niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 23:05 UTC Эх: https://news.mn/r/2866243/ ed3adea0f61e9c71… ← niitlelch.mn руу буцах

"Төсвийн ил тод байдал дээшилсэн ч иргэдийн оролцоо хангалтгүй байна"

"Төсвийн ил тод байдал дээшилсэн ч иргэдийн оролцоо хангалтгүй байна"

"Төсвийн ил тод байдал дээшилсэн ч иргэдийн оролцоо хангалтгүй байна"

Нээлттэй нийгэм форумаас “Төсвийн нээлттэй байдал-2025” олон улсын судалгааны тайланг өнөөдөр /2026.05.13/ танилцуулав. Судалгаагаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн ил тод байдал дээшилсэн боловч иргэдийн оролцоог хангах чиглэлд хангалтгүй хэвээр байна гэдэг асуудал хөндөгдлөө. Иймд Нээлттэй нийгэм ТББ-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамаас дараах тодруулгыг хийлээ.


-Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилсэн байна гэж дүгнэсэн байна. Энэхүү судалгааг юун дээр тулгуурлаж гаргадаг вэ?

-Төсвийн нээлттэй байдлын судалгааг АНУ-д төвтэй олон улсын түншлэл байгууллагаас хоёр жил тутамд нэг удаа гаргадаг. Энэ удаагийн судалгаанд 83 орон оролцсон. Монгол Улс 2006 оноос хойш энэхүү судалгаанд оролцож байгаа. Судалгааг гаргахын тулд Засгийн газрын төсвийн мэдээллийг олон нийт авах боломж, улсын төсвийн үйл явцад олон нийтийн зүгээс оролцох албан ёсны боломжит сувгууд, мөн хууль тогтоох болон аудитын байгууллага зэрэг төсвийн хяналтын институциуд төсвийн үйл явцыг хянахад гүйцэтгэж буй үүргийг үнэлэх шалгууруудад тулгуурлан хийгддэг. Нээлттэй нийгэм форумын зүгээс энэхүү судалгааны түнш байгууллагаар ажиллаж өөрийн орны судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг.

2025 оны судалгаагаар Монгол Улсын төсвийн нээлттэй байдал 2023 оны судалгааны дүнтэй харьцуулахад дээшилсэн байгаа. Ерөнхийдөө Монгол Улсын төсвийн ил тод байдал 2019 оноос хойш тогтмол дээшилж байна. Тухайлбал, төсвийн ил тод байдлаар Монгол Улс 2021 онд 60 оноо, 2023 онд 62 оноо тус тус авч байсан бол 2025 оны үнэлгээгээр 64 оноо авсан.

-Төсвийн зарцуулалт, хуваарилалтын талаар иргэд хэр мэдээлэлтэй байдаг вэ. Төсөв батлахад иргэдийг оролцуулж тэдний санал, хүсэлтийг тусгах механизм хангалттай байж чадаж байна уу?

-Иргэдийн оролцоо хангалтгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад бол төсөвт оролцох иргэдийн оролцоо нэмэгдэж байна гэсэн судалгааны дүн гарсан. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 2023 онд 100 онооноос 19 оноо авч байсан бол 2025 онд 35 оноо авсан. Гэхдээ засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй. Төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм. Цаашид Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатай. Энэхүү судалгааны хүрээнд УИХ, Засгийн газар болон төрийн аудитын байгууллагын зүгээс төсвийн үйл явцад иргэд оролцох албан ёсны боломжийг бий болгосон эсэхийг мөн үнэлдэг. Үүнд 74 оноо авсан. Ингэхдээ Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, УИХ-аар баталж байгаа Төсвийн тухай хууль, иргэдийн төсөв, жилийн эцсийн болон хагас жилийн тайлан зэрэг  төсвийн гол найман  баримт бичгийг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Монгол Улсын хувьд эдгээр баримт бичгийг бүгдийг нь ил болгосон боловч баримт бичиг дэх мэдээллийн агуулгыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрдлийн хувьд нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан 100 онооноос дөнгөж 26 авсан бол УИХ-аас баталсан Төсвийн тухай хууль 39 оноо авсан. Энэ нь эдгээр баримт бичгийн агуулгыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Харин төсвийн явцын болон гүйцэтгэлийн тайлангийн агуулга 80-аас дээш оноогоор үнэлэгдлээ.

-Эдгээр гол найман бичиг баримтын агуулгыг сайжруулах тал дээр ямар нэг чиглэл, зөвлөгөө өгдөг үү?

-Эдгээр баримт бичгийг сайжруулахын тулд төсвийн орлогыг татварын болон татварын бус гэсэн ангиллаар оруулах, мөн зарлагыг эдийн засгийн ангиллаар оруулж,  хөтөлбөрийн түвшний зарлагын мэдээллийг оруулах шаардлагатай гэж зөвлөж байгаа. Дээрээс нь Олон улсын жишигтэй харьцуулахад УИХ-аас баталж байгаа Төсвийн тухай хууль нэлээд товчхон гарч байна гэж үзсэн. Төсвийн тухай хууль дээр орлогоо татварын болон татварын бус мөн тэдгээрийн эх үүсвэрийг оруулж баталдаг.

Зарлагын хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа зарлагыг урсгал болон хөрөнгийн зарлага гэж ангилж баталдаг. Гэтэл олон улсын хувьд зарлага батлахдаа эдийн засгийн ангилал буюу түлш шатахуун, цалин хөлс тоног төхөөрөмжийн зардлууд ямар байх гээд нарийн оруулж өгдөг. Тиймээс Төсвийн тухай хуулиа батлахдаа  зориулалтын ангилал буюу эрүүл мэнд, нийгэм, боловсролын үйлчилгээнд яаж зарцуулах юм, эдийн засгийн ангилал буюу түлш шатахуун, цалин хөлс тоног төхөөрөмжийн зардлууд ямар байх гэх мэтчилэн хуульдаа оруулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа.

-Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо ямар байна вэ?

-Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 100 онооноос 35 авсан нь Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал Сангийн яам төсөв боловсруулах шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх механизмыг нэмэгдүүлэх мөн эмзэг бүлгийн иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна иргэдээс авсан саналаа хэрхэн тусгасан тухай тайлангаа гаргах нь зүйтэй.

Төсөв боловсруулах шатанд олон нийт оролцох  боломжийг Засгийн газрын зүгээс олгож эхэлснээр энэ үзүүлэлтээр 2025 оны судалгаагаар 100 онооноос 33 оноо авч дэвшил гараад байна. Дараа оны төсвийн төсвийн хуулийг батлах шатанд УИХ-аас иргэдийн оролцоог хангах үзүүлэлтээр 45 оноо, төсвийн хэрэгжилтийн шатанд иргэд оролцох боломжийг Засгийн газрын зүгээс олгож буй түвшнээр 34 оноогоор тус тус үнэлэгдлээ. Цаашилбал, төрийн аудитын байгууллагын зүгээс аудит хийх шатанд иргэд оролцох албан ёсны механизмын үзүүлэлтээр 33 оноо авчээ. Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэй юм.

Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

  • Засгийн газрын зүгээс боловсруулсан төсвийн төсөлд олон жилийн илүү цогц төсөөлөл (төсвийн жилээс хойш наад зах нь хоёр жилийн тооцоог багтаасан) болон макро эдийн засгийн урьдчилсан байдлын мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд мэдрэмжийн шинжилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, олон жилийн зарлагын төсөөлөл, олон жилийн орлогын төсөөлөл, мөн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлын талаарх мэдээллийн ил тод байдлыг дээшлүүлэх.
  • Батлагдсан төсвийг өргөжүүлж, орлогын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд орлогын ангиллыг (татварын болон татварын бус) тодорхой харуулж, тус бүрийн орлогын эх үүсвэрийн задаргаатай мэдээллийг  танилцуулах.
  • Батлагдсан төсвийн баримт бичигт зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иж бүрэн эдийн засгийн ангилал болон зориулалтын ангиллаар тусгах.
  • Жилийн эцсийн тайланд макро эдийн засгийн урьдчилсан мэдээллийн илүү цогц өгөгдөл болон өрийн мэдээллийг тусгах бөгөөд үүний тулд анхны макро эдийн засгийн урьдчилсан таамаглал болон бодит үр дүнгийн хоорондох харьцуулалт, мөн зээлийн урьдчилсан тооцоо болон бодит үр дүнгийн хоорондох харьцуулалтын ил тод байдлыг сайжруулах.
  • Төсвийн хагас жилийн тайлангийн иж бүрэн байдлыг сайжруулах бөгөөд үүний тулд хөтөлбөрийн түвшний зардлын дэлгэрэнгүй мэдээлэл, зардлын ангиллын дэлгэрэнгүй мэдээлэл, орлогын ангиллын (татварын болон татварын бус) мэдээлэл, мөн орлогын тус бүрийн эх үүсвэрийн талаарх ил тод байдлыг дээшлүүлэх.

Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр

Сангийн яам төсөвт иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх нь зүйтэй байна:

  • Төсвийн үйл явцад оролцохыг хүссэн иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн аль ч гишүүнийг хамруулах үүднээс төсөв боловсруулах үе шат дахь оролцооны механизмуудыг өргөжүүлэх;
  • Төлөөлөл багатай нийгмийн бүлгүүдтэй шууд буюу тэдгээрийг төлөөлж буй иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан идэвхтэй хамтран ажиллах;
  • Төсөв боловсруулах болон гүйцэтгэх үе шатанд хүлээн авсан олон нийтийн саналуудын дэлгэрэнгүй баримт бичгийг боловсруулж нийтэд нээлттэй болгох бөгөөд үүнд ирүүлсэн санал хүсэлтийн хураангуй болон уг оролцоог шийдвэр гаргах үйл явцад хэрхэн харгалзан үзсэн буюу ашигласан талаарх тайлбарыг тусгаж, ил тод байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн оролцооны үр нөлөөг харуулах.

Улсын Их Хурал дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх нь зүйтэй байна:

  • Төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх;
  • Төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.

Үндэсний аудитын газар төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:

  • Холбогдох аудитад иргэд оролцох албан ёсны механизмыг бий болгох.

Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр

УИХ төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:

  • УИХ-ын Төсвийн байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
  • Төсвийн жилийн дундуур Засгийн газрын зүгээс төсвийн хөрөнгийг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд УИХ-тай зайлшгүй зөвшилцдөг байх хэрэгтэй гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.120.30

Энэ тухайд онол, амьдрал хоёр их өөр дөө. Бодож байхад илүүдэхгүй…

Avatar

Нэргүй 2026-05-13 27.123.212.86

Иргэн бүр оролцоод төсөвт хяналт тавиад байх боломж байхгүй шүү дээ. Тийм учраас л Үндэсний аудит, мэргэжлийн хяналт гэх мэргэжлийн хяналтын байгууллагууд болон шат шатны удирдах ажилтнууд өөрийн удирдлагад буй төсвөө чин үнэнээр нь хянаад тайлагнаад явах ёстой байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж