Бөхчүүдэд цол олгох хууль батлагдвал П.Сүхбат агсан Улсын арслан цол хүртэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ зун болно. Хэдүүлээ энэний өмнө улстөржилгүй асуудлаа шийдчихвэл яасан юм бэ. Амьд сэрүүн гээд яривал баавгай П.Сүхбат гарьдын асуудал юу болох вэ, түрүүний миний хэлсэн Мөнгөнморьтын Чимэд арслангийн асуудал гээд. Тэгш ойн жилүүд дээр Өршөөлийн хууль гаргаад шийдээд явдаг шиг энэ хүмүүсийн асуудлыг бүрэн эцэслээд дуусгавал яасан юм бэ гэдэг саналтай байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байна. Хэлдэлцэх эсэхээ шийдвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэн эрхийн асуудал болно. Би бол боломжит хувилбараар шийдье гэж байгаа.
Улсын гарьд П.Сүхбат агсны хувьд өөрөө амьд сэрүүндээ өргөдөл гаргаж байсан. Бурхан болсных нь дараа ч гэсэн ар гэрийнхэн нь П.Сүхбат агсанд цолыг нь олгуулаач гээд шүүхэд хандаад явж байгаа, шүүхийн процесстой.
Энэ хүрээндээ бусад бөхчүүд барьцахгүй байх гэж найдаж байна. Амьд сэрүүндээ өөрөө Бөхийн холбоонд хандаж байсан учраас өргөдөл гомдлынх нь хүрээнд ауудлыг шийдэж болох юм аа л гэж үзэж байна гэлээ.
Улсын гарьд П.Сүхбат агсан нь 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн тэгш ойгоор найм давж үзүүрлэжээ. Тухайн тэгш ойн наадмаар үзүүрлэсэн хүчит бөхөд Улсын арслан цол олгодог зарчим үйлчилдэг ч П.Сүхбат агсанд энэхүү цолыг олгоогүй юм байна. Иймээс УИХ-аас дээрх хууль батлагдвал П.Сүхбат агсан Улсын арслан цол хүртэх юм.
Энэхүү хуулийн төслөөр санал хурааж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс маргааш 10:00 цагт эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахаар болов.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсэв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Хуулийн төслийг дахин нягтлан үзэх, хууль батлагдсанаар ямар үр дагавар дагуулах вэ гэдгийг нягталж, байр сууриа нэгтгэх шаардлагатай тул ажлын тав хоногийн завсарлага хүсэж байна" гэсэн юм.
УИХ-ын дарга тус бүлэгт тав хоногийн завсарлага өгөв.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Чуулган: 1024 бөх барилдуулж, 17 бөхөд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөхийн барилдаан зохион байгуулах асуудлыг Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байх, улмаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт аймгийн наадамд зургаа давсан бөхөд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон байгааг нэмж оруулах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн уламжлалт баяр болсон Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ойг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэж, түүх, соёлоороо бахархах үндэсний ухамсар сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн уг хуулийн төслийг дагалдуулан Үндэсний их баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
2003 оны зургадугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль (Шинэчилсэн найруулга) батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх үеийн 1987 онд болон Монголын бүх ард түмний спартакиад, 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам, 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлэх болон Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннесийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3 дахь хэсэгт цолыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Чуулган: Хар тамхины хэрэгтэй тэмцэхэд тусгай ажиллагаа, тусгай алба шаардлагатай
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18 -ны өдөр өргөн/ -ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж байна.
Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон. Мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал ихэссэн. Улсын хэмжээнд 2017-2025 онд ийм төрлийн гэмт хэрэг нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өсчээ.
Сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Иймд хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдэх аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Хуулийн төслийг шинэчлэн баталснаар хар тамхи борлуулдаг, оруулж ирдэг этгээдүүдэд оногдуулах ялын бодлогыг чангаруулна гэж ойлгоод байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд хууль сахиулах байгууллагад ажилладаг хүмүүсийн оролцоо их байсан. Дээр нь энэ төрлийн гэмт хэргийн хэчнээн сүлжээ илрүүлэв. Сошиал дээр мансууруулах төрлийн бодис борлуулна, авна гэсэн зар явж байдаг, хуулийн байгуулагаас мэдээлэл өгсөн зүйл байдаггүй. Аян зарладаг ч хэрэглэгчийг нь аваачаад хорьдог, оруулж ирж байгаа, борлуулж байгаа сүлжээг илрүүлсэн тухай мэдээлэл байдаггүй.
Манайд эмч нарын чадамж, боловсон хүчний нөөц ямар байна вэ. Гадаадад зарим төрлийн мансууруулах бодис зөвшөөрөгдсөн байдаг, тэрийг оруулж ирдэг гэсэн асуудал яригддаг?

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Нэг дутагдал бий манайд. Хар тамхи, мансууруулах бодисын талаар ярьж болохгүй гэсээр байгаад далд хэлбэр лүү шилжсэн. Энэ нь хар тахал болох хэмжээнд суурь нь тавигдсан. Энэ төрлийн хэрэг бүртгэл, шийдвэрлэсэн байдал 2000 гарсан. Уг хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуучууд буюу 18-35 насныхан.
17 нэр төрлийн мансууруулах эм, эмийн бодис, хар тамхины нэр төрлийн бүтээгдэхүүнийг цагдаагийн байгууллага хурааж авсан. Нийт дүнгээрээ 510 мянган хүн туныг хурааж авсан байдаг.
Өнгөрсөн хугацаанд хэрэглэгч, донтогч руу чиглэсэн ажиллагаа явж ирсэн бол нийлүүлэгч, худалдагч, үйлдвэрлэгч, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг цагдаа, холбогдох мэргэжлийн албад хамтран зохин байгуулж, ажиллаж байна.
Сарын өмнө Турк, Польш улсаас манай улс руу олон жил хар тамхи нийлүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн заримыг нь баривчилж, авч ирсэн.
Урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа боловч нөхөн сэргээх эмчилгээ хамгийн багадаа гурван сар түүнээс цааш сар шаарддаг учраас нөхөн сэргээх болон донтолтыг эмчлэх эмчилгээ хангалттай хийгдэхгүй байна. Орон байрнаас эхлээд төсөв санхүү гээд асуудлууд байна.
Архи донтолтын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн эсрэг сан байдаг ч зарцуулалт хөрөнгө, санхүү хууль эрх зүйн орчин тодорхойгүй учраас дорвитой ажил хийгдэхгүй байгаа асуудал бий. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой асуудлыг ярьж болохгүй гээд таг чимээгүй яваад байх биш бодит нөхцөл байдал, аюул эрсдлээ ярьж, түүнд тохирсон арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол Зүүн өмнөд Азийн улс орнууд, хөрш зэргэлдээ орнууд манай зах зээлийг онилсон, зохион байгуулалттай үндэстэн дамнасан бүлэглэлүүд байна. Хил гаалийн хяналтын байгууллагын шалгалтыг чангаруулах шаардлага байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Олон донтогч нарыг хорих ангид хорьчихоод байна. Эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийг хорьчихоод байгаа. Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдол бий. Тэднээс шалгагдаж, хоригдож байгаа тохиолдол бий юу. Өндөр зохион байгуулалттай асар их мөнгөтэй хүмүүсийн ялын бодлогыг чангаруулахаар гэрчийг устгах гэдэг ч юм уу, сөрөг үр дагавар нь юу байх вэ?
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
-Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одогооор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй. Дагалдуулж боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн өөрчлөлтөөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бодлого үйл ажилагааг сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх тодорхой зохицуулалт оруулж өгч байгаа.
Гадаадаас Монгол Улс руу нэвтрүүлж байгаа асуудалд Гааль, Тагнуулын байгууллага онцгой анхаарч ажиллаж байгаа. Гаалийн байгууллагын хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 2025 онд 11 тэрбумын санхүүжилт тавьж, рентген тоног төхөөрөмжөөс эхлээд олон шинэ төрлийн төхөөрөмж худалдан авсан. 2026 оны төсөвт 9.2 тэрбум төгрөг тавсан. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд шаардлагатай санхүүжилтийг тусгасан. Нийт 8 гаруй тэрбум төгрөгийн 6.6 тэрбум гаруй нь техник тоног төхөөрөмж, сорилын хөрөнгийг тусгасан.
Үндэстэн дамнасан дөрвөн төрлийн гэмт хэрэг байдаг, түүний нэг нь хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэг. Маш өндөр зохион байгуулалт, маш их мөнгө эргэлддэг. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд тусгай арга ажиллагаа, тусгай алба шаардлагатай.
Тийм учраас Засгийн газраас хар тамхитай тэмцэх зорилгоор алба болгосон. Гэмт хэрэгтэй тэмцэж байгаа албан хаагч, хүний нөөцийг бэлтгэх шаардоагатай. Олон улсын хамтын ажиллагаа чухал. НҮБ ын Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх албаны суурин төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьсан.
Ялын бодлогын хувьд энэ хэргийг зохион байгуулж байгаа, худалдан борлуулж байгаа этгээдэд онгдуулах ялын бодлогыг чангаруулж байгаа. Одоо хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулиар худалдан борлуулсан тун хэмжээнээс үл хамаарсан ялын бодлого хэрэгжиж байгаа. Олон улсад хэмжээнээс нь хамаарад оногдуулах ял харилцан адилгүй чанга байгаа. Бид энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулсан. Байнга давтан үйлдэж байгаа, энэ гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдэж байгаа, түүнд оролцож байгаа албан тушаалтанд хүлээлгэх ялын бодлогыг чангатгаж байгаа. Энэ төрлийн хэрэгт албан хаагч нар оролцож байна.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Хар тамхи бол халдварт өвчин болсон, гамшиг болсон. Үнэхээр Монголын ирээдүйг асар ихээр бохирдуулж байгаа, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа. Гамшигтай ингэж тэмцэхгүй. Тодорхойлолтоо өндөр өгчихөөд тэмцэх ажлаа ус шиг урсгачихаж байгаа.
Хар тамхитай тэмцье гэж байгаа бол С.Амарсайхан сайд та өөрөө энэ хуулийн төсөл дээр суухгүй юм уу. Хууль гэдэг бол бодлого, бодлого бол байгаа байдлыг өөрчлөхийн төлөө гардаг. Байгаа байдлыг яаж өөрчлөх юм бэ гэж асуухаар өөрчлөлтийн тодорхой хариулт байхгүй. Өөрчлөлт яг ингэж явна гэдэг хариулт байхгүйгээр энэ хуулийн шинэчилсэн найруулга явж болохгүй. Ялангуяа Хар тамхитай тэмцэх албыг яаж хүчирхэг болгох вэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Цалин нь хэд байх юм, ажиллах орчин нь ямар байх юм. Тэмцэх албаны дарга өнөөгийн нөхцөл байдлыг ний нуугүй ярьж өгөх хэрэгтэй.
Танайд ажиллах залуу хүн байгаа юу. Шөнөжингөө явдаг, өдөр болгон. Илүү цагийн хөлс байхгүй, тусламж дэмжлэг байхгүй халширч байна. Хар тамхитай тэмцэх албанд ажиллах залуус олдохгүй байна шүү дээ.
С.Амарсайхан одоо энэ асуудлыг Д.Мөнх-Эрдэнэд ацаглаж болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ, Н.Учрал хоёр чадахгүй. С.Амарсайхан өөрөө амалж авах хэрэгтэй.
Гэтэл оруулж ирсэн хуулиа хар юу өөрчлөх юм. Хар тамхины худалдаанд цагдаа оролцвол ямар ял өгөх юм, гаалийн ажилтан оролцвол ямар ял өгөх юм, хилийн цэрэг оролцвол ямар ял өгөх юм, прокурор оролцвол ямар ял өгөх юм.
Мэргэжлийн хүмүүс хар тамхины наймаанд оролцвол 20-25 жилийн ял өгнө гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Хар тамхитай тэмцэх албанд ажиллах хүмүүсийн урамшуулал тодорхой байх ёстой.
Энэ улсууд амь насаа эрсдэлд оруулж, том мафийн өмнөөс босно, амьдралын баталгааг нь хангаж өгөх хэрэгтэй. Хар тамхитай тэмцэх албаны даргыг Хууль зүйн сайд нь өөрөө томилдог байх хэрэгтэй. Цагдаагаас тусад нь гарга. Ингэж тодорхой явахгүй бол хэдүүлээ баахан юм өөрчилсөн нэртэй юуг ч өөрчлөхгүй.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Л.Гантөмөр гишүүнтэй санал нэг байна. Яалт ч үгүй үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд орсон байна. Залуучуудын хувь заяаг боомилж байна. Хууль батлаад бүх зүйл сайхан болчихгүй. Баталсан хуулийг хэрэгжүүлэх. Нөгөө талаараа төсөв хөрөнгө оруулалтаа тавьж өгөхгүй бол Хар тамхитай тэмцэх алба хүчин чадал хангалтгүй, хаанаа ч хүрэлцэхгүй байна. Хар шөнөөр яваад үндсэндээ монгол аргаар шахуу энэ хэрэгтэй тэмцэж байгаа.
Тоног төхөөрөмж нь хангалтгүй, хувцас, нийгмийн асуудал нь шийдэгддэггүй. Хоёр сая төгрөгийн цалин өгчихөөд хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигддэг хар тамхитай тэмц гээд гар нүцгэн, хөл нүцгэн энэ хүмүүсийг гүйлгээд юунд ч хүрэхгүй.
Энэ хуулийг баталснаар урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгууллагын бааз суурийг бэхжүүлэх, төсвийг нь УИХ-аас батлахдаа гаалийнхаа тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн санкцыг чангаруулах. Тухайлбал, устгах ёстой хар тамхийг хэрэглэсэн, худалдсан байвал хамгийн хатуу ялыг оноодог байх зохицуулалт хуульд орох ёстой. 4-5 ангиллаар ялын бодлогыг оруулж ирсэн. Хамгийн бага ял шийтгэл нь ч хамгийн өндөр ял шийтгэл нь ч байна.
Хуулийн төсөл төгс болсон гэж хэлэхгүй, хэлэлцүүлгийн явцад олон санал гарч байна, тусгаад явах боломжтой.
Хар тамхитай тэмцэх албаны хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Цагдаагийн байгууллага Хууль зүй дотоод хэргийн сайдын харьяанд байдаг учраас Зохион байгуулалттай холбоотой асуудал дээр хүндрэл гарахгүй байх. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг Хууль зүйн сайдын ахалдаг. Тийм учраас хар тахалтай тэмцэх тусгай ажиллагаануудыг эрчимжүүлэх, ингэхийн тулд хөрөнгө оруулалт техник хэрэгсэл хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал чухал.
–
Чуулган: Чингэлтэй дүүрэгт 14 дэх жилдээ цэцэрлэг барьж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүн санаачилсан/ -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Төслийн зорилго нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсөвт өртгийн үндэслэлгүй өсөлтийг бууруулах, зогссон болон үр ашиггүй төслүүдийг эрэмбэлэх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтыг ил тод, өгөгдөлд суурилсан болгох, мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэжээ.
Учир нь, Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасны 2.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 136 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нь 805.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монгол Улсын 2024, 2025 оны улсын төсөв, 2026 оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тусгасан нийт төсөл, арга хэмжээний давхардлыг нь арилгаж үзэхэд 3 жилийн хугацаанд 2010 оноос хойш анх батлагдаж төсвөөс санхүүжүүлж ирсэн 522 төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг 2026 оны байдлаар 1.9 их наядаар нэмэгдсэн дүнтэй харагдаж байна. Энэ нь улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого алдагдуулах, улмаар төсвийн хөрөнгө оруулалтаар цаашид санхүүжүүлж болох нийгэм, эдийн засгийн олон үр дүнтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг хязгаарлан өмнөх төслүүдийн нэмэгдсэн дүнг санхүүжүүлэхэд зарцуулж байгааг цаашид залруулах шаардлагатай байгаа аж.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Д.Рэгдэл гишүүн ээ, дуусаагүй барилга биш дуусгахыг хүсээгүй барилга. Хүсдэггүй юм билээ. Жил ирэх тусам төсөвт өртгийг нь нэмэгдүүлээд байх нь тухайн тендер захиалагч, гүйцэтгэгчдээ ашигтай. Энийгээ мэдэж тендерт оролцдог юм байна гэж ойлгосон. УИХ-аар 2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгууд дээр газар дээр нь очиж үзэж байсан. Чингэлтэй дүүрэгт 14 дэх жилдээ барьж байгаа цэцэрлэг байна. Хамгийн удаан нь 18 дахь жилдээ хэрэгжиж байгаа төсөл байна.
Таваас дээш жил хэрэгжиж байгаа 42 төсөл байна. Анхны төсөвт өртгөөсөө 300 дахин нэмэгдсэн төсөл ч байна. Мөнгийг нь хэрэглэх гээд байна.
Нөгөө талаасаа авлигын том сүлжээ. Яагаад гэхээр 2024 онд 449 төслийн төсөвт өртөг нь 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2025 онд 971.3 тэрбум, 2026 онд 805 тэрбум. Энэ мөнгө буцаад хөрөнгө оруулалтын мөнгө болох ёстой ч төсөвт өртөг нь нэмэгдсэнээс өмнөх төслүүдээ санхүүжүүлж байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын дундаж хугацаа 2.7 жил, цэцэрлэгийн барилгын хугацаа 2.2 жил, сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих хугацаа 3.1 жил байгаа. Гурван жил бариад байна гэдэг ашиг сонирхлын зөрчил. Хувийн хэвшил 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баривал нэг зун барина. Буруу тогтолцоо руу орчихсон. Магадлан оруулсан л гэдэг. 1062 барилгын 70 хувийнх нь санүүжилт өссөн. Энэ бол сонгуулийн авлига. Энэ барилгыг дуусгахыг хүсэхгүй байна, төсөвт өртгийг нь нэмэгдүүлээд байх сонирхолтой байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар:
-Тогтоолын төслийг санаачлагч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төсөл зогссон шалтгаан, төсөв нэмэгдсэн шалтгааныг судалж дүгнэлт гаргах үзэл баримтлалтайгаар тогтоолын төслийг оруулж ирсэн. УИХ-ын даргын зүгээс Тогтоолын төслийг өргөтгө гэдэг чиглэл өгсөн. Орон нутгийн төсөв, төрийн өмчит компаниудын хөрөнгө, гадаадын зээл тусламжаар баригдаад төсөв нь нэмэгдсэнээс зогссон барилгуудаар нэгбүрчлэн дүгнэлт гаргаад УИХ-д танилцуул гэсэн.
Тогтоолоо өргөтгөөд есдүгээр сарын 15-н болгоод намрын чуулганы хугацаа хүртэл ажиллахаар болсон.
Анхны оруулж ирсэн төслөө өргөжүүлсэн, есдүгээр сард тайлан хэлэлцэгдэнэ, учир шалтгаан нь илүү тодорхой болоод, үүрэг чиглэлээ өгөөд хариуцлага тооцох бол хариуцлага тооцоод явах боломжийг нээж өгч байгаа тогтоолын төсөл.
Чуулган: 18 нас хүрсэн иргэн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл унана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн П. Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэхүү төсөлд дугуйн зам хангалттай болтол 18 нас хүрсэн иргэн мопед, цахилгаан дугуй, скүүтер унахаар зааж өгсөн юм.
2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улсад нийтэд цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч 3 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд: “Жэт шэйринг монголиа” ХХК нь “Жет” нэртэй 6000 орчим цахилгаан скүүтер, “Ви Эм Си Групп” ХХК нь “Табо” нэртэй 1500 орчим цахилгаан скүүтер, “Эко технологи” ХХК нь “Эко байк” нэртэй 1000 орчим цахилгаан дугуйн түрээсийн үйлчилгээг Нийслэл Улаанбаатар хотод нэвтрүүлээд байна. Харин 2025 оны 4 дүгээр сарын байдлаар “Эко технологи” ХХК нь 5000 цахилгаан дугуй, “Ви Эм Си Групп” ХХК нь 300 цахилгаан дугуйг импортоор нэмж оруулж ирсэн мэдээлэл байна.
Ийнхүү сүүлийн 3 жилд импортоор оруулж ирсэн нийт цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157 бол 2024 онд 16783 болж өсчээ. Мөн “Жэт шэйринг монголиа” ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 4500-5000 хүн, “Ви Эм Си Групп” ХХК-ийн скүүтерийн аппликэйшинг 1,100,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 12,900 хүн, "Эко технологи" ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11,150 иргэн татан авсан, өдөрт дунджаар 11,150 хүн тус тус ашиглаж байна. Дээрхээс үзэхэд цаашид нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн тоо эрс өсөхөөр байна. Гэвч 2022-2024 он, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Үүнд: 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 98 осол гэмтэл бүртгэгдээд байна. Нийт осол гэмтлийн тохиолдлын 93.8% нь Нийслэл-Улаанбаатар хотод, 6.2% нь орон нутагт бүртгэгдсэн ба нийслэлийн тохиолдлын 97.4% нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.
Насны бүлгээр авч үзэхэд нийт тохиолдлын 39.0%-ийг 10-19 насныхан эзэлж байна. Тухайлбал, 2025 оны эхний улирлын байдлаар “Суррон” загварын цахилгаан дугуй унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсчээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна. Нийт осол гэмтлийг шалтгаанаар авч үзэхэд мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдох тохиолдлын тоо 744 буюу 75.5%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо 164 буюу 16.6%, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх тохиолдлын тоо 65 буюу 6.6%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх тохиолдлын тоо 10 буюу 1.0%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх тохиолдлын тоо 2 буюу 0.2% тус тус эзэлж байна. Цахилгаан дугуй, скүүтер мопедоос үүдэлтэй осол гэмтэлд өртөхөд ихэвчлэн толгой, тохой, шуу, өвдөг шилбэ гэх мэт эрхтнүүд хамгийн их гэмтсэн байх ба нийт тохиолдлын 95.1% нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байна.
Гэвч нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад энэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн “эрх зүйн байдал” /эрх, үүрэг, хариуцлага/ зохицуулалтгүй, үйл ажиллагаа нь хяналтгүй, тодорхойгүй байдалтай байгаа аж.
Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс үдээс хойш 16:00 цаг болгон хойшлуулав.
Үүний дараа Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/-ийг хэлэлцлээ. Санал хураалтыг мөн үдээс хойш 16:00 цаг болгон хойшлууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа нарын 1З гишүүн санаачилсан/-ийг хэлэлцэж байна.
Чуулган: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан төслийг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хойшлуулах санал гаргасан юм. Энэхүү горимын саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Уг хуулийн төсөлд "Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ" гэх зохицуулалт тусгасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад буй. Хуулийн төслийг санаачилсан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Эрийн гурван наадам гэдэг нь нэг эрийн гурвууланг нь хийдэг байсан наадмыг хэлдэг байсан юм билээ, бүх түүхээрээ нотлогдож байгаа зүйл. Түүнийг сэргээнэ” гэдэг хариулт өгөөд буй.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд олонхи нь дэмжих боломжгүй гэж үзсэн юм.
Мөн энэхүү хуулийн төсөлд:
5.15.Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвөл зохион байгуулж, тэмээний амжилтыг харгалзан Улсын алдарт уяач цол олгоно. Уг уралдааны зохион байгуулалт болон цол олгох журмыг Засгийн газар батална."
“8.9.Энэ хуулийн 9.10 дугаар зүйлд заасан наадамд түрүүлсэн бөхийн цолыг тухайн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн тухайн улсад суугаа Элчин сайд олгоно.
8.10.2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.”
3/9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэг:
“9.10.Гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн”… “тэмдэглэнэ.” гэсний дараа “Уг баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна.” гэж нэмсүгэй зэрэг зохицуулалт туссан байгаа юм.
Чуулганаар 9 асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.06.04/ ээлжит хуралдаанаар нийт есөн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,

3,605.46






















































Нэргүй 2026-06-04 66.181.161.17
сдануудаа цолыг барилдаж авдаг юм хуралдаж биш
Нэргүй 2026-06-04 103.57.94.14
Туваан туучий бас л а**х нь дээ, Бөхийн цол нөхөн олгох асуудлыг Шоронгоос хулгайч суллахтай адилтгаад байхдаа яахав дээ, тэнэг тэнэг гэхэд арай дэндлээ Туваан туучий мнь ээ…..
Нэргүй 2026-06-04 103.57.94.14
Алиа салбадай Амгаланбаатар чнь бүүр "Гурван эрийн наа дам" гэж хэн ч ойлгохооргүй солиотой юм ярьсан шүү !!!
Хүмүүс харин жаахан цэгцлээд "Нэг эрийн 3 наадам" гэж яриад бгаа пм.
"Нэг эрийн 3 наадам"гэхээр нь ИНЭЭД хүрээд бгаа юм, харин бүр "Гурван эрийн наадам" гэхээр нь ХАНИАД хүрчи х гээд бнаа, хө……
Нэргүй 2026-06-04 103.229.120.61
Өнөөдөрийн үндэсний их баяр наадамыг Монголын олигархи долларын тэрбумтан нар хоорондоо ярьж сууж байгаад Хэн гэж бөхийг түрүүлгэх, цол олгохыг хэдэн тэрбумаар санхүүжүүлж шийдэж байгаа дүр зураг харагдсаар байна…Эдгээр нөхдийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдгээр нь Хатуу хариуцлага тооцох хуультай болмоор байна…Хурдан морины уралдаан ч ялгаагүй бөөн луйвар болжээ…Монголчууд бид баяр наадамаа хийж чадахаа байж дээ…
Төрт ёсны хүндэтгэл, эрийн гурван наадам мөнхийн шудрага уламжлалтай байх ёстой!!! 2026-06-04 103.229.120.61
1. Монгол төрийн наадам хэн нэгэн хүнд зориулагдах ёсгүй. Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх барилдах нь чансаа өндөр, ард түмнийг цэнгүүлсэн уран хурц барилдаантай, шудрага, допинггүй байх нь чухал. 1024 гэдгийг цаашид болих хэрэгтэй, давсгүй хоолтой адилхан, чанаргүй олон цолтон төрсөн, утгагүй зүйл шүү!!!
2.Хувийн хэвшил, ТББ-ын ойн наадамд цол олгоно гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бүр утгагүй асуудал шүү.
3. Допинг илэрсэн бөхийн цолыг бүрмөсөн хурааж дахин хэзээч бүү барилдуул!!!
АДАГТ ОЧИХ ЖОР 2026-06-04 202.126.90.221
АДАГТ ОЧИХ ЖОР
Чаавс 2026-06-04 202.126.90.221
Ард олны Livelihood, Security, Safety гэж Хүнд бхад Төрийнх нь байжуугаа царай ярьж бгаа юмсыгээээ
Cochin 2026-06-04 72.229.161.235
Yun olon yum be. Naadmiig baisnaar ni bailgaach.
Irgen 2026-06-04 172.58.114.177
Erhem gishyydee uur sanaj shiideh ajil bhgyi yu ?????!!! Uhaan hyrehgyi bgaa bol taraad uguuchee
Нэргүй 2026-06-04 66.181.189.207
бөхөөс бусад асуудал чухал байна
Нэргүй 2026-06-04 178.174.229.45
ARSLAN GEDEG CHIN 9 DAVJ BJ AVDAG BOLOHOOS ENE MET BUZAR ETGEEDUUDIIN SANAAN ZORGOOR HIIDEG YUM BISHEE
Safety & Security 2026-06-04 202.126.90.221
Улс орны Хүн Амын Аюулгүй байдал буюу Safety & Security талд Юууу ч хйихгүй бна !!! Гудамжуудаар дүүрэн Суррон Скүүтэр унагсад Явган Замыг АЮУЛТАЙ болгож бна
Нэргүй 2026-06-04 66.181.181.152
Аймгийн харцагын асуудал байж болно. Харин бусад нь хэрэггүй түүний оронд орон сууцны залилан хийсэн асуудлыг шийдэхэд чиглэсэн алхам ярих хэрэгтэй
Нэргүй 2026-06-04 103.212.119.96
Бөхийн цол олгоно, 1024 бөх барилдуулна гээд пороро чи муу давраад байгаарай. Чиний санааны зоргоор хуулинд өөрчлөлт оруулдаг гэж юу байдаг юм? 1024 барилдуулах ямар ч хэрэг байхгүй ээ. Монголыг худалдаж авсан эм си эс наадам үймүүлэхээ боль.
зочин 2026-06-04 66.181.160.95
ЕРДӨӨ Л Ард түмний сайхан наадам байсныг улс төрчид хутгалдаад бүр утгийг нь алдууллаа л дөө
Нэргүй 2026-06-04 122.201.31.173
эргүү новшнууд хурлаар бөхийн цол олгодог юмуу
иргэн 2026-06-04 103.229.121.89
Улс төрчидын Авилга хулгайтай тэмцэх ажиллагаа тусгай Алба нэн даруй байгуулах шаардлагатай байна, Энэ Улс орон Авилга хулгайгаас болж Сүйрч дууслаа шд,