирдэг гэж ахмад буурлууд хэлдэг.

Ер нь энэ талаар эрдэмтэн багш нарын минь олон судалгаа, ном, бичвэрүүд бий.

– Уртын дуу сурахад нас нөлөөлөх үү?

– Уртын дуу дуулахад хүний нас тээг саад болохгүй. Уртын дууг хүсэл, хичээл зүтгэлтэй хүн бүр сурах боломжтой. Манай Уртын дууны академийн сургалтад хүүхэд, залуус, дунд насныхан, ахмадууд олонтоо хамрагддаг. Ховд аймагт миний дүү цэцэрлэгийн багшаар ажилладаг. 3-5 настай хүүхдүүдэд уртын дуу зааж байна. Манай зохион байгуулсан тэмцээнд тэр цэцэрлэгийн хүүхдүүд оролцож, насанд хүрэгчдээс дутахгүй сайхан дуулсан нь уртын дууг бага наснаас нь зөв арга барилаар эзэмшүүлж болдгийг харуулсан.

– Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

– Уртын дуу бол зүгээр л нэг төрлийн дуу биш, харин монгол хэлний төгс авиа зүй, хөг аялгуугаар бүрэн дүүрэн илэрхийлэгдсэн, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, бидний өвөг дээдсийн сэтгэлгээний өв, язгуур урлаг, хүн төрөлхтний соёлын өв их эрдэнэ юм шүү.

Уртын дуу бол өвөг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн үнэт өв, монгол хүний мөн чанарыг тээсэн оюуны их сан юм. Энэ их өвийг тээж, өртөөлнө гэдэг өнгөрснөө хадгалах төдий бус, ирээдүйгээ бүтээж байгаа хэрэг гэж би боддог.

Өв соёлоороо бахархах гэдэг нь мэддэг, мэдэрдэг, ойлгодог, дуулдаг, үр хүүхэддээ өвлүүлдэг байхыг хэлэх байх. Өв соёл номын хуудсанд үлдэх бус, хүмүүсийн дуу хоолой, ахуй амьдралын салшгүй хэсэг болон үргэлжилж байж л жинхэнэ үнэ цэнээ хадгална.

Хүн уртын дуу дуулахдаа зөвхөн аялгуу эгшиглүүлдэггүй. Сэтгэлээ ариусгаж, амьсгалаа тэгшилж, өөрийн мөн чанартайгаа учирч байдаг. Тиймээс уртын дуу бол монгол хүний оюун санааны дархлаа, үеэс үед өвлөгдөн ирсэн үнэт өв бөгөөд ирээдүй хойч үедээ өвлүүлэн өртөөлөх нь бид бүгдийн хамтын хариуцлага юм. Манай “Дуун Өргөө” төвийн эрхэм зорилго энэ билээ.

Миний бие уртын дуугаа дуулсаар, судалсаар, өвлүүлсээр байх болно. Учир нь уртын дуу эгшиглэж байгаа цагт Их Монгол Улс, хөх монгол хүн, эх монгол хэл, их нүүдэлчдийн аугаа өв соёл мөнхөд үргэлжилнэ.

А.Төгөлдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж