Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн өр, авлагын байдал, зээлийн нөхцөлд орсон өөрчлөлт, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар ЖДҮГ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.
-ЖДҮ-ийн зээлийн өр, авлагын хувьд ямар байна вэ?
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 онд байгуулагдсан. Үүнээс хойш олгогдсон зээлүүд дээр эрсдэл үүсээгүй, зээлдэгчид төлөлтөө сайн хийж байна. Харин өмнөх зээлүүд дээр эрх бүхий хүмүүс зээл авсан зэрэг нэлээд асуудал гарч байсан.
Анх 2009 онд энэ сан байгуулагдсанаас хойш 9000 гаруй зээлдэгчид 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 86 хувь буюу 8000 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлсөн. Эргэн төлөлтийг өнгөрсөн жилүүдэд эрчимтэй хийсэн.
Одоогоор 200 гаруй зээлдэгчийн асуудал шүүхийн шатанд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явж байна. Зарим шүүхийн процесс 4–5 жил үргэлжилж байгаа бол гүйцэтгэх ажиллагаа 10 гаруй жил үргэлжилж буй тохиолдол ч бий. Мөн хамаарал бүхий томоохон компаниуд зээл авсан тохиолдлууд ч байгаа бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Нөгөө талаас зээл авчихаад ган, зуд, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн аж ахуйн нэгжүүд ч бий. Эдгээр зээлүүдийг үе шаттайгаар төлүүлэх ажлыг хийж байна.
– Засгийн газрын шийдвэрээр сая ЖДҮ-ийн салбарт олон өөрчлөлт орсон. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Өмнө нь зээлийн хугацаа таван жил хүртэл байсан бол одоо найман жил болгосноор аж ахуйн нэгжүүдийн сар бүрийн төлбөрийн ачаалал буурна. Тооцоогоор нэг аж ахуйн нэгжийн жилийн эргэн төлөлт 8.5–20 сая төгрөгөөр багасч байгаа. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах, татвар, нийгмийн даатгалын өр төлөхөд дэмжлэг болно. Гэхдээ үүний улмаас зээлийн санд эргэн төвлөрөх мөнгөний хэмжээ буурна.
Сүүлийн жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийн газарт улсын төсвөөс санхүүжилт олгоогүй. Зөвхөн эргэн төлөлтөөр санхүүжиж байна. Жилдээ 35–36 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Байгуулагдсан цагаасаа хойш 123 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк болон бусад байгууллагад төлж барагдуулсан. Одоогоор өргүй болсон. Жил бүр 35–36 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа ч энэ нь хангалтгүй эх үүсвэр.
Орон нутгийн санхүүжилттэй хамтарсан эх үүсвэр бий болгохоор аймаг, нийслэлийн удирдлагуудад албан бичиг хүргүүлж ирсэн. Үүний үр дүнд энэ жилээс 10 гаруй аймаг орон нутгийн төсөвтөө 100 саяас 3–4 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт тусгаж эхэлсэн. Ингэснээр жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийг орон нутгаас бүрдүүлж байна.
Санаачилгатай аймгуудад сонгон шалгаруулалт зарлаж байна. Харин Улаанбаатар хотын хувьд сүүлийн жилүүдэд санхүүжилт хуваарилаагүй тул нийслэлийн аж ахуйн нэгжүүдээс гомдол их ирж байна. Аж ахуйн нэгжүүд хүсэлтээ дүүрэг, нийслэлийн удирдлагад тавих шаардлагатай. Хэрэв нийслэл, дүүргүүд санхүүжилт хуваарилбал ЖДҮ хөгжүүлэх сангаас зээл олгох боломжтой.
-Зээлийг үр ашигтай зарцуулж байгаа ААН-үүд хэр олон байна вэ?
-Маш олон байна. Ялангуяа 2020 оноос хойш олгосон зээлүүд дээр нэгдүгээрт эрсдэл үүсээгүй, хоёрдугаарт зээл эзэндээ хүрч, үйл ажиллагаа нь жигд явагдаж байна. Сонгон шалгаруулалтыг үйл ажиллагаа нь тогтвортой аж ахуйн нэгжүүдэд чиглүүлж байгаа тул үүн дээр маргах зүйл байхгүй.
Авлигатай тэмцэх газрын сүүлийн 3–4 жилийн үнэлгээгээр ЖДҮ-ийн агентлагийн шилэн, цахим ил тод байдал тогтмол өндөр үнэлгээ авч, эхний байруудад орж байна.
Харин санхүүгийн эх үүсвэр үнэхээр дутмаг байна. Улсын хэмжээнд ЖДҮ эрхлэгчдийн зээлийн хэрэгцээ 2 их наяд төгрөг байгаа бол бидэнд ердөө 30–40 тэрбум төгрөгийн эх үүсвэр байна. Сангийн хүчин чадал үүгээр л хязгаарлагдаж байна. Хуулиар эх үүсвэр бүрдүүлэх боломж нь улсын төсөв, хандив тусламж, орон нутгийн санхүүжилт зэрэг хэдхэн байдлаар санхүүжүүлэх боломжтой. Иймээс улсын төсөвт тодорхой эх үүсвэр тусгах, эсвэл гадаад санхүүжилтийн боломжийг нээж өгвөл сан илүү үр дүнтэй ажиллах боломжтой.
3,605.46






















































Нэргүй 2026-05-05 66.181.177.32
УИХ дахь МАН-ын гишүүдэд хахуулийг цэвэр хэлбэрээр өгдөг л хулгай шүү дээ, жирийн иргэн хэзээ ч ЖДҮ авахгүй. 10-аад жилийн өмнө ЖДҮ-гээр халхавчлаад МАН-ын гишүүн бүр худ төсөл бичээд тус бүр 950 сая төгрөг авч иддэг байсан, одоо бол дор хаяж 10 тэрбумыг авч иддэг болсон биз…