niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:00 UTC Эх: https://news.mn/r/2873456/ 180041ae00432524… ← niitlelch.mn руу буцах

“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“

“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“

“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“

"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөж байгаа онцлох асуудлаар ярилцлага өгсөн зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж, УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Ерөнхий сайдын зүгээс энэ төслөөр олон жил ярьсан тэтгэврийн шударга тогтолцооны асуудлыг эцэслэж, цэг тавина гэж мэдэгдсэн. Хуулийн төслийг боловсруулахад судалгаа тооцооллыг хэрхэн хийсэн бэ?

-Би хоёр Засгийн газар дамжин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар 11 дэх сардаа ажиллаж байна. Ерөнхий сайд Н.Учралын хувьд 2020 оноос эхлэн нийгэм хамгаалал, нийгмийн даатгалын чиглэлээр ажиллаж байсан бол түүний өмнө ажилласан Г.Занданшатар дарга ч мөн адил нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр зорин ажиллаж байсан юм. Иргэдийн зүгээс тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлыг өөрчлөх боломжтой гэж шүүмжилдэг бол зарим нь эсрэгээрээ энэ асуудалд ул суурьтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг.

Ахмад настнуудтай уулзаж явахад “Насаараа хөдөлмөр эрхлээд, шударга бус тэтгэвэр тогтоолгосондоо гомдолтой явдаг” тухайгаа хэлж, ярьдаг. Дан ганц ахмад настнууд гэлтгүй залуус хүртэл “Биднийг тэтгэвэрт гарах үед нийгмийн даатгалын тогтолцоо шударга болсон байх ёстой” гэж санал бодлоо илэрхийлж байна.

Энэ мэтчилэн иргэн бүр энэ асуудалд янз бүрийн байр суурийг илэрхийлж ирсэн. Мэдээж хэрэг нийгмийн шударга бус тогтолцооноос болж, хэн ч хохирох ёсгүй. Нийгмийн даатгалын шинэчлэл бол МАН эсвэл АН, ХҮН, ИЗНН-ын ярьж, шийддэг асуудал биш. Энэ нийгмийн суурь асуудал. Дэлхийн хэмжээнд төрөлт буурч, хүний насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын шинэчлэлтийг хийж эхэлсэн. Монгол Улсад нэг жилд 80 мянга гаруй хүүхэд шинээр төрдөг байсан бол 2025 оны байдлаар 58 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талдаа эмэгтэй хүний нас 20 орчим насаар нэмэгдсэн бол эрэгтэй хүний 13 насаар нэмэгдлээ.

Эдгээр үзүүлэлт нь иргэд олон жил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгааг нь харуулж байна. Тиймээс нийгмийн суурь асуудлыг олон жил судалж, гадна дотны экспертүүдийг ажиллуулж, хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.

Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын эрх ашгийг тусгахыг хичээсэн.

Жишээлбэл, ажил олгогч, ажилтан залуус, тэтгэвэр авагчид гэх мэт бүх талыг багтаасан байх ёстой. Салбар яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны гол бодлогыг зохицуулж байгаа учраас хэрхэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих вэ гэдэг талаас нь харах ёстой. Ингэхдээ өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг дордуулах ёсгүй. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа залуусын нийгэм хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байх үүднээс бүх талд боломж олгосон хувилбарыг санал болгож байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2872119/ линкээр орж уншина уу.


“ТӨК-иудын удирдлага бүгд хууль бусаар томилогдож байна”

Судлаач Д.Тэгшбаяр төрийн өмчит компаниудад 2020-2024 онд хийсэн удирдлагын томилгоонд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны хүрээнд улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийг авч үзсэн байна. Түүнтэй судалгааных нь талаар ярилцлаа.


-Судалгаа хийх үед төрийн өмчит компаниудын 2020-2024 оны томилгоон дээр юу ажиглагдав?

-Энэ удаагийн судалгаагаар төрийн өмчит компаниудад 2020-2024  онд  удирдлагын томилгоог хэрхэн хийж вэ гэдгийг судалж үзлээ. Удирдлага гэдэгт төрийг төлөөлж буй Төлөөлөн удирдах зөвлөл, хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлага, удирдлагын баг орж байгаа. Мөн Засгийн газраас томилж буй Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ), бүтээмж, чанарын менежерийг томилоход төрийн оролцоо хэр байсан, хууль дүрэм, засаглалын зарчимд нийцсэн шударга байж чадсан уу зэргийг судаллаа.

Судалгааны хугацаанд 380 орчим төрийн болон орон нутгийн өмчит компаниуд байсан.

Төрийн өмчит компаниуд 58 мянга орчим ажилтантай, 64 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 16 орчим их наяд төгрөгийн урсгал зардалтай, 23 орчим их наяд төгрөгийн орлоготойгоос 4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гэдэг дүр зураг гарсан.

Эдгээрээс яг ашигтай ажилласан нь ердөө таван компани байгаа. Тэр дотроо “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэдэг гурван компанийг сонгож авсан. Энэ гурван компанийг сонгож авсан шалтгаан нь төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Авлига, ашиг сонирхлын зөрчилд асар өндөр өртдөг зэрэг хамгийн их хэл дагуулдаг байдлын харгалзан үзэж, удирдлагын томилгоо нь хэр ил тод, шударга явагдсаныг үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харахад, хамгийн өндөр дүнтэй мөнгө эргэлддэг, хамгийн олон тендер, худалдан авалт зарладаг боловч энэ гурван компанид улс төрийн нөлөө хамгийн өндөр байна дүр зураг гарч ирсэн.

-Судалгаагаар 2020-2024 онд төрийн өмчит компанийн тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ. Үүнийг дагаад нөгөө өндөр цалин, хангамжтай гэж шүүмжлүүлдэг дарга, захирлуудын тоо яригдана шүү дээ?

-Судлаачдад тулгардаг хамгийн том бэрхшээл бол тоон үзүүлэлт. Төрийн байгууллагуудын мэдээлэл бүгд зөрүүтэй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргаж байгаа тоо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг тоо дандаа зөрүүтэй байдаг. УИХ-ын гишүүд хаанаас ямар тоо авдгийг мэдэхгүй. Бид Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй албан ёсны мэдээлэлд түшиглэхээс өөр аргагүй.

Тухайн мэдээллийг харахад, 2020-2023 онд 355 төрийн болон орон нутгийн өмчит компани байсан.

Хэдийгээр 2023 онд төрийн өмчит компанийн тоог бууруулна гэж мэдэгдсэн аудитын 2024 оны тайлангаар 19-өөр өссөн.

Тэгвэл 2025 онд Ерөнхий сайдын мэдээллээр 14 компанийг татан буулгалаа гэсэн. Энэ мэтээр тоо мэдээлэл бүгд зөрүүтэй байгаа. Бидний авч үзсэн судалгаагаар, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг ашигтай ажилласан гурван компанийн удирдлагад 2020-2024 онд нийт 30 удаагийн томилгоо хийсэн. ТУЗ-д 10, гүйцэтгэх удирдлагад долоо, Засгийн газрын БЭТ-ийн нэг, чанар, бүтээмжийн болон бусад менежерийн есөн томилгоог зөвхөн гурван компанид  хийжээ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 онд БЭТ, гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн томилгоо, 2026 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” компаниудад хийгдсэн гүйцэтгэх захирлын томилгоонууд нэмэгдэнэ. Энэ томилгоонууд дээр гарсан зөрчлүүд бүгд ижилхэн гарсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2872776/ линк рүү нэвтэрч уншина уу.


"Төрийн нэрээр залилан хийдэг дарга нарт хариуцлага тооцох ёстой"

NEWS агентлаг орон сууцны захиалгын гэрээ, дахин төлөвлөлт болон төрийн оролцоотой барилгын төслүүдийн хүрээнд иргэд газар, үл хөдлөх хөрөнгө, мөнгө санхүүгээрээ хохирсон талаар "Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэж, бүрэн голомт самарсан төсөл"- I, II цуврал сурвалжлагыг хүргэсэн билээ. Тэгвэл хохирогч нар хууль хяналтын байгууллагад хандаад шийдэгддэггүй энэ асуудлын хууль эрх зүйн орчин ямар байгаа, цаашид хууль эрх зүйг хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Иргэдийн мөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг авч хохироосон орон сууцны төслүүд олон жил үргэлжилж байхад яагаад одоог хүртэл хариуцлага тооцож чадахгүй байна вэ. Шалтгаан нь юу байна вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим хуулийн этгээдүүд орон сууцны барилга ашиглалтад орохоос өмнө иргэдээс захиалга авч, “орон сууц захиалгын гэрээ”, “шинэ байр захиалгын гэрээ”, “худалдах, худалдан авах гэрээ” зэрэг олон төрлийн гэрээг өргөн хэрэглэж байна. Гэрээнд заасан үндсэн нөхцөлүүд хугацаандаа биелбэл асуудалгүй боловч төсөл удаашрах, барилга ашиглалтад орохгүй байх тохиолдолд иргэд шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Өнөөдөр барилгын ажил хугацаандаа дуусахгүй, ашиглалтад орохгүй байгаагаас болж олон иргэний амьдрал, гэр бүл төлөвлөлт, эдийн засгийн байдал хүндэрч байна.

Зарим тохиолдолд барилгын салбарт өмнө нь ажиллаж байгаагүй, туршлагагүй этгээдүүд компани байгуулан, төрийн байгууллагуудтай холбоо тогтоож, тендерт оролцсон нэрийн дор иргэдийг хохироох, залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах нь түгээмэл болсон.

Энэ асуудал нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудал биш, харин төрийн бодлогын түвшинд авч үзэх ёстой асуудал юм. Нэг өрх орон сууцанд орно гэдэг нэг яндан багасна гэсэн үг.

Жишээлбэл, 500 айл орон сууцанд орж чадвал 500 яндангийн хэрэглээ буурч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Гэтэл иргэдийн газрыг авч, эзэмших эрхийг нь шилжүүлэн авчихаад орон сууц барина гэсэн нэрээр олон жил хүлээлгэж, хохироож байгаа байдал байсаар байна.

Мөн “хамтран ажиллах гэрээ”, “хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэрийн дор иргэдийг төслүүдэд оролцуулж байгаа нь анхаарал татах асуудал юм. Уг нь хамтран ажиллах гэрээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш талууд тодорхой зорилгод хүрэх, ашиг олохын тулд хөрөнгө, үйл ажиллагаа, нөөцөө нэгтгэн хамтран ажиллах эрх зүйн харилцааг хэлдэг. Ийм гэрээний хүрээнд төсөл амжилтгүй болсон тохиолдолд оролцогч талууд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг. Гэтэл орон сууц захиалж байгаа иргэдийг хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч мэтээр гэрээнд оруулж байгаа нь эрх зүйн хувьд зохистой эсэх талаар нухацтай авч үзэх шаардлагатай.

Иргэн орон сууц худалдаж авах зорилготой болохоос бус төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн эрсдэлийг хамт үүрэх ёсгүй.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд иргэн газар, үл хөдлөх хөрөнгөө өгч, оронд нь тодорхой хэмжээний орон сууц авахаар тохиролцох боломжтой. Гэтэл түүнийг худалдах, худалдан авах гэрээгээр баталгаажуулж байгаа нь тухайн үеийн үнэлгээгээр хөрөнгийг нь түгжиж байгаа хэрэг юм. Харин тухайн үл хөдлөх хөрөнгө иргэний өмчлөлд хэвээр байсан бол зах зээлийн үнэ цэнэ нь ирээдүйд хэр хэмжээнд өсөхийг урьдчилан таамаглах боломжгүй. Иймээс гэрээний төрөл, нөхцөлөөр дамжуулан иргэдийн эд хөрөнгийн ашиг сонирхлыг хохироох тохиолдлууд гарч байна.

