НЭМЭЛТ:
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.05/ хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-С.Шаарийбуу гуайтай уулзахад “Малайз руу олон удаа явсан, маш аймшигтай дүр зураг байдаг юм аа гээд ярьж байсан. Шорон шиг юманд байлгадаг, заримыг нь торонд, заримыг нь гав гинжтэй байлгадаг.
Цагдаагийн ерөнхий газар сүүлийн үед аян зохион байгуулж байна. Хүн худалдаалахын эсрэг олон нийтэд ойлголт өгөхийн тулд кейсүүдийг яриула хэрэгтэй. Тэгж байж гадаад руу явах гэж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг өгч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Судалгаа харахаар маш олон хүн явж байна. Хоёрт, холбогч офицер ажиллана гэж. Яг ямар ажил үүрэг гүйэтгэх вэ?
Цагдаагийн ерөнхий газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Ц.Дашзэвэг:
-Холбогч офицер гэдэг нь тухайн бүс нутгийн улс орнуудтай мэдээлэл солилцох, хохирогчийг хамгаалалтад авах, эх оронд нь буцаан шилжүүлэх чиглэлээр ажиллана. Тухайн улс оронд холбогч офицерийг ажиллуулах биш эндээ албан хаагч томилоод Зүүн Азийн орнуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүрээнд хууль эрх зүйн орчин бүрдүүлснээр мэдээллээ солилцох суваг бүрдүүлнэ гэдэг ойлголтоор ийм санал тавьсан.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Хүн худалдаалах гэм хэрэг анх яригдаж, олон нийт ойлголттой болж байх үед олон нийт рүү хандсан ажил сайн явж байсан юм. Түүний үр дүнд олноороо гадаад руу гарч хууртаж биеэ үнэлж байсан урсгал буурч байсан. Одоо хүн худалдаалахыг биеэ үнэлэхтэй холбохгүйгээр гадагшаагаа цахим залилангийн хохирогч болов гэдэг талаас нь олон нийтэд мэдээлэл өгөх ажлыг идэвхжүүлэх шаардлагатай. Ингэвэл хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос сэргийлэгдэж чадна. Хоёрдугаарт гадаад улсад байгаа Монгол хүн телеграм болон бусад төрлийн апликейшн ашиглаад биднийг хуурч мэхлээд байдаг юм байна шүү гэсэн олон нийтийн ойлголт нэмэгдэж цахим залиланд хууртах тохиолдол буурах тул энэ асуудалд анхаараарай.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулуун:
-Сүүлийн үед цахим орчинд өндөр цалинтай ажилд зуучилна зарын дагуу Монгол Улсын маш олон иргэн гадаад улсад очдог. Гадаад улсад очингуут нь хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг.
Мьянмар улсад БНХАУ-ын мафийн санхүүжилтээр Кеко парк цогцолбор дээр энэ асуудал болсон. Монгол Улсын 12 иргэнийг өндөр цалинтай ажилд зуучилна гэдэг нэрийдлээр хүчээр телеграм залилан хийлгэсэн.
Нийтдээ Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байсныг тухайн улстай мэдээлэл солилцсоноор таслан зогсоож чадсан. Гэхдээ энэ хэргийг үйлдэж байсан Монгол Улсын 12 иргэнийг гадаад улсаас эх орондоо ирэхэд нь баривчилсан. Яагаад хохирогч гэчихээд Монгол Улсад ирэхэд нь иргэнээ баривчилсан бэ гэвэл тухайн 12 иргэн сайн дураар бүлэгт элсэж, улмаар Монгол иргэдээ хуурч мэхлэн гадаад улс руу авч явах ажлыг зохион байгуулж байсан тул баривчилсан.
ХЗБХ: 5000 доллараар цалинжуулан телеграм залилан үйлдүүлж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.05/ хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.

Энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга н.Дашзэвэг хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар сүүлийн үед охид бүсгүйчүүдийг Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын бүс орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр хуурч мэхлэх, биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөрөөр Монгол Улс руу чиглэсэн цахим залилангийн хэрэг үйлдүүлж байгаа тохиолдлууд олноор бүртгэгдэх болсон байна.
Кейс дурдвал БНХАУ-ын гэмт бүлэглэлийн санхүүжилтээр байгуулагдсан Кеко парк нэртэй бүсэд Мьянмар улсад Монгол Улсын 12 иргэний зорчих эрхийг нь хязгаарлан, хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлж байсан гэмт хэрэг илэрч, шалгагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн 12 иргэнийг Монгол Улс руу чиглэсэн телеграм залилангийн гэмт хэрэг үйлдлүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар данс нотлох баримтыг цуглуулснаар дээрх иргэд тухайн гэмт бүлэглэлд элсэн сардаа 4000-5000 ам.долларын цалин хөлс олдог. Монгол Улсаас дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх хохирогчийг тухайн бүс нутаг руу холбон зуучлах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг Монгол Улс руу нэвтрэх үед нь баривчлан шалгаж байгаа аж.
Сүүлийн 10 жилийн байдлаар гадаад улсад бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирсон Монгол Улсын 94 иргэнийг Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөний газартай хамтран эх оронд нь аюулгүй авч ирсэн байна.
Энэхүү мөлжлөгт өртсөн 94 иргэнээс 54 нь насанд хүрээгүй хүүхэд юм.
Гадаадад хохирсон иргэд нь БНХАУ, Мьянмар, Малайз зэрэг бүс нутгуудад бүртгэгджээ. Тодруулбал, Хятадаас 28, Мьянмараас 18, Малайзаас 18, Тайландаас 5, Лаосоос 11, БНСУ-аас 1, Камбожоос 9, Туркээс 2, Филиппин улсаас 2 хохирогчийг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт орсон байсныг Монгол Улсад аюулгүй авч ирэх ажлыг зохион байгуулжээ.

Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр “Sumbee” программын хайлтын систем. Үүний тусламжтайгаар цахим орчинд 5 бүлгийн 32 этгээдэд холбогдох хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дугаар тушаалаар Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журмын 2.1.4-т заасны дагуу сүүлийн 5 жилийн байдлаар 1382 байгууллагуудаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд нийт 8381 иргэнд хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, хяналт тавьж ажиллажээ.
Цаашид хүн худалдаалах гэмт хэргийг хил дамнан илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хамгаалах зорилгоор олон улсын байгууллага гадаад улстай шууд мэдээлэл солилцох, хамтарсан ажиллагааг явуулах тогтолцоо бүрдүүлэх, холбогч офицер ажиллуулах, хохирогчийн хохирол нөхөн төлөх, нийгэмшүүлэх зардлыг санхүүжүүлэх асуудлыг дан ганц төр даадаггүй, "олон улсын байгууллага, тусгай сан, буруутай этгээдийн хөрөнгө хураалт" гэсэн хосолсон загвараар шийддэг туршлагыг нэвтрүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирлын тусгай дэд сан байгуулах, гэмт этгээдийн ашиг орлогыг хурааж, хохирогчид төлбөр олгох механизмыг сайжруулах шаардлагатай хэмээн танилцуулгад дурдлаа.
3,605.46






















































зочин 2026-05-05 66.181.184.169
Тагнуулын байгууллага ажлаа муу хийж байна.
Нэргүй 2026-05-05 103.229.123.237
Энэ хүн хулгайлах гэмт хэрэг нь маш ноцтой гэмт хэрэг тийм болохоор машнхатуу чанга хууль батлах нь зүйтэй үгүй бол юм мэдэхгүй гэнэн охид хөвгүүдийг хуурч гадагш гаргаад амьдын тамд унагадаг үүнд таныч хэнийч хүүхэд эрсдэх аюултай шүү гишүүд минь үүнд хариуцлагатайхан л хандаарай даа
zochin 2026-05-05 202.126.89.138
Мөн олон хүн гадаадад бие үнэлж бнаа