Засгийн газрын ээлжит шинэ томилгоо үргэлжилж байна. Сүүлд Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг ажлаа үргэлжлүүлэн хийх шийдвэрийг гаргаж, Төрийн нарийн бичгийн даргыг улираан томилсон бол орон нутагт Өвөрхангай аймгийн Засаг даргаар ХХААХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Т.Жамбалцэрэнг томилсон юм. Харин түүний оронд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томилов. Ингээд сүүлд хийсэн зарим томилгоонуудыг нэгтгэн танилцуулъя.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЖАМБАЛЦЭРЭН:
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг /2026.11.12/ Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилсон. Түүнийг Өвөрхангай аймгийн ИТХ-ын XIX хуралдаанд МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг санал оруулан, хэлэлцүүлж, төлөөлөгчдийн олонх нь буюу 86.1 хувь нь дэмжин, аймгийн Засаг даргаар томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Т.Жамбалцэрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр ажиллаж байсан.
Мөн жижиг, дунд үйлдвэр, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хяналт, төрийн захиргааны удирдлага, хөдөө аж ахуйн бүсийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.
Тэрбээр 2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтэст мэргэжилтэн, 2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, 2010-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ахлах ажилтан, 2015–2016 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх, 2016–2018 онд ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2018–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2019–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2020-2026 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.
ХБХХЕГ-ЫН ДАРГЫГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЭНХБАЯР:

Т.Энхбаярыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2026 оны аравдугаар сарын 30-нд томилсон юм. Тодруулбал, Засгийн газрын аравдугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэл болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын аравдугаар сарын 28-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар түүнийг дээрх албан тушаалд томилсон байна.
Т.Энхбаяр нь 2003-2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, олон улсын эрх зүйч мэргэжил эзэмшжээ. Мөн 2019-2020 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментийн магистр, 2025-2026 онд Япон Улсын Үндэсний Бодлого Судлалын Их Сургуульд төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр төрийн захиргааны албанд 14 жил, үүнээс удирдах албан тушаалд есөн жил ажилласан туршлагатай. Тухайлбал, 2016-2025 онд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.БОЛОРЧУЛУУН:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ХХААХҮЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг /2026.11.11/ томилжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихтэй холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул дээрх томилгоог хийсэн байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Болорчулуун нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан юм. Ингэхдээ 2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 оноос ХХААХҮЯ-ны Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж ирсэн.
ХХААХҮ-ийн сайдын зүгээс салбарын ажил тасалдахгүй үргэлжлэх ёстой, шинэ хүн салбартай танилцаж цаг алдах ёсгүй хэмээн үзэж ийнхүү мэргэшсэн боловсон хүчнийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ:
Засгийн газрын /2026.11.18/ ээлжит хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг улираан томилсон юм. Үүнээс гадна Батлан хамгаалахын сайд Д.Батлут чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгөх шийдвэр гаргасантай холбоотойгоор Монголын Зэвсэгт хүчнийг удирдлагагүй байлгаж болохгүй гэдэг үндэслэлээр сайд Д.Батлутын чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэхээс түр хугацаагаар хойш тавиад буй. Д.Ганхуягийн хувьд 2020 оны есдүгээр сарын 16-ний Засгийн газрын шийдвэр гарсан цагаас тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан байна. Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан байсныг ийнхүү дахин сунгалаа.
Тэрбээр 1999-2000 онд Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн, 2000-2004 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга, 2005 оны 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга, 2005-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга, 2015-2020 оны наймдугаар сар хүртэл БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, 2020 оны есдүгээр сараас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Нэргүй 1 минутын өмнө 103.57.94.227
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Энхтүвшин төрийн албаны шалгалтанд унацан. Тэрийг чөлөөлөхгүй юм уу эсвэл дахин шалгалт авдаг юм уу