Өвөл бүр эрчим хүчний хэрэглээ оргил ачааллаа давж, дулаан, цахилгааны хязгаарлалт яригддаг болсон энэ үед нийслэлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах томоохон төслийн нэг болох ТЭЦ-5-ын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Олон жил яригдсан ч ажил хэрэг болж чадалгүй хойшилсоор ирсэн тус төслийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.05.04/ Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд болов.
Судлаачдын үзэж буйгаар 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өсөх тооцоо гарчээ. Тэгвэл ТЭЦ-5 ашиглалтад орсноор баруун бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, системийн ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.
300 мВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай тус станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангах юм. Тодруулбал, Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын төвлөрөл өндөртэй бүсүүдийн эрчим хүч, дулааны хангамжийг тогтвортой шийдвэрлэхээс гадна хотын цаашдын тэлэлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлэх дэд бүтцийн суурь нөхцөлийг бүрдүүлэхээр байгааг албаныхан онцоллоо.
"40 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ТӨСЛҮҮДИЙГ ОДОО БОДИТООР ХӨДӨЛГӨЖ БАЙНА"

Нээлтийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “2023 онд хотын даргаар томилогдсоноосоо хойш эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг зоригтой эхлүүлэхээр төлөвлөсөн. Бид 2024 онд анхны дотоод бондыг гаргаж, Бөөрөлжүүтийн 300 мВт-ын станц, Багануурын 50 мВт-ын батарей хуримтлуурын станцыг төвийн системд холбосон. Эрчим хүчний салбарынхан болон улаанбаатарчуудын 40 жил хүлээсэн төслүүдийг одоо бодитоор хөдөлгөж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд улс төрийн ашиг сонирхол, популизмаас шалтгаалан томоохон төслүүд удаа дараа гацаж ирснийг дурдаад, энэ удаад ТЭЦ-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буйгаа илэрхийлэв. Үүнээс гадна энэ онд Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа болон Дэнжийн мянгын станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Хүннү хотын станц зэрэг хэд хэдэн төслийг зэрэг эхлүүлэхээр төлөвлөснийг дурдсан юм.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэл, 20 хувийг төрийн тал хариуцахаар болжээ. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай босгоод байгаа юм.
ТЭЦ-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх бөгөөд өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй нийслэлийн баруун бүсийн ачааллыг бууруулах чухал эх үүсвэр болно гэж үзэж байна.
“2028 ОН ГЭХЭД ҮНДСЭН ХҮЧИН ЧАДЛААРАА АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ”

Төслийн техникийн зөвлөх инженер Б.Цэвээн “Энэ намар гэхэд бүтээн байгуулалтын ажил нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд орж ирж эхэлнэ. Хэрэв төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилбэл 2028 оны намар гэхэд станц үндсэн хүчин чадлаараа ашиглалтад орох боломжтой” хэмээн ярилаа.
Түүний хэлснээр, ТЭЦ-5 нь хоёр зуух, хоёр турбинтай байх бөгөөд энэ нь барилга угсралт, суурилуулалт, туршилтын хугацааг харьцангуй богино байлгах давуу талтай аж. Мөн 300 мВт-ын хүчин чадлаараа Монгол Улсын хэмжээнд гурав дахь том эх үүсвэр болох юм байна. Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр цахилгаанаас дутахгүй дулааны асуудал хүндэрсэн. Энэ станц хоёр асуудлыг зэрэг шийдэж байгаагаараа онцлог” гэдгийг тодотгов.
“2030 ОН ГЭХЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЦЭЭ ХОЁР ДАХИН ӨСНӨ”

Харин ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн дэд захирал Д.Үлэмжийн хэлснээр, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ойрын жилүүдэд эрчимтэй өсөх төлөвтэй байгаа бөгөөд зөвхөн ТЭЦ-5-аар асуудал бүрэн шийдэгдэхгүй аж.
Тэрбээр “Одоогийн байдлаар Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 1800 мВт орчим байгаа бол 2030 он гэхэд 3500 мВт орчим шаардлагатай гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин өснө. Улаанбаатар хотын дулаан хангамж ч мөн нөөцгүй болсон”.
Үүний зэрэгцээ хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлт, үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор эрчим хүчний салбар цаашид ч томоохон хөрөнгө оруулалт шаардсан хэвээр байхыг тэрбээр онцолсон юм. Мөн барилгын ажлын явцад материал, тээвэр ложистик, тоног төхөөрөмжийн нийлүүлэлттэй холбоотой эрсдэлүүд үүсэж болзошгүйг дурдлаа. Ялангуяа БНХАУ сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид татвар ногдуулж эхэлсэн нь төслүүдийн өртөгт нөлөөлж байгааг хэлж байв.
“ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ААН-ҮҮДИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ”

ДЦС-2 компанийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү “ТЭЦ-5 төслийг анх 2017 онд ДЦС-2-ын өргөтгөлийн хүрээнд боловсруулж байсан. Манай станцын төмөр зам болон дулааны дэд бүтцийг ашиглаж байгаа нь төслийн нэг давуу тал. Одоогоор техникийн нөхцөл авч чадахгүйгээс болж олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна. Харин энэ төсөл хэрэгжсэнээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах дэд бүтцийн боломж бүрдэнэ” хэмээн ярив.
Монгол Улсад хамгийн сүүлд өндөр хүчин чадлын дулаан, цахилгаан хосолсон станц болох ДЦС-4 1983 онд ашиглалтад орсноос хойш 40 гаруй жилийн хугацаанд ийм хэмжээний томоохон эх үүсвэр шинээр баригдаагүй. Харин ТЭЦ-5 төсөл хэрэгжсэнээр нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангахаас гадна хотын эдийн засгийн өсөлт, орон сууцжуулалт, үйлдвэрлэл, иргэдийн амьдралын чанарт бодит дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна.












Гэрэл зургийг О.БАТ-ЭРДЭНЭ
3,605.46






















































ХУУЛЬЧ 2026-05-04 202.9.46.88
БОЛЖ ДЭЭ.
Өвгөн Балдан 2026-05-04 103.229.122.220
Нямбаатарын багийг дэмжиж байна. Жингэрүүд хуцаж л байг, Жингийн цуваа явж л байх хэрэгтэй. Монгол улс үсрэнгүй хөгжиж байгаад зарим улс орон, урван тэрслэгчид боож үхэх гэж байна. Монгол инженерүүд, мэргэжилтэй ажилчидаа сайн дэмжээрэй, Сайн мэргэжилтэн хэрэгтэй, инженер технкийн ажилтнууд хэрэгтэй (гаднаас) гэхдээ нийт ажиллах хүчний 10 хувиас хэтрэх хэрэггүй. Удирдлага зохион байгуулалтаас бүх юм шалтгаална.
Нэргүй 2026-05-04 66.181.187.223
5-р ДЦС бол 4-р ДЦС-аас дурахааргүй байж "5" болно энгийн ойлголт. Нянбаатар шоудаж байгаа бол "5" биш ДЦС-2-ын өргөтгөл төдий…
Нэргүй 2026-05-04 66.181.187.223
Сийхгүй жүжиглэх юм аа. Нямбаатар станц бариулна гэж юу байхав. 2-р ДЦС-ыг шинэчлэх, өргөтгөх төсөл бэлэн байгаа шүү дээ…. ЭХЯ хаана байна… энэ нөхрийг зайлуулаач…
иргэн 2026-05-04 66.181.180.127
Та бүхэндээ амжилт хүсье
Zochin 2026-05-04 202.126.91.20
Баянзүрх д том станц хэрэгтэй байна. Дарь эхд том станц бариад өгөөч. Амгалангийн станц чинь хаанаач хүрэхгүй байна. 500000 хүнтэй том дүүрэг чинь бөөн гэр хороолол
Нэргүй 2026-05-04 66.181.187.133
Барилдахаасаа таахалзана гэж мөн ч үнэн үг шүү. Шоугаа болиод ажлаа хий.
Нэргүй 2026-05-04 66.181.180.65
чи дут шүлсээ бүү үсчүүл
ИРГЭН 2026-05-04 66.181.186.34
Нөгөө Туулын хурдны замын төлбөртэй нөхдүүд бас очиж зогсоох вий дээ болгоомжтой байгаарай!!!
Нэргүй 2026-05-04 103.168.34.134
Зогсооно харж байгаарай. Бөглөрөө байжээхда таарсан.
Нэргүй 2026-05-04 59.153.87.54
СээвТуулынхан очиж эсэргүүцэн зогсоогоорой
Нямбаатар сайн байна 2026-05-04 66.181.181.156
Ашгүй дээ
Нэргүй 2026-05-04 122.201.31.241
олон жил дотороосоо гацассан одоо энэ зам шигээ завааруулах вий дээ
zochin 2026-05-04 202.126.89.7
Яанаа эхэлчих бий дээ усны ундарга дээр ш дээ утаа нь УБ ийг сүйрүүлнээ туулаа хамгаалах хүмүүс яасан бэ эртхэн зогсоо кк кк
Нэргүй 2026-05-04 103.168.34.134
Хаха
Нэргүй 2026-05-04 59.153.115.28
олон жил тэнэг дарга нараас болж гацсан энэ дулаан цахилгааны станцийг барьж дуусах хүртэл Нямбаатарыг явуулахгүй байх хэрэгтэй тэгэхгүй бол бас нэг тэнэг гарч ирээд буруу газар гэх юм уу ТЭЗҮ нь буруу ч гэх юм уу өөртөө ашиггүй болохоор мөнгийг нь өөр шахаандаа оруулах гээд гацааж мэднэ Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлнэ