niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-24 00:32 UTC Эх: https://news.mn/r/2864712/ 2b0964c98337aa68… ← niitlelch.mn руу буцах

"Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын тохиолдол өндөр байна"

"Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын тохиолдол өндөр байна"

"Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын тохиолдол өндөр байна"

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхтэй ярилцлаа. 


-Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа мэдээлэл гарах боллоо. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай байгууллагад 2024 онд мэргэжлээс шалтгаалах өвчний 87 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд 54 тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 4300 гаруй хүн байна. Мөн үүнд ажил, мэргэжилтэй холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс ч орно.

Үйлдвэрийн ослын тухайд, 2024 онд 806 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд 808 хүн осолд өртсөн харамсалтай статистик гарсан. Үүнээс өмнөх жилүүдэд дунджаар 300–400 үйлдвэрлэлийн осол бүртгэгддэг байсан. Гэвч сүүлийн хоёр жилд ослын тоо огцом нэмэгдэж, буурахгүй байна.

Гол шалтгаан нь  нэгдүгээрт, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тавих төрийн хяналт, шалгалт тодорхой хэмжээнд буурсантай холбоотой. Энэ нь хяналтын болон мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн ослыг бүртгэх систем шинэчлэгдсэн. Үүний үр дүнд ослын бүртгэл сайжирч, бүртгэгдэж буй тохиолдлын тоо нэмэгдсэн.

-Хамгийн түгээмэл бүртгэгддэг мэргэжлээс шалтгаалсан ямар өвчнүүд байдаг вэ?

-Монгол Улсын хувьд эдийн засгийн гол салбар болсон уул уурхай, барилга, зам тээврийн салбарт ажиллаж буй ажиллах хүчний тоо олон. Эдгээр салбарууд нь ач холбогдол өндөртэй боловч хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын тоонд ордог. Тиймээс дээрх салбарт ажиллаж байгаа ажиллагсдын хувьд өвчлөлд өртөх эрсдэл өндөр байна.

Манай төвд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалах өвчний талаас илүү хувийг тоосны шалтгаант өвчлөлүүд эзэлж байна. Үүнд уушги тоосжих өвчин, тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, мөн амьсгалын замын бусад өвчлөлүүд орж байна. Эдгээр нь нийт өвчний 51 орчим хувийг эзэлдэг.

Мөн химийн бодисын шалтгаант хордлогууд бүртгэгдэж байна. Үүнд ууршимтгай дэгдэмхий нэгдлүүдээс шалтгаалсан өвчлөлүүд багтана. Түүнчлэн физикийн хүчин зүйл болох доргио, шуугианы нөлөөгөөр үүсдэг эмгэгүүд түгээмэл тохиолдож байна.

-Ихэвчлэн ямар төрлийн гэмтэлтэй иргэд үйлчилгээ, тусламж авч байна вэ?

-Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь 1967 онд байгуулагдсан бөгөөд анх үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн үзлэг хийх, хянах чиг үүргээр 2016 он хүртэл ажилласан. Үүнээс хойш "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв" нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай төвийн харьяа Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлэгт мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс байнгын эрүүл мэндийн хяналтын үзлэгт хамрагдаж, мөн сэргээн засах тусламж, үйлчилгээ авч байгаа. Манай эмнэлэг нь хөдөлмөрийн чадвар алдалтын оношийн бүрдүүлэлтийг хийдэг. Хэрэв ажилтан ажил, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон тохиолдолд тухайн хүнийг нийгмийн даатгалын харьяа Эрүүл мэндийн магадлалын зөвлөлд оруулах асуудлыг манай төвөөс хариуцдаг. Мөн үйлдвэрийн болон уурхайн ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, оношлох, эрт илрүүлэх зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед оношлоход ямар хүндрэлүүд тулгардаг вэ?

-Ажил олгогч, удирдлага, мөн хувь хүн өөрөө ажлын байран дахь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар ойлголт, мэдлэг муутай байх нь өвчин үүсэхэд нөлөөлж байна.

Энгийн жишээгээр тайлбарлавал, барилгын дотор засал хийдэг хүмүүс эмульс, будаг, зүлгүүрийн ажил хийдэг. Зүлгүүр хийх явцад маш их хэмжээний тоос үүсдэг бөгөөд энэ тоос амьсгалын замаар орж, уушгины эд эсийг гэмтээдэг. Ганц, хоёр хоног тоостой орчинд ажиллахад биед мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох ч 5–10 жилийн хугацаанд уушгины эдийг гэмтээж, уушги тоосжих өвчин үүсгэдэг.

Тиймээс мэдлэг, мэдээлэл дутмаг байх нь өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүс эрүүл мэндийн хугацаат үзлэгт заавал хамрагдах ёстой. Жилд нэг удаа үзлэгт орсноор өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой.  Хэрэв шинж тэмдэг илэрвэл тухайн хүн эрсдэлтэй ажлаа үргэлжлүүлэхгүй байх, мөн хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг авах боломжтой. Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтмол хийх шаардлагатай. Энэ нь ажлын байран дахь тоос, шуугиан, доргион зэрэг хортой хүчин зүйлс ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой. Уг үнэлгээнд үндэслэн эрсдэл өндөр байвал ажилтнуудаа хамгаалах арга хэмжээг байгууллага зайлшгүй хэрэгжүүлэх ёстой.

-Санамсар, болгоомжгүй байдлаас болж ямар нэгэн байдлаар бэртэж, гэмтсэн, үүн дээр л хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих ёстой гэсэн сэрэмжлүүлэг болгохуйц тохиолдол танай эмнэлэгт бүртгэгдэж байсан уу?

-Үйлдвэрийн осолд гарч буй санамсаргүй, хэнэггүй тохиолдлууд олон байна. Тухайлбал, 2025 онд Ховд аймагт 11 хүнийг барилгын тэвшин дээр суулгаад кранаар өргөсний улмаас олон хүн гэмтэж, нас барсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ нь барилга барьж байсан компани болон гүйцэтгэгч, захиалагч компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага тавиагүйтэй холбоотой. Мөн тухайн ажилчид өөрсдийн аюулгүй байдалд хайхрамжгүй хандсанаас ийм нөхцөл байдал үүссэн.

Мөн залуучууд, өсвөр үеийнхэн богино хугацаагаар барилга болон үйлдвэрийн ажил хийдэг. Тэд барилгын орчин, аюулгүй байдлын талаар мэдлэггүй, тухайн ажлыг хийх дадлага, туршлага дутмаг байдаг. Үүнээс үүдэж ажлын байранд ямар аюул, осол учирч болох талаар ойлголтгүйгээс болж бэртэж гэмтэх, цаашлаад насан туршдаа бие махбодын хохирол амсах, бүр амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарч байна.

Үйлдвэрлэлийн ослын ихэнхийг авч үзвэл хоёр хүчин зүйлээс шалтгаалж байна. Нэгдүгээрт, ажлын байрыг бий болгож буй ажил олгогч нь ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжит бүх арга хэмжээ, хууль тогтоомж, стандартыг хангаж ажиллах үүрэг, хариуцлагаа бүрэн хүлээхгүй байна. Хоёрдугаарт, тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилтан өөрөө энэ ажлаас үүдэн осол, өвчлөл үүсэж болзошгүйг бүрэн ухамсарлахгүй байна. Ажил олгогч, ажилтан аль аль нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш анхаарах шаардлагатай. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд өөрийнхөө ажил олгогч гэж хэлж болно. Тиймээс тухайн хүн өөрөө аюулгүй ажиллагааны шаардлага, хяналтыг тавих ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт мэдээлэл, нөлөөлөл маш чухал байдаг.

-Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл байдал олон улсын жишигтэй харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Өнгөрсөн оны тоо мэдээгээр 800 гаруй осол гарсан. Гэхдээ энэ тоог ажил хийж байгаа нийт ажилтанд харьцуулж, 100 мянган хүнд ноогдох ослын тоо, мөн хүний амь нас хохирсон ослын үзүүлэлтээр хэмждэг.

Манай улсад 1000 ажилтанд ноогдох үйлдвэрлэлийн ослын тоо 0.3 байхад Германд энэ тоо 15 байдаг. Өнгөц харахад манай улсад осол маш бага мэт ойлгогдож болох юм. Гэвч 100 мянган хүнд ноогдох, хүний амь нас хохирсон ослын тоо манайд 6.3 байхад Германд 0.5 байна.

Өөрөөр хэлбэл, Германд осол их бүртгэгддэг боловч хүний амь нас хохирсон ослын тоо маш бага байдаг. Үүнээс харахад манай улсад ослыг хангалттай бүртгэдэггүй, ихэвчлэн хүний амь нас хохирсон тохиолдолд л шүүх, цагдаагийн байгууллагын шугамаар бүртгэгддэг. Иймээс бусад улс оронтой харьцуулахад манай улсад үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдал өндөр түвшинд байна гэж дүгнэж болно.

Иргэд, ажилчдад та ямар зөвлөмж өгөх вэ?. Өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Хүн өглөө босоод шүдээ угааж, цайгаа ууж ажилдаа явдагтай адил хөдөлмөрийн аюулгүй байдлыг өдөр тутмын дадал хэвшил болгох хэрэгтэй. Өдөр бүр ажилдаа ирэхдээ осол, гэмтэлд хүргэж болзошгүй хүчин зүйлс юу байгааг анзаарч, тэдгээрээс сэргийлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих хэрэгтэй гэдгийг ямагт бодож, хэрэгжүүлэх нь чухал. Үүнд заавал боловсрол, мэдлэг шаардагдахгүй. Энэ бол хүн бүрийн өдөр тутмын дадал байх ёстой. Хүн бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх үүрэгтэй. Өөрийнхөө болон хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ төлөө заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль байдаг. Мөн үйлдвэрлэлийн ослыг бүртгэх журам, мэргэжлээс шалтгаалах өвчний талаарх журам, заавруудыг уншиж, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх нь зүйтэй. Эдгээр нь legalinfo хууль, эрх зүйн мэдээллийн санд нээлттэйгээр байршуулсан байдаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.182.136

ХАБ-н салбар, мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийг өөрийн хувийн компани болгох гэж ядаж байгаа краны нөхөр дөө. Маш их шунал… Энэ хүн зүгээр л судлаачаа хийгээд хувийн компаниа удирдаад явбал төарна. ХАБ-н салбарын бүх нөхцөлийн үнэлгээг зөвхөн өөрийн компанидаа төвлөрүүлэх л ганц зорилго нь. Аубакир сайд энэ хүнийг байлгаад байгаад гайхаж байгаа.

Avatar

Нэргүй 2026-05-06 103.212.118.81

мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсоорой. ашиг сонирхлын зөрчилтэй явцуу хэсэн нөхдийн үгээр хууль хийж баллаад хаячихваа. өөрөө юу хийж байсан нөхөр вэ

Avatar

Нэргүй 2026-05-06 66.181.160.124

Өндөр байгаа "… тохиолдлыг яаж намхан" болгох вэ??

Avatar

Нэргүй 2026-05-06 138.252.29.6

патмат улсад их байх нь ойлгомжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж