niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 22:04 UTC Source: https://news.mn/r/2867615/ 57196756218f75c9… ← back to niitlelch.mn

Тэмдэглэл: Хөгжилд хөтөлсөн Хятад орон

Тэмдэглэл: Хөгжилд хөтөлсөн Хятад орон

Тэмдэглэл: Хөгжилд хөтөлсөн Хятад орон

05.10-05.11

Бид Улаанбаатар хотоос Замын –Үүд чиглэлд 16:40 цагт хөдлөлөө. Галт тэрэг ган замаар зүтгүүрийн хүчит дууг нүргүүлэн, алтан говийн зүг эрч аван хурдаллаа. Их хотын завгүй амьдрал цонхны цаана алсран хоцорч, баруун уулын хярд үдшийн бүрий унахтай зэрэгцэн хязгаар хярхаггүй уудам тал цэлийж мөнхүү үдшийн бүгээн гэгээнд бүртийж харагдана. Харин шинэ өглөөний наран ургах үест урд хязгаарын боомт хот Замын-Үүдэд хүрэв.

Замын-Үүдээс Эрээн хүртэл хэдхэн км ч хилийн боомтыг зорих машины түүнээс ч урт цуваа үргэлжилнэ. Энд хүмүүс өмнөх өдөр нь машинаа дараалалд оруулан хонуулаад, маргааш нь зорчигчдоо цуглуулж, хэсэг хэсгээрээ хилээр нэвтэрдэг аж. Энэ зуур “Банштай цай уух уу, цуйван авах уу” хэмээн дуудах эгч нар нааш цааш холхилдоно. Тэдний вареьны шилэн саванд хийж өгсөн халуун банштай цайны амт сайхан санагдав. Бид бага үдэд хилээр гарч, Эрээн хотод ирлээ. Энд тэндгүй хоолны мухлаг, техникийн зах, буудал, олон барилга харагдана. Мөн зам дагуу гурван дугуйт тэрэгтэй хүмүүс сүлжилдэн өнгөрөх нь энэ хотын өнгө төрхийг тод харуулна. Эрээн хотноо хоёр улсын сэтгүүлчид албан ёсоор танилцаж, тус хотын худалдааны чөлөөт бүсийг зорив. Саяхан ашиглалтад орсон гурван давхар, чулуун хавтан голлосон сүрлэг барилга нүднээ тусна. Энэхүү цогцолбор нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладгаараа онцлог аж. 18 га талбайг хамран байгуулагдсан тус чөлөөт бүсэд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, хил орчмын аялал жуулчлал гэсэн үндсэн 4 чиглэлд 48 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Түүнчлэн цаашид энэхүү чиглэлийг 7 болгон өргөжүүлэх бөгөөд одоогоор дэд бүтцэд нь 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

БНХАУ-ын Эрээн хотын чөлөөт бүсийг хуурай замын авто болон төмөр замд тулгуурласан худалдаа, эдийн засгийн жишиг бүс болгон хөгжүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Замын-Үүдийн чөлөөт бүстэй хамтран ажиллаж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах шаардлагатайг Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн удирдлагын газрын дэд дарга Дөү Шяопин онцолсон юм. Тэрбээр 2027 он гэхэд Эрээн, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд авто замын дэд бүтцээр холбогдож, худалдаа, эдийн засгийн идэвхтэй урсгал бий болно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Одоогоор Эрээн хотын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсэд 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгөөд байгаа бол Замын-Үүдийн чөлөөт бүсэд цөөн аж ахуйн нэгж татваргүй барааны худалдаа эрхэлж байна. Хятадын тал хоёр улсын хамтарсан үйлдвэрлэл, худалдааны бүс болгон өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тус бүс жилд 6 сая тонн ачаа эргэлдүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.

Мөн Замын-Үүд–Эрээн боомтоор Монгол, Хятадын худалдааны эргэлтийн 80 хувь, зорчигч тээврийн 70 хувь нь дамжин өнгөрдөг байна. Цаашид Эрээн боомт төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж, Тяньжинь, Таншань боомтоос ирэх ачааг Монгол, Оросоор дамжуулан Европ руу хүргэх гол зангилаа болохоор төлөвлөжээ.

Үүний дараа бид Эрээн хотын музейтэй танилцлаа. Анх 1986 онд байгуулагдсан тус музейг 2016 онд шинэчлэн өргөтгөж, үлэг гүрвэлийн үеийн орчныг бодитоор мэдрүүлэх хэлбэрээр тохижуулжээ. Музейд зургаан төрөл зүйлийн 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн 200 гаруй үзмэр бий. Үүднээсээ эхлэн үлэг гүрвэлийн баримлууд угтаж, хамгийн том махчин үлэг гүрвэлийн бодит хэмжээтэй загварыг байршуулсан нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Тайлбарлагч үзмэр бүрийн түүхийг дэлгэрэнгүй танилцуулж, чулуужсан өндөгнөөс эхлээд үүсэл, хөгжлийн замнал, мөхлийн түүхийг өгүүлдэг байна. Мөн баримтат киног монгол, англи хадмалтайгаар үзүүлж, тухайн үеийн байгаль, амьтдын орчныг дуу, хөдөлгөөн бүхий чихмэл, гэрэлтүүлгээр амилуулсан нь жуулчдын сонирхлыг татаж байлаа.

05.12

Дараагийн өдөр бид Монголын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болсон Эрээн хотын "Хао Ган" логистикийн төвтэй танилцлаа. Тус үйлдвэр нь манай улсад орж ирдэг жимс, хүнсний ногооны 80-90 орчим хувийг дангаараа нийлүүлдэг. 2025 онд л гэхэд 170 мянган тонн жимс экспортолсон байна. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээс өнөөг хүртэлх хугацааны нийт үзүүлэлтийг харвал 6.5 сая тонн жимс, хүнсний ногоог манай зах зээлд амжилттай нийлүүлжээ.

Мөн Хятадын бүх мужаас татан төвлөрүүлсэн өргөн хэрэглээний ногоо, жимсийг орчин үеийн стандартаар боловсруулж, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар чанарыг нь алдагдуулахгүй хадгалах хүчин чадалтай аж. Түүнчлэн тус компани худалдааны цар хүрээгээ зөвхөн үүгээр хязгаарлахгүйгээр ОХУ-аас “Архыз”, “Baikal” зэрэг брэндийн ус, Монгол улсаас үхэр, хонины мах экспортолдог байна. Зөвхөн 2025 онд л гэхэд манайхаас 2000 тонн мах худалдан авчээ.

Тээвэрлэлтийн хувьд Монголын компаниуд дотоодын хэрэгцээгээ ханган ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр 20-25 тонн ачаа ачсан 30-аас дээш ачааны автомашин хилээр тогтмол нэвтэрдэг байна. Өглөөний 11:00 цагт хилээр гарсан ачаа ойролцоогоор 24 цагийн дараа хүрэх цэгтээ буудаг ажээ. Энэ талаар олон жил тээвэрт явж буй жолооч Т.Гүнжаргалаас тодруулахад, Тэрбээр “Монголд жимс, хүнсний ногоо импортолдог 60 гаруй компанийн ачааг яг энэ агуулахаас татан авдаг бөгөөд одоогоор 200 гаруй зориулалтын хөргүүртэй автомашин үйлчилгээнд явж байгаа юм байна. Эрээнээс Улаанбаатар хүртэл дунджаар 10 цаг явдаг бөгөөд Хятадын болон Монголын гаалийн шалгалтыг шуурхай дамжин ачаагаа нийслэл рүү шууд хүргэдэг аж. Тэрээр “Энэ агуулах маш цэвэрхэн, стандарт шаардлага бүрэн хангасан учраас бүтээгдэхүүний чанар, шинэ байдал маш сайн хадгалагддаг” хэмээн онцолсон юм. Хоёр улсын худалдаа, хүнсний нийлүүлэлтийн цар хүрээ улам бүр өсөн нэмэгдэж байгааг 2025 онд нийт 7000 орчим автомашинаар жимс, ногоо тээвэрлэсэн бол, ирэх 2027 онд энэ тоог 18 мянгад хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаагаас харж болохоор байлаа. Ийнхүү бид Монголын хүнсний нийлүүлэлтийн томоохон логистикийн төвтэй танилцаад, аяллынхаа дараагийн цэг болох Улаанцав хотыг зорин хөдөллөө.

