NEWS агентлаг орон сууцны захиалгын гэрээ, дахин төлөвлөлт болон төрийн оролцоотой барилгын төслүүдийн хүрээнд иргэд газар, үл хөдлөх хөрөнгө, мөнгө санхүүгээрээ хохирсон талаар "Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэж, бүрэн голомт самарсан төсөл"- I, II цуврал сурвалжлагыг хүргэсэн билээ. Тэгвэл хохирогч нар хууль хяналтын байгууллагад хандаад шийдэгддэггүй энэ асуудлын хууль эрх зүйн орчин ямар байгаа, цаашид хууль эрх зүйг хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Иргэдийн мөнгө, газар, үл хөдлөх хөрөнгийг авч хохироосон орон сууцны төслүүд олон жил үргэлжилж байхад яагаад одоог хүртэл хариуцлага тооцож чадахгүй байна вэ. Шалтгаан нь юу байна вэ?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим хуулийн этгээдүүд орон сууцны барилга ашиглалтад орохоос өмнө иргэдээс захиалга авч, “орон сууц захиалгын гэрээ”, “шинэ байр захиалгын гэрээ”, “худалдах, худалдан авах гэрээ” зэрэг олон төрлийн гэрээг өргөн хэрэглэж байна. Гэрээнд заасан үндсэн нөхцөлүүд хугацаандаа биелбэл асуудалгүй боловч төсөл удаашрах, барилга ашиглалтад орохгүй байх тохиолдолд иргэд шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Өнөөдөр барилгын ажил хугацаандаа дуусахгүй, ашиглалтад орохгүй байгаагаас болж олон иргэний амьдрал, гэр бүл төлөвлөлт, эдийн засгийн байдал хүндэрч байна. Зарим тохиолдолд барилгын салбарт өмнө нь ажиллаж байгаагүй, туршлагагүй этгээдүүд компани байгуулан, төрийн байгууллагуудтай холбоо тогтоож, тендерт оролцсон нэрийн дор иргэдийг хохироох, залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах нь түгээмэл болсон. Энэ асуудал нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудал биш, харин төрийн бодлогын түвшинд авч үзэх ёстой асуудал юм. Нэг өрх орон сууцанд орно гэдэг нэг яндан багасна гэсэн үг.
Жишээлбэл, 500 айл орон сууцанд орж чадвал 500 яндангийн хэрэглээ буурч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Гэтэл иргэдийн газрыг авч, эзэмших эрхийг нь шилжүүлэн авчихаад орон сууц барина гэсэн нэрээр олон жил хүлээлгэж, хохироож байгаа байдал байсаар байна.
Мөн “хамтран ажиллах гэрээ”, “хөрөнгө оруулалтын гэрээ” гэх нэрийн дор иргэдийг төслүүдэд оролцуулж байгаа нь анхаарал татах асуудал юм. Уг нь хамтран ажиллах гэрээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш талууд тодорхой зорилгод хүрэх, ашиг олохын тулд хөрөнгө, үйл ажиллагаа, нөөцөө нэгтгэн хамтран ажиллах эрх зүйн харилцааг хэлдэг. Ийм гэрээний хүрээнд төсөл амжилтгүй болсон тохиолдолд оролцогч талууд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг. Гэтэл орон сууц захиалж байгаа иргэдийг хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч мэтээр гэрээнд оруулж байгаа нь эрх зүйн хувьд зохистой эсэх талаар нухацтай авч үзэх шаардлагатай.
Иргэн орон сууц худалдаж авах зорилготой болохоос бус төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн эрсдэлийг хамт үүрэх ёсгүй.
Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд иргэн газар, үл хөдлөх хөрөнгөө өгч, оронд нь тодорхой хэмжээний орон сууц авахаар тохиролцох боломжтой. Гэтэл түүнийг худалдах, худалдан авах гэрээгээр баталгаажуулж байгаа нь тухайн үеийн үнэлгээгээр хөрөнгийг нь түгжиж байгаа хэрэг юм. Харин тухайн үл хөдлөх хөрөнгө иргэний өмчлөлд хэвээр байсан бол зах зээлийн үнэ цэнэ нь ирээдүйд хэр хэмжээнд өсөхийг урьдчилан таамаглах боломжгүй. Иймээс гэрээний төрөл, нөхцөлөөр дамжуулан иргэдийн эд хөрөнгийн ашиг сонирхлыг хохироох тохиолдлууд гарч байна.
Орон сууц захиалгын гэрээ, шинэ байр авах зэрэг гэрээнүүд хэрэгжихгүй болсон үед асуудал шүүхийн шатанд шилждэг.
Гэвч зарим төслийн хувьд зөвхөн иргэний эрх зүйн маргаан бус, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал ч ажиглагддаг. Үүнтэй холбоотойгоор төрийн оролцооны асуудлыг мөн хөндөх шаардлагатай.
-Орон сууцны залилан дотроо төртэй нийлж, хамтарч байгаа гэх нэрийдлээр олон иргэдийг хохироосон дахин төлөвлөлт ч байна. Тухайлбал, "Андын зам" компанийн тендэрт хууртаж хохирсон иргэдийн асуудалд тодорхой албан тушаалтнууд холбогдсон байна?
-Хөндлөнгөөс харахад, иргэд залилан мэхлэлтээс айж, аргаа барахдаа л "төр оролцож байгаа" гэх баталгаанд итгэж захиалга өгсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр төрийн нэрийг барьж, залилан хийж суугаа хурган дарга нар олон байна.
Тэдний завшиж буй залилангийн мөнгийг тооцвол олон зуун айлын орон сууцны өртөгтэй тэнцэнэ. Тиймээс эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгаж тогтоон, хариуцлага хүлээлгэх ёстой.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Нийслэл яагаад оролцдог вэ гэвэл, хотын өнгө үзэмж, агаарын бохирдол гэх мэт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх шаардлага байдагт оршино. Иймд Нийслэлийн оролцоотойгоор иргэдийн хашаа байшин, хуучирсан үл хөдлөх хөрөнгийг буулгаж, богино хугацаанд, хариуцлагатайгаар шинэ орон сууцаар солих үүргийг хүлээсэн "Гурван талт гэрээ"-г байгуулдаг журамтай.
Гэтэл тухайн залилангийн хэрэг дээр энэхүү гэрээг огт байгуулаагүй байсан бөгөөд зөвхөн "Андын зам" компанийн тендер гэх нэр төдий зүйлээр далайлгасан байна.
Одоо нийслэлийн удирдлагууд иргэдийг "барилга барьж буй компанитайгаа шүүхээр учраа ол" хэмээн хариуцлагаас зугтаж, иргэдийг хохироож сууна. Миний хувьд эдгээр хууль бус үйлдэл гаргасан албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүхээр шийдвэрлүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдох нэр бүхий хүмүүсийн хууль бус үйлдлийг баримттайгаар олон нийтэд ил тод зарлах болно.
"УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗАР ДУУСААГҮЙ ОРОН СУУЦАНД ГЭРЧИЛГЭЭ ӨГӨХӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

-Орон сууцны төсөл хэрэгжүүлэх санхүүгийн болон мэргэжлийн чадавхгүй этгээдүүд иргэдээс мөнгө, газар, үл хөдлөх хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг төр яагаад олгож байна вэ?
-Иргэд орон сууцны төсөл хэрэгжүүлэх гэж байхад тухайн төслийн хүрээнд тендер зарлагдах, эсвэл тендерийн тогтолцоог ашиглан тодорхой этгээдүүд давуу байдал олж авах нөхцөл бүрдэх нь ямар учиртай вэ гэдэг асуулт гарч ирдэг. Төрийн худалдан авах ажиллагаанд хамгийн бага үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулдаг зарчим нь олон тохиолдолд чанар, чадавх, туршлагаас илүү үнэлэгдэх болсон.
Үүний улмаас бодит туршлагагүй, ажилтангүй, оффисгүй компаниуд хүртэл тендерт ялж, улмаар төсөл гацах, чанаргүй ажил хийх, олон нийтийн эрх ашиг хохирох нөхцөл бүрдэж байна.
Зарим компаниудын үндсэн зорилго нь ажил гүйцэтгэх бус, харин тендер авах, улмаар түүнээс ашиг хүртэхэд чиглэж байгаа тухай хардлага нийгэмд түгээмэл байна. Энэ нь зөвхөн орон сууц захиалгын гэрээний асуудал биш бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны тогтолцооны ил тод байдал, хариуцлагын асуудлыг бүхэлд нь хөндөх шаардлагатайг харуулж байна. Иймээс орон сууц захиалгын гэрээний эрх зүйн зохицуулалт, барилгын төслийн хэрэгжилт, иргэдийн өмчийн эрхийн хамгаалалт болон төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог цогцоор нь шинэчлэн авч үзэх шаардлага өнөөдөр тулгамдсан асуудал болоод байна.
-Дахин төлөвлөлтийн болон орон сууцны төслүүдийн хүрээнд иргэдтэй сар бүр 500 мянган төгрөгийн түрээс төлнө гэж тохирч, газар болон үл хөдлөх хөрөнгийг нь авсан ч энэ үүргээ биелүүлэхгүй байх, эсвэл хэсэгчлэн биелүүлэх тохиолдлууд гарч байна. Ийм үйлдлийг иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үү. Цаашилбал, залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэх эрх зүйн үндэслэл бий юу?
-Шүүх дээр маргахаар бэлэн мөнгөөр төлөлт хийсэн айлуудад шалтгааны холбоо байхгүй гэдэг учраас түрээсийн төлбөр олгосон тохиолдол байхгүй байна.
Угтаа бол газар, үл хөдлөхийг нь авсан учраас заавал түрээсийн төлбөрийг нь төлөх үүрэгтэй. Амьдарч байсан хашаа байшинг нь нураачхаад барих хүртэлх хугацаанд сар болгоны түрээсийг заавал өгөх ёстой гэж шүүх шийдвэрлэдэг.
Миний хувьд түрээсийн төлбөр, хугацаандаа ашиглалтад ороогүй алдангийн төлбөр гэх мэт асуудлаар холбогдож байгаа иргэдийг аль болох шүүхийн хаалга татуулахгүйгээр шийдвэрлэж өгдөг. Энэ мэт янз бүрийн асуудал байдаг. Тэр бүрд нь л тохирох зөвлөгөө мэдээллийг өгч шийдвэрлэдэг. Гэтэл олон нийт энэ гэмт хэргийг зүгээр л орон сууцны асуудал гэж ярьдаг. Дахин төлөвлөлттэй холбоотой барилга байгууламжид НОСК оролцох нь бусад хувийн хэвшлийн байгууллагуудаас илүү давуу талтай, иргэд итгэж мөнгөө өгч болохуйц байх ёстой. Гэтэл НОСК нь хувийн хэвшлийн компанитайгаа хамтран залилан, авлига, албан тушаал, их хэмжээний мөнгө завшсан асуудал гаргаж байна. Тэгээд л хохирсон иргэдтэй шүүхээр асуудлаа шийднэ гээд 5-6 жил хүлээлгэж, метр кв-ынх нь үнийг өсгөөд сууж байдаг болсон. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд НОСК-ийн асуудал гаргаж байгаа ажилчид, албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь АТГ заавал олж тогтоох ёстой. Хоёрдугаарт, Барилгын яам, барилгын хөгжлийн төв гэх мэт зөвшөөрөл өгч байгаа байгууллагууд эдгээр гэмт хэргийг үйлдэж байгаа байгууллага, түүнтэй холбоотой хувь хүмүүсийн улсын бүртгэлийн дугаарыг нь залилан хийсэн гэдэг бүртгэлийн системд оруулах хэрэгтэй. Ингэж байж иргэд орон сууцны захиалга өгөх байгууллагаа судлах, зөв сонгох боломжтой болно.
Мөн Улсын бүртгэлийн газар дуусаагүй орон сууцанд гэрчилгээ өгөхөө болих хэрэгтэй. Олгосон гэрчилгээгээ барилгын компани нь ББСБ-д барьцаанд тавьчхаад иргэдэд байрны түлхүүрийг нь өгчихдөг.
Ингээд дараа нь барилгын компани ББСБ-ын зээлээ төлөөгүй учраас иргэдийн байрыг нь хурааж авсан гэх мэт асуудал, гэмт хэрэг маш их гарч байна. Тиймээс тендер авсан барилгын компаниудыг бүгдийг нь эхнээс нь дахин шалгаж, хянах хэрэгтэй.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,605.46






















































Нэргүй 2026-06-16 66.181.180.184
Мэргэжлийн луйварчид булхайгаа төр рүү чихдэг нь ил байгаа шүү. Гэхдээ зөвшөөрөл энэ тэр ч юм уу бусдаас саадаг албин хаагчид байдагаа
Иргэн 2026-06-16 66.181.180.117
Хүрэлсүхээс эхлээд бүгд хэцүү хүмүүс гээд бодчих!! Монгол улсын төр бузартсан оромж болсон шүү дээ залуу минь!
Нэргүй 2026-06-16 66.181.178.212
Барилгын крмпаниудын цаад эзэд нь дандаа төрийн албан хаагчид эсхүл том авилга авсан дарга, мэргэжилтнүүд байдгаас ийм хэргийг аль болох дарах, иргэдийн талд шийдвэрлэхгүй бах нь газар авсан. Иймд дахин шалгаж хариуцлага хүлээлгэх санал зөв
Зоочин 2026-06-16 103.57.93.180
Зөв Хүний эрхийг хохироосон маш том жишээ бол байрны луйвар Энэ луйварт төрийн байгууллагууд шууд оролц сон Албан тушаалтан харижцсан мэргэжилтнүүдэд хариуцлага хүлээлгэх цаг нь болсон