niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:01 UTC Source: https://news.mn/r/2867939/ 1865182f179e2444… ← back to niitlelch.mn

5.8 их наядын тендерийн 70 хувийг 10-хан компани авсан

Live5.8 их наядын тендерийн 70 хувийг 10-хан компани авсан

5.8 их наядын тендерийн 70 хувийг 10-хан компани авсан
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 30
2026-5-21

Төсвийн шаардлага маш олон мега төслийг чөдөрлөсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж байна. 

Д.Энхтүвшин:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагаас болж энэ хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Суурь тэнцлийн шаардлагыг өөрчлөх бодлого байгаа юу. 

З.Мэндсайхан: 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу нэгдсэн төсвийн суурь тэнцэл тухайн жилийн ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх гэсэн заалт байгаа. Төсвийн сахилга баттай холбоотой заалт. Үүнд өөрчлөлт хийх эрх нь УИХ-ын гишүүдэд байгаа. Хуулийн заалтын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт хийж байж, бодлого гаргана. 

А.Ариунзаяа:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 онд УИХ-ын сонгуулийн дараа өөрчлөлт оруулсан. Алдагдалгүй төсөв батална гэдэг хийрхлээс үүсэж, маш олон мега төслийг чөдөрлөсөн. Хоёр хувийн шаардлагыг өөрчлөх хуулийн төслийг санаачилъя. 

З.Мэндсайхан: 

-Суурь тэнцэл болон тэнцвэржүүлсэн тэнцлийн дөрвөн хувийн зөрүүгээр гадаад зээлийн ашиглалтаа хийгээд явж байгаа. Гадаад зээлийн санхүүжилтийн эх үүсвэр учраас гадаадаас зээл авч, цалин тэтгэвэр тавихгүй. 

Р.Эрдэнэбүрэн: 

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станц гэсэн хоёр төсөл дээр дахиж зээл авах шаардлага гарах уу. 

З.Мэндсайхан: 

-Зээлийн хэлэлцээрээр нэмэлт зардал гарахаар бол Монгол Улс өөрсдөө хариуцах үүрэг хүлээсэн. Бид энэ хуулийн төслийг санаачилсан нь зээлийн ашиглалтыг сайжруулж, төслийг нэмэлт зардалгүй, хугацаанд нь ашиглалтад оруулах арга хэмжээ.   

Б.Түвшин:

-Энэ хууль гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх биш төсвийн зардлыг зардал бишээр бичье гэсэн заалттай. Гадаад өрийн удирдлага сайжирсан уу. Одоо төсвийн хоёр тайлантай болно. Үүнийг юу гэж харж байгаа вэ. 

З.Мэндсайхан: 

-Энэ хуулиар Төсвийн тогтвортой байдал болон Өрийн удирдлагын хуулийг хөндөөгүй. Өрийн удирдлага хангалттай сайн явж байгаа. ДНБ-ий 60 хувь хүртэл  гадаад зээл авах боломжтой. Өнөөдрийн байдлаар энэ үзүүлэлт 38 орчим хувьтай явж байгаа. 

Ажлын хэсэг:

-Улсын гадаад өр 40 тэрбум ам.доллар байгаа. ДНБ-ий 159.5 хувьтай. Үүнээс Засгийн газрын өр 8.7 тэрбум буюу 21.6 хувийг эзэлж байгаа. Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжирсан.

16 : 54
2026-5-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уншиж, танилцуулав. Гишүүд асуулт асууж, тайлбар авч байна.

Б.Уянга:

-Ямар шаардлага үүссэн болоод энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа вэ. 

С.Бямбацогт:

-УИХ-ын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн хяналт шалгалт хийх байдаг. Энэ хууль амьдрал дээр хэрэгжих явцад өөрчлөлт оруулах маш олон зайлшгүй шаардлага үүссэн. Хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг жил нэг удаа УИХ ярихдаа, шалтгаан дагаврын шилжилгээг давхар авна. Шаардлагатай бол засаж залруулна. Ингэж хэрэгжилтийг хүчтэй болгохгүй бол хариуцлагын асуудал хаягдаад байгаа. 

М.Ганхүлэг:

-Хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Монголд хууль цөөдөөгүй. Хөндлөнгийн үнэлгээ, УИХ-ын Тамгын газарт хяналт шалгалтын үүргийг нэмэгдүүлэх ямар өөрчлөлт байгаа вэ.

С.Бямбацогт:

-УИХ-ын хамгийн том хяналт шалгалтын бүтэц бол Байнгын хороо. Тамгын газарт хяналт шалгалтын бүтэц байгаа. УИХ-ын дэргэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын алба, Үндэсний аудитын газар байгаа. Шаардлагатай бол хөндлөнгийн төрийн бус байгууллага, шинжээч судлаачдыг оролцуулж болно. Засгийн газрын гишүүдийн бүрэн эрхийн асуудал дээр Ерөнхий сайдын бүрэн эрхэнд халдахгүй. Хариуцлага тооцох санал хүргүүлдэг болно. Хянан шалгах түр хороо байгуулах, сонсгол зохион байгуулах нь төсөв мөнгөний хүрэлцээтэй холбоотой. Ерөнхий хяналтын сонсгол хийх боломж байгаа. 

Л.Соронзонболд: 

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, УИХ-ын шийдвэрийн биелэлт хангалтгүй харагдаад байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ. 

А.Ариунзаяа:

-Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянадаг нэгдсэн палтформ байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. 

УИХ-ын хяналт шалгалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлуулав.  

15 : 29
2026-5-21

Монгол Улсын 5.8 их наяд төгрөгийн тендерийн 70 хувийг 10-хан компани авсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс хойш УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Д.Энхтүвшин: 

-Хуулийн төсөлд ил тод байдлыг хангана гэж танилцуулсан ч энэ талаар заалт байхгүй байна. Миний бие энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлан, өргөн мэдүүлсэн ч хэлэлцэж эхлээгүй байгаа. УИХ-ын гишүүдийн санал өгсөн байдлыг шуурхай ил тод байлгах арга хэмжээ авч чадахгүй байгаа. Миний санаачилсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж болохгүй юу. Хэлэлцэх асуудлыг нэг долоо хоног бус хоёр долоо хоногоор гаргадаг болгож болохгүй юу? 

А.Ариунзаяа: 

-Д.Энхтүвшин гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх асуудлыг шийдвэрлэж болно. Гишүүний ирц, саналаа өгсөн байдал зэргийг бодит цагийн горимоор олон нийтэд мэдээллэдэг байх зохицуулах заалт орсон. Чуулганаар хэлэлцэх асуудлыг улирал, сар бүрээр батлаад явж байгаа. 

Д.Энхтүвшин:  

-Хэлэлцүүлгийн явц ил тод байж чадахгүй байна. Тухай бүрд нь оруулдаг байхаар өөрчлөлт оруулж болохгүй юу. Намын бүлгий шийдвэрээр хувь гишүүн өөрийнхөө хүсэл зорилгын эсрэг санал өгөх шаардлага байна. Үүнийг өөрчилж болохгүй юу? 

А.Ариунзаяа: 

-Хэлэлцүүлгийн явц эцсийн шийдвэр биш учраас олон нийтэд мэдээллэгдэггүй. 

Д.Рэгдэл:

-УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд хялбарчилсан олон шинэ заалт орж ирсэн байна. Гишүүн биечлэн санал өгөх нь оновчтой шийдэл. Гэхдээ танхимд байхгүй гишүүдийг ирцээс хассаны дараа санал өгөх ирц хүрэхгүй бол яах вэ. Хүндэтгэн үзэх дөрвөн шалтгааны нэг нь өвчтэй гэж явж байгаа. Үүнийг хэрхэн тогтоох вэ? 

С.Бямбацогт:

-Санал хураалттай холбоотой асуудлыг цэгцлэх ёстой гэж үзсэн. Санал хураалтыг тухай бүрд зарлаж, санал өгөх боломжийг хангана. Ирц хүрэхгүй бол санал хураалтад ирцэд орчихоод орхиод гарсан гишүүдэд хариуцлагын асуудал яригдахаар байгаа. Санал хураалтыг зарлах зохицуулалтууд орж байгаа. Ирц хүрэхгүй байх асуудал үүсэхгүй болов уу. Гишүүд өвчтэй гэдгийг урьдчилан мэдэгдэнэ. Гэнэт өвдсөн бол нотлох баримтаа нөхөж бүрдүүлдэг байх шаардлага тавина. 

Р.Эрдэнэбүрэн: 

-126 гишүүнтэй болсноос бүх гишүүн үг хэлэх эрхгүй болсон. Бүлгээс нэр авч өгдөг болсон. Германы парламентаас энэ өөрчлөлтийг хуулж авсан. Өнгөрсөн хоёр жилээс харахад, энэ нь бидэнд тохирохгүй байна. Энэ хуулийн төслүүдийг бүлгүүдээр дахин хэлэлцүүлэх боломж байна уу. Энэ хуулиудыг УИХ-ын даргын нүдээр хийсэн байна. С.Бямбацогт байнга УИХ-ын дарга байхгүй. Гишүүдийн оролцоог хангамаар байна. Дэгийн асуудлуудыг УИХ-ын дарга, даргын зөвлөл шийдэх юм байна. Үг хэлэх асуудлыг чөлөөлмөөр байна. УИХ дээр асуудал хэлэлцэж байх явцад үг хэлэх шаардлага гардаг. 

С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэ өөрчлөлтүүд явж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болоод ирэхээр иргэдийн парламентад итгэх итгэл нэмэгдэнэ. Гишүүд чөлөөтэй асуулт асууж, үг хэлэх эрхийг нээж өгч байгаа. Шаардлагатай бол мэтгэлцээн өрнүүлэх тусгай цаг гаргаж өгөх өөрчлөлт орж ирж байгаа. Үндсэндээ УИХ-ын үйл ажиллагаа сайжруулах өөрчлөлт санаачилсан. 

Ц.Мөнхтуяа: 

-Би Боловсролын байнгын хороог эргүүлэн ажиллагаанд оруулах санал өгсөн. Гишүүд хуулийн төсөл санаачлан, өргөн мэдүүлээд хав даруулдаг.

С.Бямбацогт: 

-Таны санал өгсний дагуу Хүний хөгжлийн байнгын хороог задалж байгаа. Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороог бие даасан байдлаар байгуулж байгаа. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэг сарын хугацаанд хэлэлцүүлэгт оруулдаг байх өөрчлөлт оруулж байгаа.   

Э.Болормаа:

-Чуулганд суугаагүй гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж, эрхэнд халдаж болохгүй. Хувь гишүүнээс болж тойргийн иргэд хохирч болохгүй. Гишүүдийн цалин, үйл ажиллагааны зардлыг хасна гэж байна. Энэ мөнгийг тоохгүй гишүүд байгаа шүү дээ. Монголын топ баячууд энэ УИХ-д сууж байгаа. Жишээ нь, мянга гаруй км явж тойрогтоо ажилладаг бид хоёрт энэ асуудал өөр байх аа. Гишүүний хариуцага, чуулганы ирц гэдэг асуудлыг дэгдээж, бид жижиг асуудал яриад байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигын асуудлаа ярья. Саяхан олон улсын төслөөр Монгол Улсын 5.8 их наяд төгрөгийн тендерийн 70 хувийг 10 компани авсан байна. Иргэд хариуцлага хүсэж байгаа. Энэ гишүүний сандал дээр сууж тоологдохоос илүү асуудал.   

С.Бямбацогт: 

-УИХ-ын гишүүн том, эсвэл жижиг асуудал гэж байхгүй. Гишүүн төлөөлөх, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих гэсэн гурван үүрэгтэй. 

Ч.Лодойсамбуу:

-Гишүүний төсөв, зардал гэж байхгүй. Гишүүнд тусдаа зардал байхгүй. Миний гаргаж байгаа саналаар цалинг нь 100 хувь хасахаар байгаа.

Л.Мөнхбаатар:

-Байнгын хорооны хурлуудын цагуудыг тодорхой болгосон тохиолдол амар болно. Элчин сайдыг томилох асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж байгаа. 

С.Бямбацогт:

-Байнгын хорооны хуралдааны асуудлыг хэлэлцүүлгийн явцад сайжруулаад явах боломжтой. 

Ж.Баярмаа:

-УИХ-ын гишүүдэд цалингийн хариуцлага ногдуулах заалтыг дэмжиж байгаа. Жирийн албан хаагч хэдэн минут хоцроход хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүн мөн адил хариуцлага хүлээх ёстой. Гэтэл гишүүдийн үг хэлэх эрхийг 30 хоногоор хасаж, хязгаарлах заалт оруулж ирсэн байна. Нэр төр гутаасан, саад учруулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн бол үг хэлэхийг хязгаарлана гэсэн байна. Яасан тохиолдолд эр төр гутаасан, саад учруулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж үзэх вэ. УИХ-ын гишүүний үндсэн ажил үгээ хэлэх. Энэ эрхэнд халдаж болохгүй.

С.Бямбацогт: 

-Хурлаа таслахгүй бол хариуцлагын асуудал байхгүй. Өмнө нь хуралдаан даргалагч арга хэмжээ авдаг байсан бол одоо Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авдаг болно.  

Ийнхүү хэлэлцээд, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,  УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын хяналт шалгалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хамтад нь явуулахаар тогтлоо. 

11 : 36
2026-5-21

УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хасаж болохгүй

Дараа нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

Д.Энхтүвшин: 

-Хуулийн төслийн наймдугаар зүйлд гишүүний бүрэн эрх гэдэг заалт байна. Бүрэн эрхээс гадна, ёс зүйг зохицуулах асуудлыг чихэж оруулжээ. Энэ нь хуулийн төслийн уншихад төвөгтэй болгосон байна. Дараагийн асуулт нь УИХ-ын бусдын нэр хүндэд халдсан бол зөвхөн Иргэний шүүхэд гомдол гаргана гэсэн байна. Яагаад заавал Иргэний шүүх гэж оруулсан бэ. Мөн УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг 30 хоногоор хязгаарлана гэсэн байна. Үндсэн хуулийн зөрчил болохгүй юу? 

Ж.Бат-Эрдэнэ: 

-Бид хуралдаандаа суудаг байх, ирцэндээ орчоод хуралдаан хаядаггүй байх зэрэг хариуцлагаа сайжруулъя гэж ярьсан. Ёс зүйн дэд хороог хүчтэй болгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ бол гишүүдээс орж ирсэн санал. Санал учраас хэлэлцээд ярилцах боломжтой. Нөгөө талаас гишүүний үг хэлэх бүрэн эрхийг хасаж болохгүй. Цаашдаа ажлын хэсэг гараад, хэлэлцээд сайжруулах боломжтой.   

Ч.Лодойсамбуу:

-Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Тэр эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлнэ гэдэг заасан. Гэтэл төлөөлөл нь гишүүн чуулганы хуралдаандаа оролцохгүй байгаа нь тэр иргэний эрхийг хаасан үйлдэл болж байгаа юм. 

Б.Пүрэвдорж: 

-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд хэд хэдэн асуудал байна. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Мөн гишүүд санал өгөхдөө түдгэлзэх асуудлыг яах вэ? Гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах, үг хэлснийхээ төлөө гишүүнээс түдгэлзэх заалтууд байна. Үүнд хариулт өгөөч? 

Ж.Бат-Эрдэнэ: 

-Ер нь Ёс зүйн дэд хороогоороо асуудлуудаа шийдье гэж байгаа. Түүнээс цаашлах, хатуудсан хүн гүтгэсэн, доромжилсон асуудлыг иргэний хуулиар л шийднэ. Аливаа хуулийг УИХ-ын гишүүн санаачилж байгаа. Түүнд судалгаа, шилжилгээ хийгээд оруулж ирдэг. Зарим нэг популист хуулийн төсөл орж ирдэг. Иймээс УИХ-ын Тамгын газар шинжээчид дүгнэлт гаргаж өгч байя гэж байгаа.  

А.Ариунзаяа: 

-Санал хураалтаас ирцээс гарч, түдгэлзэх эрх нээлттэй хэвээрээ байгаа. Гишүүн хүн гүтгэж доромжилж болохгүй гэдэг заалт одоогийн хуульд ч байгаа. 

Г.Очирбат:

-УИХ, Дэг, Хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг багцалж оруулдаг ирдэг нь ямар учиртай вэ. Заавал яарсан байдлаар оруулсан нь ямар учиртай вэ? 

С.Бямбацогт: 

-УИХ, Дэг, Хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийг салгаж хэлэлцэх ямар боломжгүй. Нэг нь нөгөөгөөсөө уялдаатай хуулиуд учраас хамт өргөн мэдүүлсэн. Н.Учрал даргын үед ажлын хэсэг гаргаж, хуулийн төслүүдийг бэлдсэн. Би УИХ-ын дарга болоод гишүүд, тамгын газрын ажилтнуудаас нэг бүрчлэн санал авсан.  

Г.Очирбат:

-УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлж, үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Гэтэл одоо хуульчлан амыг нь барих гэж байна. 

Ж.Баярмаа:

-Уг нь энэ хуулийн төслийг бүлгүүд танилцуулж байж оруулж ирэх байжээ. Гишүүдийг хэдэн удаа асуулт асууж, үг хэлсэн, хэдэн хуулийн төсөл санаачилсан зэргээр үнэлж, хэмжих юм байна. Парламент мэтгэлцээний талбар байх ёстой ч уралдаж олон удаа үг хэлдэг популизм руу түлхэх вий. Ёс зүйн дэд хороонд маш их эрх мэдэл өгчээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулах вэ. Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд маш том агуулга байгаа. Сөрөг байгаа гишүүдийг шийтгэх том арга хэрэгсэл болчих вий. 

С.Бямбацогт: 

-УИХ-ын гишүүн гурван үндсэн чиг үүрэгтэй. Ард түмний төлөөлөх, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хууль тогтоох эрхээ эдлээд байдаг мөртлөө хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг орхигдоод байсан. Одоо хяналт тавих чиг үүргийг нэмэгдүүлж өгч байгаа. Гишүүдийг олон сонгогдсон бус идэвх оролцоогоор нь үнэлж, дүгнэдэг байя гэдэг зохицуулалт оруулж ирж байгаа. Хэлбэр биш агуулга руу оруулах чанарын өөрчлөлт хийхээр зорьж байна. Ерөнхийлөгчийн хуулийг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлтэй уялдуулаад явна. 

Б.Хэрлэн: 

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гишүүдийг хууль санаачилж, батлахад зохион байгуулалтын хувьд оновчтой үзэл баримтлал орсон байна. Дээр нь гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх хуулийн өөрчлөлт орж ирсэн байна.

Р.Эрдэнэбүрэн:  

-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн эрх, үүрэгтэй холбоотой асуудлууд учраас дахин өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай. УИХ-ын даргын өрөөнд бичигдсэн хуулийн төсөл гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрч байх шиг байна. АН бүлэг энэ хуулийн төсөл дээр завсарлага авч, нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн ажлыг дүгнэх шаардлагууд байж болохгүй. Гишүүдийн үнэлэх үнэлгээ бол улс орны хөгжилд ямар түүхэнд шийдвэр гаргасан гэдгээр хэмжигдэнэ. Хувь гишүүнийг зөвхөн сонгогчид дүгнэнэ. УИХ-ын гишүүд өөр өөрийн өнгөтэй. Олон өнгийг нэг журманд оруулах шаардлага байхгүй. Ороод ирсэн хууль учраас хэлэлцэх ёстой байх. Гэхдээ сайн ярилцсан нь дээр байх.   

Ийнхүү хэлэлцээд, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтын үдээс хойш явуулахаар тогтлоо. 

 

11 : 28
2026-5-21

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг яаралтай хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн 2026.05.21-ны өдрийн хуралдаанаар

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэхцэх эсэх, 

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

УИХ-ын хяналт шалгалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл, 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчин болсонд тооцох тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 

Чуулганы эхэнд Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Саналт хураалтад 82 гишүүн оролцож, олонх дэмжсэнээр Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэхцэхийг дэмжив. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Их цэвэрлэгээг сонгуулиар 2026-05-21 5.30.100.34

Хийцгээе ухаалага сонгууль зөв хүмүүсээ сонгоцгооё

Avatar

Нэргүй 2026-05-21 202.9.47.123

Жилээс жилд улс орноо уруудуулан доройтуулж, сан хоосолж хулгай хийж, тендер луйвардаж баяжаад л. 126 болдоод идэж хулгайлдаг эрх мэдэл олшроод.

Avatar

Нэргүй 2026-05-21 66.181.179.94

Тендер авдаг хэдхэн компани бна. Эднийг зарла.

Avatar

Зочин 2026-05-21 66.181.179.99

Бүгдээрээ үүнийг хараад нүдэн балай чихэн дүлий юу. Ядаж 1ч гэсэн зоригтой,ухамсартай аавын хүү алгаа. Улс орон л дампуурал руугаа явж байна даа.

Avatar

ICT group 2026-05-21 103.212.119.42

IT-giin хамаг төслийг хамдаг ICT group болон түүний худалдаж авсан компаниуд байна. Тамираа одоо болио

Avatar

Хулгайч 2026-05-21 202.9.46.31

Өмхий хулгайчуудын нам сөнө!!

Avatar

zochin 2026-05-21 202.126.89.48

Гишүүд дураараа хурал таслаж болно гэж заагаагуй учир хаяа амыг нь үдэж болно доо амаа үдүүлээд л тэнэж байг их тэнэвэл шууд хөө гүйцээ өөр заалт байхгуй шүү

Avatar

ооооо 2026-05-21 59.153.115.146

Аливаа маргаан гарвал очиж очиж Беларусь байхдаа яахав дэ!!! Энэ балай улс чинь орос л гэсэн үг ш дэ. Хэзээ ч Монголын талд орохгүй. Хулмаст ивануудаа л хамгаална. Өөр улс сонголх хэрэгтэй шүү!!! УИХ тэнэг байж болохгүй шүү.

Avatar

zochin 2026-05-21 202.126.89.48

Хэнч байсан яадаг юм тэртэй тэргүй та нар чадахгуй юм чинь зөь маргаангуй гэрээ хий гүйцээ тэгээд Хятад ахаараа батлуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж