Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр /2026.06.15/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын улмаас 105 иргэн амь насаа алдсаны 83 нь насанд хүрэгч, 22 нь хүүхэд байгааг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Зуны амралт эхэлж, иргэдийн амралт зугаалга нэмэгдэж байгаатай холбоотойгоор гол, усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтын ажлыг зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ.
НОБГ-ын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаярын мэдээлснээр энэ жилийн хувьд Багануур дүүрэгт Хэрлэн гол дагуу 20 км, Налайх дүүрэгт Тэрэлж орчимд 40 км, Улаанбаатар хотод Туул гол дагуу 50 км маршрутад морьт, завьт, автомашинт болон явган эргүүл ажиллах юм байна. Туул гол дагуух маршрутад нийт 28 эрсдэлтэй цэг байгаа бөгөөд камерын хяналт тавьж байгаа ч хүрэлцээ хангалтгүй байгаа тул өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллахаар төлөвлөжээ. Түүнчлэн хороодын Засаг дарга нартай хамтран голын ай сав, үерийн эрсдэлтэй бүсэд байрлаж буй зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн судалгааг шинэчилж, мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж байгааг мэдээллээ. Тэрбээр “Эргүүл, хяналтыг зохион байгуулснаар жилд дунджаар гол, усны ослын дуудлагыг 35-40 хувиар бууруулж, иргэдэд учрах хохирлыг 15 орчим хувиар багасгадаг. Энэ ажлыг 2014 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж байна” гэв.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд ойртохгүй байхыг анхааруулав. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ. Учир нь зөвхөн гол, мөрөн гэлтгүй борооны дараах тогтоол усанд ч хүүхэд унах эрсдэлтэй аж.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатар “Хүүхдүүдийн зуны амралт эхэлж байгаа энэ үед эцэг эхчүүд хараа хяналтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Хийлдэг цагариг, хийлдэг гудас зэрэг нь аврах хэрэгсэл биш. Ийм хэрэгслээр хүүхдийг усанд оруулах, залуучууд гудсан дээр хөвөх нь эрсдэл дагуулж байна” гэдгийг анхаарууллаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх, урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгийн мэдээлснээр Улаанбаатар хотод ирэх өдрүүдэд түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна. Долоо, наймдугаар сард төвийн бүс нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ. Гэвч агаарын температур өндөр байх нь түр зуурын аадар бороо, аянга цахилгаан, хүчтэй салхи, үер усны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан юм.
Иймд мэргэжлийн байгууллагууд иргэдийг цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч, гол усны эрсдэлтэй бүсэд амрахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриаллаа.
3,605.46






















































Холбоотой мэдээ