niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 19:03 UTC Эх: https://news.mn/r/2871800/ 094a2ce8fec52966… ← niitlelch.mn руу буцах

ХЗБХ: Байрны захиалга давхардуулан хийж, залилан хийдэг үйлдлийг хязгаарлана

ХЗБХ: Байрны захиалга давхардуулан хийж, залилан хийдэг үйлдлийг хязгаарлана

ХЗБХ: Байрны захиалга давхардуулан хийж, залилан хийдэг үйлдлийг хязгаарлана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.10/ хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29 -ний өдөр өргөн мэдүүлсэн/ төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжлээ.

Одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бол бүх дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, сайн дурын үндсэн дээр явж ирсэн учраас иргэдийн захиалгын гэрээнээс үүсэх шаардлагыг улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийлгэн бүртгэхэд “тухайн барилга нь дуусаагүй барилгаар бүртгэгдсэн” тохиолдолд боломжтой, бүртгэгдээгүй бол боломжгүй байдаг.

Иймээс нэг ижил тоот дээр иргэдээс давхардуулан захиалга авч иргэд, хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх, залилах тохиолдол олон болсон.

Тухайлбал, Орон сууц захиалгын гэрээгээр халхавчлан хийгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын тоо олон хүнийг хамрах нь түгээмэл болсон бөгөөд нэг хүний үйлдсэн залилах гэмт хэргийн хохирогчдын тоо 260 –д хүрч, хохирлын дүн олон арван тэрбум төгрөгт хүрсэн. Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой залилах гэмт хэргийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 300 гаруй хохирогчийн  15 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байна.

Барьж дуусаагүй барилгын эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ авсан, өмчлөх эрх үүссэн тохиолдолд Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-т “Энэ хуулийн 185.1-д заасан тэмдэглэлийг ирээдүйд бий болох буюу болзол тавьсан шаардлагыг хангахын тулд хийж болно” гэж,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасныг үндэслэн иргэд, хөрөнгө оруулагчдын хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийлгэж байна.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусааагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2018 оны 397 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.3-т “барьж дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн барилгын гүйцэтгэлийг гүйцэтгэгчийн болон өмчлөгчийн тодорхойлсон баримт” гэж, мөн журмын 6.3-т “барьж дуусаагүй барилгаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс зарим хэсгийг бүрэн гүйцэтгэлтэйгээр шилжүүлэн авсан гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэхэд гүйцэтгэлийн хувийг анхны бүртгэлд тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн хувь, хэмжээний өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд оруулсны дараа бүртгэнэ” гэж заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгэж байна.

Барьж дуусаагүй барилгыг эрхийн улсын бүртгэл. 2025.12.11-ний  байдлаар

 

Бүртгэлийн тоо202020212022202320242025
Тухайн онд шинээр бүртгэгдсэн нийт дуусаагүй барилгын тоо796823757611916732
Үүнээс: Орон сууцны зориулалттай  дуусаагүй барилгын бүртгэл981558196295143
Нийт дуусаагүй барилгаар бүртгүүлсэн тоо8485930810065106761159212324
Үүнээс: Орон сууцны зориулалттай  дуусаагүй барилгын бүртгэл157017251806190221972340
Дуусаагүй барилгын барьцааны гэрээ /орон сууц/86417191680230527853179
Барьцааны гэрээний дүн /Банк, зээл олгодог газруудаас авч тулгах нь зүйтэй/567,283,901,3461,392,219,700,4532,134,301,467,3433,412,450,457,7795,093,467,359,6645,018,767,739,047
Дуусаагүй барилгад бүртгэгдсэн урьдчилсан тэмдэглэл1532254545995
Нийт 12277 дуусаагүй барилгын бүртгэлээсбүрэн ашиглалтанд орж хувийн хэрэг нь хаагдсан барилгын тоо428
Нийт 2330 орон сууцны зориулалттай дуусаагүй барилгын бүртгэлээс бүрэн ашиглалтанд орж хувийн хэрэг нь хаагдсан барилгын тоо274

Заавал бүртгүүлэхээр хуульчилбал захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ.

Мөн ямар орон сууцны барилгын, ямар тоот дээр хэзээ захиалгын гэрээ хийгдсэн мэдээллийг олон нийтэд ил тод байлгах боломж бүрдэж орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд хууль ёсны эрх ашгаа цаг алдалгүй хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Монгол Улсад Засгийн газар байгаа бил үү. Гадаадад ажиллаж байхдаа явуулсан мөнгө, хашаа байшингаа зарсан мөнгө, зээл авч бүрдүүлсэн мөнгө, ах дүүгээсээ цуглуулсан мөнгөө иргэд орон сууц захиалаад алдаж байна. Энэ асуудлыг цэгцэлж янзалъя гэсэн санаачлага гаргасанд баярлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэд маань барилгын нэр бүхий компанид байрны захиалга өгтөл байр нь баригддаггүй хохирчихоод байгаа. Энэ асуудлаар барилгын компанийн удирдлагатай нь цагдаагийн дарга нарыг дагуулж очоод уулзуулахаар байшин нь овоо хэдэн давхар явж байгаад зогссон. Энэ бол өнгөрсөн зүйл. Ирээдүй цаг дээр ийм зүйлээс яаж ангижрах вэ. Орон сууцны захиалга авах тухай хууль гаргамаар байна, бүртгэл бол байна. Орчин үед санхүүжилт гэдэг юмгүйгээр хоосон бүртгэл явахгүй. Хүмүүсийн баахан мөнгө авчихаад залилан хийж байгаа. Залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль батлах шаардлага байна. Засгийн газар энэн дээр ажилламаар байна. П.Сайнзориг гишүүнийн төслийг зогсоочихоор хэцүү. Зогсоохгүй гэхээр өрөөсөн хаа л явж байна. Зүрх нь, тархи нь ажиллахгүй байна, энэ чинь олон талын сонирхол орно, цогц асуудал. Агент маягийн системээр дамжих ёстой, тэр лүү порц, порцоор мөнгө өгөх ёстой, эрсдэлийг багасгаж. Тэгэхгүй бол хүний хашаа байшин зарсан мөнгө аваад хэдэн жилээр нь байшин нь босдоггүй өөр юманд эргүүлээд.

Адгийн зарга дээр үед арав хоног байсан, одоо бол 10 жил болж байна ш дээ. Хүний мөнгө авчихаад ингэж 10 жилийн зарганд оруулна гэдэг бол Монгол Улсад төр байхгүй, Засаг байхгүй гэсэн үг шүү.

Тийм учраас хууль санаачилсан гишүнийгээ дэмжиж байна. Гэхдээ энэ нэг хүний хийдэг ажил биш. Монгол Улсад засаг гэж байдаг бол бүх шугамаараа ажиллаж оруулж ирэх ёстой хууль. Хугацаа алдаж болохгүй. П.Сайнзоригийн хуулийн төслийг явуулчихаад Засагт чиглэл өгч болдог билүү. бусад харилцааг нь хаямааргүй байна.

Н.Алтанхуяг газартай, О.Номинчимэг хөрөнгө оруулагч ингээд л бөөн хэрүүл болдог юм билээ ш дээ. Ийм юман дээр иргэн очиж харилцах бол бид улс биш л гэсэн үг. Энэ харилцааг зөв болгомоор байна. Агентлаг юм уу, тиймэрхүү хувийн юмаар дамжаад явах ёстой. Нөгөө тал даатгалынхаа тогтолцоог хангасан байх ёстой. Тэрэнд нь төр засаг оролцдог. Хэдүүлээ тал талаасаа хамтарч байгаад намар гэхэд хуультай болгож өгмөөр байна.

УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч П.Сайнзориг:

-Энэ хуулийн дагуу Засгийн газарт цаашдаа сууриар нь шийдэх чиглэлийг өгч болно. Энэ бол өнөөдрийн явж байгаа Иргэний хууль болоод барилгын хууль тогтоомж дээр шийдэж болж байгаа. Барилгын хууль тогтоомж дээр зургийн автор, өөрөө захиалагчийн хяналтыг тавих дээр ямар үүрэг оролцоотой оролцох вэ, даатгал яаж орж ирэх вэ, барилгын компаниуд иргэдийг төөрүүлээд байгаа. 70, 30 компаниараа аваад.

Энэ бол өнөөдөртөө цаашдаа ийм зүйл гаргахгүй байх, ус дулаанаар хангагдах эсэх нь мэдэгдэхгүй барилгад захиалга өгөхөөс сэргийлнэ. хариулцагатай ажиллаж байгаа барилгын компаниа хамгаална.

Иргэд мэдээлэлтэй танилцана гэдэг бол эрсдэлээ тооцох, гэрээн дээрээ нягтлаад харах бололцоог олгоод явах нь зүйтэй байгаа. Иргэний хуулийн л асуудал. Хүн мөнгөө өгөөд тодорхой бүтээгдэхүүн авах гэж байна. Гэрээний тэгш байдлын зарчим байдаг боловч иргэд дээр очихоор дараагийн хүн чинь авах гэж байна, гарын үсгээ зурвал зур, боливол боль гэдэг. Ийм байдал байгаа учраас иргэдээ хамгаалах шаардлагатай байгаа юм. Тийм учраас иргэдээ хамгаалсан зохицуулалт хийж өгч байж, энэ асуудлыг цаашид томруулахгүй шийднэ.

Өмнөх асуудалд шууд нөлөө үзүүлнэ гэж хэлж чадахгүй, зарим асуудал нь хүнд болсон. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж, үзэмжээрээ шийдэж байгаа асуудлаас болж бүр томруулж байгаа асуудал ч байна.

Тэр компаниуд нь төлбөрийн чадваргүй асуудалд орчихоод байхад арга хэмжээ авдаггүй, тэр хооронд компани бүх хөрөнгөө нууж, шилжүүлсний дараа одоо шүүхээр явна биз гэдэг.

Иргэний хуулийн орон сууц авч байгаа хууль гэхээс илүү Эрүүгийн хуулийг яаж хэрэгжүүлж байгаа, дээрээс нь Төлбөрийн чадваргүйтлийн, Барилгын болоод даатгалын хуулийн зарим суурь концепцийг хөндөх үү үгүй юу гэдгээс ихээхэн шалтгаална.

Барилгыг хүлээж авах комиссын асуудлыг Даатгалын компанид хариуцуулчихмаар байгаа юм. Даатгал үнэлчихнэ. Даатгах уу, даатгахгүй юу, үнэ цэнэтэй барилга уу үгүй юу гэдгийг цэвэр мэргэжлийн хүмүүс хэлээд өгчихнө. Улсын комисс гээд хэдэн төрийн албан хаагч яваад барилгыг хүлээж авдаг. Гурван жилийн дараа барилгын сантехник нь задардаг, шалаа сольдог, доод айлынхаа засварыг хийдэг, хаалга нь яйжийдаг. Метр квадраттаа  ч хүрдэггүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Орон сууцны захиалга өгөөд хохирсон иргэдийн асуудал маш ноцтой түвшинд хүрсэн. Манай Баянгол дүүрэг дээр хэдэн жил үргэлжилж байна. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхад л энэ асуудал байсан одоо ч үргэлжилж байна. Энэ хуулиар нэлээд юмыг зохицуулах нь маш чухал. Барилгын компани хугацаандаа үүргээ биелүүлдэггүй, дээрээс нь давхар зардаг. зарим нь бүр залилангийн шинжтэй болсон. Зарим нь “байрыг чинь хэзээ нэгэн цагт өгнө” гэдэг. Гэхдээ мөнгийг нь эргэлдүүлдэг үүндээ мэргэшсэн. Энэ бүгдийг хаах зохицуулалт орсон уу.

Залилж залилж байгаад компанийн нэрээ солиод дахиад залилдаг. Энийг бүртгэлээр хар жагсаалт гаргах юм байна уу.

Эхлээд барилга захиалахад экскиз зураг танилцуулдаг . Барилга ашиглалтад ороход хотхонд нь тав биш 10 байшин боссон байдаг. Тоглоомын талбай нь жижгэрсэн байдаг.  Анх захиалга өгөхөд амлаж байснаасаа зөрчвөл тухайн барилгын компани хариуцлага хүлээх юм байна уу.

Манай Баянгол дүүрэгт байрны захиалга өгөөд хохирсон маш олон иргэн байна. Олон жил амьдрах газаргүй явсан, зарим нь машиндаа амьдардаг. Захиалга өгсөн хүн буруудаад гэр бүл салдаг, амиа хорлосон тохиолдол ч байгаа. Маш олон хүн нас барсан.

УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч П.Сайнзориг:

-Одоо байгаа асуудлыг энэ хуулиар зохицуулна гэж иргэдэд хэлэмгүй байна. Цаашдаа хийх гэрээнд хамаарна. Дуусаагүй барилга дээр захиалга өгсөн этгээдүүд энэ хууль батлагдвал барилгын компанитайгаа яриад гэрээндээ өөрчлөлт оруулаад ч юм уу баталгаажуулах арга хэмжээг авч болно. Орон сууцны асуудлаас болоод хохирч байгаа  нь гурван янз байна. Анхнаасаа залилан хийдэг. Хуурамч макет үзүүлээд залилан хийдэг. Барилгын зөвшөөрөлтэй боловч компаниас нь болоод санхүүжилтээсээ ч юм уу газрын маргаанаасаа болоод гацчихсан. Гурав дахь тохиолдол нь дахин төлөвлөлтөөс болж хохирсон. Илэрхий залилан байхад гэрээ байна гээд цаг алдуулдаг зүйл ч бий.

Цаашдаа төрөөс хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх гэсэн барилгын компаниудын нэгдэл буюу танхим дээрээ мэргэжлийн барилгын компаниуд өөрсдийнхөө стандартыг тогтоож, хамт энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст өөрсдийн нөлөөллийг үзүүлэх ёстой. Шударга компани нь хэлж байх ёстой.

Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгийг сонсч байсан, эмзэглэмээр юм билээ. Давхар зардаг асуудал бол цадигаа алдсан.  Тав ч давхардуулж зарсан тохиолдол байна. Дунджаар гурав дахардуулж зарсан тохиолдол байна.  Энэ тохиолдолд захиалга өгсөн гурван иргэнийг дуудаж уулзаад “Барилгын материалын үнэ өссөн.  Мөнгө нэмж өгсөнд нь байр өгнө” гэдэг. Нөгөө хоёрт нь шүүхдээд аваарай гэдэг. Шүүхдээд явахаар 2-3 жил болно, энэ хооронд  хүний мөнгийг эргэлдүүлэх гээд байна. Мөнгийг нь буцааж өгнө л гэдэг. Өнөөдөр өгч байгаа 100 сая төгрөг, 2-3 жилийн дараа ямар үнэ цэнэтэй болох вэ гэдгээ ярих юм бол энэ барилгын компаниуд хүний мөнгийг эргэлдүүлэхийн тулд байраа давхар зараад байна.

Хуулийн төсөлд энэ гэрээн дээр барилгын компаниудыг үүрэгжүүлээд өгч байгаа. Анхнаасаа 9 тоот дээр захиалга аваад урьдчилгаа төлбөр авсан бол Улсын бүртгэлд бүртгүүл. Энийгээ мэдсээр байж үүргээ зөрчиж дахин захиалга авна гэдэг бол цаашдаа иргэдийг төөрөгдүүлж 2 дахь, 3 дахь гэрээг байгуулсан гэдэг байдлаараа Иргэний хуулиараа явсан ч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,  залилан мэхлэх гэмт хэргийн юм руу явж байгаа.

Ямар мэдээллийг ил болгох вэ гэхээр захиалга авсан мэдээллээс гадна барилга баригдах газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл, кадастрын код, барилгын батлагдсан загвар зураг, барилгын төсөв, техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр, тэдгээрийн өөрчлөлтийн талаар мэдээлэл ил тод нээлттэй болно.

Гоё макет үзүүлээд энд зогсоолтой гэж байгаад эхний байрууддаа захиалга авч дууссаны дараа дахиад нарыг нь хаагаад барилга барьдаг байдлыг таслан зогсоох зорилгоор энэ зохицуулалтыг оруулсан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-10 202.126.89.167

Шүүх өөрөө залилангийн хамсаатан болохоор худал юм байсан. Мөнгөтэй, төнилтай хүн шүүх дээрөөрийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулдаг. Өмгөөлөгч нар яаж ч чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-06-10 103.57.95.80

юун хязгаарлах вэ. хязгаартай хүрээнд хийж болно гэсэн үг үү. бүр таслан зогсоох ёстой бус уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж