niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:02 UTC Эх: https://news.mn/r/2865351/ 57b208c78e367cf3… ← niitlelch.mn руу буцах

Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийдэг боллоо

Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийдэг боллоо

Өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг эх орондоо хийдэг боллоо

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд /МГТИС/ эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалттай SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжийг “Оюу толгой” компани 276 сая төгрөгийн санхүүжилтээр өнөөдөр /2026.05.08/ хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн хэмжээг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой тохируулах, металл авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг сайжруулах стратегийн ач холбогдолтой юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц Герман, Монголын хамтын ажиллагааны хүрээнд МГТИС-ийн судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлд тогтвортой ажиллаж ирснийг онцлоод, хувийн хэвшлийн байгууллага манлайлан оролцож буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн МГТИС-ийн захирал Б.Батцэнгэл “Оюу толгой” компанийн боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулж буй урт хугацааны бодит хөрөнгө оруулалт нь Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр болж байгааг онцолсон юм.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Уул уурхайн салбарын гол зорилтуудын нэг нь ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, байгальд ээлтэй технологиор эдийн засгийн эргэлтэд оруулах явдал. Энэхүү лаборатори нь зөвхөн Оюу толгой төдийгүй Монголын уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгжид ч өндөр ач холбогдолтой” хэмээн хэллээ.

Өмнө нь “Оюу толгой” компани ийм төрлийн шинжилгээг Австралийн Бундора дахь судалгаа, хөгжүүлэлтийн төвд хийлгэдэг байсан бөгөөд дээжээ илгээснээс хойш 4-5 сарын дараа хариу авдаг байжээ. Харин энэхүү дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлснээр шинжилгээний хугацаа 14 хоног болж богиносож, тээвэр, гаалийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна.

Түүнчлэн Рио Тинто компанийн мэргэжилтнүүд МГТИС-ийн лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, шинжилгээний аргачлалын сургалт зохион байгуулж, технологийг дотооддоо нутагшуулахад дэмжлэг үзүүлжээ.

“Оюу толгой” компани 2013 онд МГТИС-ийн хичээлийн болон дотуур байрны барилгын ажлыг 11.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хүлээлгэн өгснөөс хойш тус сургуультай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж ирсэн байна. Үүнд сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг, оюутны тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр, олон улсын эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэлэг, STEM боловсролын хөтөлбөрүүд багтаж байгаа юм.

2021-2026 оны хооронд нийт 52 оюутан “Оюу толгой” компанийн боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдсан бол МГТИС-ийг төгсөгчдийн гуравны нэг нь “Оюу толгой” болон туслан гүйцэтгэгч компаниудад ажиллаж байна.

Мөн 2013 оноос хойш МГТИС-д оруулсан нийт хөрөнгө оруулалт 15.7 тэрбум төгрөгт хүрсэн бол “Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Гэрэл зургийг О.БАТ-ЭРДЭНЭ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж