niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 18:31 UTC Эх: https://news.mn/r/2872634/ 073ca3164e4b4641… ← niitlelch.mn руу буцах

"Сэлбэ дэд төвийн тендерт ялагдсан байтлаа сонсголд шинжээчээр оролцож хууль зөрчлөө"

Live"Сэлбэ дэд төвийн тендерт ялагдсан байтлаа сонсголд шинжээчээр оролцож хууль зөрчлөө"

"Сэлбэ дэд төвийн тендерт ялагдсан байтлаа сонсголд шинжээчээр оролцож хууль зөрчлөө"
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 55
2026-6-16

П.Сайнзориг: Сэлбэ дэд төвийн тендерт орж ялагдсан байтлаа сонсголд шинжээчээр оролцсон нь хууль зөрчсөн үйлдэл

Сонсгол үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Шинжээч буруу ташаа мэдээлэл өгвөл эрүүгийн хариуцлага хүлээдэг. Төвийг сахих байр суурьтай байдаг, мэргэжлийн байх ёстой. Туяа гэж шинжээчээс асууя. Та нийслэлээс хэдэн төсөл авсан бэ. Нийслэлээс зарласан Сэлбэ дэд төв төслийн зөвлөх үйлчилгээний тендерт та Хай до ро дизайнер компанитай консерциум болж ороод шалгараагүй гэж үнэн үү? Сэлбэ дэд төв төслийн анхны хэсэгчилсэн төлөвлөгөөг та хийсэн үү.

Нийслэлд байгаа Эмээлт аж үйлдвэрийн парк, Гандангийн хэсэгчилсэн төлөвлөгөө энэ бүх зураг төслийн ажлыг танд л өгөх ёстой байдаг уу.

Та яг бие даасан шинжээчээр ажиллах хүн мөн үү. Таны ашиг сонирхлын хэчнээн компани нийслэлд зөвлөх үйлчилгээ авсан бэ, одоо хэдэн тендерийн ажил хийгээд явж байна вэ?

Сэлбэ дэд төв төслийн шинжээч н.Туяа:

-Миний бие хот төлөвлөгч, … компанийн захирал, Хай до ро компанитай хамтарч Сэлбэ дэд төв төслийн нийслэлийн тендерт оролцсон нь үнэн, ялагдсан нь үнэн. Маргаан гарсан нь үнэн. Ямархуу худалдан авалтын ажиллагаа болж тэмцэлдсэн бэ гэдгийг тодруулахыг хүсвэл хэлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Ийм л хүн шинжээч хийж байна, ашиг сонирхлын зөрчилтэй.  Тендерт ороод ялагдсан. Ийм хүн шинжээчээр ажиллаад хувийн ашиг сонирхлыг хавчуулж байх магадлалтай.

Хурал даргалагч аа ийм шинжээчийг хаанаас, хэн санал болгож, ашиг сонирхлын зөрчил оруулж ирдэг юм бэ, гайхаж байна. Бүхэл бүтэн УИХ-ын үйл ажиллагааг үр дүнгүй болгож байна.

Ингэж сонсгол хийж болохгүй.  Би энэ хүнийг мэргэжлийнх нь хувьд муу гэж байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчилтэй бол болохгүй. Сонсгол шинжээчээсээ эхлээд асуудалтай байна.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Сэлбэ дэд төв төслийн санхүүжилт зогссон гэдэг мэдээлэл байна үнэн үү. Сэлбэ дэд төв төслийг үргэлжлүүлж, аль болох хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай.  Энэ төсөл 32 ын тойрог хүртэл явна гэсэн мэдээллийг авсан, үнэн үү.

Нийслэлийн хэмжээнд 2013 онд эхэлсэн дахин төлөвлөлт зогссон нь дэд бүтэцгүйгээс болсон. Дэд бүтцийг хувийн хэвшил татах боломжгүй юм билээ. Гэр хорооллын газрыг чөлөөлөх хүрээнд иргэний газрыг өндөр үнээр үнэлж авах шаардлагатай. Газар чөлөөлөлт дээр нийслэлд ямар төлөвлөлт байна вэ.  Газар чөлөөлөлтийг хууль эрх зүйн хүрээнд нийцүүлж, иргэддээ ойлголт сайн өгөхгүй бол олон бэрхшээлтэй тулна.

Сэлбэ 20 минутын хот ХХК-ийн захирал У.Баатар:

-Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг зогсоосон байсан. Өнгөрсөн долоо хоногоос үе шаттайгаар нэг хоёр гүйцэтгэлийг олгож эхэлж байна. Шалгалтын үр дүнтэй холбоотойгоор Төрийн санд албан шаардлага ирсэн байна лээ. Цаашдаа гүйцэтгэл хэвийн үргэлжлэх төлөвтэй байна.

Нийслэлийн хувьд Сэлбэ төсөл дээрээ тулгуурлаад 2 гэдэг түр ажлын хэсэг гаргахаар ажиллаж байна. Төр газраа чөлөөлж дэд бүтцээ тавьж өгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дараагийн хот төлөвлөлтийн ажлыг явуулах зорилготой. Ингэхдээ ажлын байр нэмэгдүүлэх, тухайн бүс нутагт байх үйдвэрлэлийн район, амины орон сууцыг дэмжсэн төслийг 150 га-д хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг хуулийн байгууллага шалгасны араас нийслэлийн болон хувь хүнд хамаарах 2.6 их наяд төгрөгтэй дансыг царцаасан гэдэг сонин ойлголтыг олон нийтэд өгсөн.  Нийслэлийн хэчнээн дансыг царцаасан юм, түүн дотор хувь хүний данс байгаа юм уу. Хаана энэ их мөнгө яваад байна вэ гэдэгт хариулт өгөөч?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах:

-2.6 их наяд төгргийн үлдэгдэл гэж яриад байна. Энэ нь  Сэлбэ дэд төв төслийг хэрэгжүүлэх хүрээнд босгосон 500 сая ам.долларын бондын үлдэгдэл буюу 1.5 их наяд төгрөг нь арилжааны банкинд байршиж байна. Үлдэгдэл 1.1 их наяд төгрөг нь нийслэл болон дүүргийн Төрийн санд байгаа үлдэгдэл юм. Х.Нямбаатар дарга ажлаа хүлээлгэж өгөхөд нийслэлд хамаарах дансанд 2.6 их наяд төгрөгийн үлдэгдэл байсан.  Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаатай холбоотойгоор зарлагын дансыг царцаасан.  Цалингаа тавих зэрэг болоход прокурорт хүсэлтээ хүргүүлж, гүйцэтгэлээ гаргуулж байна.

Энэ өдрийн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 63, иргэдийн төлөөлөл 43, нийт 106 хүн оролцов. Сонсголыг өндөрлүүлээд байна. 

17 : 05
2026-6-16

Туулын хурдны замын ТЭЗҮ дээр магадлал хийснээс төсөвт нь хийгээгүй

Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой сонсгол үргэлжилж байгаа бөгөөд Туулын хурдны зам төсөлтэй холбоотой асуудлаар гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Туулын хурдны зам төсөл 916 тэрбум төгрөг гээд 2024 онд магадлангаар ороод тогтоосон. Өргөсгөж том болгох хэрэгтэй байна гээд  чиглэл өгөөд 1.9 их наяд болсон. Зургаан эгнээ болсон. Тэр нь магадлангаар баталгаажуулаагүй бөгөөд аудитаас тайлбар ирүүлээгүй. Яагаад тайлбар ирүүлээгүй вэ. Урьдчилсан зураг төсөв дээр үндэслэн магадлан хийсэн гэж юу байдаг юм. 

Барилгын хөгжлийн төвийн ерөнхий инженер н.Энх-Оргил:

-Барилгын хөгжлийн төв ТЭЗҮ дээр магадлал хийсэн,  төсөв дээр биш. ТЭЗҮ бол холбогдох батлагдсан ажлын даалгаврын дагуу боловсруулагдсан байна гэж дүгнэсэн. Төсөвт өртөг бол хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоолол учраас эцсийн дүн биш.  Дараа нь ажлын зургийн шатанд нарийвчилсан төсвийг дахиж магадлалаар оруулах шаардлагатай.  Энэ бол ТЭЗҮ дээр магадлал хийсэн гэж ойлгож болно

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Урьдчилсан магадлал дээр үндэслээд худалдан авалт хийгээд 500 тэрбум төгрөг төлчихөөд байна. Гэрээ байгуулаад ажил эхэлчихсэн.

Зам тээврийн хөгжлийн төвийн захирал н.Оюунболд:

-2025 оны нэгдүгээр сард захиалагчаас тухайн зураг төслийг дахин магадлалд оруулах хүсэлт ирүүлсний дагуу техникийн зураг төсөл дээр магадлал хийсэн. Зам тээврийн сайдын баталсан авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журамд хоёр үе шаттай магадлал хийхээр заасан. Техникийн зураг төсөл, нарийвчилсэн зураг төсөл гэдэг. Тухайн захиалагчаас тавьсан шарадлагын дагуу урьдчилсан зураг төсөл дээр магадлалын үйл ажиллагааг зохион байгуулсан байдаг. 2016 оныхоос ялгагдаж байгаа нь зургаан эгнээ, 9 км гүүрэн байгууламжтай болж өөрчлөгдсөн, зохиогч өөрчлөгдсөнөөр дахин магадлал хийсэн.

Үндэсний аудитын газар:

-Хоёр магадлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. 2024 оны арваннэгдүгээр сарын 19-нд Зам тээврийн хөгжлийн төвийн 509 дроф 2024 магадлалаар таны асуугаад байгаа 916.3 тэрбум төгрөгийн төсвийг магадалж баталгаажуулсан. 2025 гуравдугаар сарын 18-ны 316 дроф 2025 буюу Барилгын хөгжлийн төв 2.3 их наяд төгрөгийн төсвийг магадлалаар баталгаажуулсан.  Дунд нь Зам тээврийн сайд, Нийслэлийн захирагчтай хамтарсан шийдвэрийн дагуу гэдэг дээр магадлал хийгдээгүй 1.9 их наяд төгрөгийг төсвийг баталж өгсөн. Энэ төсвийнх нь дүн тендерийн дүн болоод явсан.

15 : 06
2026-6-16

Сонсгол: Сэлбэ дэд төв төслийн санхүүжилтийг олгохгүйгээс бизнесүүдийг уналтад оруулж байна

Шинжээч З.Туяа, Э.Батболд, Д.Энхбаяр нараас “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ хорин минутын хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт”-ийг танилцууллаа. 

2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хууль нь гэр хорооллыг зөвхөн дахин төлөвлөх хувилбараар орон сууцжуулж, хөгжүүлэх бодлого барьсан бөгөөд 4.1.4.м “гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг гэж зааж Засгийн газраас баталгаа гаргуулж төсөл хэрэгжүүлж байгаа нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж болон иргэдийн нөхөрлөлийг тэнцвэргүй нөхцөлд өрсөлдөх байдалд хүргэж байна гэсэн байв.

Мөн Сэлбэ 20 минут төсөл нь Улсын Их Хурлаар баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан нягтралыг өөрчилсөн явдал нь олон зөрчилтэй шийдвэрүүдийн нэг нь юм. Хотын нутаг дэвсгэрийн газар ашиглалтыг уян хатан зохицуулах эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхийг Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан ч одоог хүртэл арга хэмжээ аваагүйн үр дагавар гарсаар байна гэсэн байлаа.

Түүнчлэн төслийн ТЭЗҮ дутуу дулимаг боловсруулан хэлэлцэн батлаж байгаа нь төслийг удаашруулж, төсвийг нэмэгдүүлэх нөхцөл үүсгэж байна. Төсвийн зардлаар бэлтгэгдэж байгаа төслүүдийн арга хэмжээ, санхүүгийн зарцуулалтыг хуримтлуулж бүртгэж байх тогтолцоог бүрдүүлэн төрийн санах ойг сайжруулах шаардлагатай байна гэх зэргээр 10 чиглэлд дүгнэлт гаргажээ. 

Сонсголд тал, талын төлөөлөл оролцож байгаа юм. 

Оролцогч н.Цэндхүү:

-Монголын төр бодлогын алдаатай асуудлаар сонсгол хийж байгаад баяртай байна.

Миний бие Сэлбэ дэд төв төсөл дээр нэг блок барилгыг туслан гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгэж байгаа компанийн төлөөлөл байна.  Сэлбэ 20 минутын хотыг олон арван инженерүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх болсонд баяртай байдаг. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэлийг бууруулах зорилгоор энэ том төслийг эхлүүлсэн.

Бид бол гэрээнийхээ үүргийн дагуу барилгаа чанартай барьж, төрдөө хүлээлгэж өгөх зорилготойгоор ажиллаж байна. Гэвч бидэнд асуудал гараад байна.

Санхүүжилтээ хугацаандаа авч чадахгүй байна. Нэг давхрын л санхүүжилтээ авсан, зургаан давхрын санхүүжилтээ авагүй байна.

Одоо манай барилга долоо дахь давхартаа явж байна. Зургаан давхрын санхүүжилтээ авч чадаагүйгээс болж арматур, бетон зэрэг барилгын материал нийлүүлдэг бизнес эрхлэгчдээ эрсдэлд оруулах гээд байна.  Халаа сэлгээ, тогтворгүй байдал шууд бизнест нөлөөлөөд байгаа учраас хамтарч ажиллаж байгаа бизнест эрхлэгчдээ татан унагах, найдваргүй, итгэлгүй гэдэг нэр зүүгээд байна.

Энэ төслийг харсан хүмүүс “Маш том бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Манай хотын зүүн тал танигдахын аргагүй болох нь. Маш сайхан бүтээн байгуулалт явж байна” нь гээд маш сайхан сэтгэгдэл хэлдэг.

2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авангуутаа барилгыг тодорхойгүй хугацаагаар зогсоож байсан.

Тодорхойгүй хугацаагаар бизнесийг зогсоох, санхүүжилт өгөхгүй байх нь бизнесийг уналтад оруулдаг.

Монгол барилгачид барилгыг  яаж барьдагийг харуулж чадаж байгаа. Долоо хоногт нэг давхрын цутгалтыг хийж чадаж байна. Ийм эрч хүчтэй ажиллаж байсан барилгачид цалингаа авч чадахгүй байгаагаас болж ажилдаа идэвхгүй, урамгүй болж байна. Гэр бүлийн санхүүжилтийг хүнд байдалд оруулж байна.

Гадаадаас босгосон бондыг бага хүүгээр авч ирээд арилжааны банкин дээр байршуулсан тул хүүний эрсдэлд ороогүй гэж бодож байна. Эхэлсэн барилгыг дуусгах ёстой болохоос”Энэ ёстой буруу болж буцаад нүүе” гэж болохгүй. Барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахад төр анхаарах шаардлагатай байна.

 

10 : 56
2026-6-16

Ерөнхий хяналтын сонсгол хийж байгаа тул Х.Нямбаатарыг гэрчээр дуудаагүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол дөнгөж сая /2026.06.16/ эхэллээ.

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү сонсголоор өнөөдөр нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдээр шинжээч нарын мэдээллийг сонсч, гишүүдийн асуултад нийслэлийн төр захиргааны холбогдох албан тушаалтнууд хариулт өгөх юм.

Энэхүү сонсголд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар яагаад оролцож мэдээлэл өгөхгүй байна, гэрчээр дуудахад том толгойлоод ирэхгүй байна уу, аль эсвэл хэргээр гол мэдээллийг өгөх ёстой хүнээ гэрчээр дуудсангүй юу гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хэлснээр Ерөнхий хяналтын сонсголд үүрэг хүлээсэн албан тушаалтан оролцох ёстой тул Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарыг гэрчээр дуудаагүй юм байна. Мега төслүүдийн талаар мэдээлэл хийх үеэр албаныхан дараах мэдээллийг өглөө. 

Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн:

-Туулын хурдны зам төсөл нь Засгийн газрын 2013 онд хэрэгжүүлэхээр тусгасан “Гудамж” төслийн хүрээнд анх төлөвлөгдсөн бол Засгийн газрын 2022 оны Шинэ тойрог зам барих тухай 476-р тогтоолоор Туулын хурдны зам гүүрэн байгууламж барих тухай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Засаг даргад даалгаснаар уг төсөл хэрэгжихээр болсон.

Засгийн газраас 2023 онд “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг Туулын авто зам төслийг концессоор хэрэгжүүлэх жагсаалтад оруулан баталсан. Улмаар 2024 оны долдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт явуулж хэрэгжүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

НИТХ-ын 2025 оны төсөв батлах тухай 2024 оны тогтоолд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд авто замын түгжрэлийг бууруулах төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Туулын хурдны замын төсөвт өртөг 916.3 тэрбум төгрөг. Тухайн онд 538.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр баталсан. Харин НИТХ-ын 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тогтоолд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх мега төслийн жагсаалтад “Туулын хурдын зам” төслийг оруулж, улмаар 2025 оны хоёрдугаар сарын 15-нд тендер зарлахыг Сангийн сайд болон Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.

ТЭЗҮ, зураг төслийн талаар: 
Засгийн газрын 2013 оны ТЭЗҮ зураг төсөл батлах, талбайн солбицол батлах тухай тогтоолоор Туулын хурдны замын чигийг анх тогтоосон бөгөөд энэ тогтоол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудын ажлын даалгаврын дагуу “Эм Си Пи Си Жи Ар” гэх компани төслийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл, төсвийг хэсэгчлэн боловсруулсныг Барилгын хөгжлийн төвөөс анх магадлал хийн баталгаажуулсан.

Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн нэгдсэн төсөвт өртгийг 594.8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Улмаар 2024 онд Зам, тээврийн хөгжлийн төвөөс нэгдсэн төсөвт өртгийг 916.3 тэрбум төгрөгөөр магадлал хийж, тодотгон баталгаажуулсан.

Зам тээврийн сайд, Улаанбаатар хотын захирагч нарын 2025 оны хамтарсан шийдвэрээр төслийн төсөвт өртгийн 1.9 их наяд төгрөг байхаар тооцож, тендерийн баримт бичигт тусгасан байх бөгөөд энэ нь магадлалаар баталгаажаагүй. Энэ асуудлаар холбогдогч хоёр байгууллагаас Аудитын байгууллагад тайлбар одоогоор ирүүлээгүй байна. 

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын орон тооны бус эксперт томилох тухай 2025 оны тушаалаар 14 экспертийг томилсон бөгөөд холбогдох хуульд нийцүүлэн “Туулын хурдны зам” төслийн ТЭЗҮ, зураг төслийн хянаж баталгаажуулах ажлыг Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж төслийн хөрөнгө оруулалтын урьдчилсан төсвийг 2.3 их наяд төгрөг, газар чөлөөлөлтөд 170 тэрбум төгрөг байхаар тооцон, 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байна.

Төслийн сонгон шалгаруулалтын талаар:

Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зохион байгуулсан бөгөөд үнэлгээний дүгнэлтээр тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Тендерийн нийт төсөвт өртөг 1.9 их наяд төгрөг байсан ба эрх бүхий байгууллагын магадлалаар баталгаажаагүй байсан.

2 дахь сонгон шалгаруулалт 2025 оны 4-р сарын 23-ны өдөр зарлагдаж, БНХАУ-ын нэр бүхий ААН-үүдийн түншлэлтэй оролцогчид хамгийн сайн үнэлэгдэж, шалгарсан. Хоёр дахь сонгон шалгаруулалтын төсөвт өртөг 2.3 их наяд төгрөгийн дүнд магадлал хийсэн байна. Эцсийн үр дүнг аудитын тайланг хүргүүлэхэд бүрэн танилцуулна.

Төслийн санхүүжилтийн талаар:

Төслийн санхүүжилтийг НИТХ-ын 2016 оны тогтоолоор 916.3 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 538.6 тэрбум төгрөг. Мөн 2025 оны нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолоор төсөвт өртгийг 2.3 их наяд төгрөг, санхүүжих дүнг 500 тэрбум төгрөг болгон өөрчлөлт оруулан баталсан. Улмаар нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай 2025 оны төслийн төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг, тухайн жилд санхүүжих дүнг 800 тэрбум төгрөгөөр баталсан байна.

Туулын хурдны зам төсөлд нийслэлд хөрөнгө оруулалтын төсвөөс 2025 онд 500 тэрбум төгрөг, 2026 оны төсвөөс 800 тэрбум төгрөг олгохоор төлөвлөснөөс гүйцэтгэгч байгууллагаас урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн 2025 онд 401 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг олгосон.

Төслийг хэрэгжүүлэхэд төсөвт өртгөөс гадна 7.8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна. Үүнд, Туулын хурдны замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд 100 сая төгрөг,

Туулын хурдны замын зураг төслийг шинэчлэх ажилд 2.9 тэрбум төгрөг, газар чөлөөлөх нөхөн төлбөрт 2025 онд 800 сая төгрөг, 2026 онд 3.9 тэрбум төгрөг, Туулын хурдны зам орон нутгийн өмчит компанид 50 сая төгрөг, Туулын хурдны зам барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх, гэрээ хэлэлцээ хийх, зөвлөх үйлчилгээний зардалд 25 сая төгрөгийг тус, тус зарцуулжээ. 

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСВИЙГ АЛДААТАЙ ТӨЛӨВЛӨСӨН

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээний талаар танилцуулав.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон газар экологи" ХХК 2025 онд хийж гүйцэтгэсэн гэдгийг Ц.Сандаг-Очир сайд дурдаад салбарын яамны Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн хурлаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт засвар хийж баталсан гэж байлаа. Энэ хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг албажуулсан байна.

Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г салбарын яамнаас батлаагүй байхад "Хао юань женерал констракшн ГХО" компани төслийн үйл ажиллага эхлүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаа тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 3.1-д дэх заалтыг зөрчсөн тул сайдын 2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хурлаар "Туулын хурдны зам төсөл"- ийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

Мөн “Хаоюань Женерал Констракшн” ХХК нь Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн БО 01/26-18 дугаартай гомдол, мэдээлэл, 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн БО 01/26-27, БО 01/26-28 дугаартай гомдол, мэдээллийг тус тус бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын 2602000269 дугаартай зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан.

Түүнчлэн тус компани мод тайрах, зөөвөрлөн тээвэрлэх туслан гүйцэтгэх гэрээг "Дорно улзын мандал" ХХК-тай байгуулсан боловч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу өсвөр залуу модыг шилжүүлэн суулгахгүйгээр тайрч огтолсон нь нийт 7,2 га талбайн дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч "Дорно улзын мандал" ХХК-ийн гаргасан зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн БО 01-26/27 дугаар зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 2602000295 дугаар зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтад зааснаар 500 нэгж торгууль, хохирол нөхөн төлбөрт 352,233,185 төгрөгийн шийтгэлийг оногдуулсан байна.

Шинжээчид энэ үеэр зураг төсөл, төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагаас батлуулаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2025 оны 77 дугаар захирамжаар Туулын хурдны замын хөрөнгө оруулалтыг 1.9 их наяд төгрөгөөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх шилжүүлсэн байна. Техникийн шийдлийг анхнаасаа тогтоогоогүй төсөвт тусгасан нь төсвийн төлөвлөлтийг алдаатай төлөвлөсөн гэж үзэж байна гэсэн юм.

Шинжээчдийн дүгнэлтэд төлөвлөлтийн үе шатанд “Туулын хурдны зам”-ын авто зам, гүүрэн байгууламжийн инженерийн үндсэн шийдэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон төсөвт өртгийн магадлалын дүгнэлт эцэслэн баталгаажаагүйгээс төслийн хэрэгжилтийн явцад техникийн шийдэл давтан өөрчлөгдөж, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн байна гэжээ.

Мөн гүйцэтгэгч компаниас ирүүлсэн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь холбогдох хууль, журамд заасан баталгааны хэлбэрээр ирүүлсэн боловч баталгаа гаргагч этгээдийн эрх зүйн байдал, санхүүгийн чадавх, баталгааны хүчин төгөлдөр байдал болон баталгааны үүргийг хэрэгжүүлэх боломжийг нотлох баримт хангалтгүй байна. Төслийн шинэчилсэн зураг төслийн дагуу замын трассын нөлөөлөлд өртсөн нийт нэгж талбарын 48.2 хувьтай газар чөлөөлөх асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөх, шүүхийн маргаан үүсэх, хугацаа сунжрах, төсөвт өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хуульд заасан хугацаанд боловсруулж, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй нь төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах, санхүүжилтийг төлөвлөх болон худалдан авах ажиллагааг эхлүүлэхээс өмнө байгаль орчны үнэлгээг баталгаажуулах шаардлага хангагдаагүй байна хэмээн дурдсан байлаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Баяраа:

-УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд нийт 16 томоохон төсөл хэрэгжиж байна. Орон сууцны 3, нийтийн тээврийн 4, авто зам, замын байгууламжийн 3, эрчим хүчний 4, усны менежемент, үерийн эрсдэлийг бууруулах 2 төсөл, нийт 16 томоохон төсөл хэрэгжиж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.176.243

za ter shinjeechiin tomilgoo bol arai shuu

Avatar

hotiinhon 2026-06-16 160.19.10.129

shal demii jujig bna shdee hvnvvsiin ajliig zvgeer hillgeech ih hural iin amisgaa nar oorsdoo ajlaa sain hiigeechee

Avatar

Нэргүй: НЯМБААТАРЫГ БУРУУТГАСАН НӨӨЦИЙН МАХНЫ АСУУДЛЫН ҮНЭН НЭГ ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ДУУСЧ БАЙНА. 2026-06-16 103.212.118.240

Хотын махны хангамжийг санаатайгаар тасалдуулсан, Хотын Ерөнхий менежер мах битгий худалд гэсэн. Нямбаатарт хариуцлага тооцож ажлаас халлаа гэсэн.Энэ бол ЕС Учрал, ХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарын хэлсэн үгний зарим хэсэг. Гэтэл мах бэлтгэсэн компаниуд нь үнийн хайчид орчихсон болж таарсан. Эхний удаа Нямбаатар арга хэмжээ авсан ч тэр үнээр ч зарах боломжгүй болсон учир ЗГ нөөцийн маханд мөнгө гаргах шийдвэр гаргасан.

Avatar

Зочин 2026-06-16 103.229.123.250

Үндэсний аудитын газар энд тэнд аудит хийнэ гээд л өчнөөн явдаг. Төсвийн хэдэн байгууллагадаа сүрхий шалгаад л, торгууль тавиад л сүйд болдог. Дипломат төлөөлөгчийнхөө газрыг ч шалгаад л. Тэгсэн мөртлөө бурхинуудаа яаж ч чаддаггүй. Тэрбум тэрбумын зөрчлийг илрүүлсэн гэж лав сонсоогүй. Хоёр нүүртэй шалгалт хийх хэрэг байна уу. Ажлын үр дүн гэж алга. Үйл ажиллагаагаа тайлагнахдаа юу гэдэг бол. Аудит бүхний дээр үү, тэдний ажлыг хэн дүгнэж байна. Төрийн байгууллагад хариуцлага хэрэгтэй дээ…

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Монголд дулааны улирлын нэг өдөр, нэг цагийг хий дэмий алдаж болохгүй онцлогтой шүү 2026-06-16 103.212.118.240

Нямбаатар, Золжаргал хоёр хагас коксжсон нүүрсийг хятадаас худалдаж авснаас болоод муудалдсан. Гэтэл энэ жил мөн л хятадаас авахаас аргагүй боллоо гэлцэнэ.. Золжаргал дуугүй. МАН-ынхан аливаа сонсголыг өөрийн хүнээр даргалуулдаг. Харин энэ удаа хүний хүн Золжаргалаар даргалуулжээ. НЯМБААТАРЫН БӨӨРИЙГ ГАРГАНА ГЭЖ ТООЦСОН ЮМ БОЛОВ УУ ДАА. ГЭХДЭЭ БӨӨР ГАРГАХ ЮМ АЛГА БАЙНА. НЯМБААТАР ЧИНЬ ЯВСАН. Одоо УИХ, ЗГ хотын ажлыг хийлгээчээ. ДУЛААНЫ УЛИРАЛ НЭГ МЭДЭХЭД ӨНГӨРНӨ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.184.214

Ямар анх удаа Сонсгол гээч Их хулгайн тухай ярьж байгаа биш дээ. Гэхдээ ийм зохион байгуулалтаар зүгээр хэдэн энгийн иргэдийн үг сонсох юм бол битгий худлаа шоуд. Тэр Нямбаатар тэр Оюунэрдэнэ тэр нөгөө таахалзаад байгаа НАЗГазар н дарга пацаан гээд хулгайчуудаа дуудаж авчраач

Avatar

Жаргалсайхан 2026-06-16 66.181.165.234

Хэрэггүй юм хийж төсөв үрж цай кофе ууж суухаар ажлаа хиймээр байнаа

Avatar

Нэргүй 2026-06-16 178.174.229.45

MEGA HULGAI

Avatar

Иргэн 2026-06-16 103.229.121.35

ард түмнийг хуурсан жүжигээ зогсоо ямарч үр дүн гарахгүй

Avatar

Ахмад 2026-06-16 202.9.41.108

Энэ УИХ-ын гишүүд өрсдийн хариуцах ажлаа л хиймээр бна л даа. Ард түмний амьдрал ахуйг сайжруулах, махны үнэ, инфлфци бууруулах, гээд ..Одоо бүр аймаг аймгийн ажлыг сонсголоор авч хэлэлцэх юм бна л даа. Уул нь тухайн шатны хурлаар хэлэлцэх ёстой байх л даа.

Avatar

Зүч 2026-06-16 66.181.183.12

нянгар худлаа мэлзээд хурал үймүүлнэ хяналтаа баримтжуулж сайн хийвэл тоотой маргалдах хүн бхгүйшдээ Золжаргал гишүүн тулхттай нуруутай хүн харагддаг шүү

Avatar

Нэргүй 2026-06-16 202.179.24.247

нямбаатар байхгүй уйтгартай байна зохион байгуулалттай бэлдсэн хэдэн нөхдүүд юу ярьж асууж байгаа мэдэхгүй жинхэнэ жүжиг болиосой ичмээр

Avatar

Зочин 2026-06-16 202.126.89.62

Хүк болон Учралд Нямбаатарын албан тушаал л хэрэгтэй байсан түүнийгээ ч авсан, элдэв ял зэм ярихгүй гэсэн тохироо ч хийгдээ л биз, доод хэдээр нь туг тахиад л өнгөрнө, ойлгомжтой ш дээ

Avatar

Нэргүй 2026-06-16 66.181.182.203

Айгаад дуудахгүй байна л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж