niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 20:00 UTC Эх: https://news.mn/r/2870782/ 4aac2bdb2fbe291f… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг хэлэлцэж байна

LiveУИХ: Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг хэлэлцэж байна

УИХ: Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.06.05/ хуралдаан үргэлжилж байна.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
14 : 19
2026-6-5

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна.


УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Нэгдүгээрт, хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж өгнө үү. Төсөвт хэр их дарамт үзүүлэх вэ? Хоёрдугаарт, сүүлийн 10-аад жилийн хугацаанд хоёр градусаар Монгол Улсын температур өссөн гэж байна. Үүнтэй уялдуулаад цөлжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд усны асуудал нэлээд хүнд байгаа. Үүнд Оюутолгой нөлөөлдөг юм уу, үгүй юу. Эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна уу?

Ажлын хэсгийн гишүүн:

–Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд төсөвт ямар нэгэн дарамт үзүүлэхгүй. Олон улсын жишгээр уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг санаачлан баталснаар тухайн орны ногоон технологитой холбоотой гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ 2-3 дахин нэмэгддэг гэсэн тооцоо, судалгаа бий. 

2020 онд нийт нутгийн 76 хувь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн гэсэн зураглалыг гаргасан. 2026 онд БОУАӨЯ-наас цөлжилтийн зураглалыг шинээр гаргаж байгаа. 

Дээрх хуулийн төсөлд тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа компани орон нутгийн иргэдийн буюу нөлөөллийн бүсийн 70-аас дээш хувийн саналыг тусгах зохицуулалтыг оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

–Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг баталбал бид дэлхийтэй хөл нийлүүлж эхэлнэ. Байгаль орчин гэдэгт хил хязгаар, тусдаа улс гэдэг ойлголт байхгүй. Үүнийг бодож бид энэ хуулийг яаралтай баталж, ажил хэрэг болгох нь зүйтэй. Хуульгүй казино Монголд байж л байсан.

Тэр болгонд тодорхой хэсэг бүлэг юм уу, хуульгүй орчинд түрүүлж үйл ажиллагаа явуулсан хүмүүс ашиг олоод энгийн иргэд алдаад, хохирдог.

Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиа гүйцэт ойлгоогүй, дэлхий нийтэд байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа зүйлийг өнөөдөр Монгол Улсад орж ирээд карбон кредитийн наймаа хийх гэж байгаа бизнесийн бүлэглэлийн танилцуулж байгаа танилцуулгаар ойлгож энэ хуульд халдвал буруу зүйл болно. Үүн дээр арай өөр байдлаар хандах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Бид КОП-17 хурлын өмнө энэ хуулиа батлаад авбал тун чухал байна. Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний тодорхойлсон хувь нэмэр, урт хугацааны хөгжлийн бодлого, дасан зохицох төлөвлөгөө гээд олон баримт бичгийг баталсан. Тэгэхээр эдгээрийг хэрэгжүүлэх инститүц, тайлагнал, санхүүжилт, карбон зах зээлийн асуудал бүгд салангид зохицуулагдаж ирсэн. Энэ хуулийн төсөлд эдгээрийг нэгтгэсэн суурь эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэж ойлгож болох уу? 

Ажлын хэсгийн гишүүн:

-Хуулийн нэгдсэн тогтолцоо салангид зорилтуудыг биелүүлэхэд энэ хууль бүрэн хангаж чадна. 

 

11 : 49
2026-6-5

ХАА-н салбарын бүтээмжийг сайжруулах ёстой

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн М.Мандхай:

–Нийт татаасыг дандаа үйлдвэрийн орцонд зориулж олгож ирсэн. Тиймээс өнөөдөр олгож байгаа татаас урамшуулал 2015 онд байсан 20 хувийн бүтээмж 2024 он гэхэд 6 хувь болж буурсан. Үүнийг бид 50 хувь орцонд нь буюу дандаа үйлдвэрлэлийг эхлэх эргэлтийн хөрөнгө, гарааны бизнест нь олгож ирсэн. Тиймээс цаад талд нь гарч байгаа гарц буюу нэмэн өртөг шингэсэн, чанарт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл сайжруулалтад нь хяналт тавьж үр дүнд нь түшиглэсэн татаас урамшууллыг олгохгүй байгаатай шууд холбоотой. Тиймээс ХАА салбарыг үнэхээр эдийн засгийн эргэлтэд орсон салбар болгон хөгжүүлье гэвэл бүтээмжийг сайжруулах ёстой. Үр дүн гаргах ёстой. Үүнийг сайжруулахын тулд нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаг, чанарт суурилсан үйлдвэр, бүтээгдэхүүнүүд дээр бид энэ урамшуулал, шууд болон шууд бус татаас, хөнгөлөлтүүдээ хуваарилдаг байх зохицуулалтыг хуульдаа оруулж өгч байгаагаараа онцлог юм. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

–Хуулийн төслийг дэмжиж байгаа. Орон нутагт ард иргэдтэй уулзаад явж байхад малчид Малчны тухай хууль огт хэрэгжихгүй байгаа тухай олон зүйл ярьж байна. Тэгэхээр үүн шиг энэ хууль хэрэгжихгүй байх вий гэх болгоомжлол байна. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд нь сайжруулаад илүү амьдралд ойртуулаад баталсан нь зөв байх гэж бодож байна. 

Урамшуулалтай холбоотой асуудалд нээх ноцтой зүйл алга. Гэхдээ ХАА салбар дэлхий дээр урамшуулалгүй явна гэж байхгүй. 

Хүн хоол, өмсөх хувцсаа бэлдэх зүйл рүү гээ дэмжиж, хангамжийг нь нэмэгдүүлэхэд урамшуулалгүй явна гэж байхгүй. Энэ хууль дотор анхаарах ёстой нэг заалт байна. Тодруулбал, чанартай холбоотойгоор урамшууллын асуудлыг нь авч үзнэ гэж байна. Үүнийг чинь далимдуулаад Засгийн газар ХАА салбарын бэлтгэж байгаа бүтээгдэхүүнийг чинь чанаргүй байна гээд урамшууллыг чинь хасчихна шүү. Жоохон дэмжлэг болоод, арай нэг тогтоод явж байсан зүйлдээ хор хөнөөл учруулах зүйл болох вий гэж санаа зовж байна. 

Хоёрдугаарт, мал аж ахуйн салбар дээр залуу малчин гэж байхгүй болчихсон. Мал дээр хэдхэн тэтгэврийн насны хүмүүс л байна. Байгаа хэдэн залуу малчин нь гэр бүлгүй ганц бие байгаа асуудлыг анхаарах шаардлагатай. 

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-ХАА-н салбарын одоогийн байгаа нөхцөл байдлыг дүгнэвэл хоёрхон тоо л хэлж болно. ХАА-н салбарын эдийн засагт эзэлж байгаа хувь 10 хувь, Монгол Улсын ажиллах хүчний 30 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Зөвхөн энэ хоёр тооны харьцаа олон зүйлийг илэрхийлэх байх.

Үндсэндээ ХАА-н салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж гурав дахин бага байна л гэсэн үг.

Олж байгаа орлого нь улсын дунджаас гурав дахин бага байна гэсэн үг. Үүний цаана зарчмын болоод олон зүйлийн илрэлийн нэг жишээ нь энэ хавар үүсч байгаа махны хомсдолын асуудал. Энэ бол нийлүүлэлтийн л асуудал. Түүнээс экспорт нэмэгдээгүй, нэг хүний идэж байгаа махны хэмжээ нэмэгдээгүй. Нэг салбараас хараат буюу уул уурхайн салбар эдийн засгийн зонхилох хэмжээг эзэлдэг. Олж байгаа орлого, валютын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Бусад салбарууд нь шахагддаг. Энэ нь өөрөө Монгол Улсын дотоодын бизнесийн өрсөлдөх чадварыг хумьж эхэлж байна. 

Үргэлжлүүлэн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 15 мянга орчим иргэн Чех улсад ажиллаж, амьдарч байна. 

 

10 : 09
2026-6-5

Захиалгат арилжааны нислэг гэдэг ойлголт улсын нисэхийн байгууллагуудад байхгүй

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

–Улс өөрийнхөө агаарын хөлгийн завсар үйлчилгээ болон сургалтыг бүрэн өөрсдөө хариуцаж хийхээр заалт байсныг өөрчилсөн байна. Зардал ихтэй, хөрөнгө оруулалтын өгөөж багатай бодит байдал дээр зарим засвар үйлчилгээ, сургалтыг олон улсын жишигт ч гэсэн хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг. Энэ агуулгаараа энэ өөрчлөлт дэмжигдэж орсон. Нөгөө талаас нууцлалтай холбоотой асуудал байдаг учраас тодорхой хэсэг гэдэг нарийн зохицуулалтуудаа Улсын нисэхийн багц дүрмээрээ зохицуулахаар оруулсан байгаа. 

Улсын нисэхийн хуулиас өмнө тодорхойгүй байсан хувийн хэвшилтэйгээ Иргэний нисэх нь өрсөлдөх юм шиг зохицуулалт байсныг өөрчилсөн заалтууд орсон учраас тус хуулийн төслийг дэмжиж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Хуулийг шинэчлэн найруулах болсон учир шалтгааныг сонсмоор байна. Батлан хамгаалахын салбартай холбоотой, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал хуулиуд дээр маш сонор сэрэмжтэй байх ёстой. Гол нь тогтвортой байдал их чухал гэж харж байна. 

Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд улсын нисэхэд хамаарах агаарын хөлгийн тоо нэмэгдэж байгаа гэсэн зүйл танилцуулга дээр байна. Тэгэхээр яг одоо улсын хэмжээнд бүртгэлтэй нийт улсын нисэхэд агаарын хөлгийн тоо хэд байна вэ? Байгууллага тус бүрийн харьяаллаар нь хэлж өгнө үү? 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-УИХ 1999 онд Иргэний нисэхийн тухай хуулийг баталсан. Гэхдээ 1945 онд баталсан олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцоор улсын агаарын хөлөг болон иргэний нисэхийг тусад нь зааглаж өгсөн учраас Улсын нисэхийн тухай хуулийг зайлшгүй батлах шаардлага үүсч 2003 онд баталсан юм байна. 

Гэхдээ тухайн үед Монгол Улсын төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагуудын хүрээнд зөвхөн цэргийн болон байлдааны зориулалттай нисэх хэрэгслүүд байсан. Харин өнөөдрийн нөхцөл байдал дээр ОБЕГ, ХЗДХЯ, төрийн цэргийн байгууллагуудаас гадна төрийн болон хууль хүчний байгууллагууд дээр иргэний зориулалттай, ачаа тээврийн зориулалттай нисдэг тэрэг, агаарын хөлгүүд орж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчныг цаг үетэйгээ нийцүүлж өөрчлөх шаардлагатай болсон. 

Үүн дээр мөн нисгэгчгүй нисэх хэрэгсэл буюу дроны зохицуулалтыг оруулж өгч байгаа. 

Мөн улсын нисэхийн агаарын хөлгүүдийг даатгалд хамруулах асуудлыг албан ёсоор хуульд тусгасан. Захиалгат арилжааны нислэг гэдэг ойлголт улсын нисэхийн байгууллагуудад байхгүй. 

Генерал С.Ганбямба:

-Улсын агаарын хөлгийн тоо нууцын зэрэглэлтэй байдаг. Өнөөдөр зэвсэгт хүчний агаарын хөлөг, ХХЕГ, ОБЕГ-т нийт 20 нэгж байлдааны зориулалттай болон тээврийн зориулалттай агаарын хөлөг байгаа. 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

-Сүүлийн 11 жилийн хугацаанд нисдэг тэрэгний хоёр осол болсон. 2015 онд МИ-8 нисдэг тэрэг осолдсон. Энэ нь техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан осол байсныг тодорхойлсон байдаг. 2012 онд онцгой байдлын албаны нэг нисдэг тэрэг осолдсон. Энэ нь гадаад нисгэгчийн буруутай үйлдлээс үүссэн гэдэг тодорхойлолт гарсан. Өнөөдөр Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал улсын нисэхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулах ач холбогдолтой. Энэ хүрээндээ иргэний нисэхийн аюулгүй байдал, нисгэгч бэлтгэх, онгоцны бэлэн байдал турших, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулна. 

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-06-05 111.237.119.73

Улсын агаарын хөлгийн тоо нууцын зэрэглэлтэй байдаг гэснээ нийт 20 нэгж байлдааны зориулалттай болон тээврийн зориулалттай агаарын хөлөг байгаа гэнээ хаха улсын нууц задалчихлаа ш д

Avatar

Зочин 2026-06-05 103.168.34.29

Геологи, Уул уурхайн нөөц бол шавхагдаад дуусна.
Биологийн нөөц бол нөхөн сэргээгдэнэ. өснө үржинэ. аль нь дээр вэ?
Бэлчээрийн мал аж ахуйг устгах , бодлого бол монгол хүнийг устгах бодлоготой утга байх аа даа

Avatar

Зочин 2026-06-05 202.126.88.174

Одоо бэлчээрээр мал маллаж амьдарна гэж юу байх, даан ялангуяа залууст бол бүүр худлаа, одоо энэ бэлчээрийн мал аж ахуйгаас хүссэн ч эс хүссэн ч салах л хэрэгтэй болж байх шиг, сүүлдээ энэ нь уул уурхай аж үйлдвэртэйгээ зөрчилдөх хэмжээнд очиж байх шиг

Avatar

Нэргүй 2026-06-05 202.126.90.221

Шинэ зуун, Шинэ Мянганд Монголчуудын Амьдрах арга нь Мал Аж Ахуй биш нь тодорхой. Уул Уурхайгаар хэсэгтээ амьдарна гэвч Уул Уурхай Шавхагддаг Нөөц. Монголчууд хэзээ Амьдрах Орчноо Зөв бүрдүүлж байгуулж Сурах вэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж