Монгол Улсад цахим залилангийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 5000 гаруй залилах төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү тоон үзүүлэлт нь цахим луйвар ямар хурдацтай газар авч буйг илтгэх бөгөөд үүний цаадах бодит нөхцөл байдал ямар байгаа, иргэд цахим орчинд хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах шаардлагатай талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндоржтой ярилцлаа.
-Сүүлийн үед арилжааны банкуудын нэрийг барьсан цахим залилангийн хэрэг маш хурдацтай өсч, иргэдийг давхар өр, зээлэнд оруулж хохироох боллоо. Энэ төрлийн гэмт хэргийн статистик болон залилагчдын ашиглаж буй механизмууд юу байна вэ?
-2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 14,256 гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт бүртгэгдсэн хэрэг дундаас хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, болон залилах гэмт хэргүүд олноор үйлдэгдэж, тэргүүлэх гурван шалтгаан болж байна. Ялангуяа залилах гэмт хэрэг маш өндөр хувийг эзлэн, арга хэлбэр нь улам нарийсан хэд хэдэн төрлөөр үйлдэгдэх боллоо. Цахим орчныг ашигласан залилан маш түлхүү үйлдэгдэж байгаа бөгөөд үүн дотроос онлайн худалдаа, үйлчилгээний залилангууд нь хамгийн их хэмжээний хохирол дагуулж байна. Цахим залилагчид фишинг буюу хуурамч линк ашиглан иргэдийн хувийн мэдээллийг хуулбарлаж авснаар банкны дансыг нь хоослох арга ашиглаж байна. Өмнө нь "КFС", "Пицца Хат" зэрэг түргэн хоолны сүлжээ ресторануудын нэрийг барьж, хуурамч QR код үүсгэж ашигладаг байсан бол одоо энэ төрлийн халдлага арилжааны банкууд руу шилжин хувьсаж, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хаан банк зэрэг томоохон банкуудын нэрийг ашиглах болсон. Жишээлбэл, сүүлийн хэд хоногт "Хас банкны 25 жилийн ой" тохиож буй мэтээр иргэдийн анхаарлыг татаж, ойг тохиолдуулан урамшуулал амлах эсвэл санал асуулга авах нэрээр иргэдэд өгөөш шидэж байна.
Залилагчид санал асуулгынхаа төгсгөлд урамшууллын хүрд эргүүлэхийг санал болгодог бөгөөд иргэд хожсон урамшууллаа авахын тулд тухайн хуурамч линк дээр дарах үед банкны системтэй яг ижил харагдах хуурамч холбоос үүсдэг.
Ингээд төөрөгдсөн иргэд тухайн цонхонд өөрийн банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулахаас гадна утсанд нь ирсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг ч залилагчдад өгчихдөг асуудал гарч байна. Үүний улмаас иргэд тухайн арилжааны банкны харилцах болон хадгаламжийн дансанд байгаа бүх бэлэн мөнгөө алдаад зогсохгүй, залилагчид тэдний хувийн мэдээллийг ашиглан онлайн зээл авах зэргээр иргэдийг давхар хохироож байна.
-Зөвхөн 2026 оны эхний гурван сарын байдлаар иргэд хэдэн тэрбум төгрөгөөр хохироод байна. Мөн олон улсад цахим залилангийн ийм төрлийн хэрэг бүртгэгдсэний дараа хохирогчийн битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Зөвхөн 2026 оны эхний гурван сарын байдлаар гэхэд л тодорхой кэйсүүд дээр хэдэн зуун саяас тэрбумаар тоологдох хохирол гарсан. Тухайлбал, цахим сугалааны залилангаар 1.6 тэрбум төгрөг, олон нийтийн дунд яригдаад буй "КFC, Пицца хат" нэрийг барьсан цахим залиланд 1.2 тэрбум төгрөг, онлайн бараа захиалгын луйварт иргэд 784 сая төгрөгөөр тус тус хохирсон байна. Энэ бол ердөө гуравхан сарын доторх хэрэг.
Цахим гэмт хэрэг ямар нэгэн хил хязгаарт баригддаггүй, глобалчлагдсан шинж чанартай учраас хойд туйлаас өмнөд туйл хүртэл дэлхийн хаанаас ч үйлдэгдэх бүрэн боломжтой гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын цахим системийн аюулгүй байдал, технологийн хөгжлийн түвшнээс хамаарч гэмт этгээдүүд гадны бүс нутгуудаас, эсвэл бүр Монгол Улсаас ч халдлагаа зохион байгуулдаг. Тиймээс хаанаас, хэзээ үйлдсэнийг нь технологийн боломж, шийдлүүдийг ашиглан олж тогтоох тал дээр хууль хяналтынхан тасралтгүй ажиллаж байна.
Иргэд данс битүүмжлэгдсэн даруйд тэнд байгаа мөнгийг шууд буцаан авахыг шаарддаг. Гэвч дансанд хуримтлагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох, хохирогч болон хэрэгтэн талуудыг бэлэн байлгаж, хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт, тэндээсээ шүүхийн шатанд шилжүүлж байж эцсийн шийдвэр гардаг.
Цагдаагийн байгууллагын үндсэн үүрэг бол тухайн мөнгийг гэмт этгээдийн гарт орохоос сэргийлж, цааш үрэгдэж зарцуулагдахгүй байх үүднээс хөдөлгөөнийг нь газар дээр нь зогсоож, хамгаалах явдал юм.
Үүний дараа банкны байгууллагатай хамтран маш олон хохирогчийн мөнгөн урсгалыг нэг бүрчлэн зааглан ялгаж, гомдлыг барагдуулах ажлыг тусдаа шалгаж ирсэн. Харин цагдаагийн шатанд хэргийг шуурхай шийдвэрлэх ганц л тохиолдол бий. Мөн гэмт этгээд олдож, өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхийн процессыг түргэвчлэн иргэний хохирлыг бүрэн барагдуулсан үе юм. Хэрэв хохирлыг бүрэн төлж барагдуулбал тухайн этгээдэд үйлдсэн хэргийнх нь хэмжээнээс хамаарч шүүхээс торгох ял оноох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг тохирсон ял шийтгэлийг оногдуулдаг журамтай.

-Олон нийтийн сүлжээнд "Дансаа ашиглуулаад мөнгө аваарай" гэх уриалга бүхий зарууд маш түгээмэл харагдах боллоо. Энэ хэрээр бусдын дансыг ашиглаж мөнгө угаах тохиолдлууд эрс нэмэгдэж байна. Тэгвэл өөрийн дансыг бусдад ашиглуулсан иргэд хуулийн ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Тийм ээ, олон нийтийн сүлжээгээр иргэдийн дансыг ашиглаж мөнгө угаах, цаашлаад хохирогчийн мөнгийг өөр нэгэн хохирогчийн данс руу шилжүүлж төөрөгдүүлэх үйлдлүүд бий. Иргэд "Миний мөнгө Дулмаа гэдэг хүний данс руу орчихсон байхад яагаад тэр хүнийг баривчлахгүй байгаа юм бэ" гэж бухимддаг. Гэтэл шалгаад үзэхээр нөгөө данс эзэмшигч Дулмаа нь өөрөө цахим халдлагад өртсөн эсвэл залилуулсан хохирогч байх тохиолдол их гардаг. Нөгөө талдаа, тодорхой хэмжээний шан харамж, мөнгө авч зориуд дансаа бусдад ашиглуулдаг иргэд ч мэр сэр байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дансаа хүнд ашиглуулахгүй байхыг тогтмол анхааруулж байгаа.
Иргэдэд шулуухан хэлэхэд, хэдхэн төгрөгийн ашиг харж дансаа бусдад ашиглуулбал залилах гэмт хэргийн хамтрагч, холбогдогч болж, эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн эрсдэлтэй.
Иймд, бусдад аль болох дансаа ашиглуулахгүй байхыг хатуу зөвлөж байна.
Энэ төрлийн хэргийг шийдвэрлэхийн тулд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2023 оноос эхлэн Anti-Scam center буюу залилах гэмт хэрэгтэй тэмцэх төвийг байгуулан ажиллаж байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллага дансыг шууд зогсоох эрхгүй, мөрдөгч заавал албан бичиг үйлдэж, прокурорын зөвшөөрөл авч банкууд руу ханддаг байсан нь маш их хугацаа алдагдуулдаг байлаа. Банк бичгийг хүлээн авч шийдвэрлэх хүртэл багадаа ажлын 3-7 хоног зарцуулдаг байсан. Энэ хооронд гэмт этгээдүүдэд мөнгөө цааш нь гаргах боломж олгодог байсан юм. Үүнээс болоод иргэдийн дунд "Цагдаа ажлаа хийхгүй байна" гэх шүүмжлэл гардаг байв. Харин одоо энэ хүнд суртал, цаг хугацааны алдагдлыг шийдвэрлэж чадсан.
Өнөөдөр цагдаа, прокурорын ажилтнууд болон арилжааны банкуудын төлөөллүүд хамтарч ажиллаж байгаа. Иргэнээс дуудлага мэдээлэл ирмэгц мөрдөгч сэжигтэй үйлдлийг бүртгэж, хажууд нь суугаа прокурор газар дээр нь зөвшөөрөл олгож, банкны ажилтан дансны хөдөлгөөнийг секундын дотор шууд хаах технологийн боломж бүрдсэн. Өмнө нь залилагчид мөнгө орж ирэнгүүт олон данс дамжуулан угааж, крипто валют, койн эсвэл гадаад гуйвуулга болгоод хилийн чанад руу гаргачихдаг байсан. Одоо маш шуурхай хаалт хийж байна. Энэ нь их хэмжээний мөнгөн урсгал гадагшаа урсахаас сэргийлж буй маш үр дүнтэй, сайшаалтай ажил болж байгаа.
-Залилагчдын хувьд мөнгөний дүн чухал байдаг уу. Иргэд хэдэн мянган төгрөг алдсандаа нэрэлхэж, хууль хяналтынханд мэдээлэлгүй чимээгүй өнгөрөх нь гэмт хэрэгтнүүдийг улам давраах, бусдыг хоморголон хохироох цаад шалтгаан болдог уу?
-Хүмүүсийн дунд залилагчид зөвхөн их хэмжээний мөнгө онилдог гэх өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл залилагчид мянган төгрөгийг ч, сая төгрөгийг ч, тэрбум төгрөгийг ч голохгүйгээр бусдыг мэхэлж мөнгө олж чадаж байвал түүнийгээ гэмт хэргийнхээ үр шим гэж үздэг. Иргэд харин бага мөнгө, их мөнгө гэж өөрсдөө ангилж төөрөгддөг талтай. Жишээ нь, хэн нэгэн таны дүүгийн фэйсбүүк хаягийг хакердаж, нууц үгийг нь өөрчлөөд өмнөөс нь чат бичиж, "Ах аа, надад яаралтай 5000 төгрөг шилжүүлээч" гэхэд "Өгөхөд яав л гэж" гээд юу ч асуулгүй шилжүүлчихдэг. Тэр 5000 төгрөгийг хэдэн зуун хүнээс авахаар залилагчийн хувьд асар том мөнгө болж хувирна.
Монголчууд "лайв сугалаа" эсвэл иймэрхүү чатны халдлагад өртөж, хэдэн арван мянган төгрөгөөр залилуулахаараа "хэдхэн төгрөгийн төлөө цагдаа шүүх гээд явахаас ичиж байна" гээд гомдол гаргалгүй хаячихдаг. Энэ нь эргээд залилагчдыг улам тэжээж, тэдэнд боломж олгодог. Тиймээс бага, их гэж голж хаялгүйгээр, залилуулсан гэдгээ мэдсэн л бол цагдаагийн байгууллагад заавал хандах хэрэгтэй. Ингэснээр тухайн залилангийн хэрэгт ашиглагдаж буй банкны дансыг хууль хяналтынхан яаралтай битүүмжлэн хааж, цаашид тэр дансаар дамжуулж өөр иргэд хохирохоос урьдчилан сэргийлж чаддаг.
-Аялал жуулчлал идэвхжих үеэр гадаадын жуулчид цахим залилангийн хохирогч болох эрсдэл өндөр байдаг. Энэ хүрээнд мэргэжлийн холбоодтой хамтран урьдчилан сэргийлэх ямар бодлогын болон практик арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Зуны улирал эхэлж буйтай холбоотойгоор гадаадаас ирэх болон Монголоос гадагшаа аялах жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид багц ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон Аялал жуулчлалын яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран, салбарын үйл ажиллагаа эрхлэгч зочид буудал, амралтын газруудын төлөөллүүдийг хамруулсан өргөн хүрээний сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар Монголд аялж буй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, тэдэнд чиглэсэн ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй талаарх тоон статистик, кэйсүүдийг танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм. Уулзалтын үр дүнд аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын жуулчдад зориулсан зөвлөмж мэдээллийг багтаасан, хиймэл оюун ухааны ухаалаг хөтөч бүхий нэгдсэн цахим портал системтэй болох шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгдсэн.
Ялангуяа энэ жил Монголд "COP17" олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулагдах тул гадаадын төлөөлөгчид, зочид маш ихээр ирэх хандлагатай байгаа. Иймд эдгээр зочдыг урьж авчирч буй байгууллагууд заавал албан ёсны, баталгаа, бүртгэлээ баталгаажуулах нь нэн чухал. Учир нь залилагчид маш богино хугацаанд фэйсбүүк хуудас нээж, хуурамч пэйж ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн гоё чамин, хямд саналуудыг тавьж, урьдчилгаа төлбөр авах замаар жуулчдыг залилах эрсдэл өндөр байдаг. Мөн гадаадын жуулчдыг "Буудалд хүргэж өгнө, тийш нь аялуулна" гэж урьдчилгаа мөнгө аваад, эргээд холбоогүй алга болох зэрэг зөрчлүүд гарах магадлалтай. Иймд, аль аль талдаа илүү анхаарч ажиллах нь чухал.
-Залилах болон түүнийг дагасан цахим гэмт хэргүүдэд Эрүүгийн хуульд хэрхэн зүйлчилсэн байдаг вэ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хэдэн жилийн хорих ял шийтгэдэг вэ?
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн талаар маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Гэхдээ практик дээр цахим залилангийн хэрэг нь зөвхөн ганц зүйл ангиар шийдэгдчихдэг энгийн асуудал биш юм.
Тухайн гэмт хэрэг маань зохион байгуулалттай бүлэглэж үйлдэгдсэн үү, бусдад ямар хэмжээний хохирол учруулсан бэ, ямар арга зам, техник технологи ашигласан бэ гэдгээс хамаарч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл анги хавсарч хэрэглэгддэг онцлогтой.
Тухайлбал, залилангийн замаар олсон мөнгөө өөр хүний дансаар дамжуулж далдлах, байршлыг нь өөрчлөх үйлдэл дээр Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэмт хэргийн зүйл анги давхар сөхөгдөнө. Мөн үүнийг дагаад бусдын өмч хөрөнгийг шамшигдуулах, үрэгдүүлэх зэрэг асуудлууд ч хөндөгддөг. Тэгэхээр тухайн хэргийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч мөрдөн шалгах явцад хоёр хуваагдаж, эсвэл гурван зүйл ангиар зүйлчлэгдэн шалгагдах тохиолдол амьдрал дээр маш их байдаг. Улмаар эдгээр зүйл анги тус бүрд заасан санкц буюу хуулийн хариуцлага, ял шийтгэлийг шүүхээс нэгтгэн тогтоож өгдөг юм. Ялын хэмжээний хувьд хэргийн хүнд, хөнгөний зэрэг болон учруулсан хохирлын хэмжээнээс хамаараад зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ялаас эхэлдэг. Харин зохион байгуулалттай бүлэглэл үүсгэсэн, онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол цаашлаад 8-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн чанга зохицуулалттай.
-Цагдаагийн байгууллаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэдэг ч иргэд залилангийн хэрэгт өртөж, хохирсоор байна. Гэтэл санамж, анхааруулгууд яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байгаа юу?
-Амьдрал дээр "Халуун усанд гар дүрэхээс нааш халууныг нь мэддэггүй" гэдэг шиг залилангийн гэмт хэргийн хор уршгийг өөрийн биеэр амсаж байж л ухаарах сэтгэл зүйн хандлага иргэдийн дунд ажиглагддаг. Миний хувьд урьдчилан сэргийлэх мэдээлэл зорилтот бүлэгтээ бүрэн хүрч байгаа гэж харж байна.
Гол нь мэдээлэл хүрээгүйдээ биш, харин мэдээллийг хүлээж авсан иргэн маань "Би залилуулахгүй, надад ийм зүйл тохиолдохгүй" гэсэн хэт хөнгөмсөг, хайнга байдлаар хандаж, сонор сэрэмж алдсанаас л гэмт хэргийн золиос болох тохиолдол байсаар байна.
Бид урьдчилан сэргийлэх ажлыг ганцхан цахим орчноор хязгаарладаггүй. Зарим тохиолдолд иргэдийн хаалгыг тогшиж, гарын авлага материал тараах зэргээр боломжит бүхий л сувгаар залилах гэмт хэргийн талаар анхааруулсаар байна. Гэвч иргэдийн дунд мэдээлэлд хэт дасах, улмаар сонор сэрэмж нь суларч, тоохоо болих хандлага ажиглагддаг. Залилах гэмт хэрэг бол цаг хугацааны хувьд хэзээ ч алга болдоггүй. Залилагчид улирал, цаг үеийн онцлогт тохируулан, хүмүүсийн яг одоо хамгийн их сонирхож буй, эрэлттэй байгаа тэр л боломжийг харж арга залиа улам нарийн хийцтэй болгон хувиргаж байна. Гэвч шинэ төрлийн залилах гэмт хэргийн үйлдэл зөвхөн Монгол Улсад гэхгүй дэлхийн улс орон даяар нэмэгдэж, мөн иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,605.46






















































Холбоотой мэдээ