Хэнтий аймгийн иргэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор Очирын Батсүх Хэнтий аймагт 30 гаруй жил ажиллаж, Хөдөө аж ахуйн салбарт залуу насаа зориулсан, холбооны инженер мэргэжилтэй. Тэрбээр, Монгол Улсын анхны фермер.
Түүний хувьд гавьяаныхаа амралтад гарсны дараа 2020 онд Багануур дүүрэгт суурьшиж хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сонирхолтой орчныг бүрдүүлэхийн тулд нэг жилийн хугацаанд хашаагаа тохижуулжээ.
Хашааны хаалгаар ороход инженер техникийн өрөөнд ороод ирэв үү гэлтэй. Үнэхээр сонирхолтой орчин биднийг угтсан юм. Зочин хүлээн авах тусдаа гэр, аяллын зориулалттай том автомашин, хүүхдүүд тоглож, суралцах жижиг орчин, хүрхрээ мэт урсах ус, мод цэцгээр хүрээлсэн амралтын булан зэрэг нь ёстой л энд хүүхэд хөгжиж, тайвширмаар орчин бүрдүүлжээ. Мөн төмөр хийцийн бүтээлүүд, нарны хавтан, усны хоолой, янз бүрийн зориулалтын багажуудыг ч байрлуулсан байв.

Зарим нь мэргэжлийн дизайнерын бүтээл шиг жигд биш байх бөгөөд гагнаас, төмөр хийц нь ил харагдаж байх. Анх харахад эмх цэгцгүй мэт санагдсан ч, хэсэг алхахад эдгээрийн цаана төгс хийц, чамин дизайн биш харин амьдралд хэрэгтэй ухаалаг шийдлүүдийг ашигласан болох нь анзаарагдана.
О.Батсүх бидэнд нэг бүрчлэн тайлбарлана, тайлбарлах бүрд үнэ цэнэ нь улам тодорч харагдах ажээ. Тамхи их татдаг тул ишээ хаа сайгүй хаяхаас сэргийлж метр тутамд төмрөөр хийсэн хогийн сав байрлуулжээ. Үүнээс гадна зочин ирэхэд байгалийн сайханд тухлан ярилцах орчныг бүрдүүлсэн байв. Хаана сууж амарч, ажиллаж, хүүхдүүд нь хаана тоглох вэ гэдгийг хүртэл урьдчилан бодож зохион байгуулсан нь сонирхол улам татна.










































Хүүхдүүддээ зориулж “Инженерүүдийн өргөө” бэлдсэн байх бөгөөд төмрөөр хийсэн хөсөг тэрэг, мал амьтан гэх мэт монгол ахуйг санагдуулам жижигхэн тоглоомуудыг байрлуулсан нь хамгийн дулаан мэдрэмж төрүүлсэн хэсэг байлаа.
Ач, зээ нар нь тоглож байхдаа нүүдлийн ахуйгаа танин мэдэж, мэдэрч юмсыг хайрлаж, гамнаж сураасай гэсэндээ тоглоом бүрийг өөрийн гараар урлаж өгсөн өвөөгийн хүсэл тэнд шингэсэн байх аж.
Түүний бүтээсэн бүхнийг анзаарвал инженер сэтгэлгээ бүтээл бүрээс нь мэдрэгдэнэ. Хашаанд байгаа бүхэн тодорхой асуудлыг шийдэх зорилготой ба онолын мэдлэг, олон жилийн туршлагыг хослуулсны илэрхийлэл гэмээр…
"Би хүүхдүүдээ зөвхөн сайхан амьдраасай гэж хүсдэггүй. Юм бүтээдэг, хөдөлмөрлөж чаддаг, эх орноо хайрладаг хүн болоосой гэж хүсдэг.
Тиймээс ч багаас нь инженер сэтгэлгээтэй болгож байгаа. Ер нь Харвард төгссөн хүн боловсролтой гэсэн үг биш. Өвөг дээдсийнхээ өв соёлыг өвлөж, үргэлжлүүлж чаддаг хүнийг би боловсролтой хүн гэж боддог" хэмээн О.Батсүх хуучилна. Өдгөө тэдний нэг нь олон улсын дизайнер нөгөө нь төрийн өндөрлөгүүдийн зураг авдаг гэрэл зурагчин болсон байна.
Тэрбээр, ач, зээ нарынхаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бүтээл хийхээс гадна цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг ашиглажээ. Тодруулбал, 30 кВт хүчин чадалтай нарны эрчим хүчний системээр гэрэлтүүлэг, халуун ус, хөргөгч, усны насос, гагнуурын төхөөрөмж гээд өдөр тутмын бараг бүх хэрэглээгээ улсын цахилгаанаас хараат бус болгож чадсан байна. "Манайх хэрэглээд барахгүй хэмжээний цахилгаан үйлдвэрлэдэг. Харин ийм систем жирийн айлд үнэтэй учраас төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Одоогоор системийнхээ хүчин чадлын ердөө зургааны нэгийг л ашиглаж байгаа. Гагнуурчин дөрвөн нүдтэй, сантехникч хоёр толгойтой байдаг биш. Би яагаад сурч болохгүй гэж. Хүн өөрийгөө дайчилбал хийж чадна" гэсэн юм. Энэ үгсийг сонсоод сурсан эрдмээ ашиглана гэдэг нь юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв.

Цаашлаад хашааны буланд байрлах ачааны машин руу очлоо. Анх харахад байдаг л хуучин машин мэт харагдсан. Гэтэл ард талдаа 150 литр ус хадгалах савтай, эвхдэг сүүдрэвчтэй мөн нарны хавтангаар цахилгаанаа хангадаг, хаалгыг нь онгойлгоход ор, угаалтуур, гэрэлтүүлэг, шүүгээ гээд аялалд хэрэгтэй бүх зүйл байв. Гаднаасаа сүрлэг биш ч, эзэндээ хэрэгтэй бүхнийг багтаасан бөгөөд зай талбайг ухаалгаар ашигласан байв.
Харин хамгийн удаан зогссон газар маань халаалтын зуух байлаа. О.Батсүх том төмрөөр гагнаж хийсэн зуухаа тайлбарлахдаа амьдралынхаа дадлыг ярьж байсан юм. Холбооны инженерээр төгссөн ч цахилгаан, сантехник, халаалт гээд хэрэгтэй бүхнээ өөрөө сурч хийжээ. "Хүн оролдоод үзэх хэрэгтэй" гэх нэг л өгүүлбэр нь түүний бүтээсэн бүхний тайлбар мэт санагдаж байлаа.
"МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО Л БАЙХ ЁСТОЙ"
О.Батсүхийн хувьд хайрлаж явдаг хамгийн чухал зүйл нь байгаль, эцэг эх аж. Ярилцлагын дунд сэдэв нь аажмаар Монголын уламжлал руу шилжив. Монгол дээл, эмээл, морь, хазаар, хутга, нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй, өвөг дээдсийн ухаан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан гээд түүний яриа нэг сэдвээс нөгөөд тасралтгүй үргэлжилнэ. “Одоо би залуучуудад хэлдэг. Улаанбаатар хөгжөөд байна, сайхан болжээ гэдэг. Тэгсэн хэр нь наадмаар яагаад Шангриллагийнхаа хажууд майхан бариад суухгүй, модны хаяа бараадаад явдаг юм бэ. Байгаль учиртай. Ямар ч гоё юм хийсэн байгалийн уран бүтээлээс илүү уран юм энэ дэлхий дээр байхгүй. Энэ ертөнцөд хайрлаж явах хоёрхон зүйл бий. Нэгдүгээрт, эх болсон байгаль, хоёрдугаарт ижий аав. Байгалиа хайрлавал байгалийн бүтээсэн болгоныг хайрлана. Ээж аавыгаа хайрлавал ээж аавын бүтээсэн бүхнийг хайрлана" гэсэн хүүхэд, залууст зориулсан амны уншлага болсон сургаалаа манай уншигчдад ч дайсан нь энэ.
Түүний хувьд “Хорвоо дэлхийтэйгээ хоргүй харьц, байгаа болгонтойгоо ээлтэй зохиц” гэх үгийг амьдралынхаа зарчим болгожээ. Тиймээс ч уул ус, хүрхрээ, хөсөг тэрэг, хонио хариулж яваа хүний дүрс зэргийг бүтээж, хүүхдүүдэд нүүдлийн ахуйг нүдээр үзүүлж, мэдрүүлэхийг зорьсон байна.

О.Батсүх сүүлийн үед иргэд байгаль дэлхий, монгол ахуйгаасаа улам алсарч, биесээсээ улам холдож байгаад эмзэглэж явдгаа хэлэв. Тэрбээр, “Монголын соёл иргэншлийн гайхамшиг нь айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгт байсан. Бидний багад айлын нүүдэл ирэхэд нутгийн айлууд халуун цай, ааруул, өрөм, боорцог бариад тосдог байлаа. Харин одоо нэг орцонд олон жил амьдарч байж бие биеэ танихгүй өнгөрөх нь байна. Монголчууд бороо орохыг үүл гарахаас өмнө мэддэг байлаа. Хонины хамар битүүрч, нус нь гоожоод, тоглож давхиад байвал гурав хоногоос бороо орох нь гэж шинжинэ. Намар мод хормойноосоо шарлаж байна уу, оройноосоо шарлаж байна уу гэдгээр өвлийг шинжинэ. Тарвага ичээгээ яаж түлхсэн байна, оготно өвсөө хаана хураасан байна, нар яаж жаргаж байна, сар мичид ямар байна гэдгээр цаг агаараа хардаг байсан. Энэ бол монгол ухаан” хэмээн хуучилна.
Ярилцлагын төгсгөлд бид хашааны өөр нэг хэсэгт байрлах цэцгийн өрөөнд ороход өмнөх уур амьсгал өөрчлөгдөх нь тэр ээ. Ургамал, цэцгээр хүрээлүүлсэн тэр жижигхэн орон зайд ус хоржигнон урсаж, хэдхэн хором суухад тайвширч эхэлдэг нь анзаарагдав. Тэрбээр өөрөө ч энд хамгийн их суудаг тухайгаа ярив. Дараа нь цэцэгсийн дунд байрлах жижиг сандал дээр сууж урсах ус, тулганд асах галын чимээг анирдлаа.
Биднийг гарах үед тэр аль хэдийн дараагийн хийх ажлаа бодож амжжээ. "Би их зүйл төлөвлөөгүй ээ. Зүгээр л амьдрах орчноо илүү сайхан болгох зүйлс хийсээр л байна" хэмээн инээмсэглэн хэлэв.
Түүний хашаанд нарны хавтан, хүрхрээ, мод цэцэг, өөрийн гараар хийсэн бүтээлүүд олон байсан. Гэхдээ хамгийн үнэ цэнтэй нь олон арван жилийн хөдөлмөр, туршлага, монгол ахуйгаа хайрлах сэтгэл, сурсан эрдэм нь байлаа.




















Зүгээр л амьдрах орчноо илүү сайхан болгох зүйлсийг хүн бүр хийж чадвал О.Батсүх гуайнх шиг амьдрах боломж, бололцоо хүн бүрт бий. Гэр хорооллын олон айл өрх О.Батсүхийнхээс үлгэр авч чадвал бид ирээдүй болсон хүүхдүүдээ, цэвэр байгаль орчинд, монгол ахуйгаасаа алсрахгүй байх боломжтой юм гэсэн бодолтой тэднийхээс хотын зүг явж байхдаа бодож байлаа.
А.ТӨГӨЛДӨР
3,605.46






















































Нэргүй 2026-06-30 202.55.188.37
тархинд суусан ухамсар бөгсөөрөө алддаг ухамсраас тэс өөр зүйл монгол эрчүүд тархиараа эх орноо хайрладаг эмэгтэйчүүд бөгсөөр бүх дэлхий баярлуулдаг эрчүүд л эх орноо авч явна шүүдээ