05.13

Бид Улаанцав хотод хүрэлцэн ирж, Улаанцав-Эрээн хотын Үндэсний логистикийн төв паркийг сонирхов. БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос өргөжин хөгжсөн тус төвийг 2024 онд “Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв” болгон шинэчилжээ. Төмөр зам, авто тээвэр, агуулах, үйлдвэрлэлийн цогц үйлчилгээ нэг дор төвлөрсөн энэ төвөөс жилд 1000 гаруй удаагийн Хятад-Европын ачааны галт тэрэг явж, хүнс, тоног төхөөрөмж, автомашин зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байна. Мөн Монгол-Оросоор дамжин Европ хүрэх төмөр замын коридор нь Казахстаны чиглэлээс 2800 км-ээр богино гэдгийг онцолж байлаа.

Үүний дараа сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан “Жүнжинь дата” төвийн үйл ажиллагааг сонирхов.

2025 онд ашиглалтад орсон тус төв нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийг хадгалах, нөөцлөх зориулалттай томоохон дата бааз аж. 91 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай энэхүү төсөл эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь салхи, нарны эх үүсвэрээр хангах зорилготой.

Одоогоор 26 салхин турбин, нарны цахилгаан станц ашиглаж байгаа бөгөөд жил бүр 480 мянган тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцжээ. Дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрчим хүчний төслийг 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сарын хооронд хэрэгжүүлсэн байна. Үүнд 1.63 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн Улаанцав дахь “Хунфү” хөдөө аж ахуйн компанийн хүлэмжийн аж ахуйтай танилцав. Бээжингийн Дашин дүүрэг болон Улаанцав хот хамтран байгуулсан энэхүү хүлэмжид жилийн 10 сарын турш ургац хурааж, 30 га талбайгаас 10 мянган тонн нарийн ногоо үйлдвэрлэдэг байна. Орчин үеийн технологи нэвтрүүлсэн тус компани бүтээгдэхүүнээ “Sam’s Club”, “Metro” зэрэг сүлжээ дэлгүүрээр борлуулж, их дээд сургуулиудтай хамтран судалгаа, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаагаараа онцлог байлаа.

Хятадын 3000 жилийн түүхийг өгүүлэх Яньчи нуурын төв

05.14 – 05.15

Бид сурвалжлагынхаа сүүлийн зогсоол болох БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирж, Хуайроу дүүрэгт байрлах Яньчи нуурын олон улсын хурлын төвтэй танилцлаа. Дэлхийн хэмжээний дээд уулзалт, төрийн айлчлал зохион байгуулдаг энэхүү цогцолбор нь Хятадын томоохон дипломат төвүүдийн нэг аж. Яньчи нуурын экологийн хөгжлийн бүс 21 км² талбайг хамардаг бол арал дээр хурлын төв, тансаг зэрэглэлийн зочид буудал, ажиглалтын цамхаг зэрэг 15 барилга байгууламж байрладаг байна. Архитектурын хувьд Хятадын эртний хааны ордны хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан нь онцгой сэтгэгдэл төрүүлэв. Танхимын дотоод засалд Тан, Чин гүрний үеийн хийц, луу дүрст тааз, 56 үндэстнийг бэлгэдсэн гэрлүүд зэрэг уламжлалт соёлын элементүүдийг шингээжээ. Мөн барилга байгууламжууд нь эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдсан бөгөөд 70 хүртэлх хувийн эрчим хүч хэмнэх боломжтой аж.

Үүний дараа “Huai Rou Science City” буюу Хуайрөү Шинжлэх ухааны төвтэй танилцав. Тус төв нь Хятадын шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний цогцолбор юм. Нийт 100 гаруй км² талбайг хамарсан энэхүү төвд өндөр энергийн физик, химийн болон сансар судлалын хүрээлэнгүүд төвлөрч, 4000 гаруй судлаач ажиллаж байна. Сүүлийн үеийн сонирхолтой бүтээлүүдийн нэг нь “Poly Face X” нэртэй робот байлаа. Энэхүү робот нь хүний нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг танин харилцан яриа өрнүүлэх чадвартай бөгөөд аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт ашиглахаар хөгжүүлж байгаа аж. Судлаачид 2026 онд бодит хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа онцолсон юм.

Бээжинд AI дуучин, робот шатарчдыг бүтээжээ

Мөн бид Бээжингийн Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрлах “Модуль ертөнц” инкубатор төвөөр зочиллоо. Хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны компаниудыг дэмждэг тус хотхон нь 500 мянган ам.метр талбайд байгуулагдсан бөгөөд инновацийн “Гарал үүсэл”, “Хувьсал”, “Манлайлал” гэсэн гурван бүсээс бүрддэг байна. Энд AI технологид суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж буйгаас 150 хэл дээр орчуулдаг төхөөрөмж, ухаалаг шил, шатар тоглодог робот зэрэг нь хэрэглээнд нэвтэрчээ. Мөн AI.TALK төслийн бүтээсэн виртуал дуучин “Юри” нь Хятадын анхны виртуал иргэний үнэмлэх авсан дижитал оршин суугч болсон талаар танилцуулсан юм.

Бээжин хотын бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн төвүүдтэй танилцахад Хятад улс инновац, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил болон орчин үеийн дэд бүтцэд онцгой анхаарч байв. Технологийг хэрэглээтэй хослуулан хөгжүүлж буй нь ирээдүйн хот, үйлдвэрлэл, хүний амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх зорилготой аж.

Монгол Хятадын хамтарсан сэтгүүлчид тавдугаар сарын 11-16-ны хооронд Эрээн-Улаанцав-Бээжин машрутаар эдийн засгийн чөлөөт бүс, газар тариалан болон шинжлэх ухааны ололт нээлт, хиймэл оюун ухааны дэвшилттэй танилцаж хамтарсан сурвалжлага бэлтгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

- zubxun ; 2026-05-20 66.181.177.89

– # –

Avatar

Нэргүй 2026-05-20 66.181.182.151

Дээр нь Зандка, Ж.Энхбаяр, Батлут

Avatar

Зочин 2026-05-20 103.212.119.37

Монголын сүйрэл бол Хүрэлсүг, түүний хамсаатнууд Содбаатар, Учрал, Батцэцэг мэтийн новшнууд… мөн сонгосон оркууд…

Avatar

Монгол Хэзээээ 2026-05-20 202.70.43.34

Хотын 360 жилийн түүхэнд Том бодлого, Хувьсгалын Чанартай Томоохон томоохон ажлууд зориглон эхлүүлж хийлгэж чадсан 2-хон Мээр байсны нэг нь Бат-Үүл, нөгөө нь Нямбаатар байлаа. Даанч Монголын Буруу Эх Захгүй Эцэс Төгсгөлгүй Тэнэгрэсэн Улс Төр хэзээ дуусахын бүү мэдэээ………Еөк нь ЗГ, УИХ-ын ажлаа “зааварладаг”, Шүүх-ээ уландаа гишгэдэг, Ерөнхий Сайд нь Орон нутгийн ажилтай “ хутгалдаж зааварладаг” үнэхээр олиггүй төртэй Монгол улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж