“Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2026.06.09/ боллоо. Хэлэлцүүлэгт хүүхдийн эрхийн байгууллагууд, сургуулийн сургалтын менежерүүд, сэтгэл зүйчид болон цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцов. Мөн холбогдох яамд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид хуулийн төсөлтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
"КОНТЕНТ БҮТЭЭЖ БУЙ ЗАЛУУСЫН ХАНДЛАГАД АНХААРАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА"
ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан:
-Хүүхэд, багачууд фэйсбүүк болон инстаграм зэрэг нийгмийн сүлжээг маш идэвхтэй ашиглаж байна. Гэвч цахим платформууд анх үүссэн цагаас эхлэн хүүхдүүд нийгмийн сүлжээг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзсээр ирсэн. Ялангуяа 13-аас доош насны хүүхдүүдийн хувьд нийгмийн сүлжээ хэрэглэх ямар ч шаардлагагүй бөгөөд энэ нь тэдний оюун санаа, сэтгэл зүй, эрүүл мэнд болон харилцаа холбооны хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мэргэжлийн байгууллагууд нэгэнт тогтоосон. Түүнчлэн энэ насны хүүхдүүд цахим орчинд гэмт хэргийн хохирогч, эсвэл холбогдогч болох эрсдэл өндөр байдаг тул олон улсын платформуудад 13-аас доош насны хүүхдийг бүртгүүлэхгүй байх тохиргоог суулгасан байдаг. Харамсалтай нь, эцэг эхчүүд өөрсдийн мэйл хаягийг ашиглан хүүхдүүддээ хаяг нээж, тэднийг цахим сүлжээнд татан оролцуулах тохиолдол түгээмэл байна.
Үүний уршгаар цахим сүлжээтэй холбоотой гэмт хэрэг үлэмж хэмжээгээр өсчээ. Тухайлбал, Монгол Улсад 2014-2019 оны хооронд цахим орчны гэмт хэрэг 800 орчим бүртгэгдэж байсан бол сүүлийн таван жилийн үзүүлэлтийг харьцуулахад энэ тоо 3000 болж, даруй 3-4 дахин өссөн байна.
Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр нийгмийн сүлжээг дур мэдэн хэрэглэснээр цахим орчинд үл таних хүнтэй танилцаж уулзах, улмаар бэлгийн хүчирхийллийн золиос болох, бусдыг цахимаар доромжлох, гүтгэх, хуурамч аккаунт ашиглан бусдыг бүлэглэн дээрэлхэх зэрэг ноцтой асуудлууд үүсч байна. Эдгээр эрсдэлээс хамгаалах үүднээс нийгмийн сүлжээнд Хүүхдийг хамгаалах хуульд 13-аас доош насны хүүхдэд нийгмийн сүлжээ хэрэглүүлэхгүй байх, харин 13-16 насны хүүхдүүдэд хязгаарлалттайгаар хэрэглүүлэхээр тус тус зохицуулсан байдаг. Мөн Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хуурамч аккаунт үүсгэж, бага насны хүүхдэд нээж өгсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх заалтыг шинээр тусган оруулж байна. Үүнээс гадна 2024 онд шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд хэвлэл мэдээлэл, цахим орчноос хүүхдийг хамгаалах тусгай бүлэг тусгагдсан. Гэвч уг хуулийн заалтуудыг илүү нарийвчилсан бүтэцтэй болгох, эрх зүйн орчныг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохицуулах зорилгоор Боловсролын яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Түүнчлэн дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай дуудлагын төв ажиллуулах зэрэг нийгмийн харилцааг зохицуулах төв болон технологийн олон шийдлүүдийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тул Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас үргэлжлүүлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр, цахим орчинд нийгмийн сүлжээ ашиглан контент бүтээж буй залуусын хандлагад анхаарах шаардлага тулгарч байна. Тэдний дунд гэмт хэргийн мэдээллийг орчуулан хүргэдэг, эсвэл хүүхэд үзэхийг хориглосон насны ангилалтай киног товчлон тайлбарладаг контент бүтээгчид олон улсад төдийгүй Монгол Улсад ч олноор бий болсон. Удахгүй сурагчдын зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүхдүүдийн утасны хэрэглээ, дэлгэцийн хугацаа улам бүр нэмэгдэх хандлагатай. Иймд контент бүтээгчид аливаа асуудлыг ганцхан өнцгөөс сурталчлахгүй байх, бусдад сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэхийг уриалж байна.
Хэрэв таны санаатай болон санаандгүй үйлдсэн цахим үйлдлээс шалтгаалж өөр нэгэн хүн амиа хорлосон тохиолдолд бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх заалттай бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоодог.
Мөн сүүлийн үед хиймэл оюун ухааныг ашиглан сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна гэж бусдыг хуурч, залилан мэхлэх хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Эдгээр сургалтын модулийг судалж үзэхэд олон нийтийн сүлжээнд бэлэн байдаг үнэ төлбөргүй хичээлүүдийг нэгтгэн, бусдыг залилах замаар иргэдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа юм. Цахим орчинд хүүхдэд садар самуун сурталчилсан, ёс бус зураг, бичлэг илгээсэн болон хүүхдийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим хаалттай группт оруулсан хууль бус үйлдлүүд 2025 онд гарсан. Энэхүү асуудлын хүрээнд нийгмийн сүлжээнд байршуулсан байсан 502 холбоосыг холбогдох газарт нь хүргүүлж устгах ажлыг зохион байгууллаа. Мөн 2026 оны дөрвөн сарын байдлаар 200 орчим гомдол, хэргийг хүлээн авч, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдэн, олон улсын нийтийн платформын газруудтай хэлэлцээр хийж, хууль бус контентуудыг устгах арга хэмжээг авч ажиллаж байна.
"ХҮҮХДИЙН БУСАД СУУРЬ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ВИЙ ГЭДГЭЭС ЭМЭЭЖ БАЙНА"
"Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг:
-Хэрэв эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж, асарч халамжлахын зэрэгцээ тэдний сайн сайхан байдалд бүрэн санаа тавьж чаддаг байсан бол Монгол Улсад энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалт шаардлагагүй байх байлаа. Цахим хэрэглээ буюу дэлгэцийн хамаарал нь хүүхдийн нийгэмшилт, хэл ярианы хөгжил гээд бүхий л талбарт хор уршигтай гэдгийг эцэг эхчүүд мэддэг атлаа өөрсдөө хязгаарлаж чаддаггүй. Эсрэгээрээ, хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгөх хариуцлагагүй хандлага элбэг ажиглагддаг тул өнөөгийн нөхцөл байдалд энэхүү хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм. Гэвч үүний цаана анхаарах ёстой ноцтой асуудлууд байна. Хүүхдийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг төрийн бус байгууллагын хувьд бид энэхүү хуулиар дамжуулан хүүхдийн бусад суурь эрхийг хязгаарлах вий гэдгээс эмээж байна. Хүүхэд нэг талаараа мэдээлэл хайх, цуглуулах, олж авсан мэдээллээ бусдад түгээх эрхтэй бөгөөд төрөөс үүнийг хуулиар шууд хязгаарлах нь өрөөсгөл. Иймд зохицуулалтыг хүүхдийн дээд эрх ашигт нийцүүлэн, тэнцвэртэй байдлаар хийх шаардлагатай.
Одоогийн Хүүхэд хамгааллын тухай хуульд цахим орчны хортой, хориотой агуулгыг маш ерөнхий, хагас дутуу тусгасан байгааг нарийвчлан зааж өгөх хэрэгтэй байна. Олон улсын баримт бичиг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөмжид хүчирхийлэл, бэлгийн харилцааны шинж чанартай мэдээлэл, хүүхдийг хууль бус үйлдэлд уруу татсан, амиа хорлохыг санал болгосон зэрэг хортой агуулгуудыг маш тодорхой нэрлэж дурдсан байдаг.
Гэтэл хууль тогтоомжид эдгээрийг тодорхой заалгүй орхигдуулж, бусад хуульд зөвхөн архи, тамхи, насанд хүрэгчдийн (+18) агуулга гэх мэтээр хязгаарлажээ. Хэрэв хориглох агуулгыг хуульд нэг бүрчлэн тоочиж өгөхгүй бол хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагын үйл ажиллагаанд цензур тогтох эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээнд байршуулсан аливаа мэдээллийг хүүхдэд хортой гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр хаах, цаашлаад төрийн байгууллагыг шүүмжилсэн контентуудыг цензурдаж, нийтлэхгүй байх эрсдэл давхар үүсэхийг үгүйсгэх аргагүй юм. Мөн хуульд заасан насны хязгаарлалт, утасны дугаарын нууцлал зэрэг заалтууд нь амьдрал дээр үр дүнгүй байх магадлал өндөр байна. Тиймээс хүүхдүүд яг ямар хэлбэрийн цахим эрсдэлд өртөж байгааг судалгаанд үндэслэн тогтоож, хуулийг сайжруулах нь зүйтэй. Үндсэндээ ганц бие даасан хууль гаргаад орхих бус, үүнийг Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад дагалдах хуулиудтай уялдуулан суулгаж өгвөл хэрэгжилт нь илүү үр дүнтэй болно. Учир нь салбараасаа тусдаа хуулийг уншиж, амьдралд хэрэгжүүлэх явц Монголд тун тааруу байдаг.
Энэхүү хууль нь боловсролын салбарт маш их үүрэг, хариуцлага оногдуулж байна. Багш, сургуулийн удирдлагууд хүүхэд хамгааллаас эхлээд олон хуулийн хүрээнд хэт өндөр ачаалалтай ажилладаг. Иймд уг хуулийг хэрэгжүүлэхэд боловсролын салбарт ямар төсөв хуваарилах, төсвийн нэмэгдлийг хэрхэн тооцож байгаа болон багш нарт ямар давуу тал, дэмжлэг бий болгох вэ гэдэг нь туйлын чухал асуудал.
Салбарын сайд хэлэхдээ, цахим орчны шинэ зохицуулалтыг хүлээн авахад эцэг эхчүүд өөрсдөө бэлэн бус байна. Өнөөдөр эцэг эхчүүдийн цахим ур чадвар хүүхдүүдийнхээ түвшнээс доогуур байгаа нөхцөлд тэд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Шинэчилсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эцэг эхийн үүрэг хариуцлагыг чангаруулсан ч цахим эрин зуунд төрж өсөөгүй, цахим боловсролгүй иргэддээ төр өөрөө анхаарал хандуулах ёстой юм. Төрөөс өмнө нь иргэдийн цахим хэрэглээний талаар хоёр удаа томоохон судалгаа хийхэд үзүүлэлт маш муу гарсан байдаг. Иймд эцэг эхчүүдийг чадваржуулахгүйгээр хууль баталвал энэ нь амьдрал дээр хэрэгжихгүй, цаасан дээрх хоосон заалт болоод үлдэх вий гэдэгт иргэний нийгмийн байгууллагууд гүнээ санаа зовниж байна.
"ХҮҮХДҮҮДИЙН 37 ХУВЬ НЬ ЦАХИМ ОРЧИНД ОГТ ТАНИХГҮЙ ХҮНЭЭС ХУВИЙН МЕССЕЖ ХҮЛЭЭН АВДАГ "
ЦХИХХ-ны сайд Ч.Номин:
-Хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалахад хүн бүхэн, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид үүрэг, хариуцлагыг хүлээх ёстой. Хэрэв эцэг эхчүүд өөрсдөө ухамсарлаж, нийгмийн сүлжээнд хүүхдийнхээ мэдээллийг үнэн зөвөөр бөглөдөг бол цахим платформуудад насны хязгаарлалтын хамгаалалтын тохиргоо нь бэлэн байдаг. Гэвч эцэг эхчүүдийн цахим ур чадвар харилцан адилгүй байгаагаас шалтгаалан хүүхдийнхээ хэрэглээнд зохистой хяналт, зохицуулалт хийж чадахгүй өнгөрөх тохиолдол түгээмэл байна. Иймд төрөөс энэ асуудалд зайлшгүй оролцож, хууль эрх зүйн зохицуулалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү хуулийн зорилго нь цахим платформуудыг бүхэлд нь хааж боох явдал огт биш юм.
Хуулиар 13 наснаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож байгаа бөгөөд энэ нь олон улсын платформуудын өөрсдийнх нь баримталдаг, 13-аас доош насны хэрэглэгч бүртгэхийг хориглодог зохицуулалттай бүрэн нийцэж байгаа юм.
Үүний хүрээнд бид олон улсын цахим платформуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд "E-Mongolia"-ын ажлын баг тухайн хүүхэд, иргэний насыг гар утсан дээр нь тулгуурлан баталгаажуулдаг техникийн системийг хөгжүүлж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг, судалгааны хүрээнд нийт 9800 хүн хамрагдсаны 6100 нь өсвөр насны хүүхэд байсан. Тэднээс 1700 хүүхэд тусгайлсан санал асуулгад оролцлоо. Санал асуулгын дүнгээр хүүхдүүдийн 81 гаруй хувь нь өдөрт гурваас дээш цагийг, харин 41 хувь нь таваас дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд хүүхдүүд дийлэнх мэдээ мэдээллээ цахим орчноос авч байна. Тэдний хамгийн их цаг зарцуулдаг аппликейшнийг авч үзвэл, инстаграм 84 хувь, yuotube 58 хувь, тикток 53 хувьтай гарчээ.
Үүнээс гадна судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37 хувь нь цахим орчинд огт танихгүй насанд хүрсэн иргэдээс хувийн мессеж хүлээн авдаг байна. Мөн 26 хувь нь хуурамч цахим хаягнаас үүдэлтэй залиланд өртөж, бэлгийн дарамтын шинж чанартай контент хүлээн авч байсан бол 18 хувь нь цахим дээрэлхэлтэд өртдөг гэдгээ сурагчид нээлттэй мэдээлсэн байна.
Эдгээр эрсдэлээс шалтгаалан хүүхдүүд өөрсдөө цахим орчныг аюулгүй болгохыг хүсч, саналаа илэрхийлжээ. Тухайлбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн, 81 хувь нь насны ангилал, тохиргоогүй хортой контентуудыг хязгаарлаж өгөхийг, 84 хувь нь ёс бус агуулгатай, хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх контентуудыг системээс автоматаар устгадаг байхыг, 74 хувь нь өөрийн байршлын мэдээллийг бусдад харагдуулахгүй, нууцлалтай байлгахыг, 81 хувь нь хувийн цахим хаяг, аккаунтыг нь бусдаас далд байлгах зэрэг аюулгүй байдлын тохиргоог хийж өгөхийг төрөөс болон платформын зохицуулалтаас хүссэн байна.
Энэхүү судалгааны үр дүн болон хүүхдүүдийн өөрсдийнх нь гаргасан санал хүсэлт нь цахим орчны эрх зүйн зохицуулалтыг яаралтай чангатгах, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх бодит шаардлага байгааг харуулж байна.
3,605.46






















































Холбоотой мэдээ