Орон сууц захиалгын гэрээ, шинэ байр авах зэрэг гэрээнүүд хэрэгжихгүй болсон үед асуудал шүүхийн шатанд шилждэг.

Гэвч зарим төслийн хувьд зөвхөн иргэний эрх зүйн маргаан бус, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал ч ажиглагддаг. Үүнтэй холбоотойгоор төрийн оролцооны асуудлыг мөн хөндөх шаардлагатай.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2872537/ линк рүү нэвтэрч уншина уу.


П.Оюундарь: Хүүхдийн хэвлийн өвдөлтийг үл тоомсорлож болохгүй

Хүүхдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгааг эмч нар анхааруулж байна. Ялангуяа сургуулийн насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд ходоодны үрэвсэл, ходоод болон дээд гэдэсний шарх, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл түгээмэл оношлогдох болжээ. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны их эмч П.Оюундарьтай ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ямар өвчлөлүүд хамгийн түгээмэл байна вэ?

-Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр түвшинд байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд хеликобактерийн халдвартай холбоотой ходоодны үрэвсэл, ходоодны шарх, дээд гэдэсний шарх, мөн улаан хоолойн сөөргөөт үрэвсэл их оношлогдож байна.

Гэхдээ эдгээр өвчнийг зөвхөн хеликобактерийн халдвартай холбож ойлгож болохгүй. Хооллолтын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, стресс, амьдралын буруу дадал зуршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэр дундаа хооллолт хамгийн том шалтгаануудын нэг болсон.

Бага насны хүүхдүүдэд ходоодны шарх харьцангуй бага тохиолддог ч хооллолттой холбоотой эмгэгүүд мөн адил элбэг байна.

-Энэ нь ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүдэд тохиолдож байна гэсэн үг үү?

-Тийм. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийн дунд илүү түгээмэл байна. Өглөөний цайгаа алгасах, хичээлийн завсарлагаагаар түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх, хооллох цагийн дэглэмгүй байх зэрэг нь өвчлөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр хүүхдүүд гэрийн хоолноос илүүтэйгээр амтлагч ихтэй, халуун ногоотой, шарсан хуурсан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх болсон. Мөн сахар ихтэй ундаа, амттаны хэрэглээ нэмэгдсэн. Энэ бүхэн хоол боловсруулах эрхтэнд шууд ачаалал өгч байна. Тиймээс хүүхэд өглөө тогтмол хооллож хэвших, ус сайн уух, аль болох гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол хүнс хэрэглэх нь чухал.

-Хүүхэд "гэдэс өвдөөд байна" гэж хэлэхэд эцэг эхчүүд тэр бүр тоодоггүй. Ямар шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлэх шаардлагатай вэ?

-Ходоодны өвчлөлийн шинж тэмдэг хүүхдүүдэд эхэн үедээ төдийлөн тодорхой биш байдаг. Жишээлбэл өлөн үедээ аюулхай орчмоор өвдөх, халуун ногоотой эсвэл хурц хоол идсэний дараа хэвлийгээр өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж илэрч болно.

Эцэг эхчүүд "ганц хоёрхон удаа өвдсөн юм чинь гайгүй биз" гэж бодох нь бий. Гэхдээ ийм шинж тэмдэг давтагдаж байгаа бол заавал эмчид хандаж, шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Шинж тэмдгийг удаан хугацаанд тоохгүй явбал ходоодны шарх үүсэх эрсдэлтэй. Харин шархны хамгийн ноцтой хүндрэл нь цооролт байдаг. Цооролт үүсвэл яаралтай мэс заслын тусламж шаарддаг учраас эрт үед нь оношлох нь хамгийн чухал.

-Хүүхдүүдэд ходоодны дурангийн шинжилгээ хийх боломжтой юу?

– Боломжтой. Ходоодны дуран бол ходоод болон дээд гэдэсний өвчлөлийг оношлох хамгийн найдвартай арга юм. Зургаан наснаас доош хүүхдэд ихэвчлэн ерөнхий унтуулгатай хийдэг бол зургаан наснаас дээш хүүхдэд ихэнхдээ унтуулгагүйгээр хийх боломжтой байдаг. Гэхдээ хүүхэд бүрийн биеийн байдал, сэтгэлзүйн онцлог өөр учраас эмч тухайн тохиолдол бүрийг үнэлж шийдвэр гаргадаг. Дурангийн шинжилгээний өмнө тодорхой хугацаанд хоол сойх шаардлагатай. Мөн хүүхэд тайван байх нь шинжилгээний чанарт чухал нөлөөтэй.

-Орчин үеийн хүүхдүүдийн хооллолт, амьдралын хэв маяг өмнөх үеийнхээс өөр болсон. Энэ өөрчлөлт өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бидний ажиглалтаар өмнөх жилүүдтэй харьцуулахад хоол боловсруулах эрхтний өвчлөл нэмэгдсэн. Үүнд хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хооллолтын буруу зуршил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.

Нөгөө талаас оношилгооны боломж сайжирсан нь өмнө нь илэрдэггүй байсан өвчнийг илрүүлэх боломжийг нэмэгдүүлсэн. Гэсэн ч бодит өвчлөл өсөж байгаа нь эмнэлгийн практикт тодорхой ажиглагддаг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2871890/ линкээр нэвтэрч унших боломжтой.


Өнөр бүл төв: Сүүлийн үед ирж буй хүүхдүүд бүгд эцэг эхтэй байна

Монгол Улсад эцэг эхийн хараа хяналтгүй эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэд асрамж, хамгааллын үйлчилгээнд хамрагдаж байна. Тэдний аюулгүй орчинд өсөж хүмүүжих, боловсрол эзэмших, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэн болон төлөвшихөд хүүхэд хамгааллын байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхэд хамгааллын ууган байгууллага болох Өнөр бүл хүүхдийн төв өдгөө 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл асрамжийн төвд өсөж буй хүүхдүүдэд өнөөдөр ямар асуудал хамгийн их тулгарч байгаа талаар тус төвийн захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа. Тэрбээр “Тэд өөрсдийн гэсэн түшиж тулах гэр бүлгүй ч гэсэн бидэнтэй адилхан л хүн шүү дээ. Дэмжлэг хомс ч гэлээ бид бүх талаар нь дэмжиж өгөх гэж хичээдэг. Манай хүүхдүүдээс өөрийгөө дайчлаад амжилттай, сайн явж байгаа олон залуучууд бий” гэдгийг онцоллоо.


-Өнөр бүл хүүхдийн төв хэдэн оноос эхлэн, ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Манай төв анх 1974 онд, эцэг эх нь хоёулаа нас барсан бүтэн өнчин хүүхдүүдэд асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаж байсан.

-Одоогоор хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 139 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.

-Өдөр тутмын үйл ажиллагаа нь хэрхэн зохион байгуулагддаг вэ?

-Бид яг л олон хүүхэдтэй айлын амьдрал шиг үргэлжилдэг. Хүүхдүүд маань өглөө хичээл, цэцэрлэгтээ явна. Үлдсэн хүүхдүүд нь босоод цайгаа уучхаад гэр орноо цэвэрлэж, хичээл номоо хийнэ.Гадагшаа чиглэсэн дугуйландаа явна. Айлын гишүүдийн хийх ёстой ажил ямар байдаг билээ яг л тийм байдаг.

–Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх л хууль эрх зүйн актуудыг мөрдөнө. Манайх өөрийн гэсэн стандарттай, түүнийхээ дагуу олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

-Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Сая хэлсэнчлэн жил бүр дээд байгууллагуудаас стандартын үзлэг хийдэг. Манайх дотооддоо дотоод хэвлэлийн баг, гамшгийн аюулаас хамгаалах сайн дурын зөвлөл, хүүхдийн зөвлөл, эрүүл мэндийн алба, хүүхэд хамгааллын алба зэрэг бүхий л үйл ажиллагаа маань хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зорилготой.

-Тус төвд байгаа хүүхдүүдэд хамгийн түгээмэл тулгардаг асуудал юу байдаг вэ?

-Жишээлбэл нэгдүгээрт, хичээл сургууль эхлэх үед хүүхдүүдээс хувцас жигдрэлтийн мөнгө нэхэж эхэлдэг. Биеийн тамирын хувцас, зангиа жигдэлнэ, ангиараа поло өмсөнө гэх  мэтчилэн. Манайх өөрөө төсөвтэй байгууллага, жилдээ 200 гаруй сая төгрөгийг бүх хүүхдүүдийн хувцас, цагаан хэрэглэлд зарцуулдаг. Одоо ингээд л бодохоор нэг хүн хэдэн төрлийн хувцас өмсөх үү, гутал л гэхэд пүүз, сандаал, тавчиг, өвөл, хавар намрын гутал гэх мэтчилэн өмд, цамц, формын хувцас, хөнжил гудас гээд бүх хэрэглэгдэхүүнд тусгагддаг. Мэдээж хүүхэд бүр л чанартай хувцас өмсөж, хэрэглэхийг илүүд үздэг.

Хоёрдугаарт, сургуулиудаас  ангийн ажил, дадлага ажлын мөнгө нэхдэг. Мөн “Алтан намар” гэж зүйл болдог. Тэр бол нэг хүүхдийн доод тал нь 60-70 мянган төгрөг, дээд талдаа 100 мянган төгрөг хураадаг. Шинэ жил, монита, урлагийн үзлэг, тэмцээн уралдаан, анги засвар, хуримтлал, хавар болохоор үсэглэлийн баяр, хонхны баяр, монтаж, зугаалга гэх мэтчилэн асар их мөнгө нэхэгддэг. Энэ жил гэхэд манай 38 хүүхэд  төгслөө, өнгөрсөн жил 43 хүүхэд төгсөж байсан.Сая Боловсролын сайдын ерөнхий боловсролын сургуулиуд хонхны баяр, шинэ жил тэмдэглэхгүй” гэсэн тушаал гарсан хэдий ч эцэг эхийн зөвлөл аль хэдийн шийдсэн гээд хориглоод байхад ч тэмдэглэсээр байдаг. Тиймээс энэ төсөв бол 100 гаруй хүүхдэд арай хүрэлцээгүй, бага санагддаг.

Гуравдугаарт хамгийн том тулгамддаг зүйл  нь хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал байдаг. Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүд бүгд эцэг эхтэй хүүхдүүд байна. Төрүүлсэн ээж аавдаа хаягдаад, үл хайхрагдаж буй хүүхдүүд маш их сэтгэлийн шархтай байдаг. Эцэг эхээ санаж бэтгэрэхээс эхлээд хэцүү орчноос ирж байгаа хүүхдүүд олон төрлийн буруу дадал хэвшилтэй байдаг.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2873329/ линкээр нэвтэрч уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-20 66.181.178.157

энэ муу хасаг яаж ийгээд хасгууд аа угжих бодлого хавчуулж шургуулга шүү

Avatar

Нэргүй 2026-06-20 78.243.34.240

Өмхий хасагууд Монголд нэг сайн зүйл хийхгүй.Цаашаа бодолтой

Avatar

ЗОЧИН 2026-06-20 203.91.115.47

ХАМГИЙН САЙН ХАСАГ САРЫН НАЙЗ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж