Монгол, Хятад хоёр улсын ногоон хөгжлийн бодлого, экологийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2026.05.13/ Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд боллоо. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, ногоон санхүүжилт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл хэлэлцсэн нь энэ удаагийн хурлын онцлог байв.
Тус хурал нь зөвхөн онолын хэлэлцүүлэг бус, Монгол Улсад 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн өмнөх бэлтгэл, бодлогын түвшний чухал уулзалт болж байгаагаараа анхаарал татаж байна. Ялангуяа БНХАУ-ын экологийн нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн туршлагыг Монгол Улсын бодлоготой уялдуулах, цөлжилтийг эдийн засгийн шинэ боломж болгон харах талаар оролцогчид ярилаа.
“ТЭРБУМ МОД” САНААЧИЛГА ЗӨВХӨН МОД ТАРИХ БИШ, ТОГТВОРТОЙ ЭКОСИСТЕМ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

“Тэрбум мод” сангийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны менежер Д.Сарангоо хэлэхдээ, тус сан нь 2022 онд Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжих хүрээнд байгуулагдсан бөгөөд Монголбанк болон арилжааны 12 банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар “Тэрбум мод” сан 116 төсөл хэрэгжүүлж, 5.4 сая гаруй мод тарьж ургуулж байгаа аж. Тус сангийн гол онцлог нь зөвхөн мод тариад орхих бус, гурван жилийн хугацаанд ургуулж, арчлан хамгаалах хариуцлагыг хамтад нь хэрэгжүүлдэгт оршиж байна.
Тэрбээр,
“Манай сан таван үндсэн чиглэлээр ажилладаг. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын орчны ногоон байгууламж, олон нийтэд суурилсан экологийн төсөл, экологийн боловсрол, уулын ойжуулалт, төгөл болон менежментийн гэрээ зэрэг багтдаг”.
Гэсэн хэдий ч Монгол орны нөхцөлд ойжуулалтын ажлыг өргөжүүлэхэд тарьц, суулгацын нөөц, хүний нөөц, орон нутгийн дэмжлэг хамгийн том сорилт хэвээр байгааг онцолсон юм. Ялангуяа Сэлэнгэ аймагт төвлөрч байсан төслүүдийг бусад аймагт тэлэхэд орон нутгийн бэлтгэл, чадавх харилцан адилгүй байгааг дурдлаа. Түүнчлэн,
“Гадаадын байгууллагууд хамгийн түрүүнд хариуцлагыг хардаг. Тарьсан мод үнэхээр ургасан уу, төсөл бодитоор хэрэгжсэн үү, эргээд тайлагнаж чаддаг уу гэдэг маш чухал. Манай сан банкны салбараас үүсгэн байгуулагдсан учраас аудит, тайлагналын тогтолцоо сайн хөгжсөн. Энэ нь олон улсын хамтын ажиллагаанд бидний давуу тал болдог” хэмээн ярьсан юм.
“МӨНГӨ ЯРИХААСАА ӨМНӨ ДҮРЭМ, АРГА ЗҮЙГЭЭ ТОДОРХОЙ БОЛГОХ ЁСТОЙ”

Хурлын үеэр ШУТИС-ийн багш, судлаач Д.Сэрдарам Монгол Улс ногоон санхүүжилт татах бодлогын тогтолцоондоо анхаарах шаардлагатай байгаа асуудлыг хөндсөн юм.
"Монгол Улс “Тэрбум мод”, COP17 зэрэг томоохон санаачилгуудыг эхлүүлж байгаа ч төсөл хэрэгжүүлэх шалгуур, арга зүй, замын зураглал, үнэлгээний системээ тодорхой бодлогогүй хэвээр байна. Бид хамгийн түрүүнд мөнгө яриад байдаг. Гэтэл түүнээс өмнө энэ төсөл ямар шалгуураар хэрэгжих ёстой вэ, ямар арга зүйтэй байх вэ, ямар роудмаптай байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Мөнгө дөрөвдүгээрт яригдах асуудал. Түүнчлэн төр бүх ажлыг өөр дээрээ төвлөрүүлэх бус, механизм, дүрэм, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Харин хувийн хэвшил, судалгааны байгууллагууд инновац, технологид суурилсан шийдлийг гаргаж ирэх ёстой.
Мөн COP17-г зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ, аялал жуулчлалын шинжтэй форум болгох бус, Монгол Улсын бодит “ногоон стратеги”-ийг дэлхийд танилцуулах боломж гэж харах хэрэгтэй.
Бид гэрийн даалгавраа маш сайн хийсэн байх ёстой. Ямар хөрөнгө оруулалт хүсэж байгаа, ямар төсөл хэрэгжүүлэх вэ, ямар үр дүн үзүүлэх вэ гэдгээ нарийвчлан бэлдэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
ХЯТАД УЛС НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛСЭН Ч ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ УРТ ХУГАЦААНЫ ПРОЦЕСС ХЭВЭЭР БАЙНА

Олон улс судлаач Д.Уламбаяр хурлын үеэр БНХАУ-ын ногоон хөгжлийн бодлого, эрчим хүчний шилжилтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Түүний тайлбарласнаар Хятад улс 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг “тэг” түвшинд хүргэнэ гэж албан ёсоор зарласан. Энэ нь тус улсын хоёр дахь “100 жилийн хөгжлийн зорилт”-той шууд холбоотой бөгөөд 2049 он гэхэд “Хятад онцлогтой ногоон хөгжингүй улс” байгуулах стратегийн нэг хэсэг аж.
Тэрбээр,
“Өнөөдөр Хятадын хөгжлийн хамгийн чухал чиглэл бол ногоон эдийн засаг болж байна. Сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, шинэ технологид маш их хөрөнгө оруулалт хийж байна”.
Гэсэн ч дэлхийн хамгийн олон хүн амтай орны хувьд эрчим хүчний хэрэглээ өндөр хэвээр байгаа тул нүүрсний хэрэглээ ойрын хугацаанд бүрэн зогсох боломжгүйг тайлбарлав. Ялангуяа хиймэл оюун, дата төвүүд, дижитал эдийн засгийн өсөлт асар их эрчим хүч шаардаж буйг дурдсан юм.
Үүний зэрэгцээ тэрбээр "Монгол Улсын хувьд цөлжилттэй тэмцэх асуудлыг зардал бус хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Ойжуулалт бол зөвхөн экологийн асуудал биш. Энэ бол асар том бизнесийн шинэ орон зай. Карбон кредит, устөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилт бүгд эдийн засгийн шинэ боломж болж байна” гэв.
Түүний хэлснээр Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд “экологийн коридор” гэсэн шинэ ойлголтыг албан ёсоор оруулах шаардлагатай байгаа аж. Өөрөөр хэлбэл дэд бүтэц, худалдааны хамтын ажиллагааны зэрэгцээ экологийн сэргэлт, ногоон эрчим хүч, газрын доройтлыг бууруулах бодлогыг хамтад нь авч үзэх шаардлага бий болжээ.
COP17 МОНГОЛЫН ХУВЬД ДЭЛХИЙД НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ХАРУУЛАХ БОЛОМЖ
Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох COP17 нь Монгол Улсын хувьд байгаль орчин, цөлжилттэй тэмцэх бодлогоо олон улсад танилцуулах томоохон индэр болж байгааг оролцогчид онцолж байв.
Монгол Улс нүүдлийн мал аж ахуй давамгайлсан, бэлчээрийн доройтол өндөртэй орны хувьд цөлжилтийн эсрэг бодлогоо өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлох шаардлагатай байгаа юм. Тиймээс бэлчээр хамгаалал, газрын доройтол, ойжуулалт, усны менежмент зэрэг асуудлыг зөвхөн байгаль орчны салбарын хүрээнд бус эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлага тулгарч байгааг судлаачид онцолж байлаа.
COP17-д 190 гаруй орны төлөөлөгч оролцох урьдчилсан тооцоо гарсан бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд зөвхөн дипломат арга хэмжээ бус, ногоон хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэл бий болгох стратегийн боломж гэж үзэж байна.
Энэ удаагийн “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор” сэдэвт хурал ч мөн ийм зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн эрсдэл биш, харин шинжлэх ухаан, инновац, хамтын ажиллагаанд тулгуурласан эдийн засгийн шинэ гарц гэж харах цаг ирснийг онцолж байлаа.


Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
3,605.46






















































Веган 2026-05-13 202.9.41.43
Усаа л ярих ёстой ш дээ, усгүйгээр газар, мод, ногоон зүйл гэж байхгүй.
Нэргүй 2026-05-13 202.55.188.82
үгүйлдээ цөлжсөн малчидад татаас өгсөн малчид гоншиннож халамж авсан шороотой бүрхэг ирээдүй
Зочин 2026-05-13 192.82.92.42
Мэргэжлийн эрдэмтдээ оруулаач, хэдэн шоучид байх юм!
Зайлуулаачээ 2026-05-13 66.181.165.234
ийм эргүү юмнууд монголын оюун санааны толгойнууд хичээл заана гээд боддоо
Нэргүй 2026-05-13 103.168.34.225
хизгааргүй их нүүрс бхд чинь ямар элэнцгийн ногоон энэрги. нүүрс чинь тгж яриул органик эко бтгдхүүн