niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:01 UTC Эх: https://news.mn/r/2873329/ 36eea56708aaa020… ← niitlelch.mn руу буцах

Өнөр бүл төв: Сүүлийн үед ирж буй хүүхдүүд бүгд эцэг эхтэй байна

Өнөр бүл төв: Сүүлийн үед ирж буй хүүхдүүд бүгд эцэг эхтэй байна

Өнөр бүл төв: Сүүлийн үед ирж буй хүүхдүүд бүгд эцэг эхтэй байна

Монгол Улсад эцэг эхийн хараа хяналтгүй эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа олон хүүхэд асрамж, хамгааллын үйлчилгээнд хамрагдаж байна. Тэдний аюулгүй орчинд өсөж хүмүүжих, боловсрол эзэмших, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэн болон төлөвшихөд хүүхэд хамгааллын байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхэд хамгааллын ууган байгууллага болох Өнөр бүл хүүхдийн төв өдгөө 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл асрамжийн төвд өсөж буй хүүхдүүдэд өнөөдөр ямар асуудал хамгийн их тулгарч байгаа талаар тус төвийн захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.

Тэрбээр “Тэд өөрсдийн гэсэн түшиж тулах гэр бүлгүй ч гэсэн бидэнтэй адилхан л хүн шүү дээ. Дэмжлэг хомс ч гэлээ бид бүх талаар нь дэмжиж өгөх гэж хичээдэг. Манай хүүхдүүдээс өөрийгөө дайчлаад амжилттай, сайн явж байгаа олон залуучууд бий” гэдгийг онцоллоо.

-Өнөр бүл хүүхдийн төв хэдэн оноос эхлэн, ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?

-Манайх анх 1974 онд, эцэг эх нь хоёулаа нас барсан бүтэн өнчин хүүхдүүдэд асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдаж байсан.

-Одоогоор хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 139 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.

-Өдөр тутмын үйл ажиллагаа нь хэрхэн зохион байгуулагддаг вэ?

-Бид яг л олон хүүхэдтэй айлын амьдрал шиг үргэлжилдэг. Хүүхдүүд маань өглөө хичээл, цэцэрлэгтээ явна. Үлдсэн хүүхдүүд нь босоод цайгаа уучхаад гэр орноо цэвэрлэж, хичээл номоо хийнэ.Гадагшаа чиглэсэн дугуйландаа явна. Айлын гишүүдийн хийх ёстой ажил ямар байдаг билээ яг л тийм байдаг.

– Хүүхдүүдийн эрхийг хамгаалахын тулд ямар арга хэмжээнүүд авч ажиллаж байна?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх л хууль эрх зүйн актуудыг мөрдөнө. Манайх өөрийн гэсэн стандарттай, түүнийхээ дагуу олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

-Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Сая хэлсэнчлэн жил бүр дээд байгууллагуудаас стандартын үзлэг хийдэг. Манайх дотооддоо дотоод хэвлэлийн баг, гамшгийн аюулаас хамгаалах сайн дурын зөвлөл, хүүхдийн зөвлөл, эрүүл мэндийн алба, хүүхэд хамгааллын алба зэрэг бүхий л үйл ажиллагаа маань хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах зорилготой.

-Тус төвд байгаа хүүхдүүдэд хамгийн түгээмэл тулгардаг асуудал юу байдаг вэ?

-Жишээлбэл нэгдүгээрт, хичээл сургууль эхлэх үед хүүхдүүдээс хувцас жигдрэлтийн мөнгө нэхэж эхэлдэг. Биеийн тамирын хувцас, зангиа жигдэлнэ, ангиараа поло өмсөнө гэх  мэтчилэн. Манайх өөрөө төсөвтэй байгууллага, жилдээ 200 гаруй сая төгрөгийг бүх хүүхдүүдийн хувцас, цагаан хэрэглэлд зарцуулдаг. Одоо ингээд л бодохоор нэг хүн хэдэн төрлийн хувцас өмсөх үү, гутал л гэхэд пүүз, сандаал, тавчиг, өвөл, хавар намрын гутал гэх мэтчилэн өмд, цамц, формын хувцас, хөнжил гудас гээд бүх хэрэглэгдэхүүнд тусгагддаг. Мэдээж хүүхэд бүр л чанартай хувцас өмсөж, хэрэглэхийг илүүд үздэг.

Хоёрдугаарт, сургуулиудаас  ангийн ажил, дадлага ажлын мөнгө нэхдэг. Мөн “Алтан намар” гэж зүйл болдог. Тэр бол нэг хүүхдийн доод тал нь 60-70 мянган төгрөг, дээд талдаа 100 мянган төгрөг хураадаг. Шинэ жил, монита, урлагийн үзлэг, тэмцээн уралдаан, анги засвар, хуримтлал, хавар болохоор үсэглэлийн баяр, хонхны баяр, монтаж, зугаалга гэх мэтчилэн асар их мөнгө нэхэгддэг. Энэ жил гэхэд манай 38 хүүхэд  төгслөө, өнгөрсөн жил 43 хүүхэд төгсөж байсан.Сая боловсролын яамны сайдын “ЕБС-иуд хонхны баяр, шинэ жил тэмдэглэхгүй” гэсэн тушаал гарсан хэдий ч эцэг эхийн зөвлөл аль хэдийн шийдсэн гээд хориглоод байхад ч тэмдэглэсээр байдаг. Тиймээс энэ төсөв бол 100 гаруй хүүхдэд арай хүрэлцээгүй, бага санагддаг.

Гуравдугаарт хамгийн том тулгамддаг зүйл  нь хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал байдаг. Сүүлийн үед ирж байгаа хүүхдүүд бүгд эцэг эхтэй хүүхдүүд байна. Төрүүлсэн ээж аавдаа хаягдаад, үл хайхрагдаж буй хүүхдүүд маш их сэтгэлийн шархтай байдаг. Эцэг эхээ санаж бэтгэрэхээс эхлээд хэцүү орчноос ирж байгаа хүүхдүүд олон төрлийн буруу дадал хэвшилтэй байдаг.

-Тэгвэл танай байгууллагын зүгээс сэтгэл зүйг нь хэрхэн дэмжиж байна, хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж чаддаг уу?

-Төв маань мэргэжлийн сэтгэл зүйчтэй. Хүүхдүүдтэйгээ долоо хоногт нэг удаа уулзсан байх, сард нэг хүүхэд нэгээс хоёр удаагийн давтамжтайгаар  ганцаарчилсан, бүлгээрээ, багштайгаа, гэр бүлээрээ гэх мэтчилэн хуваарь гаргаж сэтгэлзүйчтэй уулздаг. Мөн гадагшаа чиглэсэн сэтгэл заслын үйл ажиллагаануудад явуулдаг.

-Хүүхдүүд шинэ орчиндоо дасан зохицоход дунджаар хэр хугацаа шаарддаг вэ, хэрхэн дасан зохицдог вэ?

-Манайд богино хугацааны үйлчилгээ гэж байдаггүй, хүүхэд доод талдаа зургаан сараас дээш хугацаанд дасаж эхэлдэг. Бидний үзүүлдэг үйлчилгээ урт хугацааны дараа үр дүнгээ үзүүлдэг. Ер нь хүнтэй харьцана гэдэг алга урвуулахын хооронд болчихдог тийм ч амар зүйл биш шүү дээ, маш урт хугацаанд ажиллаж байж хүүхдийг хэвийн амьдралд оруулдаг.

-Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд ямар арга хамгийн үр дүнтэй байдаг вэ?

-Бид дотроо олон төрлийн дугуйлан хичээллүүлж байна. Хүүхдүүд өөрийн дуртай зүйлээ хийж, дугуйланд хамрагдах нь нэг төрлийн сэтгэл зүйн эмчилгээ болдог. Мөн манайх жил бүр тайлан тоглолт хийдэг. Энэ арга хэмжээ бол хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг ихээр нэмэгдүүлдэг. Дуу, бүжиг сураад тайзан дээр гарах, гэр урлалаар хичээллэх, зураг зурах, спортоор хичээллэх зэрэг л хамгийн үр дүнтэй байдаг.

– Үе тэнгийнхэнтэйгээ харилцах, найз нөхөдтэй болох тал дээр бэрхшээл ажиглагддаг вэ?

-Өнөөдөр найзлаад л маргааш нь муудах тохиолдол байнга ажиглагддаг. Энэ бол өсвөр насны хүүхдүүд битгий хэл томчуудад ч тулгардаг шүү дээ, хүн хоорондын л нийгэмд байдаг асуудал. Манай хүүхдүүд өсвөр насан дээрээ байгаа учир сэтгэл санаа нь тогтворгүй байдаг л даа. Гэхдээ хоорондын нөхөрлөлийн харилцаа нь харьцангуй  асуудал багатай. Нэг гэр бүл болоод ирэхээр хүссэн хүсээгүй бие биетэйгээ харилцаад найзлаад явчихна.

-Төвд өсөж буй хүүхдүүдэд ирээдүйн мэргэжил, амьдралын зорилгоо тодорхойлоход ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?

-Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулдаг. Мөн  “Агаа, эгээ” хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөр нь ах, эгч нар нь нэг нэг хүүхэд хариуцаж аваад “Ирээдүйд ямар мэргэжилтэй болмоор байна, юунд дуртай байна” гэдгийг нь сайн ярилцаад дэмжиж тусалдаг.

-Хүүхдүүд гэр бүлтэйгээ холбоотой байх боломж хэр байдаг вэ?

-Бид гэр бүлтэйгээ эргэн хамт байх, гэр бүлдээ дасан зохицох үйл ажиллагаануудыг явуулдаг. Энэ тал дээр бол боломж нь нээлттэй.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Болортуяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нарак 2026-06-19 59.153.112.148

Саяхан энэ төвд байсан хүүхдүүд гадуур гарч бүлэглэн хүний аминд хүрсэн гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн мэдээлэл гарч байлаа. Яагаад тийм хүн төрхтэй араатнууд өсгөж, тэжээдэг болсныг асуух сурвалжлагч байдаггүй юм байх даа? Хоёр жилийн өмнө Хүүкт үнсүүлж юуны ч юм гавьяат болсон энэ захирал нь огт хариуцлага хүлээдэггүй, барилга, халамжийн мөнгөөр бизнес хийсээр байх уу??

Avatar

Нэргүй 2026-06-19 66.181.180.234

энэ хүүхэн мундаг хүүхдүүдэд хайрай хүн шү

Avatar

Нэргүй 2026-06-19 66.181.184.214

Тэр холбогдох хуульд нь өөрчлөлт оруулаад тэр замбараагүй эцэг эхэд нь тооцох хариуцлагыг нь нэмэх хэрэгтэй.

Avatar

Өвгөн Балдан 2026-06-19 103.229.122.197

Нийгмийн том үзэгдэл, харилцааны талаар ядруухан сурвалжлага хийжээ. Жирийн гэр бүлийн харьцаанд ч ах эгчийн хайр, ач тус, дэмжлэг янз бүр л байдаг шүү дээ. Энэ халтар хултар сурвалжлагаас тэр өвөрмөц ахуй амьдралын талаар болитой мэдээлэл авч чадсангүй дээ.

Avatar

Нэргүй 2026-06-19 59.153.112.84

Яг үнэн, давсгүй хоол шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж