niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 21:33 UTC Эх: https://news.mn/r/2868192/ b7119c151752d694… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

Тойм: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

Тойм: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна

Өнгөрч буй долоо хоногт бид Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль, БНХАУ-д сүүлийн үед болсон айлчлалууд, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хамаарал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эрүүл мэндийн даатгал, таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийн хүрээнд зочидтой ярилцлаа. Онцлох ярилцлагуудын хураангуйг тоймлон хүргэе.


ДОНОР БОЛОХ ЗӨВШӨӨРЛИЙГ ГЭР БҮЛИЙН 3 ГИШҮҮНЭЭС ЗААВАЛ АВНА

УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн талаар ярилцлаа. Тэрбээр тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. 

-УИХ-аар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч бие даасан хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрхийг хамгаалахаас гадна анагаах ухааны салбарт дэвшилтэт том бодлого, үйл ажиллагаа явуулах боломж нээж өгч байгааг хууль санаачлагчид онцолсон. Ер нь хууль батлах үйл явц, хэрхэн өрнөж, ямар судалгаа хийж ажиллав?

-Ж.Чинбүрэн нарын гишүүдийн хамтаар 2025 онд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Миний бие хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэн баталтал ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Монгол Улсад Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг зохицуулсан бие даасан анхдагч хууль буюу хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хууль батлагдсан гэдгээрээ онцлог. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт олон маргаан дагуулсан асуудал гарсан учраас тал бүрээс нь судалж, хуульд үр дүн, ач холбогдлыг нь тусгахыг хичээлээ. Хуулийг анх өргөн барьснаас хойш нийтдээ 75 зарчмын зөрүүтэй санал гарч, бүгдийг нь засч сайжруулсан. Хуулийн гол үзэл баримтлалын хувьд, анагаахын шинжлэх ухаанд дэлхий дахинаа 1963 оноос хойш эрхтэн шилжүүлэх эмчилгээ, мэс заслыг хийж эхэлсэн байдаг. Дараагаар нь 1968 онд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлж болдог юм байна гэдэг нээлтийг хийсэн байна.

Монгол Улс 1996 онд анхны эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийж байсан. Өдгөө 30 жил болж байна. Анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд хийсэн байдаг. Одоо 20 жил болж байна.

Өнгөрсөн 2018 онд Цусны донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэхтэй холбоотой тодорхой хэдэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр тусгасан ч хууль эрх зүйн хүрээнд дутмаг гэдэг нь Гавьяат эмч П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал дээр тодорхой харагдсан. Сүүлд шүүхийн байгууллагаас зөв зүйтэй шийдвэр гаргаж, П.Батчулуун эмчийг цагаатгасанд талархалтай байгаа. Би өөрөө дэд ажлын хэсгийг байгуулж, мэргэжлийн эмч, судлаач, иргэний нийгмийн төлөөлөл, донороо хүлээж байгаа өвчтөн зэрэг олон талын төлөөллийг багтаан нийт 15 удаа хуралдсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн нийт мэс заслын 90 орчим хувийг амьд донороос эрхтэн шилжүүлсэн байна. Харин үлдсэн 10 хувь нь амьгүй донороос эрхтэн шилжүүлжээ. Тиймээс амьд донорыг хамгаалж, амьгүй донорыг илрүүлэх нь чухал юм байна гэдэг асуудал хөндөгдсөн. Нэг амьгүй донор найман хүний амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Нөгөө талаас хүн хорвоогийн мөнх бусыг янз бүрийн шалтгаанаар үзүүлж байна. Нэгэнт бурхны оронд одсон хүн элэг нэгтнийхээ амь насыг аврах нь их буянтай үйлс юм гэдэг талаас нь харж, хуулийн зүйл заалтыг нь боловсруулсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


В.ПУТИН ТРАМП-ШИ ЖИНЬПИНИЙ УУЛЗАЛТЫГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАСНЫ ДАРАА АЙЛЧЛАЛАА ХИЙЖ БАЙНА 

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын БНХАУ-д хийсэн айлчлал дэлхий дахины анхаарлын төвд байлаа. Энэ удаагийн айлчлалыг олон улс судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 124 их наяд ам.долларт хүрчээ. Үүнээс АНУ-ын ДНБ 31.8 их наяд, БНХАУ-ын 20.7 их наяд ам. доллараар хэмжигдэж, АНУ дэлхийн нийт эдийн засгийн 4/1 хувь, Хятад 6/1 хувийг үйлдвэрлэж байна. Ийм асар том эдийн засагтай хоёр гүрний удирдагчид уулзаж, хоёр орны болон дэлхийн дахины  асуудлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжит хувилбаруудын талаар санал бодлоо солилцож байгаа нь маш чухал билээ. Д.Трамп Бээжингээс явахдаа “Гайхалтай худалдааны хэлцлүүд хийлээ” гэж мэдэгдсэн. Сүүлийн үед АНУ-ын зүгээс Хятадын бараанд 10 хувийн цаашлаад 60 хувь хүртэл шинэ тариф ногдуулахаар сүрдүүлж, худалдааны сөргөлдөөн хурцдаад байсан. Энэ удаагийн уулзалтаар талууд тарифын дайныг түр зогсоох, сөргөлдөөнийг намжмал байдалд барих урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж хэлж болохоор байна. Эдгээр тохиролцоонууд нь одоогоор голдуу аман болон заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй /non-binding/ хэлбэртэй байгаа ч ирэх саруудад албан ёсны гэрээ болж баталгаажих эсэхийг харах үлдэж байна.

Д.Трампыг Бээжинд очихоос яг урьд өдөр буюу 2026 оны тавдугаар сарын 13-нд Өмнөд Солонгосын Сөүлийн Инчонь нисэх онгоцны буудалд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн нарын удирдах багууд худалдааны урьдчилсан хэлэлцээг хийсэн.

Энэхүү хэлэлцээ нь маш шуурхай буюу ердөө дөрөв хүрэхгүй цаг үргэлжилсэн нь хоёр улсын худалдааны түүхэн дэх хамгийн богино уулзалтуудын нэг болсон байх бөгөөд зохих үр дүнд хүрсэн байна. Хятадын тал тус уулзалтын үр дүнг “ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүнд хүрсэн” хэмээн сайшаасан боловч тодорхой тоон үзүүлэлт бүхий албан ёсны баримт бичиг байгуулаагүй. Хоёр улсын худалдаа, тариф, хөрөнгө оруулалтын маргааныг цаашид зохицуулах, хянах зорилготой “Худалдааны зөвлөл” болон “Хөрөнгө оруулалтын зөвлөл”-ийг Цагаан ордноос шинээр байгуулж ажиллуулахаар болсон нь чухал үр болов уу.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ДОНТОГЧИД САЙН ДУРААРАА ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хамаарал, түүнээс урьдчилан сэргийлэх болон сэтгэл заслын эмчилгээний бодит байдлын талаар "Цэцээ мед" эмнэлгийн сэтгэл зүйч З.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ донтох эмгэгийн эсрэг дайн зарлаж байна. Монголд Улсын хувьд энэ төрлийн донтолт, тэр дундаа хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ ямар түвшинд байна вэ. Судалгаанаас яриагаа эхэлье?

-Олон улсын судалгааг харахад энэ төрлийн донтолт маш эрчимтэй хөгжиж байна. Ойрын 10 жилийн хугацаанд хэрэглээ нь даруй 30-40 хувиар өсөх хандлагатай байгаа юм. Монгол Улсын хувьд ч хэрэглэгчдийн тоо буурахгүй, харин ч эсрэгээрээ өсөж байна. Хамгийн сэтгэл түгшээж байгаа асуудал бол хэрэглэгчид улам залуужиж байгаа явдал. Өнөөдөр 16-25 хүртэлх насны өсвөр үе, залуучууд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэлийн донтолтод хамгийн их өртөж, үүндээ гүн автаж байна.

Донтох эмгэгт өртөж буй залуусын дийлэнх нь бага насандаа гэр бүлийн хүчирхийлэл дунд өссөн, бие махбод болон сэтгэл зүйн дарамт амссан, эсвэл үл хайхрах байдалд байсан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, сэтгэл зүйн маш их түгшүүртэй орчинд өссөн залуус үүнд амархан автдаг.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үүдэлтэй сэтгэц, зан үйлийн эмгэгийг зөв эмчилж чадвал энэ нь 100 хувь эдгэрдэг өвчин юм.

Донтолтоос ангижрахын тулд 3-6 сар эмнэлгийн нөхцөлд хэвтэж эмчлүүлээд, цаашлаад баталгаажуулах хөтөлбөр буюу байнгын хяналтад байх шаардлагатай. Стандартын дагуу эмчлүүлж чадвал эдгэрэх магадлал 60-70 хувьтай байдаг бөгөөд тууштай явж байж бүрэн эдгэрдэг. Харин улсын эмнэлгүүдийн хувьд ачааллаасаа хамаараад 7-10 хоногт хордлогыг нь тайлаад гаргачихдаг. Энэ нь зөвхөн өвчний шинж тэмдгийг намдааж, хордлого тайлж байгаа хэрэг болохоос биш суурь эмчилгээ биш юм. Харин манай эмнэлгийн хувьд эхний шатны хордлого тайлах, тайвшруулах үйлчилгээнээс гадна сэтгэл засал, зөвлөгөө буюу Когнитив зан үйлийн засал (CBT)-аар дамжуулан тухайн хүний танин мэдэхүйн тал дээр маш гүнзгий тулж ажилладаг. Сэтгэцэд нөлөөлөх бодисын шартлага, хордлогын шинж чанар маш хүчтэй учраас зүгээр нэг гадуур зөвлөгөө аваад, гэрийн нөхцөлд эмчлэгдэнэ гэж хэзээ ч байхгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


ИРГЭД ЭМД-ТАЙ Ч ХАЛААСНААСАА ТӨЛСӨӨР БАЙНА 

Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) 25 дахь илтгэлд тусгагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа.

-ХЭҮК-оос эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хүртээмжийн асуудалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?

-ХЭҮК-ийн 25 дахь илтгэлд иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт гэсэн бүлгийг оруулсан. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын асуудлыг цогцоор нь авч үзсэн. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын засаглал, эрх зүйн орчин, тусламж үйлчилгээний хүрэлцээ, хүртээмж, чанар, санхүүжилт, цахимжилт, хүний нөөц, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн асуудлыг хамруулж судалсан. Мөн 2021 оноос хэрэгжиж эхэлсэн нэг худалдан авагчийн тогтолцоо Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа, бодит үр дүн нь ямар байгааг судалж дүгнэсэн. 2021 оноос өмнө даатгуулагч хоёр сая төгрөг хүртэлх үйлчилгээ авах боломжтой байсан бол шинэ тогтолцоонд шилжсэнээр тодорхой хязгааргүйгээр тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн. Энэ нь эерэг өөрчлөлт. Жишээлбэл, 2025 онд нэг иргэн 201 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭМД-ын санхүүжилтээр авсан тохиолдол байна. Энэ нь эрүүл мэндийн асуудлаас болж иргэд санхүүгийн хүнд нөхцөлд орохоос хамгаалах боломж бүрдэж байгааг харуулж байгаа.

Гэхдээ хэрэгжилтийн түвшинд асуудал бий. Иргэдийн халааснаас гарч буй эрүүл мэндийн зардал өндөр хэвээр байна. Албан ёсны тоон мэдээллээр 2023 онд иргэдийн халаасны зардал 49.1 хувьд хүрсэн. Энэ нь тогтолцооны зорилготой нийцэхгүй үзүүлэлт.

ДЭМБ-ын зөвлөмжөөр өрхийн орлогын 25 хувиас дээш хэмжээний зардлыг эрүүл мэнддээ зарцуулж байвал тухайн өрх санхүүгийн эрсдэлд орж байна гэж үздэг. Урьдчилсан тооцоогоор манайд энэ үзүүлэлт 27 орчим хувьтай байгаа нь анхаарах асуудал.

Мөн 2022 оны байдлаар нийт өрхийн 14.7 хувь нь хэрэглээний зардлынхаа 10 болон түүнээс дээш хувийг, 4.8 хувь нь төлбөрийн чадварынхаа 40 болон түүнээс дээш хувийг эрүүл мэндийн зардалдаа зарцуулсан байна. Эрүүл мэндийн төлбөр төлөхөөс өмнө ядуурлын түвшин 20 орчим хувь байсан бол төлбөр төлсний дараа 23 хувиас давсан үзүүлэлт гарсан.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын тогтолцоо иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж чадаж байна уу гэдгийг эргэж харах шаардлагатай байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


СПОРТОД, АМЬДРАЛД ОРОЙТНО ГЭЖ БАЙДАГГҮЙ

Улаанбаатар хотноо таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 43 орны 1,300 гаруй тамирчин өрсөлдөж буй энэхүү тэмцээнээс Монголын баг одоогоор хоёр хүрэл медаль хүртжээ. Тэгвэл пүмзэ төрөлд эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан С.Янжинлхамтай ярилцлаа.

-Эх орондоо болж буй Азийн аваргаас медаль хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол Улсад маань анх удаа Ерөнхийлөгчийн ивээл доор олимпын таеквондогийн Азийн аварга болж байна. Эхний өдөр хамгийн анхны медалийг хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд таеквондогийн спортоор хичээллээд 15 жил болжээ. Багагүй хугацааг энэ спортод зориулж, ийм том медаль авсандаа баярлаж байна. 

-Дэвжээнд гарахын өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Бэлтгэл сайн байвал сандрал бага байдаг гэдэг. 

-Таеквондогийн пүмзэ төрлийн улсын аварга шалгаруулах болсон учир ерөнхийдөө бэлтгэл сайтай байсан. Яг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн аваргын сорил тэмцээн болсон. Монголын пүмзэгийн шигшээ баг дээр солонгос дасгалжуулагч И Жаевон ажилласан. Түүний удирдлага дор бэлтгэлээ хангасан.

Өмнө нь Монголд ийм том тэмцээнд оролцож байгаагүй учир сэтгэл догдолж байсан. Түүнийгээ дагаад илүү хариуцлага мэдрэгдсэн. Өөрийнхөө багш нар, шавь нарынхаа өмнө тэмцээнд оролцох маш сонирхолтой, өөр гоё мэдрэмж авлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-05-23 103.145.234.36

Наад захын эдийн засаг, өртөг зардлын талаар мэдлэггүй хүн юу хүссэнээ ярих юмдаа. Жишээ нь: Герман улсын эрүүл мэндийн даатгалд сард хамгийн багадаа 500 евро төлдөг. Ийм их мөнгө төлдөг бол бас бүх төлбөрөө төлүүлж болох юм. Маш бага мөнгө төлөөд бүх зардлаа төлүүлнэ гэдэг бодит уу? Эсвэл улсаа дампууруулах уу? Олон хүмүүст таалагдахын тулд үндэслэлгүй худлаа ярих юмдаа…Аль ч улсад эрүүл мэндийн даатгалаар 100% төлүүлдэг тогтолцоо байхгүй.

Avatar

Зочин 2026-05-23 192.82.92.42

Уламбаяраас еер чрилцах хун олддоггуй еревделтэй сайт!

Avatar

Өндөр настан 2026-05-23 103.168.34.200

Өндөр насны тэтгэвэрт гараад тэтгэвэр нь хоолондоо хүрэхгүй юм чинь . Ер нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг байхгүй болгочихвол дээр юм биш үү? Хүн бүхэн хувь хувиа, амиа борлуулаад явна биз

Avatar

Нэргүй 2026-05-23 49.0.130.24

Мэдрэлийн хүнд мэс засалд орч байгаа хүн заавал төлбөртэй байх шаардлагатай юу?”Үнэгүй мэс засал хийнэ“ гэсэн хэрнээ цагаар тулах үед үнэтэй мэс засал болж байна.

Avatar

Нэргүй 2026-05-23 103.57.94.14

Үнэгүй юманд дасгасан Зүүнтний нам төрдөө л гомддоо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж